Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 419

 

 

 

 

 

 

 

 

 

   О.Сансарт холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Энх-Амгалан,

ялтан О.Сансарын өмгөөлөгч С.Дангаасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 4ий өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Сансар, түүний өмгөөлөгч С.Дангаасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Сансарт холбогдох 201526010049 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Бөрт овгийн Отгоны Сансар, 1983 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ЭСТЮ” ХХК-нд харуул, хамгаалалтын ажилтай гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр зам-баруун өлөнтийн 50 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны Булгийн 63а тоотод түр оршин сууж байсан,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. /регистрийн дугаар: МЗ83010471/

 

О.Сансар нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүүргийн автобусны буудал дээр 2015 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хамт явсан Б.Шийлэгтөмөрийг зодож “... баруун дээд 1, 2, доод 1 дүгээр шүдний хазах гадаргууны эмтрэл, эрүүний баруун талд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.    

           

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас О.Сансарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

О.Сансарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар О.Сансарт оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, үлдэх 1 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 48 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хохирогч Б.Шийлэгтөмөр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч О.Сансарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан О.Сансар гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би хохирогчид учирсан хохирлыг арилгасан ба өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Иймд надад оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан О.Сансарын өмгөөлөгч С.Дангаасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. О.Сансарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчид тохирсонгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч эмчилгээ, эм тарианы төлбөрт 205,000 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан. Шүүгдэгчийн зүгээс нийт 460,000 төгрөгийн хохирлыг өгсөн бөгөөд 255,000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа. Хохирогч шүүх хуралдаанд ямар ч баримт, нотолгоо байхгүй мөнгө нэхэх, шүдээ эмчлүүлбэл гомдолгүй гэж хэлснээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Хохирогч Б.Шийлэгтөмөр нь шүүх хурлаас хойш шүдээ эмчлүүлэх, засуулах төлбөрт 100,000 төгрөг авч гэм хорын хохирол бүрэн арилсан гэсэн.

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нарийн мэргэжлийн эмч, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1247 тоот дүгнэлтэд “хохирогч Б.Шийлэгтөмөрт хөнгөн зэргийн гэмтэл учирсан, толгойн КТГ-н шинжилгээнд эрүү болон хамар ясанд хугарал тогтоогдоогүй, шүүх сэтгэц эмгэг судлалын 163 дугаартай дүгнэлтээр Б.Шийлэгтөмөр сэтгэцийн ямар нэгэн өвчингүй” гэж гарсан.

3. Хохирогч Б.Шийлэгтөмөр нь 2016 оны 5 дугаар сарын 19-нд шүүгдэгч О.Сансарт гомдол саналгүй, гэм хор бүрэн арилсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй болсон талаар хүсэлтээ Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн.

Иймд О.Сансар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хөнгөн гэмтэл учруулсандаа чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, гэм хороо бүрэн арилгасан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд О.Сансарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ. О.Сансарын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тэрээр 2006 онд бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулан албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсны дээр хэрэг гарснаас хойш жилийн дараа хохирол төлбөр төлсөн зэрэг хувийн байдлыг нь харгалзан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

О.Сансар нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүүргийн автобусны буудал дээр 2015 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хамт явсан Б.Шийлэгтөмөрийг зодож “... баруун дээд 1, 2, доод 1 дүгээр шүдний хазах гадаргууны эмтрэл, эрүүний баруун талд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Б.Шийлэгтөмөрийн “... 2015 оны 1 дүгээр сарын 29-ний 18 цагийн үед Сансараа “би нэг эмэгтэйтэй танилцсан, одоо уулзах гэж байна, чи хань болоод яваад өгөөч” гэхээр нь “яаж хоёр хүнд саад болж хамт явах вэ? дээ” гэхэд Сансараа “тэгвэл нэг найз хүүхнээ дуудлаа, чи тэр хүүхэнтэй хамт суучих” гэхээр нь би зөвшөөрсөн юм... Бид 4 караоке бааранд орж 2 цаг гаран дуулсан. Хүн тус бүр 2 шил “Боргио” пиво авч, 0,5 литрийн “Экс” архи хувааж ууцгаасан. 23 цаг өнгөрч байхад “Дабле Ви” бааранд орж 0,5 литрийн “Улаанбаатар” архи, хүн тус бүр 1 шил пиво авч уугаад 01 цаг 40 минутын орчимд баарнаас гарсан. Сансараагийн шинэ танилцсан хүүхэн таксинд суугаад яваад өгсөн. Сансараа, Түмээ бид 3 такси бариад явсан. Манай гэр Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын хажууд байдаг учир би дүүргийн автобусны буудал дээр буусан юм.  Түмээ танилындаа хонохоор мөн таксинаас буугаад зам хөндлөн гараад явахад араас нь Сансараа очоод манайд хоночих гээд гарнаас нь татаад такси руу чирээд байсан. Би Сансарааг хориглож “чи яагаад байгаа юм бэ, наад эмэгтэйгээ явуул” гэхэд “чи цаашаа бай, чамд хамаагүй” гээд маргаж, миний өмсөж явсан куртикны захнаас боож дараад нүүрэнд өшиглөсөн...” /хх-14-15, 86, 183, 216/,

- Гэрч А.Түмэнжаргалын “... Сансар, Төмөрөө бид гурав гэр, гэртээ харихаар такси бариад сууцгаасан... Би ахындаа хонохоор Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, дүүргийн буудал дээр буухад Төмөрөө миний араас буух гээд тэр хоёр маргалдаад үлдэцгээсэн. Би таксинаас буугаад эргээд хартал Төмөрөө миний араас таксинаас буухад Сансараа араас нь гарч ирээд тэр хоёр маргалдаж байгаад Сансар, Төмөрөөг цохисон бололтой Төмөрөө нүүрээ дараад сууж байгаа харагдсан. Тэгээд Сансар намайг “хаачих гэж байгаа юм бэ” гэж хэлээд миний куртикны малгайнаас татахад нь би цааш гүйгээд яваад өгсөн...” /хх-18-20, 87-88/ гэх мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Шийлэгтөмөрийн биед тухайн үед баруун дээд 1, 2, доод үүдэн 1 дүгээр шүдний хазах гадаргууны эмтрэл, эрүүний баруун талд зөөлөн эдийн няцралд гэмтэл учирсан байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн №1247 дугаар дүгнэлт /хх-171-172/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Урьд гаргасан №3502 дугаар дүгнэлт үндэслэл муутай. №1247 дугаар дүгнэлттэй санал нэг байна. 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хийгдсэн толгойн КТГ-н шинжилгээнд эрүү, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдсонгүй. Шүүх эмнэлгийн №3502, №1247 тоот үзлэгээр Б.Шийлэгтөмөрт тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэг гэсэн дүгнэлт гаргаагүй байна. Б.Шийлэгтөмөрийн биед тухайн үед баруун дээд 1, 2, доод 1 дүгээр шүдний хазах гадаргууны эмтрэл, эрүүний баруун талд зөөлөн эдийн няцралд гэмтэл учирсан...” гэсэн шинжээчийн №352 дугаар дүгнэлт /хх-212-213/,

- О.Сансарын үйлдсэн хэргийн талаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байна.  

 

Анхан шатны шүүх “О.Сансар нь нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрсан” гэм буруутай талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулжээ.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна. 

 

            О.Сансарын гэм буруу болон өмнө нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгтээ дүгнэлт хийгээгүйн дээр удаа дараа гудамж талбайд жижгээр танхайрах зөрчил гаргаж байсан хувийн байдал, одоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршгийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь тохиромжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, “хорих ялыг тэнсэж, хянан харгалзах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан О.Сансар, түүний өмгөөлөгч С.Дангаасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХТУУЛ

 

                                     ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                          М.ПҮРЭВСҮРЭН