Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0265/З |
Дугаар | 79 |
Огноо | 2019-03-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 79
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө
газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н,
Д.Д нарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
П.Соёл-Эрдэнэ,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт, улсын байцаагч Д.Д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг тус тус хүчингүй болгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0648 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0024 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Н, П.Н, Д.Д нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0648 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт, улсын байцаагч Д.Д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0024 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0648 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Манай компани нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5\02 дугаар дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 14- ний өдрийн 5\06 дугаар албан шаардлага зэргийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128\ШШ2018\0648 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байгааг эс хүлээн зөвшөөрч давж заалдаж журмаар гомдол гаргаж байна.
4. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221\МА2019\0024 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч манай гомдлыг хангаагүй тул магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
5. Магадлалд Улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлтийг зөвтгөсөн буюу “С”-ийн дизель түлш болон авто бензинийг борлуулахдаа гаргасан үйлдлийг хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн нь буюу Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 /хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх/-ыг зөрчсөн гэж үзсэн улсын байцаагч нарын дүгнэлт үндэслэлтэй.” гэж дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болсон.
6. Тодруулбал, манай компани нь Улсын байцаагч нарын хяналт шалгалтын дүгнэлтэд дурдсанчлан Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулаагүй болно.
7. Гэтэл давж заалдах шатны шүүх манай компанийг хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж дүгнэсэн улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж зөвтгөсөн боловч Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг хэрхэн, яаж явуулсан, үүнийг улсын байцаагч нар шалгаж тогтоогоогүй буюу манай компани ийм үйл ажиллагаа явуулаагүй болохыг хянаж дүгнээгүй байгаа нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг ерөнхий байдлаар, дутуу, буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болж байгаа юм. Учир нь тухайн хяналт шалгалтын хугацаанд Манай компани нь ямар нэг байдлаар хэрэглэгчийг хохироосон худалдааны арга хэрэглэж, ямар нэг байдлаар хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулаагүй болно. Мөн түүнчлэн ямар нэг аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг хязгаарласан зүйлгүй болно.
8. Өрсөлдөөний тухай хуулийн зорилго нь тухайн зах зээлд өрсөлдөж буй аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг атал ШӨХТГ-ын улсын байцаагч нар нь газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд хэрэглэгчдийнхээ эрх ашигт нийцүүлэн бүтээгдэхүүнээ борлуулан өрсөлдөж буй манай компанийг бараа бүтээгдэхүүнээ хэрхэн худалдан борлуулахыг тушаан шаардаж улмаар хуульд харшлаагүй үйл ажиллагааг зогсоохыг шаардаж 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан шийдвэрийг гаргасаныг илтэд өрсөлдөөний үндсэн зарчмаас гажуудсан гэж бид үзэж байна.
9. Улсын байцаагч нар нь бодит нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу тухайн зөрчлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг бүрчлэн тогтоож чадаагүй байдаг. Тодруулбал, манай компани яг ямар хуулиар хориглогдсон ямар худалдааны аргыг хэрхэн хэрэглэж, хэн хэн гэх нэртэй ямар хэрэглэгчийг хэрхэн хохироосон, үүний улмаас ямар аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг яаж хязгаарлаж, ямар хохиролтой үр дагавар үүсгэсэн болохыг ямар нэг баримтаар нотлоогүй буюу манай компанийн зүгээс ийм төрлийн ямар ч үйлдэл гаргаагүй, хэн нэгний өрсөлдөөнийг хязгаарлаагүй юм. Дээр дурдсанчлан бодит байдалд нийцээгүй, хөдөлшгүй баримтаар нотлогдоогүй зөрчил гэх зүйлийг арилгахыг шаардсан албан шаардлага нь үндэслэлгүй болж байгаа бөгөөд мөн үйлдээгүй, тогтоогдоогүй, нотлогдоогүй зөрчилд оногдуулсан 20 сая төгрөгийн торгууль нь мөн үндэслэлгүй болсон гэж бид үзэж байна.
10. Харин Шүүхийн шийдвэрт"... Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлөөс гаргасан зөвлөмж зэрэгт эрх бүхий байгууллагын шийдвэрээр зах зээлд борлуулж буй авто бензин дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавих эрх, үүргийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэгжүүлснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй бодит нөхцөл байдлыг буруу дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
11. Учир нь ШӨХТГ болон түүний албан хаагч нь нийтийн албан тушаалтан бөгөөд тэдгээрт зөвхөн хуулиар тусгайлан олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх зарчмаар бол төрийн албан хаагчид зөвхөн обьектив эрх олгосон, хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориглогддог байдлыг ойлгох юм. Манай компанийн хувьд обьектив болон жам ёсны, хуулиар баталгаажсан эрхийг хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрсөн зарчмаар үйл ажиллагаагаа явуулах эрхээ эдлэн хэрэгжүүлдэг.
12. Гэтэл ШӨХТГ-ийн улсын байцаагчийн дүгнэлтэд Зөвлөлийн 2018.01,09-ний өдрийн 07 дугаар хуралдаанаас гаргасан аж ахуйн нэгжүүд аливаа хэлбэрээр шатахууны үнийг нэмэгдүүлэх, хязгаарлалт хийхгүй байхаар шийдвэрлэсэн,” гээд ШӨХТГ-аас 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/43 тоот мэдэгдлийг хүргүүлж уг шийдвэрийг биелүүлж ажиллах, ингэхдээ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд шатахууны хязгаарлалт болон үнийг нэмэгдүүлэх талаар гаргасан аливаа шийдвэрийг цуцалж, 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хариу ирүүлэх, цаашид асуудлыг нэг мөр шийдвэрлэх хүртэл шатахууны хязгаарлалт, үнийн өөрчлөлт хийхгүй байх үүргийг биелүүлж ажиллаагүй гэх асуудлыг хяналт шалгалтаар тогтоосон” гэжээ. Цаашлаад дүгнэлтэд Өрсөлдөөний тухай хуульд заасан арга хэмжээ авна, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авна гэсэн байгаа нь хууль тогтоомжоор олгоогүй эрхийг эдэлж, хууль тогтоомжоор хориглоогүй үйлдлийг хууль бус хэмээн буруутгасан нь дээр дурдсан Үндсэн хуулийн зарчмын эсрэг төрийн байгууллага, албан тушаалтны буруутай зөрчлийг бий болгосон байна.
13. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлөөс зөвхөн тухайн нөхцөл байдлыг дүгнэж үнэ, болон хангамжийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх гарцыг олж түүнийгээ хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газраар гаргуулах замаар хувийн хэвшлийн компаниудтай харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд өнөөдрийг хүртэл ингэж явсаар ирсэн. Үнэ болон хангамжийн асуудлыг шийдвэрлэж байсан түүхээс товч дурдвал, үнийг тогтвортой байлгах талаар газрын тосны бүтээгдэхүүний татварыг бууруулах, гадаад валютын ханшийн зөрүүгээс үүсэх алдагдлыг нөхөх зарчмыг баримтлан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох гэх мэт арга хэмжээг авч хариуд нь компаниуд үнийг тогтвортой байлгах, хангамжийг тасалдуулахгүй байх үүргийг хүлээж ирсэн. Энэ нь нэг ёсны төр, хувийн хэвшлийн үнэ тогтворжуулах талаар харилцан тохиролцож буй хэлцэл юм.
14. Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлөөс гаргасан зөвлөмжөөр аль нэг аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүнээ ямар үнээр борлуулах, эс борлуулах, яаж борлуулах талаар хатуу тогтоох эрхгүй буюу тийм зүйлгүй. Мөн хуулиар хориглоогүй зүйлийг зөвлөмжөөр хориглох эрх зүйн боломжгүй тул аж ахуйн нэгжүүдийн хувьд тухайн зөвлөмжийг мөрдөх эсэх нь үүрэг байх боломжгүй юм.
15. Гэтэл 2018 оны 1, 2 дугаар сард үүссэн нөхцөл байдлыг төрийн зүгээс зохицуулах буюу үнийг тогтворжуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй атал аж ахуйн нэгжүүдийн эрхэд халдаж ШӨХТГ-аас дээрх Зөвлөлийн зөвлөмжийг зөрчсөн гэж торгууль оногдуулсан, хяналт шалгалт хийсэн явдал нь хуулийн хүрээнээс илтэд хальсан байгаа юм. Шүүх шийдвэртээ манай компанийг улсын хэмжээний нөөц болон компанийн нөөц хангалттай байтал шатахуун түгээх станцууд дизель түлш болон А/92 шатахууныг иргэдэд бэлэн мөнгөөр бус өөрийн Аи Си картаар борлуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно гэснийг зөрчсөн гэх хариуцагчийн дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн нь мөн л бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэн бодитоор үнэлж дүгнээгүй, тухайн хуулийг буруу тайлбарлан, ойлгож хэрэгжүүлсэн гэх үндэслэл болсон.
16. Учир нь тухайн нөхцөл байдалд ШТС ажиллуулдаг олон компани дундаас манай компани борлуулалтаа зогсоогоогүй, өөрийн хэрэглэгчдийг тасралтгүй шатахуунаар ханган ажилласан бөгөөд бусад хэд хэдэн компани /давамгай байдалтай компани/ борлуулалтдаа хязгаарлалт хийсний улмаас манай компанийн нөөц хурдан дуусах, цаашлаад өөрийн гэрээт буюу карт эзэмшигч, тендерийн дагуу гэрээ байгуулсан харилцагчдаа алдалгүй хангах үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй байдал учрах эрсдлийг бий болгосон юм.
17. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зохицуулалт нь гэрээний эрх зүйн харилцаа үүссэн буюу хэлцэл хийгдсэн этгээдийн хувьд бараа, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийн асуудал яригддаг. Тодруулбал тус хуулийн 3.1.1 “хэрэглэгч” гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг; 3.1.6.“ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх” гэж Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд тодорхойлсон байдаг. Иймээс шүүхийн шийдвэрт дурдсанчлан манай компаниас бараа авахаар хандсан этгээд бүр манай компанийн хувьд шууд хэрэглэгч болох үндэслэлгүй юм.
18. Мөн түүнчлэн шүүхээс манай компанийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглосон заалтын зөрчсөн гэсэн боловч өрсөлдөөнийг хэрхэн хязгаарласан болохыг тогтоосон, шалгасан зүйлгүй байхад байцаагч нарын дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн явдал нь тухайн хуулийг дутуу, буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хангалттай үндэслэл болж байгаа юм. Өрсөлдөөний тухай хуулийн зорилго нь тухайн зах зээлд өрсөлдөж буй аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг атал ШӨХТГ-ын улсын байцаагч нар нь газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд хэрэглэгчдийнхээ эрх ашигт нийцүүлэн бүтээгдэхүүнээ борлуулан өрсөлдөж буй манай компанийг бараа бүтээгдэхүүнээ хэрхэн худалдан борлуулахыг тушаан шаардаж улмаар хуульд харшлаагүй үйл ажиллагааг зогсоохыг шаардаж 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан шийдвэрийг гаргасаныг илтэд өрсөлдөөний үндсэн зарчмаас гажуудсан гэж бид үзэж байна.
19. Зүй нь улсын байцаагч нар нь Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд тухайн шатахууны жижиглэнгийн борлуулалтын зах зээлийн нийлүүлэлтийн доголдлын асуудлыг цогцоор нь шалган тогтоож Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.1 зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах; гэсэн зохицуулалтын хүрээнд хяналт шалгалтыг явуулж өрсөлдөөнд сөрөг үр дагавар үүсгэсэн буруутай этгээдийг олж тогтоох үүрэгтэй байсан гэж бидний зүгээс үзэж байгаа болно.
20. Тухайн хяналт шалгалтад хамрагдсан хэд хэдэн компани /давамгай байдалтай компани/-ууд дундаас манай компанийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр хамгийн өндөр хэмжээний торгуулийг оногдуулсан боловч бусад компаниудыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр бага хэмжээний торгууль оногдуулсан байгаа нь хяналт шалгалтыг үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцүүлээгүй, ялгавартай байдлаар явуулсан болохыг дурдъя.
21. Улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагын хувьд нэгэнт хууль зөрчиж хийж буй хяналт шалгалтын хүрээнд гаргасан энэхүү акт нь мөн л хууль бус болох учиртай тул түүнийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0648 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0024 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, манай компанийн үйл ажиллагаагаа төрийн байгууллагын хууль бус дарамт шахалтаас ангид хэвийн явуулах нөхцөлөөр хангаж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
22. Анхан шатны шүүх тухайн маргаанд хэрэглэгдэх Өрсөлдөөний тухай хууль болон бусад хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлт, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
23. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...улсын байцаагч нар нь бодит нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу тухайн зөрчлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг бүрчлэн тогтоож чадаагүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.
24. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв-д ирүүлсэн /хэрэглэгчдээс/ мэдээлэлд үндэслэн, тус газрын улсын байцаагч нар нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/19, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01 тоот удирдамжийн дагуу “С” ХХК-ийн нефтийн бүтээгдэхүүний борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахад тус компанийн шатахуун түгээх станцууд нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Аи Си” картаар олгож, дизель түлшийг 100,000 төгрөгөөс дээш хэмжээгээр худалдаалахгүй байсан. Мөн АИ-92 автобензинийг бэлэн мөнгөөр борлуулахгүй, “Аи Си” картаар худалдаалж хязгаарлалт хийсэн болох нь тогтоогджээ.
25. Иймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нарын, “С” ХХК нь нефтийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа хязгаарлалт хийсэн нь Засгийн газраас эдийн засгийн хямралыг даван туулах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор автобензин, дизель түлшний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахын тулд хийсэн зохицуулалт, “Үнийн зөвлөл”-ийн 6, 7, 8 дугаар зөвлөмж, ШӨХТГ-ын 2018.01.09-ний өдрийн 1/43 тоот мэдэгдлийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. ...улсын хэмжээний нөөц болон компанийн нөөц хангалттай байтал ...дизель түлш болон АИ-92 автобензинийг иргэдэд бэлэн мөнгөөр бус, тухайн байгууллагын “Аи Си” картаар борлуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэж дүгнэн, улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 тоот дүгнэлт гаргасан нь хуульд нийцсэн байна.
26. Учир нь, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ...12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасан. Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хэрэглэгч” гэдгийг бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг ойлгохоор хуульчилсан.
27. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд, “С” ХХК-тай шатахуун авахаар гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд болон тус компанийн “Аи Си” карт эзэмшигчдээс гадна шатахуун худалдан авахаар буюу үйлчлүүлэхээр хандаж байгаа жирийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь мөн хэрэглэгч болох байтал тус компанийн шатахуун түгээх станцуудаас тэдэнд дизель түлш болон АИ-92 автобензинийг бэлэн мөнгөөр худалдахгүй, зөвхөн өөрийн карт эзэмшигчдэд худалдан борлуулж, үйлчилж байгаа нь бусад хэрэглэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзсэн нь үндэслэлтэй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэлт хийжээ.
28. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ийнхүү хязгаарлалттай нөхцөлөөр борлуулж байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа биш, хэрэглэгчийг хохироосон худалдааны арга хэрэглэж, ямар нэгэн байдлаар хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, ...шүүхийн шийдвэрт дурдсанчлан манай компаниас бараа авахаар хандсан этгээд бүр манай компанийн хувьд шууд хэрэглэгч болох үндэслэлгүй” гэсэн гомдол үндэслэлгүй юм.
29. Түүнчлэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нараас 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг “С” ХХК-д хүргүүлж, хяналт шалгалтад шаардлагатай тайлбар, мэдээллийг гаргаж ирүүлэх, ...албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэхгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мэдэгджээ.
30. Энэхүү албан шаардлага нь нэхэмжлэгчийг тайлбар, мэдээлэл ирүүлэхийг шаардсан, ирүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан гадагш чиглэсэн, захирамжилсан, эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт байхад давж заалдах шатны шүүхээс “захиргааны актын шинжийг агуулаагүй” гэж дүгнэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/06 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан нь буруу, харин уг албан шаардлагыг захиргааны акт гэж үзсэний зэрэгцээ хуульд нийцсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна.
31. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0024 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА