2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/02891

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 07 191/ШШ2025/02891

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоотод байрлах УБТЗ /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод байрлах идл ХХК /РД: ***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 37,515,701 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Б.Н, Х.Э

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Х.Э нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

/Хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай "УБТЗ ХНН-тэй "идл" ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 05- ний өдөр №ОГ/22/262 дугаартай "УБТЗын эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх тухай гэрээ" байгуулан өөрийн 200 вагонд үзлэг үйлчилгээ, засвар хийлгүүлж хамтран ажилласан.
Дээрх гэрээний 4.3, 4.4, 4.5 дах заалтын дагуу "идл" ХХК нь бидэнд тус компанийн эзэмшлийн вагонуудыг Сүхбаатар өртөөнд хүлээн авах, 2022 оны өвлийн тээвэр болон 2023 оны зуны тээвэрт бэлтгэх, үзлэг хийх техникийн үйлчилгээний ажлын төлбөрийг төлөхөөр тохиролцсон болно. Улмаар тус компанийн эзэмшлийн вагонуудын техникийн үйлчилгээний төлбөр доорх байдлаар нийт 26,561,680 төгрөг болсон. Төлбөрийн задаргааг дараах байдлаар тооцсон. Үүнд:

-       2022 оны 11 сард Сүхбаатар өртөөнд вагон хүлээж авахад УБТЗ ХНН-ийн вагон үзэгч нарын илүү цагийн ажлын хөлс 4,567,927 төгрөг,

-       2022 оны өвлийн тээвэрт бэлтгэх ажлын хөлс 18,647,050 төгрөг, 2023 оны зуны тээвэрт бэлтгэх ажлын хөлс 3,230,595 төгрөг,

-       2023 оны 2 дугаар сар дах 42359943, 42362244 дугаартай вагонуудын салгалттай засварын төлбөр 116,108 төгрөг болсон.

Түүнчлэн гэрээний 5.1-д "Түрээслэгч засварын ажлын болон техникийн бүрэн үйлчилгээ үзүүлсний төлбөрийг энэ гэрээний 4.4, 4.5-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд нэхэмжлэхийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлнө" гэж заасны дагуу дээрх төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн алдангийг тооцоолж үзэхэд 2024 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар алданги нийт 10,954,021 төгрөг болсон. "УБТЗ ХНН-ийн зүгээс дээрх засвар үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа "идл" ХХК-д амаар болон бичгээр мэдэгдсэн бөгөөд тус компани өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Зам ашиглалтын хөлс болох 6,140,517,225 /Зургаан тэрбум нэг зуун дөчин сая таван зуун арван долоон мянга хоёр зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Манай "УБТЗ ХНН-тэй "идл" ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 13-ний өдөр №ТТГ/22/476 дугаартай "Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ" байгуулан 200 вагоныг тээвэрт оролцуулсан болно. Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №154 дүгээр тушаалын 5 тавдугаар хавсралтаар батлагдсан "Төмөр замаар ачаа тээвэрлэх журам"-ийн 23.6.1-д "байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн ..... өртөө зөрлөгт ачилт буулгалтад вагоныг тавьж өгөх, татаж авахад санамжийг үйлдэж тарифын мөрдлөгийн дагуу холбогдох төлбөр тооцоог бодож авна" гэж заасан. "УБТЗ ХНН нь зам ашиглалтын төлбөр хураамжийг "УБТЗ ХНН-ийн замын даргын 2022.03.23-ны өдрийн №А/233 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тарифын 1 дүгээр мөрдлөгийн 9.7-д зааснаар тооцож авах эрхтэй болно. Улмаар "идл" ХХК-ийн дээрх гэрээний дагуу вагонууд нь дараах хугацаанд манай "УБТЗ ХНН-ийн эзэмшлийн замуудад ирж зогсон манай замыг ашигласан тул тус ашигласан хугацаанд санамж нээгдэж, зам ашиглалтын төлбөр нь 4,093,678,150/ Дөрвөн тэрбум ерэн гурван сая зургаан зуун далан найман мянга нэг зуун тавь/ төгрөг болсон. Үүнд: Сүхбаатар өртөөний замыг 2022.08.20-2023.06.15 хооронд ашигласан 50 вагоны зам ашиглалтын төлбөр 1,181,000,000 төгрөг, Сүхбаатар өртөөний замыг 2022.08.30-2023.06.27 хооронд ашигласан 33 вагоны зам ашиглалтын төлбөр 787,380,000 төгрөг, Сүхбаатар өртөөний замыг 2022.09.07-2023.07.03 хооронд ашигласан 17 вагоны зам ашиглалтын төлбөр 401,540,000 төгрөг, Сүхбаатар өртөөний замыг 2023.09.07-2023.11.03 хооронд ашигласан 33 вагоны зам ашиглалтын төлбөр 1,104,180,000 төгрөг,Сүхбаатар өртөөний замыг 2023.08.30-2023.11.03 хооронд ашигласан 17 вагоны зам ашиглалтын төлбөр 581,060,000 төгрөг, Сүхбаатар-Ерөө өртөө рүү явсан 39 км-ийн тээврийн хөлсний төлбөр 819,000 төгрөг, Ерөө-Сүхбаатар өртөө рүү явсан 39 км-ийн тээврийн хөлсний төлбөр 819,000 төгрөг, Сүхбаатар-Орхон өртөө рүү явсан 50 км-ийн тээврийн хөлсний төлбөр 1,050,000 төгрөг, Орхон-Сүхбаатар өртөө рүү явсан 50 км-ийн тээврийн хөлсний төлбөр 1,050,000 төгрөг, Сүхбаатар-Эрхэт өртөө рүү явсан 145 км-ийн тээврийн хөлсний төлбөр 3,045,000 төгрөг, Эрхэт-Сүхбаатар өртөө рүү явсан 145 км-ийн тээврийн хөлсний төлбөр 3,045,000 төгрөг, Хилийн зогсолтын төлбөр 7,050,150 төгрөг, Улаанбаатар өртөөний замыг 2023 оны 03 сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 сарын 30-ны хооронд ашигласан 38 вагоны зам ашиглалтын төлбөр 21,640,000 төгрөг болсон.
"УБТЗ ХНН нь №ТТГ/22/476 дугаартай "Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ"-ний 3.1.7, 3.1.8, 3.1.17, 3.1.22 дах заалтуудаар зам ашиглалтын төлбөр хураамжийг тус компаниас Тарифын 1 дүгээр мөрдлөгийн дагуу шаардах эрхтэй. Гэрээний 3.1.17-д Эзэмшигч нь төмөр замын тээвэрлэлттэй холбогдсон ажил үйлчилгээний хөлс хураамжийг УБТЗ-д мөрдөгдөж байгаа тушаал, цахилгаан, ачаа тээвэрлэлтийн тарифын мөрдлөг
т заасан тарифаар төлөх бөгөөд дүрэм, журамд заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг УБТЗ-д төлнө гэж заасан. Гэрээний №ТТГ/22/476 дугаартай "Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ"-ний 3.17 дугаар заалтад заасны дагуу "идл" ХХК нь зам ашиглалтын төлбөрийн төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги бидэнд төлөх үүрэгтэй бөгөөд алдангийн хэмжээ нийт 2,046,839,075 төгрөг болсон. "УБТЗ ХНН-ийн зүгээс дээрх зам ашиглалтын төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа "идл" ХХК-д амаар болон бичгээр мэдэгдсэн бөгөөд тус компаниас холбогдох төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулна гэсэн хариуг албан бичгээр бидэнд ирүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна. Иймд идл ХХК-аас вагоны зам ашиглалтын төлбөр, түүнийг хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн алдангид 6,140,517,225 төгрөгийг гаргуулж өгнө үү. УБТЗ нь Монгол улсын хэмжээнд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг үзүүлдэг байгууллага бөгөөд хувийн эзэмшлийн вагон бүхий компаниудтай тээвэрлэгчид үл харьяалагдах вагоныг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ байгуулж, энэхүү гэрээний дагуу вагоныг оролцуулах явцад УБТЗ ХНН ТББ -ийн эзэмшлийн зам дээр вагоноо зогсоовол төлбөр төлөхөөр тохиролцдог. Өөрийн эзэмшилд байгаа вагоныг УБТЗын эзэмшлийн зам дээр зогсоовол хоног тутамд тарифын мөрдлөгийн дагуу зам ашиглалтын төлбөр төлөхөөр тохиролцдог. Тухайн үйл явдал болох үед 2007 онд батлагдсан Төмөр замын тээврийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул уг хуулийн 18 дугаар зүйлд зааснаар тарифыг өөрсдөө тогтоосон. Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №154 дүгээр тушаалын 5 тавдугаар хавсралтаар "Төмөр замаар ачаа тээвэрлэх журам"-ийг баталсан. Уг журмын 23.6.1-д "байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн ..... өртөө зөрлөгт ачилт буулгалтад вагоныг тавьж өгөх, татаж авахад санамжийг үйлдэж тарифын мөрдлөгийн дагуу холбогдох төлбөр тооцоог бодож авна" гэж заасан. идл ХХК-тай байгуулсан гэрээ болон эдгээр хууль, эрх зүйн баримт бичгүүдэд үндэслэн нэхэмжлэл гаргасан. Төмөр замын тээврийн тухай хуулиар зөвшөөрөлгүй, засвар хийгдээгүй, төмөр замын тээвэрлэлтэд оролцох боломжгүй вагонуудыг тээвэрлэлтэд оролцуулахыг хориглодог. Хувийн эзэмшлийн вагоны компаниуд вагоныг зайлшгүй өвөл, зуны тээвэрт бэлтгэх, тээвэрлэлтэд оролцуулах техникийн үйлчилгээг хийлгэсэн байхыг шаарддаг. Техник ашиглалтын журмын дагуу тээвэрлэлтэд оролцох вагон үзлэг, үйлчилгээг хийлгэсэн байх ёстой. Үүний дагуу идл ХХК нь УБТЗ ХНН ТББ-тай эзэмшлийн бус вагонд засвар үйлчилгээ хийлгэх гэрээг 2022 онд байгуулж, вагонуудад үзлэг үйлчилгээ хийлгэсэн. Гэрээнд талууд хэрхэн үзлэг, үйлчилгээг хийх, хэдэн төгрөгөөр хийх талаар тохиролцсон. Гэрээний дагуу үзлэг, үйлчилгээ авсан боловч мөнгийг төлөөгүй. Гэрээнд хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол алданги тооцно гэж заасны дагуу нийт 37,515,701 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага 37,515,701 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 6,140,517,225 төгрөг нийт 6,178,032,926 төгрөгийг идл ХХК-аас гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

2.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10/1415 тоот Итгэмжлэл /хх-5/, УБТЗын вагон ашиглалтын депо-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 51/940 тоот Төлбөр төлүүлэх тухай албан бичиг /хх-6-7/, идл ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 010913 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичиг /хх-8/, идл ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 40/23 дугаар Хариу албан бичиг /хх-9/, УБТЗын вагон ашиглалтын депо-ийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 31/577 дугаар албан бичиг /хх-10/, №3/ГҮ-2-30 дугаар Нэхэмжлэх /хх-11/, 2023 оны зуны тээвэрт бэлдэх үзлэг, засварын ажлын зардлын тооцоо /хх-12-13/, №23/116 дугар нэхэмжлэх /хх-14/, Вагон засварласан тооцооны хуудас /хх-15-16/, Вагоны засварын захиалгын маягт /хх-17-20/, №958 дугаар нэхэмжлэх /хх-21/, СБТҮГ-ын ажилтнуудын идл ХХК-ийн вагонуудыг хилээр хүлээн авахад ажилласан илүү цаг /хх-22/, №943 дугаар нэхэмжлэх /хх-23/, Өвлийн тээвэрт бэлдэх эрүүлжүүлэх засварын ажлын гүйцэтгэл /хх-24-25/, ОГ/22/62 дугаар гэрээний алдангийн тооцоолол /хх-26/, УБТЗын эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх тухай гэрээ /хх-27-35/, УБТЗын даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/488 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаал, /хх-36-59/, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-86-88/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-89/, УБТЗын Сүхбаатар өртөөний 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71/634 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-90/, УБТЗын Сүхбаатар өртөөний 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71/632 дугаар Асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичиг /хх-91/, УБТЗын Сүхбаатар өртөөний 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 71/108 дугаар Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /хх-92/, УБТЗын Сүхбаатар өртөөний 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71/165 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-93/, УБТЗын Сүхбаатар өртөөний 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 71/184 дүгээр Хүсэлт гаргах тухай албан бичиг /хх-94/, УБТЗын Сүхбаатар өртөөний 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 71/185 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичиг /хх-95/, УБТЗын Улаанбаатар өртөөний 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26/233 дугаар албан бичиг /хх-96/, УБТЗын Улаанбаатар өртөөний 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26/323 дугаар албан бичиг /хх-97/, идл ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 79/23 дугаар Хүсэлт /хх-98-100/, идл ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 81/23 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичиг /хх-101/, УБТЗын Улаанбаатар өртөөний 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 26/418 дугаар албан бичиг /хх-102/, УБТЗын тээвэр зохион байгуулалтын албаны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/645 дугаар албан бичиг /хх-103/, УБТЗын Сүхбаатар өртөөний 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 71/452 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-104/, Тээвэрлэгчид үл харьяалагдах ачааны вагоныг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ /хх-105-119/, УБТЗын даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/233 дугаар Тарифын өөрчлөлтийн тухай тушаал /хх-120-122/, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10/871 дүгээр Итгэмжлэл /хх-141/, идл ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 037/23 тоот албан бичиг /хх-143/, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10/999 дүгээр Итгэмжлэл /хх-152/

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Э.Оргилын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-76/, идл ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-79-80/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь


Нэхэмжлэгч УБТЗ ХНН-ээс хариуцагч идл ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26,561,680.00 төгрөг, алдангид 10,954,021.00 төгрөг нийт 37,515,701.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан энэхүү хэрэгт шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа зам ашигласны төлбөрт 4,093,678,150.00 төгрөг, алдангид 2,046,839,075.00 төгрөг, нийт 6,140,517,225.00 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагчаас нийт 6,178,032,926.00 төгрөг гаргуулахаар шаардсан./х.х-ийн 86-88 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан ба шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 2025 оны 03 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч мөн хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

 

Нэхэмжлэгч УБТЗ ХНН нь хариуцагч идл ХХК-д холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №ОГ/22/262 тоот УБТЗын эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх тухай гэрээ-ний үүрэгт 37,515,701.00 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТТГ/22/476 тоот Тээвэрлэгчид үл харьяалагдах, тээврийн хэрэгслийг тээвэрт оролцуулах гэрээ-ний үүрэгт 6,140,517,225.00 төгрөг, нийт 6,178,032,926.00 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна./х.х-ийн 1, 2, 86-88 дугаар тал/

 

Хариуцагч 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй./х.х-ийн 82, 130 дугаар тал/

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

3.1 Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч УБТЗ ХНН нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №ОГ/22/262 тоот УБТЗын эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх тухай гэрээ-гээр хариуцагч идл ХХК-ийн 200 /хоёр зуу/ вагонуудыг өвөл зуны тээвэрлэлтэд бэлтгэх, техникийн бүрэн үйлчилгээ, урсгал засвар хийж гүйцэтгэхээр болсон байна /х.х-ийн 27-35 дугаар тал/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч тал хариуцагч идл ХХК-ийн 200 ширхэг вагонуудыг өвөл, зуны тээвэрлэлтэд бэлтгэх, шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэн хөлсийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №ОГ/22/262 тоот УБТЗын эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлд зааснаар тооцож төлөхөөр харилцан тохиролцсон байна./х.х-ийн 30 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2.-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зааснаас гадна 343.3.-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр гүйцэтгэгч талд хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх бөгөөд тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх ёстой.

 

Иймд, зохигчид гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн тэдгээрийн хооронд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Зохигчид гүйцэтгэсэн ажил, түүний үр дүн, доголдлын талаар маргаагүй ба нэхэмжлэгч 2023 оны оны зуны тээвэрт бэлтгэх ажлын хөлсөнд 3,230,595.00 төгрөг, 42359943, 42362244 дугаартай вагонуудын салгалттай засварт 116,108.00 төгрөг, 2022 оны 11 дүгээр сард УБТЗ ХХН-ийн вагон үзэгч нарын илүү цагийн ажлын хөлс 4,567,927.00 төгрөг, 2022 оны өвлийн тээвэрт бэлтгэх ажлын хөлс 18,647,050.00 төгрөг, алданги 10,954,021.00 төгрөг, нийт 37,515,701.00 төгрөг нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан. Тодруулбал, хариуцагч нар тус хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж заасны дагуу гагцхүү татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд хөлсийг төлөх үүргээ биелүүлэх ёстой.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч "идл" ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 05- ний өдөр №ОГ/22/262 дугаартай "УБТЗын эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх тухай гэрээ" байгуулан хариуцагчийн эзэмшлийн 200 вагонд үзлэг, засвар үйлчилгээ хийлгүүлж хамтран ажилласан ба нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэсэн үйл баримттай хариуцагч тал маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн байна.

 

Талуудын байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №ОГ/22/262 тоот УБТЗын эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.5-д өвөл зуны тээвэрлэлтэд бэлтгэх, техникийн үйлчилгээг УБТЗ ХХН-ийн тарифийн үнэлгээний дагуу үнийг нэхэмжлэл хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэхээр талууд тохиролцсон байна./х.х-ийн 30 дугаар тал/

 

Хариуцагч "идл" ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №23/ТҮ-2-30 тоот нэхэмжлэхээр 3,230,595.00 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №23/116 тоот нэхэмжлэхээр 116,108.00 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №958 тоот нэхэмжлэхээр 4,567,927.00 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №943 тоот нэхэмжлэхээр 18,647,050.00 төгрөгийг 2022 оны 11 дугаар сарын 25-ны өдөр тус тус гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээгээр үүрэг хүлээсэн нэхэмжлэгч тал гэрээнд заасан ажлыг тогтоосон газар, хугацаандаа зохих ёсоор гүйцэтгэх учиртай.

 

Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 31/940, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 31/577 тоот тус тус мэдэгдлээр хариуцагчид хөлс төлөх үүргийг мэдэгдэж байсан боловч хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол. гэж зааснаар хариуцагч "идл" ХХК-г хөлс төлөх үүргийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

3.2 Талуудын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №ОГ/22/262 тоот УБТЗын эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх тухай гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар төлбөр төлөх үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй хоног тутамд алданги 0,1 хувь байхаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ.

 

Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан тул хариуцагч гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргээс алданги төлөх үүрэгтэй.

 

Иймд"идл" ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №ОГ/22/262 тоот УБТЗын эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх тухай гэрээ-ний үүрэгт 26,561,680.00 төгрөг, алдангид 10,954,021.00 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна.

 

4. Зохигчдын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ТТГ/22/476 тоот Тээвэрлэгчид үл харьяалагдах, тээврийн хэрэгслийг тээвэрт оролцуулах гэрээ-гээр нэхэмжлэгч УБТЗ ХНН нь хариуцагч идл" ХХК-ийн 200 /хоёр зуу/ ширхэг вагоныг төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцуулах, эзэмшигч нь холбогдох төлбөр тооцоог гэрээнд заасанд хугацаанд саадгүй төлөхөөр харилцан тохиролцсон байна./х.х-ийн 105-121 дүгээр тал/

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч идл ХХК-ийн 200 ширхэг вагоныг татан авах, өөрийн эзэмшлийн төмөр замыг ашиглуулахаар харилцан тохиролцож төлбөрийг Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №154 дүгээр тушаалын 5 тавдугаар хавсралтаар батлагдсан "Төмөр замаар ачаа тээвэрлэх журам"-ийн 23.6.1-д зааснаар байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн ..... өртөө зөрлөгт ачилт буулгалтад вагоныг тавьж өгөх, татаж авах санамжаар тарифыг тооцохоор харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж зааснаар талууд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилснаас бусдаар гэрээний агуулгыг харилцан тохиролцож, үүргийн харилцааг бий болгох эрхтэй.

 

Тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 318.2-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч УБТЗ ХНН нь хариуцагч идл ХХК-д өөрийн эзэмшлийн төмөр замыг ашиглуулах, татан авах, хариуцагч нь өөрийн эзэмшлийн вагоноор тээврийн үйл ажиллагаа эрлэх, зорилгодоо хүрэх, ашиг, үр шимийг өөртөө бий болгох, улмаар гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Энэ талаар дээр дурдсан хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан ба талууд гэрээнд заасан үйл ажиллагаа явуулсан эсэх талаар маргаагүй.

 

Ингээд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч идл ХХК нь түрээсийн зүйлийг ашиглаж байсан хугацааны талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагч төмөр зам ашигласан, нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч УБТЗ ХНН нь хариуцагч идл ХХК-ийг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Сүхбаатар өртөөний замыг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 50 ширхэг вагоны зам ашиглалтын төлбөрт 1,181,000,000.00 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 33 вагоны зам ашиглалтын төлбөрт 787,380,000.00 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 17 вагоны зам ашиглалтын төлбөрт 401,540,000.00 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 33 вагоны зам ашиглалтын төлбөрт 1,104,100,000.00 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 17 вагоны зам ашиглалтын төлбөрт 581,069,800.00 төгрөг, Сүхбаатар өртөөгөөс Ерөө өртөө рүү 39 км явсан тээврийн хөлсний төлбөрт 849,000.00 төгрөг, Ерөө өртөөгөөс Сүхбаатар өртөө рүү 39 км явсан тээврийн хөлсний төлбөрт 849,000.00 төгрөг, Сүхбаатар өртөөгөөс Орхон өртөө рүү 50 км явсан тээврийн хөлсний төлбөрт 1,050,000.00 төгрөг, Орхон өртөөгөөс Сүхбаатар өртөө рүү 50 км явсан тээврийн хөлсний төлбөрт 1,050,000.00 төгрөг, Сүхбаатар өртөөгөөс Эрхэт өртөө рүү 145 км явсан тээврийн хөлсний төлбөрт 3,045,000.00 төгрөг, Эрхэт өртөөгөөс Сүхбаатар өртөө рүү 145 км явсан тээврийн хөлсний төлбөрт 3,045,000.00 төгрөг, хилийн зогсолтын төлбөрт 7,050,150.00 төгрөг, Улаанбаатар өртөөний замыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 38 вагоны зам ашиглалтын төлбөрт 21,640,000.00 төгрөг, нийт 4,093,678,150.00 төгрөгийг 2,046,839,075.00 төгрөгийн хамт нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгч дээрх төлбөрийг "УБТЗ ХНН-ийн замын даргын 2022.03.23-ны өдрийн №А/233 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тарифын 1 дүгээр мөрдлөгийн 9.7-д зааснаар тооцож нэхэмжилж 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71/634, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71/165, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26/233, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26/323, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/645, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 71/452 тоот тус тус мэдэгдлээр төлбөр төлөх үүргийг мэдэгдсэн ба хариуцагч идл ХХК 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 79/23, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 81/23, 2023 оны 06 дугаар сарын 031/28 тоот албан бичгээр тус тус төлбөрийг шат дарааллан төлж барагдуулахаа илэрхийлсэн байна./х.х-ийн 90, 93, 96-98, 101, 103, 104, 120-122,143 дугаар тал/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар тогтоосон хугацаанд төлбөрийн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй бол талууд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ТТГ/22/476 тоот Тээвэрлэгчид үл харьяалагдах, тээврийн хэрэгслийг тээвэрт оролцуулах гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон байна./х.х-ийн 109 дүгээр тал/

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч идл ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №ОГ/22/262 тоот УБТЗын эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх тухай гэрээ-ний үүрэгт 26,561,680.00 төгрөг, алдангид 10,954,021.00 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ТТГ/22/476 тоот Тээвэрлэгчид үл харьяалагдах, тээврийн хэрэгслийг тээвэрт оролцуулах гэрээ-ний үүрэгт 4,093,678,150.00 төгрөг, алдангид 2,046,839,075.00 төгрөг нийт 6,178,032,926.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБТЗ ХНН-д олгохоор шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,206,065.13 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 31,206,065.13 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус үндэслэн хариуцагч идл ХХК-аас 6,178,032,926.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБТЗ ХНН-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч УБТЗ ХНН-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,206,065.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч идл ХХК-ас 31,206,065.13 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА