| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2303004940418 |
| Дугаар | 2024/ДШМ/239 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ДШМ/239
2024 02 22 2024/ДШМ/239
Э.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг, даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
хохирогч Ч.Э, С.М нарын өмгөөлөгч Г.Аззаяа,
шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/777 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Э, С.М нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Бд холбогдох эрүүгийн 2303004940418 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Э.Б, 1991 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эмэгтэй, 32 настай, дээд боловсролтой, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хороолол, 1016-12 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ДЮ91061901/,
Э.Б нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 06 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн замд “Тоёота приус 41” загварын 35-03 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д “...Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. ...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ч.Э жолоочтой “CF Моto CF650MT” загварын УРА 13-89 улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Ч.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч С.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Э.Быг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Э.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд 3.539.000 /гурван сая таван зуун гучин есөн мянга/ төгрөг, Иргэний нэхэмжлэгч А.Ад 10.626.100 /арван сая зургаан зуун хорин зургаан мянга нэг зуу/ төгрөг, хохирогч С.Мд 7.520.566 /долоон сая таван зуун жаран зургаа/ төгрөг, хохирогч Ч.Эд 7.349.440 /долоон сая гурван зуун дөчин есөн мянга дөрвөн зуун дөч/ төгрөг тус тус нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч С.Мгийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөг, хоол хүнс, бусад зардлын 5.319.910 төгрөгийн шаардлага, хохирогч Ч.Эгийн нэхэмжлэлээс фитнесийн төлбөрийн 1.500.000 төгрөг, хоол хүнс, худалдан авалт тодорхойгүй бусад зардлын 2.641.409 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговорт нэхэмжилсэн хохирогч С.Мгийн 14.400.000 төгрөгийн, хохирогч Ч.Эгийн нэхэмжлэлээс үлдэх 10.636.360 төгрөгийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж, нэр бүхий хохирогч нар нь учирсан гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин олговор болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирол төлбөрт хамаарах нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэдгээрт тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт Э.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Ч.Э, С.М нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан давж заалдах гомдолдоо: “..Хууль тогтоогчоос автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцож гэм буруутайд тооцогдсон хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын төрөл хэмжээг хуульчлан заажээ. Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учируулсан буюу хор уршгийн шинжээр нь хүндрүүлэх бүрэлдхүүнтэй тус тус хуульчилсан байна. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн обьектын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт үйлдлийн улмаас зөрчигдөж, халдагдаж байгаа нийгмийн амин чухал, эрх ашиг сонирхол харилцаа буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам байна. Үндсэн обьектоос гадна энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө зэрэг нийгмийн харилцаа зөрчигддөг давхар обьекттой гэмт хэрэг юм. Хууль тогтоогчоос энэ гэмт хэргийн обьектив талыг заавал байх үндсэн шинж болгож хуульчилсан ба зам тээврийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл, үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хор уршиг, үйлдэл, хор уршигын хоорондох шалтгаант холбоо байна. Энэ гэмт хэрэг нь бодит хор уршиг учирсан байхыг шаарддаг материаллаг \бодит\ бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг мөн юм. Зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнээс өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарласан, гарах хор уршигыг мэдсэн боловч хүсэл зоригийн шинжийн хувьд тэрхүү хор уршигыг гаргахгүй гэж хөнгөмсөгөөр найдсан боловч хор уршигт хүргэсэн эсхүл өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр хор уршигт хүргэсэн хайхрамжгүй хандсан үйлдэлдээ хандсан сэтгэхүйн дотоод харьцаа нь энэ гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж болдог.
Түүнчлэн, энэ гэмт хэргийг үйлдсэн хүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг зөрсөн үйлдэлдээ шууд болон шууд бус санаатай хэлбэрээр харин түүний улмаас учрах хор уршигтаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэм буруугийн давхардсан \холимог\ хэлбэрийг агуулж байдаг. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн хариуцлага хүлээх этгээд гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасан насанд хүрсэн мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай хүн байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж болох гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бөгөөд энэ гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учирсан эсхүл энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх нь заавал тогтоогдох үндсэн шинж болгон хуульчилсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь эрүүгийн эрх зүйн утгаараа нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон хүний үйлдлийн улмаас эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаанд учирч буй сөрөг өөрчлөлт, үр дагаварыг ойлгоно.
Хууль зүйн утгаараа хор уршиг гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно. ...” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно. ...” гэж тус тус хуульчилан заажээ.
Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан хохирол, түүний зэргийг шүүх шинжилгээний тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлтээр тогтоох ба хүний эрүүл мэндэд учирсан хүнд хохирол гэж “Хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын” 2 бүлэгт заасан гэмтлүүдийг “хүндэвтэр гэмтэл” гэж “Хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох" журамд заасан гэмтлүүдийг тус тус ойлгоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ....хүний эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх. ...” мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..Шүүх,прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. ...” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хууль ёсны зарчимыг тус тус хуульчилан заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ. ...” гэж хохирогчийн эрх зүйн байдлыг хуульчилан зааж мөн хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогч “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах. ...” зэрэг боломжуудыг эдлэх эрхтэй болохыг хуульчилсан байна.
Миний үйлчүүлэгч Ч.Э, С.М нарын эрүүл мэндэд учирсан хүнд болон хүндэвтэр гэмтэл түүний үлдэц хор уршиг арилаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол түүнтэй холбогдон гарсан зардал, хохирлыг анхан шатны шүүхээс бүрэн хангаагүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байна.
Хуулийн хэрэглээ, эрх зүйн үндэслэл, өмгөөлөгчийн дүгнэлт, байр суурь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, \хх 5-7\
-Ч.Эгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг \хх 17\
-С.Мгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг \хх 17\
-Д.Гантуяагийн иргэний нэхэмжилэгчээр өгсөн мэдүүлэг \хх 35\
-Хохирлын үнэлгээний тайлан \хх 73\
-Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 9235 дугаартай шинжээчийн дүгнэлт \хх 86\
- Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 9757 дугаартай шинжээчийн дүгнэлт
-Хохирогч Ч.Э, хохирогч С.М нарын учирсан хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хавтаст хэрэгт авхуулсан баримтууд \хх 21,30,139-148, 149- 182,183-184\
-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Э, хохирогч С.М нарт танилцуулсан тэмдэглэл, баримт \хх 24, 32\ зэрэг баримтууд авагджээ.
Хууль зүйн хэрэглээ, эрх зүйн үндэслэл, өмгөөлөгчийн дүгнэлтийг дээрх нотлох баримтуудтай харьцуулан шалгахад анхан шатны шүүхээс миний үйлчүүлэгч С.Мгийн гаргасан цалин олговорт нэхэмжилсэн 14.400.000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчүүлэгч С.М нь “...гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирч толгой хавирга, аарцаг өвдөх үйл явдлыг мартах санах зэрэг үлдэц хор уршиг одоо болтол арилаагүй, хэрэг болохоос өмнө миний бие “ENFINITY ENGLISH” англи хэлний сургалтын төвд англи хэлний багшаар ажиллаж байсан учирсан гэмтлийн улмаас энэ ажлаа одоо хүртэл хийж чадахгүй байна. ...” гэсэн хууль сануулж өгсөн мэдүүлэг, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон үндэслэлээр 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ажилгүй байгаа тул 6 сарын цалин хөлс “2.400.000x6сар-нийт 14.400.000 төгрөгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх шаардлага гаргаж “Хязгааргүй англи хэл” нийгэмд үйлчилэх ТББ-н дэргэдэх англи хэлний сургалтын төвд сарын цалин 2.400.000 төгрөг” гэсэн сургалтын төвийн захирлын гарын үсэг, тамга тэмдэг бүхий тодорхойлолтыг гаргаж өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бэхжигдсэн байна. Энэ нь нотлох баримтын шаардлага хангасан энэхүү баримт нь хөдөлмөрийн харилцаанд оролцож миний үйлчүүлэгчийн олж байсан орлогыг тогтоосон байдаг. Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан эсэх, эсхүл иргэний ажил гүйцэтгэх болон бусад гэрээгээр ажилласан байдалд дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байдлаа “...тодорхойлолт баримтаас гадна хөдөлмөр эрхлэлтийг тодорхойлсон бусад баримт болох хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэрэг ач холбогдол бүхий баримт авагдаагүй нь шаардлагыг хангах боломжгүй байна. ...” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.
Орлого олсон байдал нь зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулахаас бусад ажил, үйлчилгээ эрхэлж байснаар тодорхойлогдох боломжтой юм. Мөн үйлчлүүлэгч Ч.Эгийн цалин олговорт нэхэмжилсэн 15.000.000 төгрөгнөөс үлдэх 10.636.360 төгрөгт хамаарах шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байх ба энэ талаар гаргаж өгсөн нотлох баримтууд ямар үндэслэлээр шаардлага хангаагүй болохыг дүгнээгүй байна. Энэ цалин болон бусад зайлшгүй гарсан зардал, эд хөрөнгийн хохирол зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу тухайн гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдох үндэслэлтэй байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий хохирогч нарт танилцуулсан баримттай хэдий ч хохирогч нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн нь тодорхой бус, танилцуулсан баримт дээр “сэтгэцийн зэрэглэлийг танилцав” хэмээн гарын үсэг зурсан байхад анхан шатны шүүхээс нэр бүхий хохирогч нарын сэттэцэд учирсан хор уршгыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээ буюу эдийн бус гэм хорын хэмжээг тодорхойлон шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ”-ний дагуу үнэлгээ хийлгэхэд хамаарах хэрэг бөгөөд миний үйлчүүлэгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хэргийг гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь минин үйлчлүүүлэгч нэхэмжлэлийг хангуулах, сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлүүлэх үндэслэлээр шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Ч.Эгийн өмгөөлөгч Г.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч С.Мгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдолтой ижил байр суурьтай байна. Хохирогч Ч.Э, С.М нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Ч.Эгийн нэхэмжлэлээс 2.641.409 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг зардал нь эмчилгээний зардлаас гадна хоол хүнсний зардал бөгөөд хавтаст хэрэгт баримтууд авагдсан байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч С.Мгийн эмчилгээний зардал болон хоол хүнс, бусад зардалд 5.319.910 төгрөгийн баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Сэтгэл санааны хохирлын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хохирогч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцож нөхөн төлбөр олгохоор заасан бөгөөд доод хэмжээгээр тооцоход хохирогч Ч.Эгийн сэтгэл санааны хохиролд 12.650.000 төгрөгийн нөхөн төлбөр олгохоор байна. Хохирогч С.Мгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд аргачлалд заасны дагуу гуравдугаар зэрэглэлд хамаарах бөгөөд доод хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцоход хохирогч С.Мгийн сэтгэл санааны хохиролд 7.150.000 төгрөгийн нөхөн төлбөр олгохоор байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон баримт, уг баримтыг хохирогч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хавтаст хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн шүүгдэгч Э.Бын өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирол төлөхийг анхнаасаа эрмэлзэж байсан бөгөөд хохирогч нараас хохирлын баримт ирсэн байсан. Гэтэл “прокурорын хяналтын шатнаас өмнө хохирлоо төл” гэхэд “заавал өмгөөлөгчтэй уулзана” гэсэн. Хэргийг шүүхэд шилжих хүртэл өмгөөлөгчтэй уулзах боломж олгоогүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны өмнө хохирогч нарын эрүүл мэндийн хохирол, мотоциклын хохирлыг төлсөн байдаг. Шүүх бусдад учруулсан хүнд болон хүндэвтэр хохирол, хор уршиг арилаагүй гэж дүгнэсэн байна. Шүүгдэгч Э.Б хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг баримтаар нэхэмжилсэн хохирлын хүрээнд төлсөн байдаг. Хохирогч Ч.Э нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тул түүний ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг төлсөн. Хохирогч С.Мгийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гадуур хооллосон, дэлгүүрээс авсан хүнсний зүйлс зэргийг баримтаар нэхэмжилснийг гаргуулалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс гаргуулалгүй орхисон хохирлыг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..Анхан шатны шүүхээс цалин хөлс, хоол хүнстэй холбоотой болон бусад зардлыг хасаж шийдвэрлэсэн. Цалин хөлстэй холбоотой зардлын хувьд хөдөлмөрийн гэрээ, цалин авч байсан дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, өвчтэй байсан хугацааны хоног зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байсан тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын хувьд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар хохирогч Ч.Эгийн биед хүнд гэмтэл учирсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцож нөхөн төлбөр олгохоор, хохирогч С.Мгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцож нөхөн төлбөр олгохоор тус тус заасан байна. Уг журмын 2.3-д “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар"-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж заасан байна. Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд мөрдөгчийн тогтоолоор сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар заасан. Хэрэв хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар заасан байдаг. Иймд хохирогч нар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хохирогч нарт учирсан хохирлын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ний өдрийн тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам, хүснэгт”-ийг тус тус баталжээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Гуравдугаар зүйлийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Бын үйлдсэн хэрэг нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн нь уг аргачлалд хамаарагдах ба мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч нарт Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг бөглөсөн баримт хавтаст хэргийн 24, 32 хуудсанд авагджээ.
Гэтэл анхан шатны шүүх хохирогч нарын “Сэтгэцэд учирсан хор уршиг”-ийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримт болон дээрх аргачлалаар шийдвэрлэх боломжгүй талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.
Хэрвээ хохирогч нарт “Сэтгэцийн эмгэг”, “Сэтгэцэд учирсан хор уршиг” учирсан эсэхэд эргэлзээтэй гэж үзвэл шүүх Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргуулах боломжтой юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Ч.Э, С.М нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/777 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ