| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2020/05121/И |
| Дугаар | 210/МА2021/00887 |
| Огноо | 2021-05-31 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2021/00887
| 2021 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 210/МА2021/00887 |
З.Аын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/00564 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.Аын хариуцагч “М.А.Г” НҮТББ-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч З.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Австри Улсын Веннийн Их сургуульд зуучлуулан суралцахаар зуучлалын байгууллагатай гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Венийн их сургуулийн урилга гаргуулах, тухайн улс руу гарах виз мэдүүлэх, очоод амьдрах оюутны байр олж өгөх асуудлыг тохиролцсон байсан ба энэхүү үйл ажиллагаанд зориулж зуучлалын гэрээний хөлс болох 3 000 000 төгрөгийг Д.Ш.А гэх байгууллагад төлсөн байдаг. Yүнээс хойш 2017 онд Венийн Их сургуулийн оюутны дотуур байрны захиалга өгөх шаардлагатай байна. Тус сургуульд суралцах хүсэлт гаргахдаа амьдрах байраа олсон байх ёстой гэдэг шаардлага тавьсан. Ингээд очоод амьдрах оюутны дотуур байрны гэрээг “М.А.Г” HYТББ-аар дамжуулаад хийхээр дотуур байрны төлбөрийг 1 сарын 450 еврогоор бодож 3 сарын мөнгө 5 000 000 төгрөгийг “М.А.Г” HYТББ-д өгч бэлэн мөнгөний орлогын баримт үйлдүүлж авсан. Гэтэл миний суралцах виз гараагүй бөгөөд энэ талаар зуучлагч байгууллагатайгаа төлбөр мөнгөө авахаар хэд хэдэн удаа уулзаж ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн газар залилан мэхэлсэн гэх үндэслэлээр гомдол гаргасан боловч тухайн хэргийг шалгаад 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 239 дугаар Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг бус иргэд хоорондын төлбөрийн асуудал байна гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Миний хувьд Австри Улсад суралцахаар яваагүй, тэнд захиалга өгсөн байрандаа амьдраагүй тул дотуур байрны төлбөрт зориулж өгсөн 5 000 000 төгрөгөө буцааж авахаар хариуцагчтай уулзахад мөнгийг чинь өгнө, цаад газраасаа мөнгөө аваагүй байна гэх шалтгаан хэлж хойшлуулж байсан бөгөөд үүнээс хойш ор сураггүй алга болсон.
Би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсны дагуу хариуцагчийн хаягийг олж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр буюу Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас үйлдлийг шалгаад эрүүгийн шинжтэй үйлдэл биш иргэний эрх зүйн харилцаа байна гэж дүгнэсэн үеэс шаардах эрх үүсэж хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлнэ. Иймд хариуцагчаас дотуур байрны мөнгө гэж өгсөн 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “М.А.Г” НҮТББайгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч З.А нь 2016-2017 онд манай байгууллагаар дамжуулан үйлчилгээ авч Австри Улсад сурах АТ визийг Бээжин хотод мэдүүлсэн үнэн. 3-6 сарын хугацаанд тухайн хүний санхүүгийн нотолгоог хүлээж элчин сайдын яам шалгасан байдаг. Эцсийн дүнд виз олгохоос татгалзсан бөгөөд цаад байрныхаа гэрээг өгсөн н.Зулаа гэх хүн нь удаан хугацаанд хүлээсэн гэх шалтгаанаар З.Ааас авсан 1250 еврог буцаагаагүй. Анхнаасаа гэрээнд заасны дагуу тухайн гэрээ нь хэдэн сарын хүчинтэй байсан нь үүнд хамааралтай байсан ба гэрээ эзэмшигч н.Зулаа нь түүнийхээ дагуу ажиллаж байна гэж мэдэгдсэн. Нэхэмжлэлд бичсэн 5 000 000 төгрөг нь түүний Бээжин хот руу явсан зардал 2 000 000 төгрөг болон байрандаа төлж Элчин сайдын яамны зохих журмын дагуу бүрдүүлэх материалдаа зарцуулсан мөнгө юм. Тиймээс үүний бүх хариуцлагыг манай байгууллага хариуцах боломжгүй бөгөөд санал нийлэхгүй байна. 2017 онд З.А нь манай байгууллагыг мөн Чингэлтэй дүүргийн цагдаад өгч шалгуулсан бөгөөд бүх нотлох баримтаар бид ажлаа хийсэн гэдгээ нотолж чадсан. Гэвч мөн л 2020 онд 5 жилийн дараа гэнэт нэхэмжлэл өгч байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “М.А.Г” НҮТББ-аас 5 000 000 /таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ат олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А.Г Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Ат олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №16/26 тоот “Хамтран ажиллах” гэрээ нь гэрээний нэрнээс илүү хууль зүйн агуулгаараа Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ юм.
Энэхүү гэрээний дагуу З.Аыг Австри улсын Венийн Их сургуульд холбож сургуулийн урилга гаргуулж өгөх, дагалдах бичиг баримт болон гадаад хэл дээрх материалуудыг орчуулж эмхэлж өгөх, Элчин сайдын яамны талаарх мэдээллээр хангах үүргийг тус тус хүлээж, үүнд тохирсон зуучлалын үйлчилгээний хөлс-300 евро, орчуулга бүрдүүлэлтийн хөлс-300 евро нийт 600 евро буюу 2 000 000 төгрөгийг “М.А.Г” НҮТББ хүлээн авсан бөгөөд З.А нэхэмжлэлдээ зуучлалын үйлчилгээ “М.А.Г” НҮТББ-аас авснаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлээгүй, нэхэмжлэлдээ зуучлалын үйлчилгээ авсан болох талаар хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Гэрээний үүргийг “М.А.Г” НҮТББ бүрэн гүйцэтгэсэн. Гэрээний 1.2-т заасан Австрийн Венийн их сургуулийн оюутан болсныг зөвшөөрсөн урилгыг “М.А.Г” НҮТББ нь З.Ат гаргуулж өгсөн нэхэмжлэл, талуудын өгсөн тайлбарт тодорхой тусгагдсан/ тул 300 еврог авсан, гэрээний 1.4-т заасан визний бүрдүүлэлтийн зөвлөгөөг 300 еврогоор үнэлж, албан бичгийн бүх орчуулга, гадаад хэргийн яам болон Австрийн консулд визинд бүрдүүлэх бичиг баримтуудын баталгаажилт, элчингийн ярилцлагын цаг захиалах, зочид буудал захиалах, аялалын төлөвлөгөө гаргах, БНХАУ-ын Бээжин хотод хөтчийн орчуулагчийн үйлчилгээ, БНХАУ-ын Бээжин хотод байрлах Австри улсын элчин сайдын яам Консул албан ёсны ярилцлагад бичгийн болон аман орчуулга үйлчилгээ, Австри улсын Элчин сайдын яамнаас З.Ат ирсэн и-мэйлүүдийг цаг тухай бүрт орчуулж өгсөн.
2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр авсан 2 000 000 төгрөг нь “М.А.Г” НҮТББ-ийн зуучлалын хөлс биш, З.Аын БНХАУ-ын Бээжин хотод байрлах Австри улсын элчин сайдын яамны гурвалсан баталгаа гэдэг нэртэй үйлчилгээний төлбөр юм. Энэ төлбөрийг төлснөөр Австри улсын Венийн их сургуульд урилга хүсэх эрх нээгддэг бөгөөд урилгыг үндэслэн БНХАУ-ын Бээжин хотод байрлах Австри улсын элчин сайдын яам визний ярилцлагад оруулдаг. З.Ат Австри улсын Венийн их сургуулиас урилга ирж БНХАУ-ын Бээжин хотод байрлах Австри улсын элчин сайдын яам визний ярилцлагад орсон учраас энэхүү 2 000 000 төгрөг нь “М.А.Г” ТББ-д хамааралгүй бөгөөд энэ тухай гэрээний 1.4, 7.3-д тодорхой тусгасан.
2017 онд Австрийн Венийн их сургуулийн урилга З.Ат ирсэн бөгөөд зуучлалын гэрээний 1.4-д зуучлалын хөлс 300 евро, гэрээний дагалдах бичиг баримтын бүрдүүлбэрийн зөвөлгөөний хөлс 300 евро тус бүрийг өгөөгүй байсан бөгөөд 2017 онд өгсөн 5 000 000 төгрөгийн хувьд А тал буюу “М.А.Г” ТББ-д гэрээний 1.4-д заасан 600 евро буюу ойролцоогоор 1 800 000 төгрөг, З.Аын Австри улсад амьдрах байрны төлбөр 3 200 000 төгрөгийг төсөвлөж нь “М.А.Г” ТББ-д тушаасан.
З.Аын байрны мөнгө 3 200 000 төгрөгийн 200 000 төгрөг нь гадаад гүйлгээний шимтгэлд зарцуулагдсан. Тухайн үед байраа 3 000 000 төгрөгөөр захиалж З.Мөнгөнзалаатай байрны гэрээ байгуулж визний материалаа бүрдүүлж визний ярилцлагад З.А оролцсон. Тэрээр хөрөнгийн баталгааг Д.Болдын продакшнаар даалгуулж байгаа гэсэн баримт өгснийг орчуулж Элчин сайдын яаманд бэлтгэн өгсөн. Гэвч З.Аыг “хөрөнгийн баталгаа нь нотлогдоогүй” гэсэн шалтгаанаар виз олгохоос татгалзсан.
Виз татгалзсны дараа байрны гэрээ байгуулсан н.Мөнгөнзалаатай байранд төлсөн 3 000 000 төгрөгийг буцаах арга байна уу гэхэд татгалзсан хариу өгсөн талаар З.Ат мэдэгдсэн. З.А байрны буцаалтыг надаас нэхээд байсан тул н.Мөнгөнзалаатай холбогдох гэж хайсаар Баатар гэдэг найзын утсаар дамжуулан н.Мөнгөнзалаагийн гэрээс утсаар яриулсан. Утсаар Н.Мөнгөнзалаа нь хэлэхдээ “Энэ байрыг түрээсэлсэн З.Аыг Австри Улсад ирнэ гэж үзээд байрыг хадгалсан, байрны хөлсөө хэрэглэчихсэн, үнэхээр гомдолтой байгаа бол наад хүнийхээ материалыг сайжруулаад дахиад визэнд оруулаач, би байрны гэрээг нь үнэгүй хийгээд өгье, мөнгө өгч чадахгүй” гэсэн бөгөөд н.Мөнгөнзалаагийн байр нь ямар ч асуудалгүй болохыг БНХАУ-ын Бээжин хотод байрлах Австри улсын элчин сайдын яам нь шалгаад “хүн амьдрах боломжтой” гэж тогтоогоод хүчинтэй баримтанд тооцсон байсан тул миний бие н.Мөнгөнзалаагийн эсрэг ямар нэгэн маргаан үүсгэх эрх зүйн үндэслэлгүй тул З.Аын нэрийн өмнөөс шаардлага гаргаагүй бөгөөд З.А энэ шаардлагаа н.Мөнгөнзалаагийн эсрэг өөрөө гаргах эрхтэй боловч миний эсрэг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулсан.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 239 дугаар тогтоолоор “М.А.Г” ТББ нь 5 000 000 төгрөгийг хариуцахгүй болохыг тогтоож байхад шүүх хэт нэг талыг баримтлан нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.
Б.О миний бие шүүх хуралдаанаас өмнө З.Атай Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст уулзахад З.А нь “надад н.Мөнгөнзалаатай байгуулсан байрны гэрээ байгаа бөгөөд олоод чамд үзүүлж чадна” гэж хэлсэн. З.А нь байрны байгуулсан н.Мөнгөнзалаагийн эсрэг нэхэмжлэл гаргах эрхтэй атал үүнийгээ хэрэгжүүлээгүй ажээ.
“М.А.Г” НҮТББ нь З.Аын нэхэмжлэлд дурдсан “ямар нэгэн байдлаар зугтаж алга болоогүй” бөгөөд байгууллагын үйл ажиллагаа явуулах таатай нөхцлөө бодож хотын төв рүү оффисээ нүүлгэсэн байтал Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрэн сурвалжлуулж байгууллагын нэр хүндэд халдсан.
Анхан шатны шүүх хуралдаанд Б.О миний бие нь эрүүл мэндийн шалтгаанаар оролцож чадаагүй. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй хойшлуулж өгнө үү гэж шүүгчийн туслах руу мессэжээр мэдэгдсэн боловч шүүгчийн туслах нь хариу мессэж илгээгүй. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байхад шүүх нь нэхэмжлэгч талын тайлбарт тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн.
“М.А.Г” НҮТББ нь зуучлалын үйл ажиллагааг үзүүлэхдээ 6 сарын хугацаа зарцуулдаг байхад 3.А “М.А.Г” НҮТББ нь ямар ч үйлчилгээ үзүүлээгүй гэдэг нь худал.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч З.А нь хариуцагч “М.А.Г” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /цаашид НҮТББ гэх/-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжнөөс 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч,маргажээ.
“Б” ХХК /Д.Ш.А/ нь З.Атай 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” гэх гэрээ байгуулж Венийн их сургуульд зуучлах, харилцан зөвшилцөх хэлбэрээр хамтран ажиллах, компанийн хувьд урилга хүсэх, визний бүрдүүлэлтийн зөвлөгөө өгөх, З.А нь бичиг баримт бэлтгэх, батлуулах үйл ажиллагаанд шаардлагатай зарлыг гаргах үүргийг тус тус хүлээжээ. /хх-35-36/ Дээрх бичгийн нотлох баримтаас үзвэл З.А, “Б” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуулчлалын гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний нэг тал нь “М.А.Г” НҮТББ биш байна. Иймд “зуучлалын гэрээний харилцаа үүсч, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн” гэх хариуцагч “М.А.Г” НҮТББайгууллагын татгалзал хууль зүйн үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Австри Улсад суралцах виз гараагүй учир дотуур байранд амьдрах хэрэгцээ шаардлагагүй болсон” гэж тайлбарлан бэлэн мөнгөний орлогын баримтуудыг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ. /хх-5/
Уг баримтаас үзвэл, З.А нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бичиг, баримтын урьдчилгаанд 2 000 000 төгрөг “Б” ХХК-д төлсөн байна. Энэ үйл баримт нь тэдгээрийн хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний харилцаатай холбоотой, харин нэхэмжлэгч З.Аын, хариуцагч “М.А.Г” НҮТББ-д хооронд үүссэн маргаанд хамааралгүй байна.
Хариуцагч “М.А.Г” НҮТББ нь нэхэмжлэгч З.Ааас 5 000 000 төгрөгийг байр, зуучлал гэх агуулгаар хүлээн авсан болох нь хэрэгт буй 2017 оны бэлэн мөнгөний орлогын “М.А.Г” НҮТББайгууллагын тамга тэмдэг дарагдаж, төлөөлөгч Б.О гарын үсэг зурсан баримтаар тогтоогдож байна. Хариуцагчийн төлөөлөгч уг үйл баримтын талаар маргаагүй. /хх-5/
Мөн хариуцагч талаас дээрх мөнгийг авсан шалтгаан нөхцлөө “мөнгийг виз мэдүүлэх болон бусад холбогдох зардалд зарцуулсан, оюутны дотуур байрны мөнгийг байрны гэрээ хийсэн н.Зулаа гэх хүн удаан хугацаанд хүлээсэн гэх шалтгаанаар төлсөн мөнгийг буцаан өгөөгүй ...” гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй байх тул “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Түүнчлэн зохигчдын хооронд гэрээний үүрэг үүсээгүй гэж дүгнэхдээ хэргийн оролцогчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой болжээ.
Хариуцагч “М.А.Г” НҮТТБайгууллагын төлөөлөгчөөс “шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн” үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Хэргийн 32, 34 дэх талд буй хэргийн оролцогчтой утсаар ярьсан тэмдэглэл, шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтаар шүүх 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Б.Од мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дах хэсэгт заасан журамд нийцжээ. Мөн хариуцагч талаас эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадаагүй гэх нөхцлөө баримтаар нотлоогүй байна. Иймээс хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/00564 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ч.ЦЭНД