| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0087/э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 95
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат нарыг оролцуулан шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1821000630057 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн *******гол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг **************..... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******
Шүүгдэгч ******* нь 41-58 ДОР улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг ”*******” гэх газарт оршин суух хохирогч *******-гийн гэрийн гаднаас хязаалан насны 1 тооны эр хонийг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн орчим хөдөө гэртээ байж байтал манай эхнэр Алтантуяагийн төрсөн дүү ******* гэх залуу Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 хүний хамт дөрвүүлээ жоохон архи уучихсан манай гэрт ирсэн. Ямар учиртай явж байгаа талаар асуухад Сүхбаатар аймаг орох гэж байгаа юмаа хэдэн төгрөг хэрэгтэй байна, нэг ямаа өгөөч гэхээр нь би нэг ямаа барьж өгсөн. Тэгээд л тэр хэд яваад өгсөн. Түүнээс хойш цаг гаран болоод би хоттой хонио тойроод явж байтал нэг хонь хашааны гадаа явж байхаар нь юун хонь юм бол гэж хар санаад хартал хонь чирээд хашаанаас урагш явсан мөр байхаар нь дагаад явтал гэрэлгүй жижиг тэрэг хөдлөөд явсан. Тэр машин өмнө нь манайд ирсэн *******-гийн унаж явсан машин байсан. Тэгээд маргааш нь хонь ямаагаа буруу тоолсон байсан ба дараа нь хүн авч ирээд хонь ямаагаа тоолж үзэхэд ямаа бүрэн, хонь нэг дутсан. Миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед хонь ямаагаа алдаж тоолоод цагдаад хандсан...” гэжээ. /хх-ийн 09-10 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн 41-58 ДОР улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэрлэн сумын 2 дугаар багийн зурагтай шар байрны хойд талд очтол Баяраа, Баагий, Ууганаа, Тайван нар жоохон согтуу байж байсан. Очоод уулзтал Баяраа хөдөө урагшаа яваад хонь аваад ирье гэхээр нь хамт явсан. Аймгийн төвөөс урагш 70 км газар нэг айлд 21 цагийн орчимд очсон. Баяраа манай ахынх гэж хэлсэн ба өөрөө ахынх руугаа ороод нэг ахтай цуг гарч ирээд хотноос нэг ямаа авч ирсэн. Бид хэд буцаад явах замд Баяраа өмнө очсон айлынхаа гадаа очоод ганцаараа буугаад ирэхдээ нэг хонь аваад ирсэн .Хөдөө явсан хөлсөндөө надад нэг хонио өгсөн. Би хонийг хүнсэндээ хэрэглэсэн ...” гэжээ . /хх-ийн 17 тал/
Гэрч Д.Энхтайван мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Орой 18 цагийн орчим *******-гийн ах болох айлд ирсэн. Тэгээд Баяраа өөрөө ахтайгаа уулзаад нэг ямаа авсан. Юу гэж хэлж авсан талаар би мэдэхгүй. Тэгээд тэндээсээ хөдлөөд урагш явсан ба нэг айлаар орсон. Би тэр айлд ороогүй. Тэндээсээ буцаж явахдаа Баяраа энд миний хонь байдаг юм гээд өмнө очсон айлын урд талд биднийг зогсоогоод өөрөө явсан. Ирэхдээ нэг хонь чирээд ирэхээр нь би тосож аваад машинд хийж өгсөн. ******* хонь хулгай хийж байгаа талаараа хэлээгүй, миний хонь байдаг л гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 21 тал/
- Яллагдагч *******-гийн мэдүүлэг /хх-ийн 24 тал/
- Мал эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 31 тал/
- Гэрч *******ий мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 26 тал/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг ”*******” гэх газарт оршин суух хохирогч *******-гийн гэрийн гаднаас 41-58 ДОР улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хязаалан насны 1 тооны эр хонийг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч *******, гэрч *******, Д.Энхтайван нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-г бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Мөн шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ *******ийн эзэмшлийн 3000.000 төгрөгийн үнэлгээтэй “Приус-10” маркийн 41-58 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан байх тул “Приус-10” маркийн 41-58 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч *******т буцаан олгож, шүүгдэгч *******-гаас тээврийн хэрэгслийн үнэ 3000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас хохирогч *******-д 120.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-гийн *******........ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-г бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******-д тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн эзэмшлийн 3000.000 төгрөгийн үнэлгээтэй “Приус-10” маркийн 41-58 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, *******т буцаан олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-гийн *******. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ