Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 90

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Б-ид холбогдох 1821000060076 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ................... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Д.Б

 

Шүүгдэгч Боржигон овогт Д.Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Өлзийт гэх газарт 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.А-ын биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос санал болгож байгаа 450.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна... гэв.

 

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Бат-Эрдэнэ бид хоёр үхрийн баасаа хамаад тэргэнд түрээд хураалттай аргал дээрээ буулгаж байхад нэг машин аргалын хажууд ирж зогсоод дотроос нь дөрвөн залуу бууж ирсэн. Тэр дунд миний танихаар зүүн урд айлын Дорж гэх хүн байсан ба цуг явсан гурван залууг нь танихгүй хүмүүс байсан. Тэгснээ Дорж гэх хүн нь над руу “утсаар ярьсан хүн чи мөн үү” гэхээр нь би мөн гэж хэлэхэд Дорж намайг миний цамцаар хоолойг маань боогоод газар унагахад би их манарсан ба Доржийн өөдөөс ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй үед гарыг маань ард зөрүүлж мушгиад намайг дарчихсан. Тэр үед миний мөр их эвгүй болсон ба Д.Б л хоолойг маань боож анх  зодсон. Яг ард гарыг маань хэн нь бариад байсныг мэдэхгүй байна. Энх бүхнийг Д.Б эхлүүлсэн...Би Д.Б-той эвлэрсэн.  Ямар нэг хохирлын маргаан байхгүй. Энэ хэрэгт гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 11-12, 45 тал/

 

Гэрч Г.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Д.Б Б.А-ыг дуудаад чи хүрээд ир, би чамаас юм асууя гэхэд Б.А юу асуух гээд байгаа юм гэхэд манай нөхөр Бат-Эрдэнэ хар юүдэнтэй малгайтай цамцтай залуу руу ташуур бариад цохих гэж байхад нь би нөхрөөсөө ташуурыг нь булааж аваад зогсож байтал Б.А хүрзний ишээ бариад зогсож байхад нь Д.Б “чи чулуудаад үз” гэсэн. Тэгтэл хажуунаас Бат-Эрдэнэ найзаа хэрэггүй гэхэд  Б.А хүрзний ишээ газар хаяад Д.Б цуг машинаас бууж ирсэн хар юүдэнтэй цамцтай залууд наадхынхаа гарыг бариад зогсож бай гэхэд нөгөө залуу Б.А-ын гарыг бариад зогсоход Д.Б Б.А-ын нүүр рүү савхин бээлийтэй гараараа нэг удаа цохиход уруулнаас нь цус гарсан. Тэгээд Б.А-ыг газар унагаж дараад элдвээр хэлээд хоолойноос нь багалзуурдсан...” гэжээ. /хх-ийн 20-21 тал/

 

Гэрч Г.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Ах түрүүлээд машинаас буугаад нэг залуутай уулзаад маргалдахад тэр залуу ташуур бариад Д.Б ах руу дайрахад би очиж ташуурыг нь булааж авсан. Тэгээд ах уг залуутай барьцалдаж аваад надад хандан гарыг нь барьж бай гэхэд би гарыг нь барьсан. Тэгээд Д.Б ах тэр залууг нэг удаа алгадаад машиндаа суух гэтэл тэр залуу хөлдүү үхрийн баас аваад ах руу цохих гэхэд нь би болиулсан. Гэтэл Д.Б ах тэр залууг барьж аваад овоолсон үхрийн баасан дээр унасан...” гэжээ./хх-ийн 24 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 39 тоот актын дүгнэлтэд

            1. Б.А-ын биед доод уруулын дотор салстын язрал, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

     3. Дээрх гэмтлийн баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, доод уруулын дотор салстын язрал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ. /хх-ийн 28 тал/

    

- Яллагдагч Д.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 37-39 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Боржигон овогт Д.Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Өлзийт гэх газарт 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.А-ын биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч Б.А, гэрч Г.Гантуяа, Г.Билгүүн нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 39 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Д.Б-ид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч Д.Б нь  “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 Хохирогч Б.А нь шүүгдэгч Д.Б-оос хохирол, төлбөр нэхэмжлээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-ийн ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Б-ийн ......................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ