2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/03074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, **** тоот хаягт оршин суух, *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******** тоот хаягт оршмн суух, *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

 

45,167,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Батбаяр /Ү№3348/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, И.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Д.Батбаярын хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.******* нь 2009 оноос 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38-7 тоот хаягт байрлах 212,8 м.к үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 77 м.кв талбайг нь үсчин гоо сайхны зориулалттайгаар түрээсийн гэрээний дагуу түрээслэж байсан болно.

Гэрээ хийснээс хойш эхний 1 жилд хугацаандаа төлж байгаад 2 дахь жилээс түрээсийн төлбөрөө дутуу төлдөг болсон. Тухай бүр тэмдэглэл хөтөлж тооцоо нийлж байсан бөгөөд 10 жилийн хугацаанд түрээсийн төлбөр 1-2 удаа өөрчлөгдсөн.

2016 оноос хойш түрээсийн төлбөрийг нэг сард 1,000,000 төгрөг болгосон, төлбөрийг сар бүрийн 10-20-ны дотор төлнө гэж гэрээнд заасан боловч хугацаандаа бүтэн төлж байсан удаа байхгүй, үргэлж дутуу төлж, ингэснээр түрээсийн төлбөр хуримтлагдсаар ирсэн.

Д.******* нь 2016 оны 3 дугаар сард хуримтлагдсан нийт 20,000,000 төгрөгийг сард 500,000 төгрөгөөр 3 жилийн хугацаанд төлж дуусгана гэж тохиролцон нотариатаар батлуулсан боловч төлбөрөө төлөөгүй улам өр нь нэмэгдсэн.

Ингээд 2016 оны 09 дугаар сарын 12-ны байдлаар тооцоо нийлж, өр 29,153,955 төгрөг болсон байсныг акт үйлдэж баталгаажуулсан, цааш түрээсээ төлөхгүй явсаар 2018 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар тооцоо нийлэхэд төлбөр 35,629,116 төгрөг болсон. Уг төлбөрийг Д.******* нь 2020 оны 4 сарын дотор төлж дуусгана гэж баталгаа бичсэн ч төлөөгүй, төлөхгүй байхаар нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээг цуцалж байрнаас гаргасан.

Түрээсийн гэрээгээ цуцалж тооцоо нийлэхэд үлдэгдэл төлбөр 35,629,116 төгрөг болсныг Д.******* нь 2021 оны 5 дугаар сарын 26-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохирч үүнээс хойш бага багаар төлсөөр хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш төлбөр огт төлөөгүй.

Шүүхэд 2024.01.31-ний өдөр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Д.*******ийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 29,439, 886 төгрөг болсон байна.

Д.*******ид үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлэн ажиллуулсан нийт хугацаанд талууд 3 удаа буюу 2011.11.15, 2016.11.15, 2018.05.14-ний өдөрт тус тус түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан, 2009 оны анхны гэрээг алга болгосон учир олдохгүй байгаа болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дараах заалт буюу төлбөрийг хугацаандаа төлөх, төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги төлөх, гэрээг цуцлах, хохирол шаардах, түрээсийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах муутгах, гэмтээхгүй байх, ашиглалтын зардал болох цахилгаан, хог, ус, халаалт зэрэг бусад зардлыг төлөх зэрэг үүргээ Д.******* нь дутуу, бүрэн биш, хангалттай биелүүлээгүй учир гэрээг цуцалсан.

Тэрээр түрээсийн төлбөрөө хугацаанд нь бүрэн төлдөггүй, хэсэгчлэн, цувуулж төлдгөөс тооцоо хийхэд ихээхэн хүндрэл учруулдаг байсан. Гэвч түүний төлсөн түрээсийн төлбөрийг найдвартай бүртгэн түүнээс гарын үсэг зуруулж авдаг байсан. Гэрээгээ цуцлая гэхээр бэрхшээл зовлон тоочиж гуйхаар нь өрөвдөөд зөөлөн хандаж явснаас болоод өөрөө ихээхэн хохирсон.

Талуудын хоорондох дансны хуулгаар Д.*******оос 34,000,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогддог, өөрөө 90,000,000 төгрөгийг төлсөн гэж байгаа ч төлсөн зүйлгүй. 2019-2023 оны хооронд төлсөн төлбөрийн баримтыг гаргаж өгсөн, тооцоо нийлснээс хойш төлсөн мөнгийг хасаад үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн.

Түрээсийн үлдэгдэл төлбөр нь талууд хамгийн сүүлд 2019.05.26-ны өдөр тооцоо нийлсэн актын үлдэгдэл бөгөөд гэрээ мөн өдөр дуусгавар болсон. Тухайн үед алдангийг тооцож тооцоо нийлээгүй бөгөөд 2018 оны гэрээний дагуу алдангийг тооцсон. Өмгөөлөлийн хөлс төлсөн талаарх баримтыг хэрэгт өгсөн санагдаж байна, шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд баримтуудаа баталгаажуулах гэж наториатын хөлс төлсөн.

Иймд Д.*******оос түрээсийн үлдэгдэл төлбөр 29,439,886 төгрөг, 2019.05.26-ний өдрийн байдлаар төлөх ёстой түрээсийн төлбөр 35,629,116 төгрөгийн 0,5 хувь нь 178,145.58 төгрөг байна. Гэрээг дуусгавар болгож түрээсийн байрнаас гарснаас хойш Д.******* нь цувуулсаар нийт 6,189,230 төгрөгийг төлсөн бөгөөд цувуулж төлсөн хугацаанаас нь алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул нийт 29,439,886 төгрөгийн 50 хувь болох 14,719,943 төгрөгийн алданги, тэрээр гэрээгээр тохирсон үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас түүнтэй холбоотой нотариат, өмгөөлөгчийн хөлс, улсын тэмдэгтийн хураамж гэх мэт зардал нэмэгдсэн. Хууль зүйн туслалцааны төлбөрт төлсөн 1,000,000 төгрөг, нийт 45,167,829 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, И.******* нар татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.******* нь үсчин, гоо сайханч мэргэжлээрээ 10 гаруй жилийн хугацаанд ажилласан. Ингэхдээ Ж.*******тай танилцаж Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 байр 7 орцонд байрлах 212,8 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс хэсэгчлэн 50м2 талбайг үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар түрээсэлж байсан.

Миний бие түрээсийн төлбөрийг цаг тухайд нь бэлнээр болон дансаар тогтмол шилжүүлдэг байсан. Хэрэв түрээсийн төлбөрөө төлдөггүй байсан бол 10 гаруй жил надад түрээслээд явахгүй байсан нь бол ойлгомжтой.

Түрээсийн үлдэгдэл төлбөр 29,439,886 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь үлдэгдэл төлбөрийг 2019 оноос хойш Ж.*******гийн дансанд төлж барагдуулж дууссан. Мөн түрээсийн төлбөрөө төлчихөөд байхад үндэслэлгүйгээр алданги 14,167,829 төгрөг, хууль зүйн туслалцааны төлбөр, нотариатын төлбөр 1,008,000 төгрөгийг хариуцан төлөх ёсгүй. Тэрээр өөрөө, өөрийн сайн дурын үндсэн дээр хууль зүйн туслалцаа авч, төлбөр төлсөн байхад түүнийг хариуцан төлөх боломжгүй юм.

Бид түрээслэгч, түрээслүүлэгч гэхээс илүүтэй дотно найзууд байж, амьдралынхаа жаргал, зовлон, сайн, муу бүх зүйлээ хуваалцдаг байсан. Тэр үед Ж.******* нь хүүтэй мөнгө зээлэх гэж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй болохоор итгэж мөнгө зээлэхгүй байгаа тул туслаач гэж гуйсан.

Тэгээд найздаа түрээсийн үлдэгдэл төлбөрт мөнгө өгнө гээд бичээд өгөөч хэрвээ тэгвэл би түрээслэгчээс мөнгө авах ёстой гэдгийг үзүүлж байгаад мөнгө зээлж чадахаар байна гэж надаас гуйсан. Тэгэхэд нь найздаа тусалж байна гэж бодоод зөвшөөрч хэд хэдэн удаа бичиж өгснийг эсрэг баримт болгож мөнгө нэхэмжилнэ гэдгийг огтхон санасангүй.

Гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаан байхгүй, төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 29,439,886 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, энэ түрээсийн төлбөр хаанаас гарч ирснийг тодорхой болгож өгөөгүйгээс гадна аль сард төлөгдөөгүй, яг хэдэн сарын түрээсийн төлбөр гэдэг нь тодорхой биш. Гагцхүү нэг зүйл нь гарын үсгийн баталгаа байдаг бөгөөд маргаан эхэлснээс хойш бүх шилжүүлсэн мөнгө, тооцоогоо гаргахад түрээсийн төлбөрт 90,000,000 гаруй төгрөгийг ашиглалтын зардлын хамт төлсөн байгаагаас үзэхэд түүнд төлсөн мөнгө дутах биш, харин ч илүү гараад байна.

Түрээсийн төлбөрийг увуулж, цувуулж төлсөн нь үнэн боловч илүү төлбөр өгсөн байна. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой биш байхад алданги болон өмгөөлөгчийн болон бусад зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд олон жил найз нөхдийн харилцаатай байсан, тодорхой хэмжээний төлбөр байхыг үгүйсгэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

 

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд 2011.11.15-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний сунгалт, 2018.05.14-ний өдрийн түрээсийн гэрээ, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204015451 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороолол, 38 байр, 7 тоот хаягт байршилтай, 212.8 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.03.21-ний өдрийн түрээсийн гэрээ, мөнгө төлөх тухай тохиролцоо, тооцоо нийлсэн баримт, Өглөг төлөх тухай гэрээ цуцлах тухай, төлбөр төлөх баримт, өмгөөлөгч Р.Батбаяртай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нотариатын үйлчилгээний баримт, тооцооны үлдэгдэл гэх баримт, Ж.*******гийн Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мессенжерийн хуулбар, нэмэлт тайлбар /хх 1-26, 30-118,152, 2 хх 179-188/,

3б. Хариуцагчаас ирүүлсэн: Д.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Д.*******оос 2024.02.20-ны өдөр И.*******д, 2024.04.15-ны өдөр Г.*******олд тус тус олгосон итгэмжлэл, Д.*******ийн улаан, улбар шар, жижиг бор, mead нэртэй тэмдэглэлийн дэвтэр 4 ширхэг дэвтэр, /1 хх 29, 32, 129,152, 250, 2 хх 1-55, 71-178/,

 

3в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: талуудын хооронд ******* гэх хаягаас хаяг хооронд 2018.03.01-2023 он хүртэлх хугацаанд харилцсан мессеж, Н.Энхчимэгийг гэрчээр асуусан зүйлийн тэмдэглэл /1 хх 148-151, 153-197, 244-248/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д.*******ид холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 29,439,886 төгрөг, алданги 14,719,943 төгрөг, зардал 1,008,000 төгрөг, нийт 45,167,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2.Хариуцагч нь түрээсийн төлбөр төлөхөөр баталгаа бичиж өгснийг эсрэг баримт болгосныг зөвшөөрөхгүй, түрээсийн төлбөрийг гүйцэд төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 5,000,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Эрхийн улсын бүртгэлийн Y-2204015451 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороолол, 38 байр, 7 тоот хаягт байршилтай, 212.8 мкв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.******* болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000317480 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх 10/

 

4б.Талуудын хооронд 2011.11.15-ны өдөр, 2016.03.21-ний өдөр, 2018.05.14-ний өдөр түрээсийн гэрээ тус тус байгуулагдаж, гэрээгээр Ж.******* нь өөрийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг буюу 50 мкв талбайг үсчин, гоо сайхан чиглэлээр түрээслүүлэх,

түрээслэгч Д.******* нь түрээсийн төлбөр, холбогдох бусад зардлын хамт гэрээгээр тохирсон хугацаанд төлөхөөр тохиролцсон байна. /хх 5-9, 11-14/

 

4в.Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ бус түүний тодорхой хэсэг талбайг түрээслүүлэхээр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т :Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасантай нийцсэн байх тул талбай түрээслэх гэрээг заавал улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй болно.

 

4г. Аливаа үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бусдад түрээслэх нөхцөлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд гэрээг заавал бүртгүүлэхээр зааж, харин үл хөдлөх эд хөрөнгийн хэсгийг түрээслэх нөхцөлд гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар бичгээр байгуулах шаардлагад нийцсэн бол гэрээний дагуу үүрэг үүснэ.

 

4д. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т :Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан түрээсийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсон.

 

5. Хэрэгт, нэхэмжлэгчээс ирүүлсэн Д.******* миний бие ******* овогтой энхмаад 2011-2015 оны түрээсийн үлдэгдэл болох 20,000,000 төгрөгийг 2016 оны 4 сараас сард 500,000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцов. Гурван жилийн хугацаанд төлж дуусгана. Харилцан тохиролцсон Д.*******, Ж.******* гэх бичвэр бүхий Мөнгө төлөх тухай тохиролцоо гэх баримт,

2016.09.12-нд нийт 29,153,955 төгрөг, тооцоо нийлэв. Баска гэх бичвэр бүхий Бааскагийн өр гэх баримт,

2018.12.30-ны өдөр нийт 33,280,000 төгрөг, сард 2,000,000 төгрөг өгөөд дуусгасан. 2018.12 сараас 2020.4 сард дуусгана. ******* гэх бичвэр бүхий Өглөг төлөх тухай баримт,

Иргэн Д.******* нь тус ажлын байрыг үсчин гоо сайхны чиглэлээр түрээсэлж байсан ба түрээсэлж байсан хугацаандаа түрээсийн төлбөрөө удаа дараа хожимдуулж, дутуу төлж, зарим сар огт түрээс өгөлгүй явсаар хур өр болсон. Иймд цаашдаа дахин өрд оруулахгүйн тулд гэрээг харилцан тохиролцож 2019.05.26-нд дуусгавар болгов. Бичсэн Ж.******* гэх бичвэр бүхий Гэрээ цуцлах тухай баримт,

******* би энэ мөнгийг 24 сарын хугацаанд төлж дуусгана. 99592550 гэх бичвэр бүхий баримт тус тус авагдсан. /1 хх 15-19/

 

5а. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-т гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно гэж заасан.

 

5б.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд талуудын хооронд 2018.05.14-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ 2019.05.26-ны өдөр дуусгавар болсон, мөн өдөр гэрээг дүгнэж баримт үйлдсэн, энэхүү баримтаар түрээсийн үлдэгдэл төлбөр 35,629,116 төгрөг болохыг баталгаажуулж, уг төлбөрийг Д.******* нь 24 сарын хугацаанд буюу 2021.05.26-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон, ийнхүү тохиролцсноос хойш 2023.04.30-ны өдөр хүртэлх хугацаанд 6,189,230 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 29,439,886 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна./1хх 60-77/

 

5в. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан.

 

5г.Талууд 2019.05.26-ны өдөр гэрээг дүгнэсэн, үлдэгдэл төлбөр 35,629,116 төгрөгийг Д.******* нь 24 сарын хугацаанд буюу 2021.05.26-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, үүнээс хойш 2023.04.30-ны өдөр хүртэлх хугацаанд 6,189,230 төгрөгийг төлсөн зэргээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасантай нийцсэн, гэрээний хугацаа түр зогссон, мөн түр тасалдаж, шинээр тоологдсон, гэрээний үүргийг мөн хугацаагаар Ж.******* нь шаардах эрхтэй байна. /хх 6-8, 14/

 

6.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

 

6а.Талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2019.05.26-ны өдөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгч нь уг хугацаанаас хойших хугацаанд хариуцагчаас төлсөн төлбөрийг хасч үлдэх төлбөрөөс алданги тооцсон нь дээр дурдсан хуульд нийцээгүй байхаас гадна өмгөөлөгчийн хөлс болон наториатын зардал төлсөн зэргийг гэрээнээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

7.Хариуцагч нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тооцоо нийлсэн гэх баримтыг, баримтаар няцаагаагүй нь түүнийг нэхэмжлэгчид түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл тэрээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

8.Иймд хариуцагч Д.*******оос түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 29,439,886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 14,719,943 төгрөг, өмгөөлөгчийн хөлс, наториатын зардал 1,008,000 төгрөг, нийт 15,727,943 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 305,149 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 319 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******оос 29,439,886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,727,943 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 305,149 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/13271 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ