| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01217/И |
| Дугаар | 307/ШШ2025/00706 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 307/ШШ2025/00706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01217/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******тоотод оршин суух ******* ******* (утас: *******)-д холбогдох,
“Тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******,
Хариуцагч Л.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.*******д холбогдуулан тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Б.******* миний бие 2018 онд ******* улсын дугаартай тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч байсан. Тухайн үед охин Ц., хүргэн Л.******* нар нь унах тээврийн хэрэгсэл байхгүй байсан тул би нэг хэсэгтээ унаж байгаад машинтай болохоороо аавдаа өгчхөөрэй гэж хэлээд өгч байсан. Гэтэл охин Ц., хүргэн Л.******* нар нь хоорондын таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдраад салах дээрээ тулсан байх тул өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгслийг Л.******* нь хууль бусаар эзэмшиж байгаа тул тус тээврийн хэрэгслийг надад буцаан олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Л.******* миний бие *******ын охин болох Ц.гийн нөхөр нь байсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын дунд үед Улаанбаатар хотоос гарах замд байрлах мянган машины зогсоолоос ******* улсын дугаартай тоёота прэмио G супрэр маркийн тээврийн хэрэгслийг 100 хувь өөрийн хөрөнгөөр худалдан авч байсан. Машиныг худалдан авахад ******* улсын дугаартай байсан бөгөөд миний гэрийн хаяг Дархан-Уул аймгаар байсан тул өөрийн нэр дээр машины гэрчилгээ гаргуулан авч чадаагүй. Тухайн үед Б.******* хамт очсон байсан бөгөөд түүний хаяг Улаанбаатар хотынх байсан болохоор түр нэр дээр нь машины гэрчилгээгээ гаргуулж авсан. Уг машиныг худалдан авах төлбөрийг бүрдүүлэхдээ өөрийн ээж Ч. 5,000,000 төгрөг, мөн том ахаасаа мөнгө авч үлдэгдэл мөнгийг өөрийн хөрөнгөөс бүрдүүлж худалдан авсан. Би тухайн үед өөрийн гэсэн данс нээлгээгүй байсан тул надтай холбоотой бүх орлого, зарлага Хаан банкны тоот дансаар шилжиж байсан учир машины төлбөрийг Ц.гийн эзэмшлийн тоот Хаан банкны данснаас төлсөн юм. Уг дансны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хуулгыг шалгаж үзвэл бүх зүйл ил тодорхой болно.
Миний бие энэхүү машинаас өмнө corolla маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. Энэхүү тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгслийг худалдан авах үед нэхэмжлэгч Б.******* нь ямар ч мөнгө гаргаж, хөрөнгө оруулж байгаагүй бөгөөд машин үзэхэд ч, худалдан авахад ч хамт яваагүй. Хашааны гадна байсан. Нэг хэсэгтээ унаж байгаад машинтай болохоороо аавдаа өгөөрэй гэх мэтээр дэндүү худал зүйлсийг шүүхэд мэдүүлж байгааг гайхаж байна.
Иймд дээрх байдлаар шалтгаалан ******* улсын дугаартай тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч Б.*******ын нэр дээр шилжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Л.******* миний бие Б.*******ын охин болох Ц.гийн нөхөр нь байсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын дунд үед Улаанбаатар хотоос гарах замд байрлах мянган шашны зогсоолоос ******* улсын дугаартай тоёота прэмио G супрэр маркийн тээврийн хэрэгслийг 100 хувь өөрийн хөрөнгөөр худалдан авч байсан. Машиныг худалдан авахад ******* улсын дугаартай байсан бөгөөд миний гэрийн хаяг Дархан-Уул аймгаар байсан тул өөрийн нэр дээр машины гэрчилгээ гаргуулан авч чадаагүй. Тухайн үед Б.******* хамт очсон байсан бөгөөд түүний хаяг Улаанбаатар хотынх байсан болохоор түр нэр дээр нь машины гэрчилгээгээ гаргуулж авсан. Уг машиныг худалдан авах төлбөрийг бүрдүүлэхдээ өөрийн ээж Ч. 5,000,000 төгрөг, мөн том ахаасаа мөнгө авч үлдэгдэл мөнгийг өөрийн 2015-2018 оны хооронд ажиллуулж байсан фитнес клубийн тоног төхөөрөмжийг өөрийн найз зарж борлуулсан мөнгөнөөс бүрдүүлж худалдан авсан. Би тухайн үед өөрийн гэсэн данс нээлгээгүй байсан тул надтай холбоотой бүх орлого, зарлага Хаан банкны тоот дансаар шилжиж байсан учир машины төлбөрийг Ц.гийн эзэмшлийн тоот Хаан банкны данснаас төлсөн юм.
Миний бие энэхүү машинаас өмнө өөрийн corolla маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. Энэхүү тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгслийг худалдан авах үед нэхэмжлэгч Б.******* нь ямар ч мөнгө гаргаж, хөрөнгө оруулж байгаагүй бөгөөд машин үзэхэд ч, худалдан авахад ч хамт яваагүй, хашааны гадна байсан.
Иймд дээрх байдлаас шалтгаалан ******* улсын дугаартай тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Л.*******ийг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
“...Б.******* нь 2018 онд ******* улсын дугаартай тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч байсан. Тухайн үед охин Ц., хүргэн Л.******* нар нь унах тээврийн хэрэгсэл байхгүй байсан тул би нэг хэсэгтээ унаж байгаад машинтай болохоороо аавдаа өгөөрэй гэж хэлээд өгч байсан. Гэтэл охин Ц., хүргэн Л.******* нар нь хоорондын таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдраад салах дээрээ тулсан байх тул өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгслийг Л.******* нь хууль бусаар эзэмшиж байгаа тул тус тээврийн хэрэгслийг надад буцаан олгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Сөрөг нэхэмжлэл дээр бичсэн шиг ээж Ч. 5,000,000 төгрөг, том ахаасаа мөнгө авч үлдэгдэл мөнгийг ажиллуулж байсан фитнес клубийн тоног төхөөрөмжийг худалдсан мөнгөөр бүрдүүлж авсан гэсэн нь огт худал зүйл бичжээ.
Мөн уг машины төлбөрийг миний охин Ц.гийн эзэмшлийн тоот данснаас шилжүүлсэн гэж байгаа тул би охин Ц.г гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0655 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0612 бүртгэлийн дугаартай итгэмжлэл (хх 2-5, 68, 125 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх 123-124 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр “ХААН банк” ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 545/241032 дугаартай албан бичиг, *******ын гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Хасбанк” ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 07/669 дугаартай албан бичиг, *******ийн дансны хуулга, *******ийн дансны хуулга, “Хасбанк” ХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07/116 дугаартай албан бичиг, *******ийн дансны хуулга, *******ийн дансны хуулга, “ХААН банк” ХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 5045/25/278 дугаартай албан бичиг, *******ын гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч Л., Ч. нараас гэрчийн мэдүүлэг авсан болно. (хх 32-34, 41-43, 77-89,118-121 хуудас)
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.*******д холбогдуулан “Тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан “Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “....Б.******* нь 2018 онд ******* улсын дугаартай тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгслийг 17,300,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед охин Ц., хүргэн Л.******* нар нь унах тээврийн хэрэгсэл байхгүй байсан тул нэг хэсэгтээ унаж байгаад машинтай болохоороо аавдаа өгчхөөрэй гэж өгсөн. Гэтэл охин Ц., хүргэн Л.******* нар нь хоорондын таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдраад салах дээрээ тулсан. Өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгслийг Л.******* нь хууль бусаар эзэмшиж байх тул тээврийн хэрэгслийг чөлөөлүүлж буцаан авахаар шүүхэд хандсан” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.
3.Хариуцагч Л.*******өөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх ба нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг “....Автомашиныг 17,300,000 төгрөгөөр ч худалдан аваагүй харин 18,600,000 төгрөгөөр худалдан авсан. Автомашиныг худалдан авахад Б.*******оос нэг ч төгрөг гараагүй. Би 2015-2022 он хүртэл фитнесийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тоног төхөөрөмжөө зараад Ц.гийн дансанд тус мөнгө орсон. Үүн дээр ээжээсээ 5,000,000 төгрөг, том ахаасаа 1,500,000 төгрөг авч автомашиныг худалдан авах мөнгөө бүрдүүлсэн. 2018 оны 08 дугаар сараас эхлэн автомашиныг өөрийн гараар унаж байна. Б.*******ын охин Ц.тэй гэр бүл байсан бөгөөд би тухайн үед ямар ч банкны данс эзэмшдэггүй, миний бүх орлого, зарлага маань Ц.гийн дансаар хийгдэж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг авах мөнгийг би бүрдүүлсэн учир тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү” гэж тайлбарлаж, талууд маргаж байна.
4.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, өмчлөгч нь эзэмших эрхгүй этгээдээс өөрийн эд юмсыг буцаан шаардах эрхтэй.
5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаагаар Toyota premio маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Б.******* мөн болох нь тогтоогдож байна.
6.Хариуцагч Л.******* нь тээврийн хэрэгслийг өөрийн хөрөнгөөр, 18,600,000 төгрөгөөр худалдан авсан гэж маргасан бөгөөд энэ талаар өөрийн ээж, ах нараас авсан мөнгө болон өөрийн бизнесийн орлогыг (фитнесийн тоног төхөөрөмж борлуулалт гэх мэт) үндэслэн тайлбарласан.
Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан баримтаас үзэхэд, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ц.гийн Хаан банкны данснаас “машин” гэх утгатай 17,300,000 төгрөгийн зарлага гарсан болох нь тогтоогдож байна. Уг дансанд хийгдсэн орлогуудын утга “tsendee”, “ орлого”, “tsendee tuh” гэх мэтээр хийгдсэн, өөр этгээдийн дансаар дамжуулан хийгдсэн мөнгийг хариуцагчийнх гэж үзэх үндэслэл хангалттай баримтаар тогтоогдохгүй байна. (хх33,34,83-89х)
Хариуцагч болон Ц. нар нь гэрлэлтээ батлуулсан, гэр бүлийн харилцаатай байсан боловч тэдний гэрлэлт цуцлах, эд хөрөнгийн талаарх маргаан одоогоор шүүхийн шатанд хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд тухайн хэрэгт маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөлтэй холбоотой шаардлага гаргаагүйг зохигчид тайлбарлаж байгаагаас дүгнэхэд энэ маргаан нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн асуудалд хамааралгүй гэж үзэхээр байна.
7.Мөн хэрэгт авагдсан гэрч Л., Ч. нарын мэдүүлгийг шүүх үнэлээгүй бөгөөд гэрчийн мэдүүлэг бодит эх сурвалж дээр үндэслэгдсэн тохиолдолд үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжтой юм.
Гэвч гэрчүүд болох Л., Ч. нар нь Л.*******д мөнгө өгсөн гэх боловч тухайн мөнгийг хэний дансаар хэзээ шилжүүлсэн эсэх, хэрэв бэлэн мөнгө өгсөн бол хэзээ яаж өгсөн эсэх нь өөр бусад баримтаар баталгаажаагүй, мөнгө өгсөн авсан гэх үйл баримтыг зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэх боломжгүй юм.
8.Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж, мөн хуулийн 91.2-т “Дараахь тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй: 91.2.1.эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, автотээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох үед харьцангуй аюултай эд зүйлд хамаарч, түүний ашиглалтаас үүдэх хариуцлагыг эзэмшигч ба өмчлөгч нар гэм буруугийн өөр өөр төрлөөр хариуцах эрх зүйн үр дагавартай байдгийн хувьд түүний өмчлөгчийг тогтоох механизм тодорхой байх шаардлагатай тул тээврийн хэрэгслийн бүртгэл зайлшгүй шаардлагатай бөгөөд автотээврийн хэрэгсэл нь хөдлөх эд хөрөнгөд хамаарах боловч өмчлөх эрх нь улсын бүртгэлд үндэслэгдэнэ.
9.Иймээс маргаан бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч Л.******* нь 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж байх боловч улсын бүртгэлд өмчлөгч нь Б.******* бүртгэгдсэн учир түүнийг өмчлөгч гэж үзэх ба өмчлөгчийн зөвшөөрөлгүй эзэмшлийг хууль бус гэж үзэх тул энэ агуулгаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ******* улсын дугаартай Toyota premio маркийн, ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Л.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
2.Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар хариуцагч Л.*******ийн нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан гаргасан “тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН