Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 348

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

          шүүгдэгч Ц.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Гт холбогдох эрүүгийн 1706 0007 70276 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн. 1978 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар Баянзүрх дүүрэгт төрсөн, 40 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эцэг, эх дүү нарын хамтаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгүй хэрэг хариуцах чадвартай З овгийн Цийн Г, регистрийн дугаар ЦД78112018.

 

            Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Г Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлэгийн 3-91 тоотод 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн М.Сүхбаатарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Гмэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Сүхбаатарын мэдүүлэг /хх-25/. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн № 8579 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-33/, яллагдагч Ц.Гын мэдүүлэг /хх-45/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/, шүүгдэгч Ц.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Ц.Гнь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлэгийн 3-91 тоотод 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн М.Сүхбаатарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

  Мөрдөн байцаалтад хохирогч М.Сүхбаатарын өгсөн: "...миний биед учирсан үүдэн хиймэл шүд хөдөлж, голоороо хугарсан Зүүн дээд уруул язарсан. зүүн дээд хөмсөг язарч хоер оёдол тавиулсан. Энэ гэмтлийг хэн учруулсныг согтуу байсан болохоор санахгүй байна, Г намайг түлхэж. пийшинлүү унагахдаа гэмтсэн юм шиг байна лээ. /хх-25/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Ц.Г ын яллагдагчаар өгсөн: “....Нэргүйбаатар ах согтуу орж ирээд би гуяруугаа трубагаар цохиулчихлаа гэж хэлэхээр нь хэн цохисон юм бэ гэж асуусан чинь Улаанаа, Адьяа 2 гэхээр нь адилхан архи уучихаад хоорондоо зодолдоод байдаг ямар учиртай юм бэ гээд гэж хэлээд ахыгаа өмөөрч Адьяагийнд очиход тэнд Сүхбаатар, түүний эхнэр гэх эмэгтэй байсан. Та нар адилхан архи уучихаад яагаад манай ахыг цохисон юм бэ гэж асуусан чинь Сүхбаатар миний өөдөөс агсраад байхаар нь зүгээр байгаарай гэж хэлээд баруун гараараа нүүрийг мангасдаад түлхсэн чинь хойшоогоо эргээд унахдаа пийшин мөргөсөн.”/хх-45/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 3-ний өдрийн № 8579 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

            1. М.Сүхбаатарын биед хамар ясны хугарал, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулд шарх, зүүн завьжны салст уруулын дотор салст язарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, буланд цус хуралт, баруун суга, бугалга, гуянд цус хуралт, зүүн тохой, 2 өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  

            3. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-33/ гэх дүгнэлт,

              

             -Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/,

              -Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Гнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Гнь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Хохирогч М.Сүхбаатар нь нэхэмжилсэн зүйлгүй, гомдол, саналгүй байх тул шүүгдэгч Г.Эрдэнэсүхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч Ц.Гнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овгийн Цийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Гыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Гнь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Гнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан

ирсэн зүйлгүй, Ц.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Гт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС