| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Азжаргал |
| Хэргийн индекс | 2315000000101 |
| Дугаар | 2024/ДШМ/05 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 17.2.2., 17.3.1., 10.1-1, |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/05
Б.Адарсүрэн, Д.Дамдинсугар, М.Балжинням
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Э.Гантулга,
Шүүгдэгч: Б.Адарсүрэн, Д.Дамдинсугар, М.Балжинням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Р.Цэрэнханд, Д.Оюун-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Б.Энхзул нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Дамдинсугар, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд, шүүгдэгч М.Балжиннямын өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Адарсүрэн, Д.Дамдинсугар, М.Балжинням нарт холбогдох эрүүгийн 2315000000101 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Батжаргалын Адарсүрэн
-урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.
Монгол Улсын иргэн, Далхаасүрэнгийн Дамдинсугар
-урьд сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар,
- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан.
Монгол Улсын иргэн, Мягмарын Балжинням
Б.Адарсүрэн, Д.Дамдинсугар, М.Балжинням нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр “Хорооллын эцэс” гэх газрын таксины зогсоолоос 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр такси үйлчилгээнд явж байсан Б.Ганхуягийг хөлсөлж улмаар Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Уушигийн гарам” гэх газарт очиж, Б.Ганхуягийн хоолойг олсоор боон алж, түүний эзэмшлийн Тоёота Приус-11 загварын тээврийн хэрэгслийн арын багажинд 2 гарыг нь хүлж, аманд нь алчуур хийж үлдээсэн,
Б.Адарсүрэн, Д.Дамдинсугар нар нь бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр такси үйлчилгээнд явж байсан Д.Баярмагнайг хөлсөлж улмаар Архангай аймгийн Өлзийт сум орох хүртэлх зам болох Булган аймгийн Бугат сумын нутаг “Тал булаг” гэх газарт автомашин, 290.000 төгрөгийг тус тус дээрэмдэж, уг үйлдлийг гүйцэлдүүлэхийн тулд хүч хэрэглэн бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулж, гарыг нь хүлж, аманд нь алчуур хийж тээврийн хэрэгслийн багажинд авч явж бусдаас тусламж эрэх боломжийг хязгаарласан,
Б.Адарсүрэн нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс Налайх дүүрэг рүү хохирогч Н.Эрдэнэдалайн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ авч хүргүүлэхдээ хохирогч Н.Эрдэнэдалайн эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг “би тус цэргийн ангид ажилладаг, таны гар утсаар зураг дараад ангийн даргадаа үзүүлнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч залилсан,
Б.Адарсүрэн нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13 дугаар гудамжны 259 тоотод оршин суух иргэн Э.Одсайханы эзэмшлийн Самсунг галакси А-53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас: Б.Адарсүрэн, Д.Дамдинсугар, М.Балжинням нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Батжаргалын Адарсүрэн, Далхаасүрэнгийн Дамдинсугар, Мягмарын Балжинням нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Боржигон овогт Батжаргалын Адарсүрэн, Боржигон овогт Далхаасүрэнгийн Дамдинсугар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэж гэх /хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн/ гэм буруутайд,
Шүүгдэгч Батжаргалын Адарсүрэн, Далхаасүрэнгийн Дамдинсугар нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Батжаргалын Адарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заааснаар шүүгдэгч Б.Адарсүрэн, Д.Дамдинсугар, М.Балжинням нарыг тус бүр 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адарсүрэн, Д.Дамдинсугар нарыг тус бүр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адарсүрэнг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адарсүрэнг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адарсүрэн, Д.Дамдинсугар нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар Архангай аймгийн Батцэнгэл сумаас, Булган аймгийн Бугат сумаас тус тус гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ сарын хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ сарын хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Адарсүрэнд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 /хорь/ жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дамдинсугарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтанд зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Дамдинсугарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 /арван ес/ жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Адарсүрэнд оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Дамдинсугарт оногдуулсан 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Балжиннямт оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Адарсүрэнгийн цагдан хоригдсон 240 /хоёр зуун дөч/ Д.Дамдинсугар М.Балжинням нарын цагдан хоригдсон 241 /хоёр зуун дөчин нэг/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Адарсүрэн, Д.Дамдинсугар, М.Балжинням нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьж,
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Б.Адарсүрэнгээс 7.272.221 /долоон сая хоёр зуун далан хоёр мянга хоёр зуун хорин нэгэн/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эрдэнэчимэгийн Баярмагнайд, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж Элбэгзаяагийн Одсайханд тус тус олгож, шүүгдэгч Д.Дамдинсугар, М.Балжинням нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж,
Шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан LD гэсэн бичиглэлтэй нарийн тамхи 1 ширхэг, Мevius гэсэн бичиглэлтэй тамхи 1 ширхэг, LD гэсэн бичиглэлтэй тамхины иш 1 ширхэг, Unitel гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн ар талд нь 88550444 гэсэн тоотой сим картны үүр 1 ширхэг, хар хөх өнгийн алчуур 1 ширхэг, Sansar Royalty гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн карт 1 ширхэг, хар хөх өнгийн алчуур 1 ширхэг, хар хөх өнгийн нүдний шил 1 ширхэг, уяа 1 ширхэг, ягаан өнгийн алчуур 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгаж, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД, хэргийн газрын тэмдэглэл бүхий 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Дамдинсугар давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие өөрийн болчимгүй тэнэг байдлаас болж хүний үгэнд орж Адарсүрэнд маш их итгэж явсаар ийм хэрэгт холбогдсондоо үнэхээр харамсаж гэмшиж байна. Би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарын байдлыг ойлгож байгаа. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Цаашид хохирогч нарт чадлынхаа хэрээр тус дэм болохыг хүсч байна. Би бага насны хоёр хүүхэдтэй хууль шүүхийн байгууллагын гаргасан шийдвэрийг дагаж биелүүлнээ. Надад ногдуулсан ялын хэмжээг багасгаж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, нээлттэй дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж өгөхийг хүсч байна. Би ялаа эдэлж дуусаад хүнд тус дэмтэй амьдарч зөв замд хөл тавихаа илэрхийлж байна. Иймд надад ганц удаа боломж олгож ялын минь хэмжээнээс бууруулж өгөхийг хүсч байна гомдлыг минь хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү шүүх хуралд өмгөөлөгч нарын хамт биечлэн оролцох хүсэлтэй” гэжээ.
Шүүгдэгч Д.Дамдинсугарын өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолыг гардаж аваад шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд зарим хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх нь шүүгдэгч Д.Дамдинсугарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 19 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэсэн. Өмгөөлөгчийн болоод шүүгдэгчийн зүгээс хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа.
Шүүгдэгч нь гэм буруугаа бүрэн зөвшөөрч байгаа бөгөөд, хохирогч нарын нэхэмжилсэн хохирлыг бүрэн сайн дураар төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бага насны 2 хүүхэдтэй шүүгдэгч юм. Ял ногдуулахад тусгайлан хүндрүүлэх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Дамдинсугарт ногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.Балжиннямын өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолыг гардан аваад, яллагдагч М.Балжиннямын өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй гэх үндэслэлээр шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Шүүх М.Балжиннямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, цаашид ч нөхөн төлөхөө илэрхийлсэн мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байхад түүнд 15 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр заасан нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Яллагдагчийн өмгөөлөгчийн хувьд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн тал дээр огт маргахгүй байна. Харин анхан шатны шүүх нь гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр заасан хуулийн заалтыг хэрэглээгүй ба хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Балжиннямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар оногдуулсан 15 жилийн хорих ялыг ЭХ-ийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр заасан өөрчлөлтийг оруулж өгнө үү. ... Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаан дээр ч гэсэн өөрийгөө илэрхийлэх мэдлэг боловсрол дутмаг байгаа нь ажиглагддаг. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Ар гэрт нь 4 бага насны хүүхэдтэй. Эхнэр нь цагдан хоригдож байхад нь бага хүүхдээ төрүүлсэн. Мөн хөгшин настай аав, ээж нь хавдартай тул хорих ялын хугацааг багасгаж дэглэмийг өөрчилж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.Балжинням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Амьдралдаа ийм том алдаа гаргасандаа харамсаж байна. Ар гэрийн байдлыг харгалзан дэглэм бууруулж өгнө үү“ гэв.
Шүүгдэгч Б.Адарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг бүрэн барагдуулна“ гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Шүүгдэгч болон өмгөөлөгч нар ял хүндэдсэн гэж маргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх журамд заасны дагуу шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүх хорих ял оногдуулж байгаа нь хууль ёсны зарчимд нийцэж байна гэж үзэж байна. Ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү, тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй. Санаатайгаар үгсэн тохиролцсон. Гэмт хэрэг үйлдэхийг таслан зогсоож болох байтад санаатайгаар нэгдсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруу дээр маргаж байсан зүйл яригддаг ба үүнийгээ боловсролтойгоо холбож ярьдаг. Ухаан санаа эрүүл, амьдрал зохиогоод явж байгаа хүмүүс тул хүн олсоор боож болохгүй гэдгийг, цаашид учрах нийгмийн аюулын хор уршгийг бүрэн ойлгох боломжтой гэж үздэг тул ял тохирч байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Дамдинсугар, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд, шүүгдэгч М.Балжиннямын өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Адарсүрэн, Д.Дамдинсугар, М.Балжинням нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр “Хорооллын эцэс” гэх газрын таксины зогсоолоос 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр такси үйлчилгээнд явж байсан Б.Ганхуягийг хөлсөлж улмаар Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Уушигийн гарам” гэх газарт очиж, Б.Ганхуягийн хоолойг олсоор боон алж, түүний эзэмшлийн Тоёота Приус-11 загварын тээврийн хэрэгслийн арын багажинд 2 гарыг нь хүлж, аманд нь алчуур хийж үлдээсэн,
Б.Адарсүрэн, Д.Дамдинсугар нар нь бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр такси үйлчилгээнд явж байсан Д.Баярмагнайг хөлсөлж улмаар Архангай аймгийн Өлзийт сум орох хүртэлх зам болох Булган аймгийн Бугат сумын нутаг “Тал булаг” гэх газарт автомашин, 290.000 төгрөгийг тус тус дээрэмдэж, уг үйлдлийг гүйцэлдүүлэхийн тулд хүч хэрэглэн бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулж, гарыг нь хүлж, аманд нь алчуур хийж тээврийн хэрэгслийн багажинд авч явж бусдаас тусламж эрэх боломжийг хязгаарласан,
Б.Адарсүрэн нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс Налайх дүүрэг рүү хохирогч Н.Эрдэнэдалайн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ авч хүргүүлэхдээ хохирогч Н.Эрдэнэдалайн эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг “би тус цэргийн ангид ажилладаг, таны гар утсаар зураг дараад ангийн даргадаа үзүүлнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч залилсан,
Б.Адарсүрэн нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13 дугаар гудамжны 259 тоотод оршин суух иргэн Э.Одсайханы эзэмшлийн Самсунг галакси А-53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Адарсүрэнгийн “2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бид гурав Эрдэнэт хотод архи ууцгааж байгаад такси бариад гарсан. Уг таксыг Д.Дамдинсугар очиж авчирсан. Явж байгаад Уушийн гарам гэх газарт машины батерей нураад айлын гадаа очсон. Айлд очоод би жолоочийг машинаас гаргаж ирээд машин чинь болохоо байлаа гэж хэлээд үзүүлтэл машинаа асааж чадаагүй. Жолооч машинаас бууж ирээд айлаас тусламж дуудаж орилсон. Тэр айлаас хоёр ах эгч хоёр гарч ирээд айлын гадаа ирээд зодолдоод маргалдаад байх юм, юу болоод байгаа юм, битгий зодолдоод бай гэж хэлсэн. Тэгэхэд М.Балжинням, Д.Дамдинсугар бид гурав гурвуулаа барьж байсан. Бид гурав амь хохирогчийг машин руу оруулахаар ноцолдсон. Харин М.Балжинням болохоор айлын хүмүүст манай аав байгаа юм, согтохоороо ингээд байдаг юм гэж хэлсэн. Тэр айлын ах, эгч хоёр гэртээ орсон. Ноцолдож байгаад амь хохирогчийг машин руу оруулчихаад аккуммуляторыг цэнэглээдхэе гээд айл руу яваад орсон. Тэгэхэд тэр айлын хүмүүс манайх цэнэг муутай байна, ямар ч байсан аккуммулятораа аваад ир, уяад өгье гэж хэлэхээр нь машинаас очиж аккумуляторыг нь аваад айл руу оруулж өгөөд цэнэглүүлсэн. Тэгээд буцаж гараад иртэл Д.Дамдинсугар, М.Балжинням хоёр урд суудал дээрээс хохирогчийн хоолойг боочихсон байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хүний алтан амь эрсдсэн. Уучлаарай гэж хохирогч нараас хүсмээр байна. Би амь хохирогчийг цохисон” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дамдинсугарын “Би ийм хэрэг хийсэндээ их гэмшиж байна. 2023 оны 03 дугаар сарын 21-ний үед Адарсүрэн манай гэрт ирсэн. Гэхдээ манайд ирээд өөрийн нэрээ Адъяасүрэн гэж танилцуулсан. Манайд ирээд 7-8 хоног болоод аймаг хүргээд өг гэхээр нь явсан. 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Балжиннямын гэрт очоод Балжиннямыг аваад Эрдэнэт хот руу орж архи уусан. Тэгээд байж байтал Адарсүрэн нэг тийшээ юманд яваад ирье гээд такси бариад явсан. Уг таксинд Балжинням бид хоёр суугаад явсан. Явсаар байгаад айлын гадаа машин эвдрээд зогссон байсан. Адарсүрэн амь хохирогчийг машинаас буулгаад машиныг янзлуулна гээд айл руу орсон. Энэ үед Балжинням бид хоёр хашааны үзүүрт архи уугаад сууж байсан. Удалгүй Адарсүрэн амь хохирогчийг зодсон. Би салгая гэж бодсон боловч их согтсон байсан учраас салгаж чадаагүйдээ их харамсаж байна. Тэгээд амь хохирогчийг Адарсүрэн машин руу авч ороод хоолойг нь боосон. Би салгая гэж бодтол амжаагүй. Ийм хэрэг болсонд их харамсалтай байна гэх” мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Балжиннямын “Би ийм хэрэг үйлдсэндээ их харамсаж гэмшиж байна. Тухайн үед энэ хоёр намайг ирж авч яваагүй бол би ийм хэрэгт орооцолдохгүй байх байсан. Би энэ хоёрыг боль гэж хэлж, салгаагүйдээ их харамсаж байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Баярмагнайгийн “2023 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө манай аав 07 цагт гэрээсээ гарсан. Би тэр өдөр машины дугуйгаа солих гээд 09 цагт гэртээ харьсан байсан. Би хагас сайн өдөр Улаанбаатар хот руу яваад бүтэн сайн өдөр гэртээ ирэхэд ээж аав чинь өчигдрөөс хойш ирээгүй, алга болчихлоо гэж хэлэхээр нь Цагаанчулуут багийн хэсгийнхээ цагдаа дээр очсон. Тэгэхэд хэсгийн цагдаа Цагдаагийн газар очиж мэдүүлэг өг гэсэн. Тэгэхээр нь би Цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн. Тэгээд аавыг минь цагдаагаас эрэн сурвалжилж зургийг нь олон нийтийн сүлжээнд байршуулсан. Нас барсан асуудлын тухайд Булган аймгийн Цагдаагийн газраас энгийн хувцастай хоёр албан хаагч ирж мэдэгдсэн. Тэгэхээр нь би гэртээ буцаж ороод ээждээ болон ар гэрийнхэндээ мэдэгдсэн. Хохирол хор уршгийн талаар өмгөөлөгч маань хэлнэ” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Баярмагнайгийн "...Манай аав Б.Ганхуяг нь Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд тракторын жолоочоор ажилладаг юм. Тэгээд амь хохирогч нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа буугаад Эрдэнэт хотод байрлах гэртээ ирсэн. Амь хохирогч ажлаасаа буугаад ирсэн өдөр такси үйлчилгээнд хувиараа явдаг. Амь хохирогч нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өглөөний 07 цагийн үед гэрээсээ таксинд явлаа гээд гарсан юм байна лээ. Би амь хохирогч руу тухайн өдрийн 09 цаг 50 минутад утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд би тэндээсээ Улаанбаатар хот руу яваад буцаад Эрдэнэт хотод 2023 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө ирсэн. 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн үед ээж Эрдэнэчимэг над руу залгаад аав чинь байхгүй ирэхгүй байна, утас нь холбогдохгүй байна гэж хэлэхээр би аавын утас руу нь залгахад бас холбогдохгүй байсан. Тэгээд ээж бид 2 удахгүй ирэх байх гэж бодсон. Аав хааяа хонож өнжөөд тоглочихдог болохоор тэгээд явсан байх гэж бодсон. Тухайн өдрөө хараад аав ирэхгүй болохоор нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагт Орхон аймгийн Цагдаагийн газарт очиж аавыг алга болсон талаар өргөдөл гаргаж алга болсон хүнээр зарлуулсан... Би амь хохирогчийн автомашин байсан гэх Булган аймгийн Орхон сумын нутагт байрлах Халиун бригадын урд талын голын тэнд айлын гадна талд очсон. Би тухайн айлын настай эрэгтэй хүнээс юу болсон асуудлын талаар асуухад тэр эрэгтэй "2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн үед автомашинтай хүмүүс ирээд зам асуугаад байсан, удалгүй нөгөө хүмүүс хоорондоо ноцолдоод байсан. Тэгээд нэг харсан чинь 3 эрэгтэй хүн хойно алхаж байхаар нь 4 эрэгтэй хүн байсан, яагаад 3 хүн болсон юм бол гэж гайхаад цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42 хуудас/,
Гэрч О.Эрдэнэбатын “...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед Орхон сумын Халиун багийн нутаг "Уушигийн гарам" гэх газарт хаваржаан дээр буюу хонины хашааны дэргэд зогсож байтал урд хойноо улсын дугааргүй “Тоёота Приус”-11 маркийн автомашин ирээд жолоочийн зүүн талд сууж явсан 30 гаран насны дээл өмссөн эрэгтэй хүн цонхоо онгойлгоод Эрдэнэтийн зам яаж явах вэ гэж асуухаар нь зөөлөн хөндийгөөр өгсөөд явбал зам нь дөт гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ баруун зүгт хонинд яваад 20 минутын дараа эргэж ирээд гэртээ ороод байж байтал гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гэрээс гарахад нөгөө машинаас 4 хүн буугаад зогсож байсан... Гэтэл цаанаас Түмэнжаргал эгч ирээд та нар юугаа орилолдоод байгаа юм гэж загнаад би тухайн үед гэр рүүгээ ороод цай уучихаад хониндоо явсан. Гэрээс гараад 500 метрийн зайд гэрийн баруун зүгт алхаж байтал 3 эрэгтэй хүн тариа бригадын талбайгаар хойшоо нэвт гараад уул руу алхаж байхыг харсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 хуудас/,
Гэрч Б.Оюунсанаагийн ".... 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед Орхон сум Халиун баг Уушигийн гарам /Местийн даваа/ гэх манай хаваржаан дээр улсын дугааргүй мөнгөлөг саарал өнгийн приус маркийн автомашин ирсэн байсан ба хонины хашааны дэргэд 4 эрэгтэй хүн зогсож байсан. Тухайн үед Түмэнжаргал эгч бид 2 урд байдаг Эрдэнэбаасан гэдэг айлд очоод буцаад гэр рүүгээ алхаж ирэхдээ харсан юм. Тэгээд хар өнгийн куртик хар өнгийн түрүүтэй гутал өмссөн эрэгтэй 50 орчим насны хүн хонины хашаа налаад зогсож байсан ба цэнхэр дээлтэй хоёр эрэгтэй дээгүүрээ улбар шар өнгийн урт хүрэм өмссөн эрэгтэй хүн гурвуулаа нийлээд талийгаач эрэгтэйг машины хойд хаалга руу оруулах гээд хувцаснаас нь татахад авраарай наадуул чинь хүн алах гээд байна шүү гэж хэлээд орсон. Тэгээд Түмэнжаргал эгч бид 2 очиход солир нүдтэй цэнхэр өнгийн дээл өмссөн эрэгтэй нь манай аав байгаа юм гэхэд хажуунаас нь талийгаач наад чинь худал шүү би аав нь биш шүү гэж хэлсэн. Би тэгээд гэрийнхээ баруун тал руу хонинд яваад 30 орчим минутын дараагаар эргээд иртэл 2 цэнхэр дээлтэй эрэгтэй, урт хүрэм өмссөн эрэгтэй нар тариа бригадын талбайгаар хойд зүгт уул руу алхаж явж байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-54 хуудас/,
Гэрч Л.Түмэнжаргалын "...хүүгийнхээсээ ирж явахад манай гэрийн хажуу айлын хашааны урд суудлын автомашин байсан.Тухайн автомашинаас дээлгүй орос хувцастай /холоос тэгж харагдсан/ хөл муутай 1 эрэгтэй хүн хашаа налаад урагшаа хараад зогсож байсан чинь цайвар ногоон дээлтэй эрэгтэй очоод цохиж байгаа харагдсан мөн араас нь автомашинаас цэнхэр дээлтэй эрэгтэй баруун талаас нь хоёулаа хоёр гараас нь чирээд нөгөө эрэгтэйг автомашин руу оруулах гээд ноцолдоод байгаа харагдсан.......орос хувцастай эрэгтэй хүн "намайг алах гээд байна авраач ээ" гэж орилж байсан. Тэгэхээр нь Оюунсанаа бид 2 гэр лүүгээ орохгүйгээр яваад очоод би юун хүмүүс вэ хаанаас явж байгаан юм гэхэд манай аав байгаа юм архи уухаараа агсан тавиад байдаг юм гэж хэлэхэд цэнхэр дээлтэй эрэгтэй нь хажуу талаас нь наад хүний аав нь байгаа юм эгчээ зүгээр гэж хэлэхээр нь би гэр лүүгээ алхаж явахад нөгөө эрэгтэй "би аав нь биш шүү" гэж хэлэх шиг болсон миний чихэнд сулхан дуулдсан. Тэгээд би гэртээ орж ирээд галаа түлээд дулаацаад сууж байхад цайвар ногоон дээлтэй эрэгтэй нь орж ирээд "эгч ээ аккуммулятор цэнэглээд өгчих" гэхээр нь би өнөөдөр нар муутай байна гээд та нар хаанаас явж байгаа юм гэхэд тэр залуу хорихын наанаас айлаас хоёр найзыгаа авч явж байна гэхээр нь яагаад энүүгээр явж байгаа юм за аккуммулятороо аваад ир цэнэглэх юм болов уу гээд хэлсэн. Тэр залуу гарч яваад удалгүй аккуммулятор аваад ороод ирсэн. Аккуммулятор цэнэглүүлчихээд тэр эрэгтэй эргээд гараад явсан. Тэгсэн 20- 30 минут орчим болоод авахгүй болохоор нь гадаа автомашиндаа сууж байгаа юм болов уу гэж бодоод би аккуммуляторыг нь аваад автомашин дээр очиход хүн байхгүй байсан..." гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 56-58 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 2-13 хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 14-17 хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 22-25 хуудас/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №36 дугаартай дүгнэлт: “… Талийгаач Б.Ганхуягийн цогцост хүзүүнд дарагдлын ором, дух, баруун чамархай, дагзны хуйх, баруун чих, зүүн шанаа, баруун, зүүн алга, баруун нүдний зовхи, баруун өвдөг, баруун тохойд цус хуралт, хүзүү, баруун шанаа, баруун чих, дух, бугуй, баруун тохой, баруун зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүзүүнд дарагдлын ором гэмтэл нь талийгаачийг шууд үхэлд хүргэсэн байна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь 2023.04.04-ний өдрийн 20 цаг 23 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 48-с дээш цаг болсон байна. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач нь хүзүүний боолтын улмаас амьсгал бүтэж нас баржээ..." гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 134-138 хуудас/,
“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №615 дугаартай "...Тоёота Приус-11 загварын 96-23 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг нийт 945,000 төгрөгөөр үнэлсэн..." гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 152 хуудас/,
Хохирогч Д.Баярмагнайн эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийн талаар:
Хохирогч Д.Баярмагнайгийн "... Би 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Эрдэнэт хотын Хорооллын эцэст Тоёота Приус 20 маркийн автомашинтай такси үйлчилгээнд яваад зогсож байсан. Тэгтэл хоёр залуу ирээд Хар модтын даваан дээр очиж портертой мод тосно, хэдэн төгрөгөөр явах уу? гэхээр нь би 5000 төгрөгөөр явна гэж хэлсэн чинь тэр хоёр залуу миний автомашинд орж ирээд нэг залуу нь урд талын суудал дээр, нөгөө залуу нь ар талын суудал дээр суусан. Тэгээд тэндээсээ хөдлөөд хар модтын Даваа руу очиход Портер автомашин байхгүй байсан, тэгсэн нөгөө хоёр залуу мөнгө нэмээд өгчихье доошоо уруудаад явъя гэж хэлэхээр нь тэндээс цаашаа тал булаг руу уруудсан. Тэгээд тал булгийн тэнд явж байхад нэг залуу нь бие засъя гэж хэлэхээр нь автомашинаа зогсоосон чинь хойд талын суудалд сууж явсан залуу буугаад автомашины ард очоод байж байгаад хүрч ирээд жолооч талын хаалган дээр ирээд зогсохоор нь би хаалгаа онгойлгосон чинь намайг гараад ир гэхээр нь би юу болсон бэ? гэсэн чинь хуцаад байлгүй буугаад ир гээд намайг заамдаж аваад татсан чинь урд талын суудалд сууж байсан залуу нь хүрч ирээд цуг заамдалцаж аваад намайг автомашинаас татаж гаргасан. Намайг автомашины гадна талд дарж аваад үдээс гаргаж ирээд хөл, гар хүлээд нүүр ам руу 2 уулаа ээлжилж гараараа цохиод, багааж руу ор гээд улаан куртиктэй залуу нь автомашины ард байсан пүрш авч ирээд цээж хэсэг рүү цохисон. Би багааж руу орохгүй байсан чинь шар куртиктэй залуу нь данхараадаар зүүн талын мөр хэсэг рүү цохихоор нь би багааж руу орсон. Тэгсэн шар куртиктэй залуу нь ард талын суудалд суугаад, улаан куртиктэй залуу нь автомашин бариад явахаар нь би өндийх гэсэн чинь ард сууж явсан залуу нь өндийх юм бол ална шүү гэж хэлсэн. Тэгээд тэндээс хөдлөөд нохой хуцаад айлд очих шиг болсон, тэндээс нэг хүн суулгаад жаахан явж байгаад буулгаад цаашаа явсан. Тэр хэд хоорондоо юу ярьж байсан нь надад сонсогдоогүй. Цаашаа модон дундуур яваад байх шиг байсан, мод л надад харагдаад байсан. Тэгээд явж байгаад нилээн харанхуй болсон байхад Булган аймагт орж ирсэн байсан, тэр хоёр залуу надад хандаж "та 2.000.000 төгрөг өгчихвөл автомашиныг чинь өгөөд явуулна" гэхээр нь "надад тийм мөнгө байхгүй, ах нь таксинд явдаг" гэсэн чинь тэгүүл 500.000 төгрөг шилжүүл, тэгээд явуулна, хүүхэд юм уу найз нөхөд рүүгээ утсаар ярь, автомашин мөргөчихлөө гэж ярь" гэхээр нь би том хүү Энх-Амгалан /99005545/-руу яриад ".... аав нь жийп автомашины хажуу тал руу мөргөчихлөө, 500.000 төгрөг өгөөд цагдаа дуудахгүйгээр сал гээд байна..." гэхэд Энх- Амгалан "юу хаана, ямар автомашин мөргөсөн юм, би яваад очьё" гэсэн чинь хоёулаа гараараа хоёр гэж 200.000 төгрөг гэж дохио өгөхөөр нь би дахиад Энх-Амгалан руу яриад 200.000 төгрөг өгчихвөл болно гэнээ гэсэн чинь хүү Энх-Амгалан тэр жолоочийн чинь данс руу шилжүүлнэ, тэрийгээ явуулчих гэсэн чинь нөгөө 2 хоёр залуу карт байхгүй гээд цаашаа яваад хүнсний дэлгүүрийн гадаа зогсоод худалдагчийн дансны дугаарыг авч 200.000 төгрөг хүү Энх-Амгалангаас шилжүүлж аваад худалдагч бэлнээр 200.000 төгрөг өгөхгүй гэхээр нь буцаагаад миний Хаан банкны 5096083310 тоот данс руу шилжүүлсэн. Тэгснээ миний хоёр ширхэг гар утсыг унтраагаад байсан. Тэгээд миний картыг авч код асуугаад АТМ-ээс мөнгө аваад байсан. Миний дансанд 60.000 төгрөг байсан. Нийт 260.000 төгрөг авсан байсан. Мөн бэлнээр надад 30.000 төгрөг байсныг түрүүвчнээс авсан.....Тэндээсээ наашаа хөдлөөд Архангай аймгийн Батцэнгэл сум руу орж ирээд сумаас зайтай газар зогсоод дахиад 500.000 төгрөг гэхээр нь би үнэхээр авах хүн алга гэсэн чинь 300.000 төгрөг гэхээр нь найз Баярсайхан /99368646/-руу яриад "300.000 төгрөг аргалаад наашаа өгөөдөх, автомашины хроп болохгүй болчихлоо, би Хялганатад байна" гэж хэлсэн чинь Баярсайхан надад мөнгө байхгүй гэхээр нь би Баярцэцэг дээр очоод хэлээдэх гэсэн чинь за гэж хэлсэн чинь утас шууд унтраачихсан... Тэгээд Архангай аймгийн Өлзийт сум руу ирээд дугуй засварт дугуйгаа нөхүүлэх гэсэн чинь хүн нь байгаагүй, тэгээд автомашин барьж явсан залуу нь буугаад хүнийг нь олоод ирье гэж хэлээд буугаад дугуй засварын айл руу ороод гарч ирээгүй... Тэгээд Булган аймгийн Сайхан сум хүртэл яваад би тэндээс жолоо бариад наашаа явсан. Би тэр явж байх хоорондоо "би хэнд ч хэлэхгүй, шаварт сууж байгаад ирлээ" гэж хэлнэ гэж хэлсэн. Мөн энийгээ өмнө ч хоёуланд нь хэлж байсан. Тэгээд наашаа автомашинаа бариад явж байтал Түлүүгийн даваан доор цагдаагийн автомашин зогсоод дохихоор нь замаа чөлөөлөөд зогссон. Тухайн үед нөгөө залуу урд суудал дээр унтаж явсан...Намайг тухайн хоёр залуу зодож, цохисон, гар, хөлийг үдээсээр хүлсэн, мөн хэсэг хугацаанд нүдийг автомашины алчуураар боосон. Замдаа явж байгаад улаан куртиктэй Өлзийт сум дээр буусан залуу нь нөгөө залуудаа "намайг модонд хүлээд хаячихъя" гэхээр нь нөгөө залуу нь "хөгшин хүнийг яах гэсэн юм бэ" гэж хэлээд болиулсан гэж надад хэлсэн. Тэгээд замд явж байхад миний гар утаснуудыг авсан, намайг байнга заналхийлж, мөнгө олж өг, ална шүү гэж хэлж байсан. Мөнгө олж өгвөл эндээс явуулна гэж хэлж байсан. Мөн дэлгүүр, колонк зогсохдоо дотроосоо арын суудлаас дээлээр бүтээгээд байсан. Би колонк дээр очоод хашхиръя гэж бодсоноо дутуу хашхираад тэр хүн нь сонсохгүй бол намайг алчихна гэж бодоод орилж чадахгүй байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан "... Би хүлүүлж байхдаа ахад нь мөнгө байхгүй бэлэн 30,000 төгрөг, картанд 60,000 төгрөг байгаа гэдгээ хэлсэн. Тэгэхэд намхан шар царайтай залуу нь 2 сая төгрөг ар гэрээсээ авч өгөх юм бол машинтай чинь явуулж болно гэж хэлж байсан. Би ахад нь 2 сая төгрөг өгчих хүүхэд байхгүй гэсэн тэгж хэлээд нилээн явж байгаад харанхуй болсон байхад шар намхан залуу нь 500.000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд миний утсыг асаагаад миний чихэн дээр бариад янз бүрийн юм ярьвал ална шүү гэж хоёулаа тэгж хэлээд байсан. Тэр хоёр залуу гарч юм ярьчихаад л орж ирээд утсаар яриулаад байсан... Яллагдагч нарыг таньж олуулахаар гэрч нарын хамт 1-5 гэж дугаар бариулан мэдүүлэг авах өрөөний эсрэг талын өрөөнд оруулж ирэв. 1 дугаарыг яллагдагч Д.Дамдинсугар, 2 дугаарыг яллагдагч М.Балжинням, 3 дугаарыг гэрч Ө.Энхбаяр, 4 дугаарыг яллагдагч Б.Адарсүрэн, 5 дугаарыг гэрч Г.Ариунболд нарт бариулж хохирогч Д.Баярмагнайгаар зориулалтын толины наанаас харуулахад 1 номер барьсан залуу миний тээврийн хэрэгслийн арын суудал дээр сууж явсан залуу мөн намайг анх буулгаж нүүр рүү цохисон залуу мөн байна. Харин 4 номер барьсан залуу нь миний хажууд сууж явсан сүүлд хамт намайг машинаас буулгаж пүрш болон домакратаар цохисон залуу мөн байна. Би бусад дугаар барьсан хүмүүсийг танихгүй байна гэв..." гэх тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 229 хуудас/,
Гэрч Б.Энх-Амгалангийн "...2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд манай аав Баярмагнай манай гэрт ирж хоол идчихээд гараад явсан. Манай аав хувиараа такси үйлчилгээнд явдаг юм... орой 21 цаг 20 минутын орчимд аав өөрийнхөө утаснаас над руу залгаад аав нь Булганд байна хүний машин мөргөчихлөө 500,000 төгрөг байвал өгөөч гэсэн. Тэгэхээр нь би ямар машин юм ямар ажлаар наанаа яваа юм бэ? гэхэд хүн хүргэж өгч явсан Лексус 470 загварын тээврийн хэрэгслийн жолоочийн хойд хаалгыг мөргөсөн гэж хэлсэн. Би ер нь бол анхнаас нь итгээгүй мөнгө аваад яваад очъё гэхээр манай аав миний хүү энэ мөнгийг нь өгчих юм бол аавыг нь явуулна гэж байна гэсэн тэгэхээр нь надад сэжигтэй санагдаад жолоочтойгоо яриулчих гэхэд утсаа тасалсан. Би эргүүлээд залгахад утсаа авахгүй байж байгаад 10 орчим минутын дараа над руу буцаагаад залгаад миний хүү ядаж 200,000 төгрөг өгчих энэ яриад тохирчихлоо гэж хэлсэн би мөн л жолоочтой нь яръя гээд нэг залуутай ярьсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 234 хуудас/,
Гэрч М.Лхамхишигийн "...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт байх "Номин" хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг. Би тухайн өдөр дэлгүүр дээрээ сууж байхад гаднаас үл таних 25-30 орчим насны хөдөөний гэмээр эрэгтэй орж ирээд данс руу чинь мөнгө хийе бэлнээр гаргаад өгөх боломж байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би бэлэн тийм их мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд хэд хэдэн удаа гарч ороод сүүлд орж ирэхдээ миний 99824736 дугаарын утаснаас нэг дугаар руу залгаад миний дансыг өгөөд энэ дугаарын данс руу мөнгөө шилжүүлчих гээд байсан. Тэгээд удалгүй миний дансанд дээрх данснаас 200,000 төгрөг орж ирсэн. Тухайн мөнгийг би буцаагаад тэр эрэгтэйн хэлсэн Хаан банкны 5096083310 дугаарын данс руу 199,600 төгрөг шилжүүлж өгсөн..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 117-118 хуудас/,
Гэрч М.Баярсайханы "...найз Д.Баярмагнай нь хорооллын эцсийн зогсоол дээр зогсож байсан. Манай найз хорооллын эцсээс хувиараа такси үйлчилгээнд явдаг юм. Тэрнээс хойш би 1 цаг орчмын дараа залгахад манай найз Булган аймгийн Бугат явах замд байдаг Бухын даваа дээр явж байна гэж хэлсэн тэрнээс хойш дахин холбоо бариагүй..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 122 хуудас/,
Хохирогч Д.Баярмагнайн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Д.Баярмагнайн "...Би 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Эрдэнэт хотын Хорооллын эцэст приус 20 маркийн автомашинтай такси үйлчилгээнд яваад зогсож байсан. Тэгтэл 2 залуу ирээд Хар модтын даваан дээр очиж портертой мод тосно, хэдэн төгрөгөөр явах уу? гэхээр нь би 5000 төгрөгөөр явна гэж хэлсэн чинь тэр 2 залуу миний автомашинд орж ирээд 1 залуу нь урд талын суудал дээр, нөгөө залуу нь ар талын суудал дээр суусан. Тэгээд тэндээсээ хөдлөөд хар модтын Даваа руу очиход портер автомашин байхгүй байсан, тэгсэн нөгөө 2 залуу мөнгө нэмээд өгчихье доошоо уруудаад явъя гэж хэлэхээр нь тэндээс цаашаа тал булаг руу уруудсан. Тэгээд тал Булгын тэнд явж байхад 1 залуу нь бие засъя гэж хэлэхээр нь автомашинаа зогсоосон чинь хойд талын суудалд сууж явсан залуу буугаад автомашины ард очоод байж байгаад хүрч ирээд жолооч талын хаалган дээр ирээд зогсохоор нь би хаалгаа онгойлгосон чинь намайг гараад ир гэхээр нь би юу болсон бэ? гэсэн чинь хуцаад байлгүй буугаад ир гээд намайг заамдаж аваад татсан чинь урд талын суудалд сууж байсан залуу нь хүрч ирээд цуг заамдалцаж аваад намайг автомашинаас татаж гаргасан. Намайг автомашины гадна талд дарж аваад үдээс гаргаж ирээд хөл, гар хүлээд нүүр ам руу 2 уулаа ээлжилж гараараа цохиод, багаж руу ор гээд улаан куртиктэй залуу нь автомашины ард байсан пүрш авч ирээд цээж хэсэг рүү цохисон. Би багаж руу орохгүй байсан чинь шар куртиктэй залуу нь данхраадаар зүүн талын мөр хэсэг рүү цохихоор нь би багаж руу орсон. Тэгсэн шар куртиктэй залуу нь ард талын суудалд суугаад, улаан куртиктэй залуу нь автомашин бариад явахаар нь би өндийх гэсэн чинь ард сууж явсан залуу нь өндийх юм бол ална шүү гэж хэлсэн. Тэгээд тэндээс хөдлөөд нохой хуцаад айлд очих шиг болсон, тэндээс 1 хүн суулгаад жаахан явж байгаад буулгаад цаашаа явсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46 хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №101 дугаартай дүгнэлт: “...Д.Баярмагнайн биед баруун дал, баруун тохой, зүүн өвдөг, баруун өгзөгт цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, дух баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун даланд цус хуралт гэмтэл нь хэрэг болохоос 72 цагийн өмнө үүссэн байх боломжтой бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 135-136 хуудас/,
Залилах гэмт хэргийн талаар: Хохирогч Н.Эрдэнэдалайн "... Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 20 цагийн үед Улаанбаатар хотод таксинд явж байгаад 5 шарын автобусны буудал дээрээс дүүгийнхээ гуйлтаар нэг эрэгтэйг авч суулгаад таксинд явсан юм. Тэгсэн тэр залуу эхлээд Орбит ороод нэг хүнтэй уулзаад мөнгөн аяга аваад, цаашаагаа Арцатын ам руу очоод хүнээс авсан мөнгөн аягаа бас нэг хүнд өгчих шиг болсон. Тэгснээ налайх явъя гэхээр нь би зөвшөөрөөд түүнийг Налайх руу хүргэж ирээд Налайх дүүргийн 1 дүгээр хороо Цэргийн ангийн урд зогсоод "ахаа би энд ажилладаг юм манай цэргийн анги энэ би таны гар утсаар таны машины зургийг дараад даргадаа үзүүлээд би ийм машинаар Улаанбаатар хотоос ирлээ гээд үзүүлье, миний өөрийн гар утас цэнэггүй болоод унтарчихлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд итгээд өөрийнхөө Самсунг Галакси А52 загварын гар утсаа өгөөд машинаасаа буулгасан. Тэгтэл тэр залуу цэргийн анги руугаа биш нэг гудамж руу ороод алга болчихсон юм. Тэгээд тухайн үедээ миний машины баттерэй нь нураад цагдаа гэж явж чадаагүй..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 10 хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан "... Миний гар утсыг мэхэлж авч явсан хүний зураг болон биеийн төрхийг шууд хараад танина.... таньж олуулах ажиллагааг Цагдаагийн хэлтсийн 108 тоот өрөөнд цаасан дээр 1 дэх хуудсанд 1,2,3,4,5 гэсэн дугаар бүхий тэмдэглэгээ хийж 4 гэсэн дугаарт Б.Адарсүрэн зургийг байрлуулав. Би 1-5 хүртэл дугаарласан зургуудыг харж үзлээ. Энэ зурагнуудаас зураг байгаа хүн миний гар утсыг аваад явсан хүн мөн байна. Би энэ хүний онигор нүд, өргөн шанаа, улаан хацраар нь хараад таньж байна. Нүдний хэлбэр яг мөн байна..." гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 5-7 хуудас/,
"Дамно" ХХК-ийн шинжээчийн №23-12 дугаартай: "...Самсунг А-52 загварын гар утсыг 475,000 төгрөгөөр үнэлсэн..." гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 12 хуудас/,
Хулгайлах гэмт хэргийн талаар: Хохирогч Э.Одсайханы "...2023 оны 01 дүгээр сарын 30-ны орой Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо тоосгоны 13-259 тоот гэртээ ажлаасаа тарж ирээд амарч байсан чинь фэйсбүүк хаягаар хуучин зүс таних найз Бааска Бааска гэх хаягтай найз залгаад танайд таксидаад яваад очих уу гэхээр нь за гээд манайд ирж хоноод өглөө нь бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоолны газар орж надад хоол авч өгөөд бид хоёр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо тоосгоны 13-259 тоот гэрт ирээд утсаа цэнэглээд найз гэрт ганцаараа үлдсэн. Тэгээд би гадагшаа гараад хуучин байшингийн гадна талаа янзалж байсан чинь найз Бааска гэрч ирээд би АТМ орчихоод ирнэ гээд явсан. Тэгсэн би удалгүй гэр рүүгээ ороод гар утсаа харсан чинь
байхгүй болсон байсан. Тэгээд би араас нь хайгаад олоогүй..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 54 хуудас/,
Гэрч М.Мягмарсүрэнгийн "...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд ногоон цоохор өнгийн цэргийн хувцас шиг хувцастай Б.Адарсүрэн гэх бичиг баримттай залуу Самсунг галакси А-53 загварын гар утсыг барьцаанд тавьсан байсан ба тухайн утас нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хураагдаад тэр өдрөө зарагдсан..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 56 хуудас/,
"Мастер үнэлгээ" ХХК-ийн №23/005 дугаартай шинжээчийн дүгнэлт: "... Самсунг галакси А53 загварын гар утсыг 1,500,000 төгрөгөөр үнэлсэн ..." гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 61 хуудас/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.
Анхан шатны шүүхийн хэргийн бодит байдлыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтуудад түшиглэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтоосон дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд бүрэн нийцсэн байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол хууль зүйн болон бодит үндэслэлд нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Д.Дамдинсугар, Б.Адарсүрэн, М.Балжинням нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан дээрх нотлох баримтуудаар Д.Дамдинсугар, Б.Адарсүрэн, М.Балжинням нарын хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг бүлэглэж, Б.Адарсүрэн, Д.Дамдинсугар нарыг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг бүлэглэж, Б.Адарсүрэн, Д.Дамдинсугар нарыг өмчлөх эрхийн гэмт хэргийг бүлэглэж, Б.Адарсүрэнг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.
Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Д.Дамдинсугар, Б.Адарсүрэн, М.Балжинням нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Иймд шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар шүүгдэгч Д.Дамдинсугарыг 19 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Адарсүрэнг 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, М.Балжиннямд 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч Д.Дамдинсугар, Б.Адарсүрэн, М.Балжинням нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдээр тус тус зүйлчилж, дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны байх зарчимд нийцсэн тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх шүүгдэгч Д.Дамдинсугар, Б.Адарсүрэн, М.Балжинням нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулж, нэмж нэгтгэсэн нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан хорих ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх тул “шүүгдэгч нарын хорих ялыг багасгаж өгнө үү” гэх шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/218 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Дамдинсугар, өмгөөлөгч Р.Цэрэнханд, Д.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ