Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/01267

 

Н.Энхтөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2016/00248 дугаар шийдвэр,        

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Энхтөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Цаст Алтайн жинчид” ХХК-д холбогдох,

“Цаст Алтайн жинчид” ХХК-ийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цаст Алтайн жинчид” ХХК нь 2010 оны 10 сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээврийн үйл ажиллагаа эрхлэхээр Х.Силам, Ж.Дамбий, Ц.Болдбаатар, Б.Цэрэндаш, М.Одсүрэн, Н.Энхтөр, С.Энхтөр, Н.Гантулга, Э.Энхтайван нарын хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн эрх, үүрэг үүссэн юм. Манай компанийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлээр “Цаст Алтайн Жинчид” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ж.Дамбий юм.Хууль зүйн үүднээс авч үзвэл албан ёсны бүртгэлд тусгагдсан төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал Ж.Дамбийгийн үйл ажиллагаа, түүний гарын үсэг зурсан гэрээ хэлцлийг хууль ёсны гэж үзнэ.Би “Цаст-Алтайн жинчид” ХХК-нд ТУЗ-ийн дарга хийдэг. “Цаст Алтайн жинчид” ХХК-нд М.Одсүрэн гэдэг захирал огт байдаггүй, захирлаар огт ажилладаггүй, “Цаст Алтайн жинчид” ХХК-ийн тамга тэмдгийг хууль бусаар ашиглаад өөрөө өөрийгөө захирал гээд томилчихсон М.Одсүрэнгийн хууль бус 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Цаст Алтайн Жинчид” ХХК нь “Мо Эн Ко” ХХК-тай Хөшөөтийн нүүрс тээвэрлэх гэрээг 2011 оноос хойш байгуулан хамтран ажиллаж ирсэн ба уг гэрээнд “Цаст Алтайн Жинчид” ХХК-ийг төлөөлөн 2011 онд Х.Силам, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний 2014 тоот нүүрс тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх гэрээг М.Одсүрэн би төлөөлөн хийсэн байдаг. Уг гэрээгээр “Мо Эн Ко” ХХК-ийн өмчлөлийн нийт 15 авто машиныг манай компани нь гэрээгээр авч ажил үйлчилгээ явуулж байгаа. Үүнийг нэр бүхий 15 жолоочид эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ мөн хөдөлмөрийн гэрээгээр хариуцуулж өгсөн байдаг. Н.Энхтөр нь удаа дараа компанийн дотоод дүрэм, журмыг зөрчиж хариуцуулсан эд хөрөнгөндөө гэмтэл учруулж дураараа авирласан учир арга буюу Н.Энхтөртэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж автомашиныг хураан авахаас аргагүй байдал үүссэн гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2016/00248 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 тоот “Цаст Алтайн жинчид” ХХКомпанийн захирал М.Одсүрэнгийн “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 248 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч “Цаст Алтайн жинчид” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгожээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:“Цаст Алтай Жинчид” ХХК нь 2010 оны 10 сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Х.Силам, Ж.Дамбий, Ц.Болдбаатар, Б.Цэрэндаш, М.Одсүрэн, Н.Энхтөр, С.Энхтөр, Н.Гантулга, Э.Энхтайван нарын хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдаж албан ёсоор бүртгүүлж хуулийн этгээдийн эрх авсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй байгаа. ...2015.10.28-ны өдрийн “Цаст Алтай Жинчид” ХХК-ийн 51 дугаартай тушаал нь 2015.10.26-ны өдрийн “Цаст Алтай Жинчид” ХХК-ийн Тээвэрчдийн хурлын шийдвэр, “Мон Эн Ко” Ложистекийн хэлтсийн 2015.09.15-ны өдрийн мэдэгдлийг үндэслээд ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм.“Цаст Алтай Жинчид” ХХК-нд Л.Хүрэлбаатар, Н.Болдоо, М.Эрдэнэчулуун, Г.Анхбаяр, Х.Жанибек, Б.Энхзориг, П.Энхбат, Х.Ганхуяг, Т.Цагаанбанди, О.Батмонгол, Б.Мянганбуу, П.Дашдорж, Б.Зуунболд, Н.Мягмардорж, П.Осор, Б.Энэбиш, З.Азжаргал, Э.Энхбат, Х.Гантөмөр, Ж.Нямзундуй, Б.Даваажаргал гэх хүмүүс огт байдаггүй. Энэ хүмүүс мэдэгдэл хүргүүлэх шийдвэр гаргах эрхтэй субъектүүд биш юм.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлана” гэж заажээ. Нэхэмжлэгч Н.Энхтөр би ямар зөрчил гаргаснаа ойлгохгүй байна.Давж заалдах шатны шүүх “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулах, дутуу шийдвэрлэх зэрэг зөрчлүүдийг гаргасан байна...” гэж үзсэн нь үндэслэлгүй юм....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заажээ. Гэтэл Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг үүргээ биелүүлээгүй хавтаст хэргийг бүрэн гүйцэт, бүрэн дүүрэн судлаагүй гэж үзэж байна....Түүнчлэн давж заалдах шатны шүүх “...шүүх 2016.02.25-ны ...2 удаа шүүх хуралдаан хийсэн боловч шүүх хурлын тэмдэглэл байхгүй...” гэжээ. 2016.02.25-ны өдрийн Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 179 дугаартай тэмдэглэл хавтаст хэрэг байгаа бөгөөд шүүх хавтаст хэрэгтэй бүрэн бичигдсэн бөгөөд шүүгчийн 153/Ш32016/00475, 153/Ш32016/00476 дугаартай захирамжуудыг 2016.02.25-ны өдрийн шүүх хурал дээр гаргаж хэргийн оролцож нарт танилцуулсан учир дахин гардуулах шаардлагагүй захирамжууд юм....Мөн Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “2016 оны 05 сарын 23-ны өдрийн 248 дугаар шийдвэрт анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөс машин битүүмжилсэн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хэвээр үлдээх хүсэлт гаргасан, хариуцагч талын өмгөөлөгчөөс шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан байхад шүүх шийдвэр гаргахдаа зохигч талуудаас гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэлгүй орхигдуулсан...” гэжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал 2015.12.17-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Тээврийн хэрэгслийг битүүмжилж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан 2016.01.07-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөпөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн захирамж гаргасан. Гэтэл дээрхи үндэслэлүүдээр Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 248 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.Иймд Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 01 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 248 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэл муутай болжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн гаргасан алдаа бүр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй ба эдгээр алдааг залруулахын тулд хэргийг зайлшгүй дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай эсэх, шүүн таслах ажиллагааны хэмнэлтийн зарчимд энэ нь нийцэх эсэх, эрх зүйн маргааны шийдвэрлэлтэд нөлөөлөх эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан эсэх зэрэг байдлыг давж заалдах шатны шүүх анхаараагүй гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан алдаа, зөрчлийг илрүүлэх нь зөв боловч уг алдааг залруулах арга, журмыг зөв сонгох ёстой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.-т зааснаар нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилдаг бөгөөд шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилдог. Анхан шатны шүүх хуульд заасан энэ журмыг зөрчсөн нь буруу боловч энэ алдааг залруулахын тулд зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг дахин хянан шийдвэрлэх шаардлагагүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг буцаан авах тухай хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, хоёр гэрч асуулгах тухай хүсэлтийг бүрэн хангаагүйгээс уг хүсэлтийг өмгөөлөгч дахин гаргасан, гэрч асуулгах хүсэлтийг хангахаар шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргаагүй зэрэг нь алдаа мөн боловч шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан тул эдгээр ажиллагааг дахин хийх, зохигчдын хоорондох маргааныг дахин хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзэх үндэслэл тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч С.Энхтөр хариуцагчийг солих хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй атлаа түүний өмгөөлөгчийн хариуцагчийг солих хүсэлтээсээ татгалзсаныг шийдвэрлэсэн нь буруу гэж давж заалдах шатны шүүх үзжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгч нь зохигч талын төлөөлөгч тул хариуцагчийг солих талаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс өмнө буюу маргааш нь \хх-ийн 90, 104 дүгээр тал\ нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийн хүсэлтээс татгалзсаныг шүүх шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Энэ байдлыг хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй атлаа түүний өмгөөлөгчийн гаргаагүй хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Анхан шатны шүүх дээрх байдлыг тодорхой болгож, асуух, тэмдэглэлд тусгуулах зэргээр ажиллагаагаа ойлгомжтой хийгээгүй нь буруу боловч энэ дутагдал мөн л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 152\Ш32016\00477 захирамжид гомдол гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1.-д заасан хугацааг үндэслэлгүйгээр сэргээсэн, захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулаагүй зэрэг алдааг хэргийг дахин хянан шийдвэрлэх тохиолдолд хэрхэн залруулахыг давж заалдах шатны шүүх заагаагүй байна.

Шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хэвээр үлдээлгэх тухай нэхэмжлэгч талын, уг арга хэмжээг хүчингүй болгуулах тухай хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй нь буруу боловч уг зөрчил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах үндэслэл болохгүй юм. Хэргийн оролцогчийн хүсэлтийг тухай бүрт нь шийдвэрлэж, хариу өгч байх үүргээ шүүх биелүүлээгүй явдал “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ  энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг  шийдвэрлэх хүртэлх хугацаанд  хэвээр байна” гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т заасан зохицуулалтыг үгүйсгэхгүй тул хэргийн оролцогчдын эрх ноцтойгоор зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн боловч хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн алдаа гаргасныг шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Н.Энхтөрийн “Цаст Алтайн жинчид” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг уг компанийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр тушаалаар дуусгавар болгож, жолоочийн ажлаас чөлөөлжээ \хх-ийн 3 дугаар тал\. Уг тушаалыг гаргасан М.Одсүрэн нь тухайн компанийн захирал болох нь, улмаар ажил олгогчийг төлөөлж, хөдөлмөрийн эрх зүйн харилцааг эхлүүлэх, өөрчлөх, дуусгавар болгох бүрэн эрхтэй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул шүүх  2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Энхтөрийн гомдлыг хангасан нь үндэслэлтэй болжээ.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1., 83.3.-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг ба хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна. Мөн зүйлийн 83.6., 83.7.-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд уг гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга/ гарын үсэг зурж, гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгахаар заажээ. Мөн зүйлийн 83.8.-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Нэхэмжлэгч Н.Энхтөрийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан М.Одсүрэнг “Цаст Алтайн жинчид” ХХК-ийн захирал гэж үзэх хуульд заасан дээрх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар уг компанийн захирлаар өөр хүн бүртгэгдсэн болох нь баримтаар нотлогдсон тохиолдолд ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал гарсан гэж үзэх үндэслэлгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.2.-т зааснаар “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлдэг бол “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлдэг байна. Мөн зүйлийн 3.1.6.-д зааснаар “ажил олгогчийн төлөөлөгч”-ид аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, эсхүл ажил олгогчоос эрх олгосон этгээд буюу дүрэмдээ  ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагыг хамааруулдаг байна.

Харин анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан, зохигчдын хоорондох маргааны эрх зүйн үндэслэл болохгүй  зохицуулалтыг шийдвэрт баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар залруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заадаг учир Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж буй шүүх бүрэлдэхүүний шүүгчдийг нэрлэн заахаас өөрөөр ажил, албан тушаалыг заах шаардлагагүйг тэмдэглэж байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2016/00248 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.     

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН