Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/02

 

 

Т.Цогтбаатар, Ц.Очирсүрэн, О.Нямбаяр нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Э.Гантулга,

Яллагдагч: Т.Цогтбаатар, Ц.Очирсүрэн, О.Нямбаяр,

Яллагдагч: Т.Цогтбаатарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

Хохирогч: Ч.Лхамсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч: М.Даваасүрэн,

Нарийн бичгийн дарга: Б.Энхзул нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/402 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Т.Цогтбаатар, Ц.Очирсүрэн, О.Нямбаяр нарт холбогдох эрүүгийн 1815003610134 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, Тэрбишийн Цогтбаатар,

-урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан

Монгол Улсын иргэн, Цэрэндоржийн Очирсүрэн

- Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан

Монгол Улсын иргэн, Очирсүрэнгийн Нямбаяр

- Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан

 

Яллагдагч Т.Цогтбаатар нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Байшинт” гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Лхамсүрэнгийн 20 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 22,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ц.Очирсүрэн, О.Нямбаяр нь бүлэглэн Булган аймгийн Булган сумын Байшинтийн ам гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Т.Цогтбаатарын тууж ирсэн иргэн Ч.Лхамсүрэнгийн 20 тооны адуунаас үлдсэн 16 тооны адууг хулгайлж бусдад зарж борлуулсны улмаас 22,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймгийн Прокурорын газраас Т.Цогтбаатар, Ц.Очирсүрэн, О.Нямбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/402 дугаар шүүгчийн захирамжаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэрбишийн Цогтбаатар, Цэрэндоржийн Очирсүрэн, Очирсүрэнгийн Нямбаяр нарт холбогдох эрүүгийн 1815003610134 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Булган аймгийн прокурорын газарт буцааж, 

Яллагдагч Т.Цогтбаатар, Ц.Очирсүрэн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, яллагдагч О.Нямбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очих хүртэл хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг дурдаж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Гантулга эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж “яллах дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад: Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №153 дугаартай тогтоолд “...2015 оны Эрүүгийн хуулиар мал хулгайлах гэмт хэргийн шинж, тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь 17.12 дугаар зүйл болгож хуульчилсан бөгөөд хууль тогтоогч ийнхүү мал хулгайлах гэмт хэргийг тусад нь хуульчилсныг шинээр гэмт хэрэгт тооцсон гэж үзэхгүй болно...” гэжээ. Мөн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №679 дугаартай тогтоолд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог” гэж тус тус хуулийн зүйл хэсгийг тогтоолоор тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан яллагдагч Т.Цогтбаатарын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн “...Би урд өмнө Оожоогийн /Очирсүрэн/-ийн гэрт очиж байгаагүй. Би Гурванбулаг сумын нутагт засмал замын тэнд тааралдсан юм. Тэгээд гэрт нь очсон... Би хулгайн адуу гэдгийг бол хэлсэн. Энэ юун адуу юм бэ гэж асуусан. Би тухайн үед хойноос тууж ирсэн гэж хэлсэн... Оожоо өөрөө зарж борлуулна гээд аваад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 100-р ху/

Яллагдагч Ц.Очирсүрэнгийн гэрчээр өгсөн “...09 дүгээр сарын эхээр гэж санагдаж байна. Би өөрийн зуслан “Гүн хонхор” гэх газарт байхад би засмал замын урьд хавьд хонь хариулаад явж байхад адуу туучихсан хүн ойрхон явж байхаар нь яваад очиход Булган аймагт намайг шалгагдаж байхад мөн адил тэнд шалгагдаж байсан Цогоо гэх Архангайн залуу морьтой адуу туучихсан явж байсан. Тэгээд мэнд ус мэдэлцээд хаа хүрч явааг нь асуухад миний хариуд “Би холдохгүй машин ирнэ, энэ адуунаас гурав дөрвийг ачих юм хашаа байна уу” гэж хэлсэн. Би тэгэхээр нь адуу хаших гэж байгаа бол манай хаваржаа байна гэж хэлсэн. Тэгээд Цогоо манай гэрт орж хоол идээд нөгөө адуугаа манай хашаанд хашаад байж байхад хөх өнгийн портер ирээд машины жолооч манай гэрт оролгүй 2 хонгор халзан морь, том улаан хээр морь, 1 хүрэн морь зэрэг 4 тооны морийг ачаад манай гэрээс засмал зам руу нийлээд явсан...Хаанаас хөөж ирсэн гэдгээ бол надад ерөөсөө хэлээгүй. Тэр 4 морийг аччихаад бусдыг нь хойш нь хөөгөөд явуулчих гэж хэлсэн. Би тухайн үед эд нарыг нь яах юм бэ гэхэд хойшоо гаргачих аа тэгээд өөрсдөө цуваад харьчихна гэж хэлсэн... 20 орчим адуу л байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р ху/

Гэрч Ц.Угтахбаярын “...Би тухайн үед эхнэртэйгээ хот орчхоод Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу гарч явахад Цогтбаатар над руу 88224869 гэх дугаараас залгаад би “Номын булаг” -ийн урд талаас адуу авах гэж байгаа юм та энд хүрээд ир би таныг тосоод авъя гэж хэлсэн. Тэгээд утсаар яриад “Номын булаг” өнгөрөөд засмалаас урд зүг рүү салаад нэг айлын гадаа очсон. Цогтбаатар тэр айлд байсан. Би бол тухайн айлд ороогүй. Тэр айлд очиход Цогоогоос гадна 2 эрэгтэй хүн байсан. Нэг нь бол 50 гаран насны хүн байсан. Нөгөөх нь сайн хэлж мэдэхгүй байна. тэгээд нар жаргаж байсан учраас сайн хараагүй. Тэр айлын гадаа адуу хашчихсан байсан. Яг одоо бол хэдэн адуу байсан талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Тухайн адуунаас 4 тооны морийг ачсан... Цогтбаатар, 50 гаран насны хүн, 20 гаран насны эрэгтэй залуугийн хамт ачсан юм. Би уг залууг сайн хараагүй одоо танихгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 94-96-р ху/ зэргээр яллагдагч Т.Цогтбаатар нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Байшинт” гэх газраас 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Лхамсүрэнгийн 20 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлан /гэмт хэрэг төгссөн/ тууж явах замдаа Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Ц.Очирсүрэнтэй тааралдаж тухайн адууг хулгайн адуу болох талаар хэлснийг Ц.Очирсүрэн нь мэдсэн атлаа хулгайн үйлдэлд дэмжлэг үзүүлж уг 20 тооны адууг өөрийн хаваржаанд тууж аваачин хашиж / гэмт хэрэг үргэлжилсэн/ 4 тооны адууг барьж аван Ц.Угтахбаярын тээврийн хэрэгсэлд хамт ачилцан өгч явуулж, үлдсэн 16 тооны адууг өөрийн хүү О.Нямбаяртай нийлж бусдад зарж борлуулсан гэж үзэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно” гэж хуульчилсан ба яллагдагч Ц.Очирсүрэн, О.Нямбаяр нарын хувьд яллагдагч Т.Цогтбаатартай адуу хулгайлах талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй ч 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Т.Цогтбаатарын тууж явсан 20 тооны адууг хулгайн адуу гэдгийг мэдсээр байж үйлдлээрээ санаатай нэгдэн өөрийн хаваржааны хашаанд хашсанаар мал хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт үйлдэл төгссөний дараа хулгайн эд зүйлсийг хэн хэн нь хэрхэн хувааж авснаар яллагдагч нарын хохирогчид учруулсан хохирол хор уршиг тооцох талаар тусгайлан хуульчлаагүй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм буруутай этгээдээс хувь тэнцүүлэн гаргуулахаар хуульчилсан байна.

Захирамжийн 2 дахь заалтын тухайд: 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт орсон байх ба гэмт хэрэг үйлдэгдэн гарсан цаг хугацаа болох 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын олон тооны малыг хулгайлсан бол” гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсний дагуу прокурорын 1815003610134 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 124а дугаартай яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх “...Түүнчлэн яллагдагч Т.Цогтбаатар, Ц.Очирсүрэн, О.Нямбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг аль хүндрүүлэх шинжээр хүндрүүлэн зүйлчилж байгааг заагаагүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан байна.

Харин “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуул ийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл ийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэх хүндрүүлэх шинжийг яллах дүгнэлтэд тусгах ёстой” гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар захирамж уншиж сонсгохдоо огт дурдаагүй атал 2023/шз/402 дугаартай захирамжид тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 2023/ШЗ/402 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...2015 онд батлагдсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн. Энэ хууль анх батлагдахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2 гэсэн зүйл хэсэгтэй байсан. Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.4 гэж өөрчилсөн. Энэ гэмт хэрэг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн тул хууль буцаан хэрэглэх үндэслэл болж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд тус тус заасныг журамлан бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж журамласан. Өмгөөлөгчийн яриад байгаа, шүүгчийн захирамжид дурлаад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.2 дэх заалтыг орхигдуулсан гэж байгаа нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. 2020 онд эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 2 зүйл хэсгээр зүйлчлэгдэхээр эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн. Хохирлыг бодитой тогтоогоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үйлдлээрээ нэгдэж байгаа гэсэн. Үйлдлээрээ нэгдэж байгааг 9 дүгээр сарын 07-ны өдөр тууж яваад 50-иад километр газар туусан. Очирсүрэнтэй таараад юу хийж байгаа талаар асуухад хулгайн адуу гэж ойлголцсон. Ингээд шууд 16-г авч үлдээгүй. Хашсанаас хойш хулгайн гэмт хэрэг үйлдэгдээд байгаа. Ингээд 4-г авч яваад бусдыг нөгөө хоёр , 2020 дээд шүүхийн тогтоолуудыг дурдаж байна. Иймд яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоолыг үйлдсэн. Хэн хэн хэдийг хувааж авснаасаа үл хамааран үнэлгээг хариуцдаг. Үйлдэл үргэлжилж явсаар байгаад Очирсүрэнгийн гэрийн гаднаас ашигаа хувааж авсан. Цогтбаатар 4, нөгөө хоёр нь 16 тооны хохирлыг хариуцна гэж хууль дээр заагаагүй. Нийлээд ямар хэмжээний хохирол учирсан, үүнийг гэм буруутай этгээдээс хувь тэнцүүлэн гаргуулна гэсэн. 20 адуу 22.800.000 учирсан гэж яллах дүгнэлт дээр дурдсан. Хэт дэлгэрэнгүй бичээгүй нь миний алдаа гарсан байна. мэдүүлгүүд хэрэгт авагдсан тул гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдэх боломжтой байна. Хэзээ үйлдээд хэзээ илэрснийг анхаарч үзнэ үү. 2018 онд үйлдээд 2022 оны 12 дугаар сараас Цогтбаатар үйлдсэн байна гэх нөхцөл яригдаад үүнээс хойш мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. 4 жил гарны дараа энэ нөхцөл байдал илэрч байгаа. Тухайн цаг хугацаанд харж байсан гэрч нар адууны зүс, ямар хүн байсан талаар санах нөхцөл байдал хомс болдог. Иймэрхүү хүмүүс байсан талаар гэрч нар мэдүүлж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагааг хийснээр гэм буруутайд тооцох боломжтой гэсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хохирогч Ч.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын уншиж байгааг дэмжиж байна. Би хохирлоо гаргуулж авмаар байна. Хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа тул би ч гэсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Яллах дүгнэлтэд хамгийн гол агуулгын алдаа нь яллагдагч нарын учруулсан хохирлыг тусад нь буюу 16 адуу хулгайлсан гэж дурдаж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд алдаатай болсон гэж харсан. Очирсүрэн хашаанд хашсанаараа үйлдлээрээ нэгдсэн гэж байгаа бол 22.800.000 гэж нэг өгүүлбэрээр бичих байсан. Хохирогчид 22.800.000 төгрөгийн хохирол учирсан. Яллах дүгнэлт, зүйлчлэл үндэслэлтэй байна. Очирсүрэн, Нямбаяр нарыг 16 адууг зарсан гэсэн. Нас хүйсээр нь ялгамжтай байдлаар хандах ёстой гэсэн. Гэтэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хохирлын хэмжээг нийтэд гарган хохирлыг хуваах нь үндэслэлтэй байна. Отгонжаргал өмгөөлөгч Цогтбаатар хэдэн тооны адуу аваад хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь тодорхойгүй байна гэсэн. Цогтбаатар 20 тооны адууг туусан гэдгээ хэлсэн тул Цогтбаатарын учруулсан хохирол бүрэн харагдаж байна гэв.

Яллагдагч Т.Цогтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байхгүй гэв.

Яллагдагч Ц.Очирсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ байцаалт буруу байна. Тэр үед Нямбаяр байгаагүй хүүхдээ эмчлүүлж явсан. Ганхуяг өөрөө зохиомлоор хийсэн. Цогтбаатар надтай таарсан нь үнэн. Хүүхэд нь тархины хагалгаанд орох гээд хотод явсан. Байцаалтыг эсэргүүцэж байна. Намайг цагдаагийн өрөөнд хонуулж байсан. Би 2, 3, 4 настай хүүхдийг гэрт нь үлдээгээд хүүхдүүдийг маань үлдээснээс болоод 12 настай хүүхэд маань гараа хугалсан. Нямбаяр байгаагүй, Цогтбаатар надад хулгайн адуу гэж хэлээгүй. Намайг өмнө нь байцаагдаж байхад энэ хүн байцаагдаж байсан юм байна лээ. Би гэрийнхээ ойр хонио хариулж явсан. Замын урдуур цөөхөн тооны адуу тууж явахаар нь би дурандсан манай ойрын хүн биш байсан. Тэгээд очоод мэндлээд хаа хүрэх вэ гэсэн холдохгүй гэсэн. Тэгээд гэртээ авч очоод хоол хийж өгөөд байж байхад гэрийн гадаа машин ирээд Цогтбаатартай хамт адууг хашсан. Нямбаяр тэр үед байгаагүй хотод хүүхдээ эмчлүүлж явсан” гэв.

Яллагдагч О.Нямбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Угтахбаярын мэдүүлэгт адуу авах гээд явсан гэж байна. 2 эрэгтэй хүн байсан. Хэдэн адуу байсан талаар мэдэхгүй, 4 морь авсан гэж байна. 50 гаран насны хүн, 20 гаран настай залуутай хамт байсан гэж байна. Эхлээд насыг нь мэдэхгүй байж яагаад адуу ачиж байхад 20 гаран насны залуу байсан гэж мэдээд байгаа юм. Миний банкны дансны хуулгаар буруутгаж байна. Би өгсөн адууныхаа тухайд тайлбар өгсөн. Хүүхдийн сургуулийн юмыг бэлтгэх гээд, дараа нь хүүхдийн хагалгааны үеэр явсан гэдгээ тайлбарласан. Энэ хэрэгт тусгагдаагүй. Мөрдөн байцаалт учир дутагдалтай байна. Энэ хэрэгт холбогдсоноос хойш сэтгэл зүй маш хүнд байна. Эхнэр хүүхдээсээ саллаа, 3 сар хоригдлоо. Тийм учир өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.

Яллагдагч Т.Цогтбаатарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг гаргасан. Ингээд шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-1.1 заасан нотловол зохих зүйл нотлогдоогүй байна, яллах дүгнэлтэд дурдаагүй, дурдсан зүйл ойлгомжгүй байна гэсэн. Тал бүрээс нь судалсан үндсэн дээр буцаасан нь үндэслэлтэй. Тодруулах ёстой зүйлийг тодруулаагүй байгаа. Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийддэг. Ингэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эргэлзээтэй байдал үүсгэж болохгүй. Хуулийг нэг мөр хэрэглэж нотловол зохиох зүйлийг нотолсон байх ёстой. Яллах дүгнэлт үндэслэлгүй болсон тул эрүүгийн хариуцлагыг яллах дүгнэлтийн хүрээнд хүлээлгэх боломжгүй. Хэргийг хэзээ үйлдсэн, хэн ямар хэргийг үйлдсэн, аль цаг хугацаанд үйлдсэн нь тодорхойгүй. Цогтбаатар, Нямбаяр нар нэг бол эсрэг, нэг бол эерэг ашиг сонирхолтой юм шиг байсан. Цогтбаатар Байшинтаас хулгайлсан уу, эсвэл гурвуулаа Байшинтаас хулгайлсан уу гэдгийг шүүх хөндсөн нь зөв. Хулгайлах үйлдэл хаанаас эхэлж хаана төгсөөд байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж үйлдсэн гэж байгаа бол хаанаас бүлэглэж, үгсэн тохиролцож, 20 тооны малыг хулгайлсан гэдгийг нарийн эргэлзээгүйгээр тогтоож яллах дүгнэлтэд дурдах байсан. Хор хохирлыг ярьдаг. Нийт 20 тооны адууг хулгайлаад байгаа. Үүнээс Цогтбаатар нь 20 тооны адууг хулгайлсан юм уу? 4 адууг хулгайлсан юм уу? 16 юм уу гэдэг дээр ялгамжтай хандах ёстой. Гэмт хэрэг үйлдсэн үйлдлээсээ хор уршгууд хамааралтай. 22.800.000 төгрөгийн хохирлыг хамтдаа учруулаад байна уу, хүн тус бүр учруулсан уу гэдгийг ойлгомжтой байдлыг тусгах нь хуулийг нэг мөр хэрэглэж эрүүгийн хариуцлагыг зөв  оногдуулахтай холбоотой. Шүүгчийн захирамж үндэслэлтэй байж яллах дүгнэлтийг зөвтгөсөн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тухайлан зүйлчлээгүй нь буруу гэсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж зүйлчилж байгаа боловч 2.1, 2.2, 2.3 гэж тус тусдаа гэмт хэрэг. Бүлэглэж үйлдсэн гэж байгаа бол аль зүйл заалт юм. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүх хуулийг буцаан хэрэглэнэ. Харин шүүхэд хэргийг оруулж ирэхдээ яллах дүгнэлтэд тодорхой оруулах ёстой. Шүүх буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дэх хэсэгт зааснаар гэж өөрөө журамлах ёстой. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах үндэслэлтэй байна. Яллагдагч нар дутуу шалгасан, гэрч нарын мэдүүлгийг нарийн зохицуулалт  хийж гаргаагүй гэдэг тул дахин шалгуулах үндэслэлтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх яллагдагч Т.Цогтбаатар, Ц.Очирсүрэн, О.Нямбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Прокуророос яллагдагч Т.Цогтбаатар нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Байшинт” гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Лхамсүрэнгийн 20 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж 22,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ц.Очирсүрэн, О.Нямбаяр нь бүлэглэн Булган аймгийн Булган сумын Байшинтын ам гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Т.Цогтбаатарын тууж ирсэн иргэн Ч.Лхамсүрэнгийн 20 тооны адуунаас үлдсэн 16 тооны адууг хулгайлж бусдад зарж борлуулсны улмаас 22,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

3.Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж “... яллагдагч Т.Цогтбаатар, Ц.Очирсүрэн, О.Нямбаяр нарын үйлдэл оролцоог тус бүрд нь шалгаж тогтоогүй, яллагдагч нар гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо бий эсэх, эсвэл тус тусдаа мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй буюу яллагдагч Т.Цогтбаатар нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны  өдөр Ч.Лхамсүрэнгийн 20 тооны адууг туухад Ц.Очирсүрэн, О.Нямбаяр нарын үйлдэл, хамтран оролцоо байсан эсэх, яллагдагч Ц.Очирсүрэн, О.Нямбаяр нар нь  Т.Цогтбаатарын тууж ирсэн адуунаас 16 тооны адууг зарж борлуулсан гэх үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн үргэлжилсэн үйлдэл үү эсхүл тусдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл үү гэдгийг шалгаж тогтоогоогүй. Мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй мөрдөгч, прокурор хэргийг бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэсэн үндэслэлүүдийг зааж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байна.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ц.Очирсүрэн, О.Нямбаяр, Т.Цогтбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон байх бөгөөд хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

Прокурорын эсэргүүцэлд шүүх хуралдаанаар захирамж уншин сонсгохдоо дурдагдаагүй зүйл захирамжинд тусгагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн талаар дурджээ. Хэргийн материалаас харвал шүүх хуралдааны тэмдэглэл, захирамжийн тогтоох хэсэг нь зөрүүгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт шүүх хуралдаанаар уншин сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол ноцтой зөрчилд тооцно гэж хуульчилсан байх тул энэ талаарх эсэргүүцэл нь үндэслэлгүй байна.

Прокуророос яллагдагч Т.Цогтбаатар нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Байшинт” гэх газраас 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Лхамсүрэнгийн 20 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлан тууж явах замдаа Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Ц.Очирсүрэнтэй тааралдаж тухайн адууг хулгайн адуу болох талаар хэлснийг Ц.Очирсүрэн нь мэдсэн атлаа хулгайн үйлдэлд дэмжлэг үзүүлж уг 20 тооны адууг өөрийн хаваржаанд тууж аваачин хашиж, 4 тооны адууг барьж аван Ц.Угтахбаярын тээврийн хэрэгсэлд хамт ачилцан өгч явуулж, үлдсэн 16 тооны адууг өөрийн хүү О.Нямбаяртай нийлж бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт холбогдсон гэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг, түүнчлэн  яллагдагч Ц.Очирсүрэн, О.Нямбаяр нарын хувьд яллагдагч Т.Цогтбаатартай адуу хулгайлах талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй ч 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Т.Цогтбаатарын тууж явсан 20 тооны адууг хулгайн адуу гэдгийг мэдсээр байж үйлдлээрээ санаатай нэгдэн өөрийн хаваржааны хашаанд хашсанаар энэ гэмт хэргийг төгс үйлдэгдсэн гэх хохирогчийн өмгөөлөгчийн саналыг анхан шатны шүүх хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана.” гэснийг баримтлан яллагдагч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог нарийвчлан тогтоох боломжтой буюу яллагдагч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг тодруулах боломжтой юм.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсаны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Ц.Очирсүрэн, О.Нямбаяр, Т.Цогтбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагч нарыг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/402 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Т.Цогтбаатар, Ц.Очирсүрэн нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч О.Нямбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ   

                                    ШҮҮГЧИД                                   Л.ЭРДЭНЭБАТ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ