Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2025/0374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б э р ХХК, //,

Хариуцагч: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын улсын ерөнхий байцаагч, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын хооронд үүссэн үйлдвэрлэлийн ослын акт тогтоосон маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын салбарын улсын ерөнхий байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ё.У*******, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У, гуравдагч этгээд Г.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Өгөөдэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагч Б.Н******* 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Улсын байцаагчийн баталгаажуулсан үйлдвэрлэлийн ослын актыг хүчингүй болгох тухай ******* дугаартай шийдвэр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ё.У*******, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У нарын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Үйлдвэрлэлийн ослын тухай дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах,

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. Б э р ХХК-д хүнд даацын тоног төхөөрөмжийн оператороор ажиллаж байсан Ш.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр уурхайн амрах хотхоны амрах өрөөнд зүрхний цус хомсролын улмаас зүрх гэнэт зогсож нас барснаар тус компанийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссоос акт тогтоож, үйлдвэрлэлийн осолд өртөөгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Тус актыг Ө аймгийн Хөдөлмөр, эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Т.С баталгаажуулсан байна.

2.2. Үүнийг эс зөвшөөрч, талийгаач Ш.Г******* хүү Г.А*******аас гомдол гаргаснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын болон Хөдөлмөрийн хяналтын байцаагч нараас үйлдвэрлэлийн осолд тооцсон дүгнэлтийг гаргажээ.

3. Процессын түүх: Нэхэмжлэгч Б э р ХХК-аас маргаан бүхий актуудыг эс зөвшөөрч Салбарын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаж, хариуг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

4. Нэхэмжлэгч Б э р ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. Маргаан бүхий актыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тухайн захиргааны акт гаргасан албан тушаалтнуудын эрх барих дээд байгууллага, албан тушаалтан болох Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагч Б.Н хандан 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргасан.

4.2. Тус гомдлыг салбарын улсын ерөнхий байцаагч хянан үзээд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07/00-00/001-01 дугаартай шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэртээ Үйлдвэрлэлийн ослын тухай улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан тул захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Тус захиргааны акт нь холбогдох хууль, хэм хэмжээний актад заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн үндэслэх хэсэгт Иргэн Г.А*******аас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн өргөдлийн дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13-07/18 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу гэж актад дурдсан ба тухайн гомдол гаргасан иргэн Г.А*******ын өргөдөл нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай компанийн ажилтан Ш.Г нь уурхайн кемпийн амрах өрөөнд өвчний улмаас нас барсантай холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр баталгаажуулсан захиргааны актыг эс зөвшөөрсөн байсан.

4.3. Дээрх цаг хугацааны дарааллаас үзвэл Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Сгийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан захиргааны актад иргэн Г.А******* нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гомдол гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно мөн 94.1 захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж тус тус зааснаар захиргааны актад гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн өргөдлийг хүлээн авч шийдвэр гаргасан.

4.4. Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн удирдлага болгох хэсэгт үйлдвэрлэлийн хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 3.11 үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана гэсэн хэм хэмжээний актыг удирдлага болгож 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан дүгнэлт нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тус захиргааны акт нь холбогдох хууль болон хэм хэмжээний актад заасан агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.5. Маргаан бүхий захиргааны актын агуулга нь манай компанийн ажилтан Ш.Г******* 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр кемпийн амрах өрөөнд өвчний улмаас нас барсан нь үйлдвэрлэлийн осолд хамаарах эсэхийг шийдвэрлэхэд оршиж байгаа. Улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд засгийн газрын 2015 оны 269 дугаар тогтоолоор баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.4-т ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед заасан ослын тохиолдолд хамаарч байна. Учир нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөрийн эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно гэж заасан.

4.6. Тус дүрмийн 2.1.1-2.1.6-д заасан 6 тохиолдол бүрийг үед гэсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод ямар газар, орчин нөхцөл тохиолдолд өртөх боломжтой талаар тодорхойлсон буюу ажлын байртай адилтган үзэж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нөлөөлөлд өртөх боломжтой газар, орчин нөхцөлийг нарийвчлан тодорхойлсон зохицуулалтын агуулгатай ба харин энэ үед ажилтны эрүүл мэнд, амь насанд учирсан хохирол бүрийг үйлдвэрлэлийн осол гэж үзэх талаар зохицуулсан ойлголт биш. Энэхүү ойлголтыг зөвхөн дээрх Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дугаар тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-д тусгаж, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль-ийн 3 дугаар зүйлийн 3.1-т даатгуулагч дараах нөхцөл байдлын үед үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно гэдэг адил агуулгаар тодорхойлсон.

4.7. Дээр дурдсан хэм хэмжээний актуудад заасан ойлголт хууль тогтоогчийн зохицуулах гэсэн харилцааны агуулгаар нь авч үзвэл үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гэдэг ойлголт нь хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд холбогдох хууль, хэм хэмжээний актад тусгайлан тодорхойлж заасан нөхцөл байдал, үйл явцад, газар орчин буюу тохиолдлын үед учирсан байх, үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэл бүхий ослын тохиолдлын улмаас гэмтсэн, өвчилсөн эсхүл амь насаа алдсан байхыг тодорхой заасан. Талийгаачийн нас барсан үхлийн шалтгааныг тогтоохоор холбогдох хууль сахиулах байгууллагын эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагаа явуулсны үр дүнд Ө аймгийн Цагдаагийн газрын Гу******* сумын Цагдаагийн тасгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Ц.Б******* нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шинжээч томилсон тогтоол үйлдэж, уг тогтоолын дагуу Ө аймаг дах Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Н******* гаргасан шинжээчийн дүгнэлтэд талийгаач нь зүрх судас, элэг нойр булчирхайн архаг өвчтэй байсан байна, талийгаач Ш.Г нь зүрхний цус хомсролын улмаас зүрх гэнэт зогсож нас барсан байна гэж тодорхойлсон нь талийгаач ямар нэгэн үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэл болон ослын тохиолдолд өртөөгүй харин архаг хууч өвчлөлийн улмаас нас барсан болохыг мэргэжлийн байгууллага хуулийн дагуу нотлох баримтын хэмжээнд тогтоосон байна.

4.8. Иймд дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ё.У*******, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У нарын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай Үйлдвэрлэлийн ослын тухай улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь Захиргааны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх, 4.2.5-т зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зэрэг тусгай зарчмуудад үл нийцэх захиргааны акт үйлдэж манай байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул уг захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуй хяналтын улсын ахлах байцаагч Ё.У*******, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.У нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Б э р ХХК-ийн ажилтан Ш.Г нь уурхайн кемп дээр нас барсан тохиолдлыг тус компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс судлан бүртгэж, Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан баталгаажуулсан. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 3.13-т зааснаар компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс улсын байцаагчийн хянан баталгаажуулсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актын нэг хувийг осолдогч буюу түүний гэр бүлд өгдөг.

5.2. Иргэн Г.А******* нь зохих журмын дагуу мэдэгдсэн актыг хүлээн авсны дараа 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандаж гомдол гаргасан байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 33 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт тодорхойлсон хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байна. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугааp зүйлийн 33.15-д зааснаар иргэн тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага иргэний гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 33.16-д зааснаар өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. Иймд Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"- ийн 7.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр улсын ахлах байцаагчийн дүгнэлт үйлдсэн.

5.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугааp зүйлийн 3.1.1-д "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэлнэ, 3.1.4-т "Хөдөлмөрийн нөхцөл" гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг хэлнэ гэж тус тус тодорхойлсон байдаг. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох, ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйл гэж тодорхойлсон байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.5-т заасны дагуу үйлдвэрлэлийн ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавьж ажилласан.

5.4. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс ослын тохиолдлыг судлан бүртгэсэн актыг хянан шалгахад Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 5.1 дэх заалтын дагуу бүрдүүлсэн баримт материалд талийгаач Ш.Г******* ажилласан өдрийн ажил эхэлсэн болон дууссан цагийг бүртгээгүй, нийт ажилласан цаг тодорхойгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дах заалтыг, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлаагүй, мөн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эрүүл мэндийн хугацаат үзлэгт оруулсан боловч үзлэгийн төгсгөлд ерөнхий эмчийн дүгнэлтийг гаргуулаагүй, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ аваагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 дүгээр тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам-ын холбогдох заалтыг тус тус зөрчсөн.

5.5. Дампын оператороор ажиллаж байсан Ш.Г байнга оршин суугаа газраас өөр, алслагдсан газарт байрлах ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд уурхайн амрах өрөө нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ажлын байр мөн болно. Иймд Б э р ХХК-д дампын оператороор ажиллаж байсан Ш.Г нь тус компанид 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүнд даацын тоног төхөөрөмжийн оператороор ажилд орж 1 ажил ажиллан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр уурхайн амрах хотхоны амрах өрөөндөө буюу ажлын байран дээрээ өвчний улмаас нас барсан нөхцөл байдал тогтоогдсон тул хуульд зааснаар ослын тохиолдолд хамаарч байна гэжээ.

6. Хариуцагч Салбарын улсын ерөнхий байцаагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

6.1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах заалтыг удирдлага болгон Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13-07/18 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийг батлуулан, өргөдөл гомдолд дурдагдсан асуудлын хүрээнд Б э р ХХК-ийн хяналт шалгалтад хамаарах баримт бичгүүдийг хянан үзэх аргаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгүүлсэн. Б э р ХХК-д дампын оператороор ажиллаж байсан Ш.Г нь тус компанид 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүнд даацын тоног төхөөрөмжийн оператороор ажилд орж нэг жил ажиллан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр уурхайн амрах хотхоны амрах өрөөндөө нас барсан.

6.2. Б э р ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2015 оны 269 дугаар тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 3.1 дэх заалтуудыг үндэслэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг байгуулж, тухайн комисс нь дүрмийн дагуу талийгаач Ш.Г******* уурхайн амрах хотхоны амрах өрөөнд нас барсан тохиолдлыг судлан ажилласан. Б э р ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс ослын тохиолдлыг судлан бүртгэхдээ үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 5.1 дэх заалтын дагуу гэрчийн мэдүүлэг, тэмдэглэл, осолдогчийн ажилд орсон тухай шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалтад хамрагдсан материал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгт хамрагдсан хуудас зэрэг холбогдох бичиг баримтуудыг үндэслэн талийгаач Ш.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цаг 20 минутын үед ажлын бус цагаар уурхайн амрах хотхоны амрах өрөөндөө зүрхний шигдээсээр нас барсан гэж үзэн Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С баталгаажуулсан.

6.3. Тус компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс ослын тохиолдлыг судлан бүртгэсэн актыг хянан шалгахад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 5.1 дэх заалтын дагуу бүрдүүлсэн баримт материалд талийгаач Ш.Г******* ажилласан өдрийн ажил эхэлсэн болон дууссан цагийг бүртгээгүй, нийт ажилласан цаг нь тодорхойгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 ажил олгогч нь ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй, 92 дугаар зүйлийн 92.3 уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх, 95 дугаар зүйлийн 95.1 дараалсан хоёр ажлын өдрийн хоорондын тасралтгүй амралтын хугацаа 12 цагаас доошгүй байна гэж заасныг тус тус баримтлаагүй.

6.4.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ш.Г******* эрүүл мэндийн хугацаат үзлэгт оруулсан боловч, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 дүгээр тушаалаар баталсан "Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам-д заасны дагуу үзлэгийн төгсгөлд ерөнхий эмчийн дүгнэлтийг гаргуулж, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ аваагүй. Дампын оператороор ажиллаж байсан Ш.Г уурхайн амрах хотхоны амрах өрөөнд буюу ажлын байран дээрээ өвчний улмаас нас барсан байхад Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.2 дахь заалт Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ-ыг буруу хэрэглэж ослын актад тусгайлан тэмдэглэсэн зэрэг зөрчлүүд тус тус илэрсэн.

6.5. "Б э р ХХК-д дампын оператороор ажиллаж байсан Шарав овогтой Г нь тус компанид 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүнд даацын тоног төхөөрөмжийн оператороор ажилд орж 1 жил ажиллан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр уурхайн амрах хотхоны амрах өрөөндөө буюу ажлын байран дээрээ өвчний улмаас нас барсан нөхцөл байдал тогтоогдсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.4 ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед-т заасан ослын тохиолдолд хамаарч байна.
Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.6, 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус үндэслэн дараах шийдвэрийг гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох-т заасныг баримтлан "Б э р" ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С баталгаажуулсныг хүчингүй болгосон.

7. Гуравдагч этгээд Г.А*******аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

7.1. Миний аав Ш.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ө аймгийн Гу******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б э р ХХК-ийн ажлын байранд нас барсан. Талийгаачтай холбоотой хэрэг бүртгэлийн явц удаашралтай байгаа талаар Б э р ХХК-ийн хуулийн зөвлөх Г.Нтой утсаар хэд хэдэн удаа холбогдож асууж байсны эцэст үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг анх 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цахим хаягаар хүлээж авсан. 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өөрийн биеэр Г.Нтой уулзаж амь насны даатгалаар нөхөн олговор олгогдохгүй талаар мөн Ө аймгийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Сгийн гаргасан актыг зөвшөөрөхгүй байна.

8.2. Засгийн газрын 269 дүгээр тогтоолын 2.1.4 дэх заалтад хамаарах байсныг ямар ч хамааралгүй дээрх тогтоолын 2.2 дах заалтад тусгагдаагүй гэнэтийн тохиолдол гэж үзсэн талаар үндэслэлгүй шийдвэр гаргасан тул гомдолтой байсан. Мөн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санал, өргөдөл авах хэсэгт дээрх акттай холбоотойгоор гомдол гаргасан. Миний гаргасан өргөдлийн дагуу хяналт, шалгалт хийж 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр акт гарсан. Байцаагч нарын гаргасан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн гаргасан акт нь үндэслэлтэй байна. Хуульч Г.Н нь талийгаачтай холбоотой гарсан акт болон бичиг баримтыг танилцуулах, мэдэгдэх мэдээллээр хангаагүй байгаад гомдолтой байна. Иймд "Б э р" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагч Б.Н******* 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр ...Б э р ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С баталгаажуулсныг хүчингүй болгож, мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ё.У*******, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У нарын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай дүгнэлтээр ...Б э р ХХК-д дампын оператороор ажиллаж байсан Ш.Г нь тус компанид 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүнд даацын тоног төхөөрөмжийн оператороор ажилд орж, 1 жил ажиллан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр уурхайн амрах хотхоны амрах өрөөндөө буюу ажлын байран дээрээ өвчний улмаас нас барсан нөхцөл байдал тогтоогдсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.4-т заасан ослын тохиолдолд хамаарч байна... гэж тогтоожээ.

3. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б э р ХХК-аас ...уурхайн амрах хотхоны амрах өрөө нь ажлын байранд тооцогдохгүй..., үйлдвэрлэлийн ослын тохиолдол үүсээгүй буюу талийгаач нь архаг, хууч өвчний улмаас зүрхний шигдээсээр нас барсан..., үйлдвэрлэлийн осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байхад дүгнэлт гаргасан... үндэслэлээр, тус актуудыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, талийгаач Ш.Г нь Б э р ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар уулын хэсэгт уурхайн технологийн зориулалттай хүнд даацын тоног төхөөрөмжийн оператор-ын ажилд томилогдсон, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цаг 02 минутад уурхайн амрах хотхоны амрах өрөөнд зүрхний цус хомсролын улмаас зүрх зогсож нас барсан болох нь Ө аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, зүрх судас, элэг нойр булчирхайн архаг хууч өвчтэй байсан, ...нас барах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж тус дүгнэлтэд бичигдсэн, ажилд томилогдохоос өмнө эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагдаж, тус ажилд эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэсэн дүгнэлтийг гаргуулж байжээ.

5. Ийнхүү уурхайн амрах байрны амрах өрөөнд зүрхний шигдээсээр нас барсан тохиолдлыг Б э р ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссоос 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр судлан бүртгэж, үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2-р заалтад тусгагдаагүй гэнэтийн тохиолдол ба ажлын бус цагаар амрах байранд зүрхний шигдээс оноштой үндэслэлээр үйлдвэрлэлийн ослоор бүртгэхгүй гэсэн акт үйлдсэнийг Ө аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна.

6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9.-д "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг, 3.1.20.-д "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгохоор, 4 дүгээр зүйлийн 4.1.-д Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараахь этгээдэд үйлчилнэ:, 4.1.1.-д Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1, 4.1.3-т заасан ажил олгогч, ажилтан; гэж тодорхойлсон.

7. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах гэж Засгийн газрын бүрэн эрхийг заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно:, 2.1.4.-т ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед;, 2.2.-т Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ. гэж тус тус зохицуулжээ.

8. Хуулийн тус зохицуулалтуудаас дүгнэвэл, ажил олгогчийн хяналтад байх байранд, ажилтан ажил дууссаны дараа амарч байх хугацаанд нас барсан тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд тооцохоор зохицуулагдсан ба ажлын байранд гарсан үйлдвэрлэлийн ослын хувьд ажилтан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, эсхүл гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулснаас бусад тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзэхээр байна.

9. Маргааны энэ тохиолдолд, Б э р ХХК-ийн уурхайн амрах хотхоны амралтын өрөөнд талийгаач Ш.Г нь зүрхний шигдээсээр нас барсан, тухайн амралтын өрөөг ажил олгогчийн хяналтад байх байр буюу ажлын байр гэж ойлгох бөгөөд үйлдвэрлэлийн осол гэдгийг зөвхөн ажил үүргээ гүйцэтгэж байх тохиолдлоор хязгаарлахгүй, амралтын өрөөнд амарч байх тохиолдлыг ч үйлдвэрлэлийн осолд тооцно.

10. Нэхэмжлэгчээс ...архаг, хууч өвчтэй байсны улмаас нас барсан болохоос ажил мэргэжлээс шалтгаалсан зүйлгүй... гэх боловч талийгаач Ш.Г******* ажилд томилохоос өмнө хүнд даацын тоног төхөөрөмжийн дампын оператор буюу хүнд нөхцөлд ажиллахад эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэсэн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлтийг гаргаж байснаас гадна Б э р ХХК нь уурхайн амрах хотхоны амралтын өрөө, ажлын байранд ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийлгээгүй, түүнчлэн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2-т заасан тохиолдол үүсээгүй зэргээр талийгаач Ш.Г******* нас барсан шалтгаан нөхцөлийг ажил, мэргэжлээс шалтгаалаагүй гэж үзэх боломжгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

11. Иймд талийгаач Ш.Г******* ажлын байранд үйлдвэрлэлийн осолд өртсөн үндэслэлээр шийдвэр, дүгнэлт гаргасан маргаан бүхий шийдвэр, дүгнэлт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2-т ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах. гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

12. Нэхэмжлэгчээс гаргасан ....дүгнэлт гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн... үндэслэлийн тухайд, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 7.2-т заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй гэдэг нь үйлдвэрлэлийн осол гарснаас хойш огт үйлдэгдээгүй акт, дүгнэлтийн тухайд хамаарах болохоос үйлдэгдсэн актыг гомдлын дагуу хянаж гаргасан улсын байцаагчийн дүгнэлтийн хувьд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.20, 29 дүгээр зүйлийн 29.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б э р ХХК-аас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ё.У*******, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын улсын Ерөнхий байцаагч нарт тус тус холбогдох 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн , ******* дугаартай улсын ахлах байцаагч нарын гаргасан захиргааны актыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ