| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2021/00161/И |
| Дугаар | 210/МА2021/00917 |
| Огноо | 2021-06-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2021/00917
| 2021 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 210/МА2021/00917 |
“М.У” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/00770 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М.У” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид “ТӨААТҮГазар” гэх/ хариуцагч П.Нд холбогдуулан гаргасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагад 4 510 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, М.Э, хариуцагч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч “М.У” ТӨААТҮГазрын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Н нь 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд “М.У” ТӨААТҮГазрын Санхүү, захиргаа хариуцсан орлогч захирлаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа байгууллагын санхүүгийн кассаас шатахууны зардалд 11 удаагийн үйлдлээр 1 830 000 төгрөгийг бэлнээр, 2 680 000 төгрөгийг төслийн зардалд өөрийн дансанд шилжүүлэн авсан боловч нотлох баримт бүрдүүлж тайлагнаагүй. Үйлдвэрийн газрын санхүүгийн жилийн эцсийн үйл ажиллагаанд хийсэн Аудитын удаа дараагийн шалгалтаар хүмүүсээс авах авлага болох 4 510 000 төгрөгийн авлагыг хууль тогтоомжийн дагуу барагдуулах үүрэг өгөгдсөн. Энэ авлагыг барагдуулах талаар түүнтэй уулзаж ярилцсан боловч үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан Ц.С хариуцна гэж, Ц.С нь гарын үсэг зурсан П.Н хариуцах ёстой гэж мэдэгдсэн.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. П.Н мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хэлж байна. Хөөн хэлэлцэх хугацаа П.Нд хамаарахгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж заасан. П.Н өөрийн дансанд мөнгийг авсан тул захиран зарцуулах эрх үүсэж байгаа. Иймд хариуцагчаас 4 510 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “М.У” ТӨААТҮГ-ын захирлын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б-68 дугаартай тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед ажлаас чөлөөлөгдөхөд ажил олгогчийн зүгээс ямар нэгэн тооцоо, данстай холбоотой зөрчил, дутагдлын талаар гомдол мэдүүлээгүй хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.4-т заасны дагуу хэрэг хэлэлцэх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байгаа тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Тухайн үед захирлаар ажиллаж байсан Ц.С нь намайг өөрийн нэр дээр шилжүүлэг бичээд бэлэн мөнгө аваад ир гэсний дагуу 2 680 000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Зарцуулалтын баримтыг өөрсдөө бүрдүүлж өгнө гэсэн учраас ажлаас халагдахад энэ талаар ямар нэгэн өр төлбөр гарч ирээгүй. Бусад төсөл болон шатахууны зардлын баримт бүрдүүлэх нь тухайн байгууллагын санхүүгийн ажилтны үүрэг учир хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн өгсөн баримтуудад миний гарын үсэг байхгүй. Би кассаас мөнгө аваагүй, миний автомашинд шатахуун хийх бүрд П.Н гэж бичдэг. Хэргийн 16 дах талд авагдсан, Туул гол явах шатахууны зардалд мөнгө хүлээн авсан баримтад жолоочийн гарын үсэг байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Нгээс 2 680 000 /хоёр сая зургаан зуун наян мянга / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.У ТӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлээс 1 830 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 160 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч П.Нгээс 57 830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.У ТӨААТҮГ-т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч П.Н давж заалдах гомдолдоо: Хөдөлмөрийн хуульд заасны дагуу байгууллага ямар нэг гэрээ байгуулаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн атлаа Хөдөлмөрийн хуульд заасан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаагүй учир намайг эд хөрөнгийн хариуцлагад татах үндэслэлгүй.
Миний эзэмшлийн Хас банкны 5000899166 тоот дансанд 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “М.У” ТӨААТҮГазрын шатахууны зардалд шилжүүлсэн 180 000 төгрөгийн анхан шатны баримтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж байгууллагын нярав, нягтлан бодогч, жолооч нар тухай бүрд нь бүрдүүлэн тайлан тооцоонд тусгах ёстойгоос бус 5 жилийн дараа П.Н баримтаа бүрдүүлж өгөөгүй үндэслэлээр шүүхээр нэхэмжлэх нь үндэслэлгүй. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг надад хариуцуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
“М.У” ТӨААТҮГазрын захирал Ц.С нь төлбөрийн гүйлгээний баримтанд 1 дүгээр гарын үсэг зурж, тамга дараад ирүүлсэн баримтаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр түүний хэлсний дагуу 2 500 000 төгрөгийг өөрийн дансаар авч тухайн үед манай байгууллагын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Бат-Эрдэнийг дагуулан гэрт нь очиж хүлээлгэн өгсөн. Энэ бүхнийг Ц.Бат-Эрдэнэ шүүхэд гэрчлэн мэдүүлсэн. Энэ мөнгөний зарцуулалтын баримтыг захирал Ц.С өөрөө гаргаж өгөх ёстой.
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөд тооцооны үлдэгдэлгүй байсан тул бидний хоорондох харилцаа дуусгавар болсон.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч “М.У” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид ТӨААТҮГазар гэх/ нь хариуцагч П.Нд холбогдуулан байгууллагын эд хөрөнгөд учруулсан хохиролд 4 510 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
П.Н 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд “М.У” ТӨААТҮГазрын Санхүү, захиргаа хариуцсан орлогч захирлын албан тушаалд ажиллаж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин тэрээр ажиллаж байх хугацаандаа байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан эсэх, үүнтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.
Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...П.Н нь байгууллагын санхүү, захиргаа хариуцсан орлогч захирлаар ажиллаж байхдаа шатахууны зардалд 1 830 000 төгрөг, бэлнээр 2 680 000 төгрөг, нийт 4 510 000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн, зардлаа буцаан тайлагнаагүй” гэж тайлбарласан.
Хэргийн баримтаар хариуцагч П.Н нь өөрийн хувийн дансаараа 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шатахууны зардалд 180 000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 25-ны өдөр “М.У” ТӨААТҮГ, үйл ажиллагааны зардал” гэсэн гүйлгээний утгаар 2 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн авсан болох нь тогтоогдсон байна. /хх13,24/ Хариуцагч мөнгийг хүлээн авсан үндэслэлээ “... тухайн үед үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Сд мөнгийг бэлнээр аваачиж өгсөн, тэр хүн хариуцана” гэж тайлбарлан, гэрч Ц.Б-ийн мэдүүлгийг нотолгооны эх сурвалж болгон заажээ. /хх-62-63/
Хариуцагч П.Н эрхэлж байсан ажил, албан тушаалынхаа хувьд байгууллагын мөнгө болон эд хариуцсан ажилтанд хамаарах тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх этгээд гэж үзнэ. Иймээс өөрт итгэмжлэн олгосон хөрөнгө буюу мөнгийг буцаан тайлагнах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхээр хуульд заасан байна.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасан үндэслэлд хамаарах талаар зөв дүгнэжээ.
Мөн хэргийн 12, 15-29 дэх талд буй кассын зарлагын ордер, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчийг 1 830 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
Харин шүүх хөдөлмөрийн харилцаатай холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 72 дугаар зүйлийн 72.2.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээний харилцаа нь ердийн гэрээний эсвэл бусад эрх зүйн харилцаатай холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд нарийвчлан заасан.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дах хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй бөгөөд энэ нь ажилтан, ажил олгогчийн хэн алинд хамаарах юм.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийг ажлаас чөлөөлөгдсөн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 3 сарын дотор дээрх гомдлоо гаргах ёстой байжээ. Хэрэгт уг хугацаа тасалдсан, зогссон гэх үндэслэлийг нотолсон баримт авагдаагүй байх тул хуулиар тогтоосон шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч “М.У” ТӨААТҮГазрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/00770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “М.У” ТӨААТҮГазрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Ч.ЦЭНД