Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 36

 

        Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

       Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн Ц.Зүнзиндоржийн,  

       Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, 

       Гуравдагч этгээд: Д.Батзоригийг  оролцуулан,

     Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Д.Батзоригт олгосон газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг аймгийн Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Зүнзиндорж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргыг төлөөлж Б.Алтансүх, гуравдагч этгээд Д.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Зүнзиндорж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2002 онд Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар ЦМК ХХК-ийн баруун талд 1400 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших болсон. 2007 онд Газрын хуулийн шинэчлэлийн дагуу аймгийн Засаг дарга хуучин эзэмшиж байгаа газрыг шинэчлэн эзэмшүүлэх 183 тоот захирамжийг гаргаж, түүний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Газрын албаны мэргэжилтэн газар дээр очиж үзээд солбилцолыг нь тодорхойлж, кадастрын зураг хийж өгсөн. Хүсэлтийн дагуу хэмжилт хийгээд 570 м.кв газар дутуу байсныг ИТХ-ын 2016.05.17-ны өдрийн хуралдааны 05 дугаар тогтоолоор нэмж олгож, эзэмшүүлэхээр боллоо гэхэд нь анх надад зурж өгсөн кадастрын зургийн хэмжээний дагуу нэмээд олгочихлоо гэж  би ойлгосон. Ингээд гэрчилгээгээ авах гэж байтал,  манай газрын баруун талд байдаг догол газар дээр Д.Батзориг техник байрлуулаад байсан. Тэгэхээр нь миний эзэмшлийн газарт юм тавиад л байх юм даа, ахын чинь газар гэхэд үгүй би ах Бат-Оршихоос авсан, манай газар шүү дээ гээд л асуудал үүсээд одоог хүрч байна. Бат-Орших 2012 онд  манай газрын зүүн талд газартай байсан. Түүнийг нь 2014 онд аймгийн Засаг даргын 2014 оны А/122 дугаар захирамжийн дагуу Батзориг нь эзэмших эрхтэй болсон байна. Газрын албаны хүмүүсийн хэмжилт тооцооллоос болсон уу, компьютер  дээр хийж байгаа зураглалаас болов уу? 2007 онд надад зураад өгчихсөн газрыг минь Батзоригт давхцуулан зурж өгчихөөд байгаа юм уу? Бидний хооронд ойролцоогоор 280 м.кв газрын эзэмшлийн маргаан үүсээд байгаа тул энэ асуудлыг шийдэж, миний газар эзэмших зөрчигдсөн эрхийг сэргээж, аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Батзоригт олгогдсон газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэв.

      Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Зүнзиндоржид Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын баруун талд байрлах “Дорнод Онон” ХХК-ийн захирал Д.Бат-Оршихийн /1997 оны 280 дугаар захирамж/ эзэмшлийн 12183 м.кв газрын дэргэд 1400 м.кв газрыг Хэрлэн сумын Засаг даргын 2002 оны 223 дугаар захирамжаар эзэмшүүлсэн бөгөөд “Дорнод-Онон” ХХК-ийн захирал Д.Бат-Орших дээрх өөрийн эзэмшлийн газраа Улаанбаатар хотын иргэн Д.Батзоригт газрын хэмжээ, байршилд өөрчлөлт оруулалгүйгээр шилжүүлэн эзэмшүүлсэн байдаг. Иргэн Ц.Зүнзиндорж “Дорнод Онон” ХХК-ийн захирал Д.Бат-Оршихийн 12183 м.кв газрын дэргэд анх газар эзэмших хүсэлт гаргахад кадастрын зураглал үйлдэхдээ алдаатай хэмжилт хийж, 1970 м.кв газрыг 1400 м.кв гэж иргэн Ц.Зүнзиндоржид ойлгуулж, газар эзэмшүүлэх шийдвэрийг мөн алдаатай буюу 1400 м.кв газраар гаргасан. Энэ нь 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 091100161 дугаартай нэгж талбарын кадастрын зургаас харагдаж байна. Мөн “Дорнод Онон” ХХК-ийн захирал Д.Бат-Оршиход Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 280 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 12183 м.кв газрын хувийн хэрэгтэй танилцахад дээрх 12183 м.кв газрын зураглал байхгүй, анхны эзэмшүүлсэн үеийн байршил, хэмжээг тогтоох боломжгүй байна. Иймд 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 091100161 дугаартай нэгж талбарын кадастрын зураг нь үндэслэлтэй зураг гэж үзэж байна. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд 2008 онд аймгийн төвүүдийн кадастрын зураглалыг шинэчлэх ажлыг зохион байгуулсан. Уг ажлын хүрээнд газрын албанаас газар эзэмшигч нэг бүртэй биечлэн уулзаж, газрын хэмжилт, зураглалын ажлыг газар дээр нь гүйцэтгэсэн. Гэтэл иргэн Ц.Зүнзиндоржийн 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 091100161 дугаартай нэгж талбарын кадастрын зурагт тусгагдсан эзэмшлийн газрын баруун урд буюу одоо маргаан үүсээд байгаа хэсгийг иргэн Д.Батзоригийн эзэмшилд оруулан зураглал үйлдсэн байна. Мөн нэхэмжлэгч нь анх өөрт эзэмшүүлсэн газрыг бүрэн эзэмших, дутуу хэсгийг газар эзэмшүүлсэн захирамжид нэмж тусгуулах асуудлыг 2007 оноос хойш холбогдох байгууллагуудаар хөөцөлдөж байгаа. Мөн Хэрлэн сумын ИТХ-ын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар хуралдааны 05 дугаар тогтоолоор дээрх маргаан бүхийн 570 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний болгон эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд дээрх үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, иргэн Ц.Зүнзиндорж болон Д.Батзоригтой харилцан тохиролцон эвлэрч, маргаан үүсээд байгаа 570 м.кв газрыг эзэмшүүлэх асуудлыг хуулийн дагуу зохион байгуулах хүсэлтэй байна гэжээ.

       Гуравдагч этгээд Д.Батзориг шүүхэд гаргасан тайлбартаа: ... Ц.Зүнзиндорж нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Хуулинд зааснаар газраа кадастржуулан баталгаажуулсан нөхцөлд баталгаажуулсан хэмжээгээр олгодог. Хэрэв хуулийн шаардлага хангаагүй бол тухайн газар эзэмших эрх хадгалагдана гэж хуулинд заагаагүй байна. Нэхэмжлэлээс уншихад 2007 оноос өмнө газрын кадастрын зураглал байгаагүй гэсэн ойлголт төрүүлж байна. 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн газрын хэмжээ зөрүүтэйг мэдсэн байна. Тэрээр газрын хэмжээ зөрүүтэй эсэх асуудлаар ямар өргөдөл, хүсэлт гаргасан гэдэг нь тодорхойгүй байна. Түүнчлэн өөрийн эрх ашиг зөрчигдсөныг мэдсэнээс хойш шүүхэд 2016 оны 07 дугаар сард хандсан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэдэг заалтыг зөрчсөн байна... Миний бие Дорнод Онон ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг болно. Тус компани нь 2 үүсгэн байгуулагчтай Д.Бат-Орших, Д.Батзориг. Үүсгэн байгуулагчид хуралдаж, өөрийн хувьцаанд ногдох хэсгийг авсан бөгөөд барилга байгууламж нь өөрийн эдэлбэр газартайгаа шилжсэн болно. Миний бие Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/122 дугаар захирамжаар 12183 м.кв газрыг орон сууц, автогаражийн зориулалтаар эзэмшиж байгаа болно. Иймд Ц.Зүнзиндоржийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн оролцогчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ц.Зүнзиндоржийн “Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Д.Батзоригт олгосон газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

       Нэхэмжлэгч Ц.Зүнзиндорж нь Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт 1400 м.кв газар, гуравдагч этгээд Д.Батзориг нь тухайн газрын хөрш залгаа 12183 м.кв газрыг эзэмшдэг. Тэдний эзэмшлийн 280 м.кв орчим газрыг давхацсан гэж үзэж Д.Батзоригт олгосон газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг аймгийн Засаг даргад даалгахыг нэхэмжлэгч хүссэн. Хариуцагчийн төлөөлөгч нь Ц.Зүнзиндорж, Д.Батзориг нартай харилцан тохиролцон эвлэрч, хоёр иргэнд давхацуулан эзэмшүүлсэн, маргаантай газрын эзэмшлийн асуудлыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг хүссэн. Гуравдагч этгээд маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшиж байгаа, давхцаагүй гэж үздэг.

      Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамжаар Дорнод-Онон ХХК-нд 0,81 га, ЦМК ХХК-нд 0,30 га газрыг тус тус үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.[1]

      2002 онд нэхэмжлэгч Ц.Зүнзиндорж нь ЦМК ХХК-ийн эзэмшил газраас 1400 м.кв газрыг шилжүүлэн эзэмшихээр болсон нь Хэрлэн сумын Засаг даргын 2002 оны 223 дугаар захирамж[2], газар эзэмших эрхийн 0008786 тоот гэрчилгээ[3], ЦМК ХХК-иас өөрийн хувьцаанд ноогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн баримтууд[4] зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 183 дугаар захирамж, газар эзэмших эрхийн 0061260 дугаар гэрчилгээ, 2010, 2015 оны газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг зэргээс үзэхэд 2007 онд тэрээр тухайн газрынхаа газар эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох баримт бичгүүдийг шинэчлүүлжээ[5].  

     Харин Дорнод-Онон ХХК нь 1997 оноос хойш маргаан бүхий газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ирсэн болох нь хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, Ц.Зүнзиндорж, Д.Батзориг нарын эзэмшил газрын нэгж талбарын хувийн хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 280 дугаар захирамж, газар эзэмших эрхийн 1997 оны Х-007 тоот гэрчилгээ болон бусад баримтаар нотлогдож байна.[6] Мөн 2012 онд Дорнод-Онон ХХК-нд Дорнод аймгийн Засаг даргын А/400 тоот захирамжаар 12183 м.кв газрын газар эзэмших эрхийн 0176472 тоот гэрчилгээг шинэчлэн олгожээ.[7] 2014 онд гуравдагч этгээд Д.Батзориг нь Дорнод-Онон ХХК-иас дээрх 12183 м.кв газрыг шилжүүлэн эзэмших болсон нь газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт, Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны А/122 дугаар захирамж, газар эзэмших эрхийн 000440547 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын болон тойм зургууд, үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбогдох баримтууд зэргээр тогтоогдож байна[8]. Ингэхдээ Дорнод Онон ХХК-ийн эзэмшиж байсан 12183 м.кв газрын хэмжээ, байршилд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулаагүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу шилжүүлсэн байх тул түүнийг уул газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн маргаж байгаа 280 м.кв газар нь Д.Батзоригийн эзэмшил газарт хамаарч байгаа, уул газар дээр гуравдагч этгээдийн вагончик, кран зэрэг эд хөрөнгө байрлуулснаас өөр үл хөдлөх хөрөнгө байхгүй талаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан тул нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарласан, ямар нэгэн саад учруулсан зүйл байхгүй гэж үзлээ.[9]

      Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар Монгол улсын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхэд бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага тавигддаг. Хэргийн оролцогчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд, Ц.Зүнзиндорж, Д.Батзориг нарын эзэмшил газрын кадатсрын зураг зэргээс үзэхэд маргаан бүхий 280 м.кв газрыг иргэдэд эзэмшүүлэхдээ давхцуулан олгосон гэдэг нь тогтоогдож байна[10]. Гэвч ийнхүү давхцуулан эзэмшүүлсэн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй. Яагаад гэвэл холбогдох этгээдүүд 1997 оноос хойш маргаан бүхий газрыг болон түүний орчимд газар эзэмшиж ирсэн. Мөн Ц.Зүнзиндоржийн эзэмшил газрыг Д.Батзоригт давхцуулан олгосон, өөрөөр хэлбэл Д.Батзоригт сүүлд нь эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

      Харин нь ч 2002 онд Ц.Зүнзиндоржид газар эзэмшүүлсэн захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зурагт бичигдсэнээр түүний хууль ёсоор эзэмших эрхтэй газрын хэмжээ нь 1400 м.кв байхад бодит байдал дээр ЦМК ХХК-иас эрх шилжүүлэн авч эзэмшиж, ашиглаж ирсэн газар нь 1970 м.кв орчим хэмжээтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар[11] тогтоогдож байна. Үүнээс үзвэл 2002 онд ЦМК ХХК-иас нэхэмжлэгч Ц.Зүнзиндоржийн шилжүүлэн авсан газрын хэмжээг 1970 м.кв орчим байхад 1400 м.кв гэж буруу хэмжиж, багасган тогтоосон асуудал нь тухайн үед хэмжилт хийсэн захиргааны байгууллагын ажилтны буруугаас үүдэлтэй бөгөөд иргэдэд давхцуулан олгосон гэж маргаж байгаа 280 м.кв газрын асуудлыг нэхэмжлэгчийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Тодруулбал: 2002 оноос хойш нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөө тойруулан хашаа татаж, эзэмшиж, ашиглаж ирсэн газраас дутуу хэмжиж олголгүй үлдээсэн, холбогдох захирамж, гэрээ, гэрчилгээнд тусгагдаагүй үлдсэн 570 м.кв орчим газраас гуравдагч этгээдийн эзэмшилтэй давхацсан 280 м.кв газрыг хасаж, үлдэх газрыг нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж байгаа 1400 м.кв газар дээр нэмж эзэмшүүлэх боломжтой байна. Ингэхдээ түүний эзэмшил газрын зориулалтыг тодруулж, хуульд нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай юм. Анх ЦМК компанид үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн атлаа 2007 онд Ц.Зүнзиндоржийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохдоо гэр бүлийн хэрэгцээний зориулалттай болгон өөрчилжээ.

     Дээр дурдсан үндэслэлүүдээс гадна гуравдагч этгээд Д.Батзоригт 12183 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн нь хуульд заасан журмыг зөрчөөгүй, газар давхцуулсан асуудалд түүнийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, нэхэмжлэгч Ц.Зүнзиндоржийн “Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Д.Батзоригт олгосон газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Зүнзиндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЮУНТУНГАЛАГ

 


[1] Хавтаст хэргийн 109-112 дугаар хуудас.

[2] Хавтаст хэргийн 113 дугаар хуудас.

[3] Хавтаст хэргийн 117 дугаар хуудас.

[4] Хавтаст хэргийн 81-106 дугаар хуудас.

[5] Хавтаст хэргийн 6-10, 37- 39 дугаар хуудас.

[6] Хавтаст хэргийн 27-28, 32-33, 109-110, 114-116, 120-131 дүгээр хуудас.

[7] Хавтаст хэргийн 40, 127, 128 дугаар хуудас.

[8] Хавтаст хэргийн 42-51, 67-80, 129 дугаар хуудас.

[9] Хавтаст хэргийн 1-2, 8-9, 27-28, 47-49, 58-63, 158 дугаар хуудас.

[10] Хавтаст хэргийн 1-2, 8-9, 27-28, 32-33, 47-49, 58-63 дугаар хуудас.

[11] Хавтаст хэргийн 5-9, 27-28, 37-41, 58-63, 113-118 дугаар хуудас.