Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/08

 

 

                                          *******д  холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Иргэний нэхэмжлэгч ******* /цахим/

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

Нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор С.д холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* ******* овогт ******* , Монгол улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, ***эгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ******* хамт, Сэлэнгэ аймаг, ****** сум, ****дүгээр баг, *********тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:/,

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны хооронд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1-р багт байрлах “Шоргоолж” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 262,797 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх зардал 285,160 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ************** овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 01 /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 01 /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* тэнссэн хугацаанд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ын хэрэг үйлдэхдээ ашигласан 14.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai 2900” маркийн улсын дугааргүй, улсын бүртгэлгүй экскаваторыг хураан авч улсын орлогод оруулж, 600,000 төгрөгийн үнэлгээ бүхийн алт угаах төхөөрөмж гитаран буу 1 ширхэг, 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос помп 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Иргэний нэхэмжлэгч ******* нь “Hyundai 2900” маркийн экскаватортой холбогдох баримтыг бүрдүүлэн тухайн эксковаторыг эсвэл түүний үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар ус татах нацос /помп/, алт угаах төхөөрөмж зэргийг устгахтай холбогдон гарах зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч *******аас гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдан,

Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд гаргасан 225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас гаргасан миний үйлчлүүлэгчид торгох ял оногдуулах саналыг няцаан үгүйсгэх дүгнэлт огт хийлгүйгээр *******д Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг зөрчсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэх хуулийн тодорхой заалтыг буруу хэрэглэсэн. Учир нь *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai 2900 маркийн экскаватор нь түүний хууль ёсны өмчлөлд байсан нь тогтоогдоогүй, энэ талаар иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэлж мэдүүлсэн, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлсэн байхад иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй.

******* нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж *******д торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэн юмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ гэснийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон үнэлгээгээр *******аас экскаваторын үнийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан. Хохирол хэмжээ арай их байна. Ямар учраас ингэж гарсан талаар мэдэхгүй байна. Мөн би цаашдаа орон нутгаас гарч ажиллах хэрэгтэй байна. Би өнгөрсөн 7 сард зам ангид ажилд орсон. Хавар Төв аймгийн Жаргалант суманд үргэлжлүүлээд ажиллах нөхцөлийг минь харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү. Мөн *******ын эзэмшлийн техникийг буцааж өгөхийг хүсэж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Надад гомдол санал байхгүй. Би С.******* таньдаг. Надаас экскаватороо 2 хоног хэрэглүүлээч гэж гуйсан болохоор би хуулийн байгууллагад ажиллаж байсан хүн хууль бус зүйлд ашиглахгүй байх гэж итгээд өгсөн. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өмгөөлөгчийн гомдлын агуулгыг сонслоо. Ялын талаар санал дүгнэлтээ гаргаж байна. Шүүхээс оногдуулсан ял болгон тухайн этгээдэд таалагдах албагүй. Хамгийн гол нь тухайн ял нь тухайн этгээдийн хийсэн хэрэгт нь тохирсон эсэхэд эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцсэн эсэхэд санал дүгнэлтээ гаргах ёстой. *******ын хувьд хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцлийг хангасан гэх агуулгаар тухайн зүйл ангийг баримталж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. Энд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ялын бодлогыг буруугаар хэрэглэсэн үйл баримт байхгүй. Энэ зохицуулалт нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн хүнд хэрэглэдэг хуулийн зохицуулалт юм. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял оногдуулахгүй тэнсэх болон албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл тухайн хүний өмчлөлд байвал түүнийг хурааж авахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зохицуулсан байдаг. Харин тухайн техник нь өөрийнх нь биш хэн нэгэн этгээдийн нэр дээр байвал түүнийг холбогдох баримтаар тодорхойлогдсон тохиолдолд иргэний нэхэмжлэгч болон өмчлөгчид буцааж олгох зохицуулалтай. Харин *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “hyundai” маркийн экскаватор нь улсын болон арлын дугааргүй, өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдог. Тус техник нь ******* болон иргэний нэхэмжлэгч ******* нарт бүртгэлгүй болох нь холбогдох байгууллагаас авсан лавлагаагаар тогтоогдог. Иймд тус техникийн өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй учраас улсын орлого болгон хураах шийдвэр нь хууль ёсны гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Харин ******* нь хэнээс хэрхэн худалдаж авсан талаар холбогдох баримтыг бүрдүүлээд Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэх эрх нь хуулиараа олгогдсон байгаа гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1.Шүүгдэгч ******* дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* /хх-ийн 39-р ху/, гэрч ******* /хх-ийн 42-р ху/, /хх-ийн 46-48-р ху/, иргэний нэхэмжлэгч ******* /хх-ийн 56-58, 60-р ху/, иргэний нэхэмжлэгч ******* /хх-ийн 64-65-р ху/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №1/76 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-97-р ху/, “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-823/7693 дугаартай дүгнэлт /хх-ийн 103-109-р ху/, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/062/25 дугаартай акт /хх-ийн 144-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-32-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар торгох ял оногдуулах санал гаргасан боловч анхан шатны шүүх уг саналыг хэрхэн няцааж буй хууль зүйн үндэслэлээ дурьдалгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байх тул прокурорын саналын хүрээнд торгох ялаар шийтгэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

3.Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д заасныг баримтлан  шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai 2900” маркийн экскаваторыг улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан “...*******аас экскаваторын үнийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү...” гэсэн гомдол,  иргэний нэхэмжлэгч *******ын давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан “... гэдэг хүнээс 23 сая төгрөгөөр бодож хорь гаруй сая төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь хувааж өгөхөөр тохиролцож худалдаж авсан, өөрийн худалдаж авсан техникийг буцааж авмаар байна...” гэсэн хүсэлтийг тус тус хангах боломжгүй  байна.

4.Учир нь шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй “Hyundai 2900” маркийн экскаватор нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №109 тоот албан бичгээр тогтоогдсон, иргэний нэхэмжлэгч *******ын эрүүгийн хэрэгт ирүүлсэн иргэний нэхэмжлэлд холбогдох нотлох баримт гэх дефозит дансны дэлгэрэнгүй хуулгаар  /хх-ийн 122-124-р ху/  хэний дансанд, ямар үндэслэлээр мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3, 4 дүгээр заалтуудад өөрчлөлт оруулан, 5, 6 дугаар заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

          2 дугаар заалтыг:

          “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* ******* овогт ******* ******* 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

          3 дугаар заалтыг:

          “3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж,

          4 дүгээр заалтыг:

          “4.Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д анхааруулсугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын 5, 6 дугаар заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          2.Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

          3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                      

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ  

                               ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ