| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0248/З |
| Дугаар | 128/ШШ2025/0388 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, шүүгч Л.Батбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Э, //
Нэхэмжлэгч: Ё.Н, //
Нэхэмжлэгч: Г.С,//
Нэхэмжлэгч: Т.Б, //
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Ж.Н, //
Гуравдагч этгээд: Г.Д, //
Гуравдагч этгээд: Ц.Э, //
Гуравдагч этгээд: Б.М, // нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, гуравдагч этгээд Б.М, Г.Д нарын өмгөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Өгөөдэй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах,
1.2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нараас анх, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан гаргасан ... 0,7 га газар эзэмших тухай хүсэлтэд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны бүртгэлээс Х******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлж, тус албаны газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Л.М Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31.2 дахь заалт /Хүсэлт гаргасан байршил нь дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна/ Таны өргөдөл нь тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа учир шийдвэрлэх боломжгүй байна гэж шийдвэрлэсэн нь бүртгэл хяналтын картад тэмдэглэгдсэн.
2.2. 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргасан ...амины сууцны зориулалтаар 0,7 га газар эзэмших хүсэлтэй байгаа тул зохих журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтэд Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар зүйлийн 14-ний өдрийн 19/585, 19/584, 19/586, 19/591 тоот албан бичгүүдээр ... Газрын тухай хуулийн 29.1, 33.1.1-д заасны дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэдэг тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн,
2.3. 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан гаргасан ... бидний эзэмших өргөдөл гаргасан газарт байшин барьсан байх тул энэ газрыг бусдад эзэмшүүлсэн, эсвэл иргэд зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн байх магадлалтай байна ... холбогдох мэдээллийг өгнө үү гэх гомдолд тус албаны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тоот албан бичгээр ... Х******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байна гэсэн,
2.4. 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн засаг даргад хандан гаргасан ... хариу өгөөгүй, харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож энэ талаар тодорхой мэдээлэл, хариу өгөхийг даалгаж өгнө үү гэх гомдолд, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр ... Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нарын иргэдээс нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шинээр газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байна ... 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай хариу хүргүүлсэн нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн байна гэсэн,
2.5. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан ... Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нарт тухай газрыг эзэмшүүлж өгнө үү гэх гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/7357 тоот албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн,
2.6. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот албан бичгээр нэхэмжлэгч нарт ... тухайн байршилд Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нар нь газар эзэмших эрх баталгаажуулах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд ...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар ... газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн ... газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай гаргасан хүсэлтэд Х******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байх бөгөөд дээрх нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, иргэн Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нарт газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэсэн хариуг хүргүүлсэн.
2.7. Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
3. Нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нар нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Х******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Богд уулын Ж******* аманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших тухай өргөдөл гаргасан боловч энэ өргөдөлд 2023 оны 6 дугаар сар болтол хариу өгөөгүй, хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдэгдээгүй. Бидний хүсэлт болгосон газарт хүмүүс барилга барьж эхэлсэн тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч 4 иргэн "2022 онд тус албанд гаргасан өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар болон энэ газар нь бусдад олгогдсон эсэх талаар мэдээлэл өгнө үү" гэсэн утгатай өргөдлийг гаргасан.
3.2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 202 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Тус албан бичигт "... Х******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших тухай хүсэлтэд хариу ирүүлээгүй тухай 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гомдлыг судалж Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/5 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна" гэжээ. Энэ албан бичиг нь нэхэмжлэгч нарын 2023 оны 06 дугаар сарын 23 гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг судлан шийдвэрлээгүй, харин 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч 4 иргэнээс Х******* дүүргийн 14 дүгээр хороо Тайнын аманд газар шинээр эзэмших талаар гаргасан өөр хүсэлтэд хариу өгсөн агуулгатай байна. Иймд 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргад "2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших тухай хүсэлт болон 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлүүлэх талаар гомдол гаргасан.
3.3. Гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 06/5810 дугаартай албан бичгээр "гомдолд дурдсан асуудлыг судлан шийдвэрлэх"-ийг даалгаж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн. Энэхүү албан бичгийн хариуд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт "... тухайн иргэдээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар шинээр эзэмших тухай хүсэлт гаргаагүй байна. Харин Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна" гэсэн хариуг явуулж, хувийг нэхэмжлэгч Т.Б******* хүргүүлсэн. Ингэхдээ Ж******* аманд газар эзэмших тухай нэхэмжлэгч нарын 2022 оны хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар болон тухайн газар нь бусдад олгогдсон эсэх талаар мэдээлэл авах хүсэлтийг мөн л шийдвэрлэлгүй орхигдуулсан.
3.4. Газар эзэмших талаар хүсэлт гаргаагүй гэсэн боловч гаргаагүй хүсэлтэд өмнө албан бичгээр хариу өгсөн гэж дурдсан нь ойлгомжгүй. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасан захиргааны байгууллагаас өргөдөл, гомдол гаргасан иргэдэд мэдээлэл зөвлөлөө өгөх, хүчин төгөлдөр болсон өөрт нь хамааралтай шийдвэртэй танилцах боломжоор хангах үүргээ биелүүлээгүй тул газрын мэдээллийн egazar.mn сайтаас мэдээллийг судалж үзэхэд Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н******* нар нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаж Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамж гаргаж эзэмшүүлсэн гэсэн бүртгэл хийгдсэн байсан.
3.5. Иргэн Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б бид хуульд заасан хэлбэр, журмаар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тухайн газрыг эзэмших хүсэлт гаргахад хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, хожим 2023 онд "2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгаагүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй" гэж татгалзсан хариу өгсөн байх боловч 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр яг тэр байршилд, тухайн газрыг яг бидний адил гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших хүсэлт гаргасан хэргийн гуравдагч этгээд 4 иргэнд тухайн тухайн ондоо багтаан 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн байна. Үүнийг эс зөвшөөрч дээрх шийдвэр нь хууль тогтоомж болон өмнө нь тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад тухайн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, бидний хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, 2022 онд гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших шийдвэр гаргуулах тухай гомдол гаргасан.
3.6. "Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах" шаардлагын үндэслэлийн тухайд иргэн хуульд заасан журмаар газар эзэмших тухай хүсэлтийг холбогдох байгууллагад гаргаснаар газрын эрх зүйн харилцааны оролцогч болж тодорхой эрх, үүрэг үүсэх, өөрөөр хэлбэл, иргэн газар эзэмшихтэй холбоотой өргөдлөө хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлүүлэх эрхтэй, холбогдох төрийн байгууллага нь тухайн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй болох юм.
3.7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан. Нэхэмжлэгч Н.Э, Е.Н, Г.С, Т.Б нар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Газрын тухай хуульд заасан хэлбэр, журмаар тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь 2023 оны 6 дугаар сарыг хүртэл ямар нэг шийдвэр гаргаж, хариу өгөөгүй орхигдуулсан. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулж хариу өгөхийг хүсч нэхэмжлэгч нар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл, 2023 оны 08 дугаар сарын 22, 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаснаас хойш өргөдөл, гомдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн , 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өдрийн , 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгүүдээр хариу авсан.
3.8. Эдгээр албан бичгүүд нь "2022 онд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд хүсэлт гаргасан тул эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариуг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч нарт албан бичгээр мэдэгдсэн байна" гэсэн ерөнхий агуулгатай, 06 дугаар сарын 29-ны албан бичигт "Таны 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гомдолд дараах хариуг өгч байна" гэсэн нь нэхэмжлэгч нарын 06 дугаар сарын 23-ны өдрийн өргөдөл биш өөр огноо, өөр агуулга бүхий өөр хүсэлтэд хариу өгсөн агуулгатай, 09 дүгээр сарын 25-ны албан бичигт "тухайн иргэд газар шинээр эзэмших хүсэлт гаргаж байгаагүй байна" гэсэн нь нэхэмжлэгч нар 2022 онд газар эзэмших хүсэлт гаргаагүй ч юм шиг, эсвэл хүсэлт гаргаад түүнд нь татгалзсан хариу өгсөн ч юм шиг эсрэг агуулга бүхий олон утгатай, ойлгомжгүй байх боловч эдгээр албан бичгийн аль нь ч нэхэмжлэгч нараас 2022 оны 04 дүгээр сарын 28-нд Ж******* аманд газар эзэмших тухай гаргасан хүсэлтийн талаар болон энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй, хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байдаг.
3.9. Нийслэлийн Засаг даргад 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь эс үйлдэхүй болохыг тогтоолгох, 2022 онд гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэгч нараас гаргасан гомдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот албан бичгээр дамжуулан татгалзсан хариу өгсөн нь дараах үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй байна. Үүнд:
3.10. Тухайн албан бичигт "Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1214 дүгээр захирамжаар бусдад /гуравдагч этгээдүүдэд/ эзэмшүүлсэн газарт нэхэмжлэгч нар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шинээр газар эзэмших хүсэлт гаргасан" гэсэн агуулгаар татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нараас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2022 онд Ж******* аманд газар эзэмших тухай гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулж хариу авах, энэ хүсэлтээ шийдвэрлүүлэх хүсэлт, гомдол гаргасан, харин тухайн байршилд газар шинээр эзэмших хүсэлтийг 2022 онд гаргасан байхад энэ хүсэлт гомдлыг тухайн газрыг бусдад эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш гаргасан гэж үзэж татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан захиргаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг судлан тогтоох үүргээ биелүүлээгүй, үүний улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй байна.
3.11. Энэ талаар Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна" гэсэн нь үндэслэлгүй. Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эдгээр албан бичиг нь иргэн Г.С, Е.Н, Т.Б, Н.Э нараас Нийслэлийн Засаг даргад 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Х******* дүүргийн 14 дүгээр хороо, Тайнын ам гэх байршилд газар эзэмших тухай гаргасан хүсэлтийг судлан шийдвэрлэж хариу өгсөн албан бичгүүд юм. Өөрөөр хэлбэл, эдгээр албан бичгүүд нь нэхэмжлэгч нараас 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Х******* дүүргийн 8 угаар хороо, Ж******* аманд газар эзэмших тухай гаргасан хүсэлттэй холбоогүй бичгүүд юм. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот албан бичгээр нэхэмжлэгч нарын 2022 онд Ж******* аманд газар эзэмших хүсэлт, мөн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаргасан өргөдөл, Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдолд дурьдсан асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан тул хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна.
3.12. Дээрх үндэслэлээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хууль бус эс үйлдэхүй болох тул нэхэмжлэлийн "Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах" шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага гаргасан.
3.13. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж. Н******* нарт холбогдох хэсэг нь хууль бус шийдвэр байна. Нэхэмжлэгч нар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргад Х******* дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын Ж******* аманд амины орон сууцын зориулалтаар 4 иргэн тус бүр 700 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан. Хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба бичиг хэргийн программд бүртгэн авсан баримт хэрэгт авагдсан. Дараа буюу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулахаар нэхэмжлэгч нараас гаргасан өргөдлийг шийдвэрлэх явцад тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдсэн байдаг.
3.14. Гэтэл нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан байршилд буюу "тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй" гэх байршилд яг бидний адил гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 м.кв газар эзэмших хүсэлтийг 2022 оны 08 дугаар сард гаргасан 4 иргэнд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамж /маргаан бүхий акт/-аар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" зарчимд нийцэхгүй, өмнө нь газар эзэмших хүсэлт гаргасан иргэд бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т газар эзэмших, ашиглах тухай хүсэлтийг эрх бүхий байгууллага хүсэлт гаргасан он, сар, өдөр, цаг, минутаар бүртгэн авч дарааллын дагуу шийдвэрлэхээр заасан. Хэрэв маргаж буй газрыг иргэдэд өргөдлийн дагуу нь эзэмшүүлж болохоор байсан бол 2022 оны 04 дүгээр сард эзэмших хүсэлт түрүүлж гаргасан/нэхэмжлэгч Н.Э, Е.Н, Г.С, Т.Б нарт тухайн газрыг эзэмшүүлэх нь хууль тогтоомжид нийцнэ.
3.1.5 Өмнө нь хүсэлт гаргаад, бидэнд эзэмшүүлэхээс татгалзсан газрыг 2022 оны 08 дугаар сард хүсэлт гаргасан Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н******* нарт захирамжийн хавсралтын 25, 26, 27, 28 дугаарын "Эрх олгох үүсвэр үндэслэл" нэртэй баганад "Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан" гэж тайлбарлан эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны акт нь хууль тогтоомж болон нэхэмжлэгч нарын газар эзэмшихтэй холбоотой эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна" гэж, 33 дугаар зүйлийн 33.4-т "... аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно" гэж, 32 дугаар зүйлийн 32.5-д "Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна" тус тус заасан.
3.16. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч нарт удаа дараа өгч байсан албан бичгүүдэд тухайн газрыг Нийслэлийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгаагүй гэж тодорхойлж байгаа боловч энэ газарт Ц.Э, Г.Д, Б.М, Ж. Н******* нарт Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн A/1214 дүгээр захирамж гаргаж эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуульд хориглосон заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр болох юм. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д "Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно" гэж, 14 дүгээр зүйлийн 2-т "Өргөдөл, гомдол нь энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, бол... түүнийг өргөдөл, гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаана" гэж тус тус заасан. Ц.Э, Г.Д. Б.М, Ж.Н******* нарын газар эзэмшихээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдөл нь хуульд заасан шаардлага хангаагүй, гарын үсэггүй, өргөдөл гаргасан огноогүй байгаа нь газар эзэмших хүсэлтийг хуульд заасны дагуу гаргаагүй гэж үзэх үндэслэл болно.
3.17. Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д иргэн, аж ахуйн нэгжээс газар эзэмших тухай ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг нягтлан шалгах үүргээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотыг стандарт, хяналтын газар /мэргэжлийн хяналт/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурал"-аар хүсэлтийг хэлэлцүүлэх замаар хэрэгжүүлдэг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нотлох баримтаар ирүүлсэн гуравдагч этгээдүүдийн өргөдлийн бүртгэл хяналтын картад өргөдлийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээж авч бүртгэсэн, "Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл" гэх баримтад 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар хурлаар хүсэлтийг хэлэлцэж зөвшөөрсөн" гэсэн баримтууд хэрэгт авагдсан байна.
3.18. Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичигт "Ц.Э, Г.Д. Б.М, Ж.Н******* нарын хүсэлтийг Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр хурлаар хэлэлцэж зөвшөөрсөн дүгнэлт гарсан тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн" гэж бичсэн нь хоорондоо зөрүүтэй байгаагаас үзвэл гуравдагч этгээдүүдийн газар эзэмших тухай хүсэлтийг газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийг гаргасан гэж үзэж байна.
Газар эзэмших тухай хүсэлтийг газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хүсэлтийг нягтлан шалгах хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс бусад этгээдээс өмнө нь эзэмших хүсэлт болгоод "газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй" үндэслэлээр татгалзсан газрыг тухайн ондоо гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлж, өмнө хүсэлт гаргасан нэхэмжлэгч нарын газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
3.19. Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дах заалт, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
5.1. Нийслэлийн засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1214 дүгээр захирамжаар иргэн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэгт мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн. Иргэн Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нарын зүгээс Х******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмшүүлэх хүсэлт гаргаж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 31.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан. Иймд өргөдөл нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байх тул шийдвэрлэх боломжгүй талаар хариуг хүргүүлсэн.
5.2. Х******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19*585, 19/586, 19/591 дугаар албан бичгээр иргэн Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нарын гаргасан өргөдөлд хариуг хүргүүлсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
6. Гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
6.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэжээ. Гэвч хэрэгт авагдсан бүртгэл хяналтын картаар 2022 оны 04-р сарын 24-ний өдөр илгээсэн газар эзэмших хүсэлтийг хүлээж аваад 2022 оны 05-р сарын 03-ны өдөр Х******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Л.Мөнх-Эрдэнэ өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэсэн байна. Энэ нь захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нараас гаргасан газар эзэмших хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан хугацаанд шийдвэрлэсэн.
6.2. Нэхэмжлэгч нарын 2022 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нараас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Н******* хандаж гомдол гаргасан бөгөөд энэхүү гомдлын агуулга нь Нийслэлийн засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, гомдол гаргагч иргэн Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нарын газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж, тухайн газрыг нэхэмжлэгч нарт эзэмшүүлж өгнө үү гэсэн агуулгатай гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл тухайн гомдол нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар захиргааны байгууллагаас гаргасан актыг хянуулах зорилгоор гаргасан гомдол байх бөгөөд тухайн гомдолд Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр гомдолд дурдсан асуудлаар зохих хариуг өгсөн учир захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй юм.
6.3. Мөн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх хэлбэрээр гаргасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд захиргааны эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийг гаргах хугацааг нарийвчлан заагаагүй ч нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хэдийд хөндөгдсөн талаар мэдэх боломжтой байснаас хугацааг тоолох нь тухайн зүйлийн агуулга, үзэл баримтлалд нийцнэ гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.8-т энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжтой.
6.4. Захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д "...Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн" байхыг шаарддаг гэтэл нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд тэдгээрийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамж нь нэхэмжлэгч нарт чиглээгүй, гуравдагч этгээдэд эрх олгосон Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.4-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.
6.5. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсанаар нэхэмжлэгч нарт чиглээгүй бөгөөд тухайн актын улмаас тэдгээрийн субьектив эрх нь зөрчигдсөн зүйл байхгүй. Субьектив эрх гэдэг нь тодорхой этгээдийн бодит эрх буюу хуулиар зөвхөн түүнд олгогдсон тодорхой үйлдэл хийх болон тодорхой үйлдэл хийхийг бусдаас шаардах эрх, зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалах зорилгоор шүүхэд хандах боломж гэж үздэг. Гуравдагч этгээд нарын хувьд зохих хууль, журмын дагуу Х******* дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлтийг хуульд заасан хэлбэр, шаардлагад нийцүүлэн зохих захиргааны байгууллагад гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1214 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул бидний газар эзэмших эрхийг хөндөхгүй байхыг хүсэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тухайд, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1214 дүгээр захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд туссан үндэслэлээр Х******* дүүргийн 8 дугаар хороо, Ж******* аманд байрлах газарт гуравдагч этгээд Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт тус бүр 700 м.кв газар эзэмших эрх олгожээ.
3. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нараас ...Х******* дүүргийн 8 дугаар хороонд газар эзэмших эрх олгох хүсэлтийг 2022 оны 4 дүгээр сард гаргахад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй үндэслэлээр татгалзсан атлаа гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасныг зөрчсөн бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдахаар хүлээж байсан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн... үндэслэлээр тус захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нараас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан ... Х******* дүүргийн 8 дугаар хорооны нутагт газар эзэмших... хүсэлт гаргасныг Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн байх ба тус албанаас 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүсэлтийг шийдвэрлэж, ...Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31.2 дахь заалт /Хүсэлт гаргасан байршил нь дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна/ Таны өргөдөл нь тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа учир шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгчээ.
5. Харин гуравдагч этгээдүүдээс 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ... Х******* дүүргийн 8 дугаар хорооны нутагт газар эзэмших... хүсэлт гаргахад Нийслэлийн газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцээд хүсэлтийг дэмжсэнээр газар эзэмших эрх олгогдсон байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч иргэдийн эзэмшихийг хүссэн газар болон гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газруудыг кадастрын мэдээллийн сангаас харьцуулан үзэхэд, Х******* дүүргийн 8 дугаар хороо, Ж******* аманд байрлах газрууд нь гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 1781114005, 1781114006 дугаар бүхий Ж.Н, Ц.Э нарын эзэмшилд олгогдсон тус бүр 700 м.кв газартай бүхэлдээ, нэгж талбарын *******, ******* дугаар бүхий Г.Д, Б.М нарын эзэмшилд олгогдсон тус бүр 700 м.кв газартай хэсэгчлэн давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2/1369 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2/3589 дугаар, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2/1045 дугаар лавлагаагаар тогтоогдсон.
7. Мөн маргаан бүхий эдгээр газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохоор тусгагдаагүй газар байсан болох нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 11/33 дугаар тогтоолоор нотлогдсон ба Нийслэлийн Засаг даргаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нөхцөл байдал тогтоогдоод байна.
8. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж, мөн 21.2.4-т хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх нь нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахаар, 33 дугаар зүйлийн 33.4-т ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглох-оор тус тус заасан.
9. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, хуулиар хориглосон газарт газар эзэмших эрх олгосон нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцээгүй, гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй байхаас гадна нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших ашиг сонирхол-ыг зөрчсөн хууль бус шийдвэрийг гаргасан байна.
10. Нэхэмжлэгч иргэд маргаан бүхий байршилд газар эзэмших хүсэлт гаргасан нь тухайн газрыг эзэмших ашиг сонирхол үүссэн болохыг илэрхийлэх бөгөөд 2022 оны 04 дүгээр сард газар эзэмших хүсэлт гаргахад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй үндэслэлээр татгалзсан атлаа ижил нөхцөлд гуравдагч этгээдүүдэд газрыг эзэмшүүлсэн нь тэдгээрийн хувьд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
11. Иймд гуравдагч этгээдээс гаргасан ...газар эзэмших эрхгүй тул газрын давхцал үүсэх боломжгүй...шүүхээр сэргээлгэх эрх байхгүй... гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... харилцааг зохицуулахад оршино; 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэгчийн зөвхөн эрх төдийгүй хууль ёсны ашиг сонирхол хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэхийг хянаж, зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд сэргээх, мөн захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих буюу хууль дээдлэх зарчим-ын хэрэгжилтийг хангах үүрэгтэй.
12. Дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмшүүлэхэд тавигдах шударга ёс, тэгш байдлын зарчмыг хангаж, нэхэмжлэгч нарын газар эзэмших ашиг сонирхлыг сэргээж шийдвэрлэлээ.
13. Нэхэмжлэлийн Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нар нь 2022 оны 4 дүгээр сард маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаснаас өөрөөр 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгагдсанаас хойш дахин хүсэлт гаргаагүй байна.
14. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан бусдад эзэмшүүлсэн газар гэсэн үндэслэлээр газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаарх хариуг өгсөн нь үндэслэлгүй болох нь дээр тогтоогдсон.
15. Гэвч нэхэмжлэгч нараас ...газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо тухайн иргэдийн 2022 оны 4 дүгээр сард гаргасан хүсэлтэд үндэслэн маргаан бүхий газрыг эзэмшүүлэх ёстой гэж маргажээ.
16. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна. гэж заасан. Өмнө дүгнэсэнчлэн нэхэмжлэгч нарыг газар эзэмших хүсэлт гаргах үед маргаан бүхий байршил нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан тул тус хүсэлтэд үндэслэн газар эзэмших эрх олгохыг шүүхээс даалгах боломжгүй.
17. Түүнчлэн Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүсэлтийг шийдвэрлэсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэхгүй. Хэдийгээр Х******* дүүргийн газар зохион байгуулалтын албанаас дээрх хариуг нэхэмжлэгч иргэдэд мэдэгдсэн нь нотлогдохгүй боловч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй.
18. Иймд нэхэмжлэгч нарт мөн адил 2022 оны 4 дүгээр сард гаргасан хүсэлтээр нь газар эзэмшүүлэх боломжгүй учраас нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-т заасны дагуу хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нарын Нийслэлийн засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ