| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0336/З |
| Дугаар | 128/ШШ2025/0434 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2025/0434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Захан /РД:УР72011807/,
Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төрбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Доржханд, Т.Гангаамаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Өгөөдэй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 захирамжийн 3 дахь хэсэгт заасан ...Найман овогт Төлөвхааны Заханы Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйлдвэр үйлчилгээний зориулалттай 1261300493 тоот нэгж талбарын дугаар бүхий 10,000 м.кв талбайтай Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 425 тоот захирамж бүхий газар эзэмших эрхийг цуцалсан... хэсгийг хүчингүй болгуулах
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 425 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Т.Заханд тус дүүргийн 5 дугаар хороонд 15 жилийн хугацаатай нэгж талбарын 1261300493 дугаар бүхий үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалтаар 10000 м.кв газар эзэмших эрх олгосон. Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14/947 дугаартай албан бичгээр иргэн Т.Заханд ...Таны эзэмшлийн нэгж талбарын 1261300493 дугаар бүхий 9992м.кв талбайтай газар нь Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох тухай А/288 тоот захирамжаар хүчингүй болсныг... мэдэгдсэн.
2.2. Уг албан бичгийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Налайх дүүргийн Засаг даргад хандан 2012 оны 425 дугаар захирамжид заасан газар эзэмших эрхийг дахин сэргээж өгөх талаар өргөдөл гаргасан. Өргөдлийн хариу болгож Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15-22/101 дугаартай албан бичгээр ...Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны Газар эзэмшүүлэх эрх олгох тухай 425 дугаар захирамжаар тус дүүргийн 5 дугаар хороонд 1261300493 нэгж талбарын дугаар бүхий үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалтаар 10000м.кв газрыг эзэмшүүлсэн. Уг газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг зөрчсөн тул тус дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/288 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэх татгалзсан хариуг өгсөн.
2.3. Нэхэмжлэгч Т.Заханаас тус хариуг хүлээн авснаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд гомдлыг хангаагүй хариуг 2025 оны 02 дугаар 20-ны өдөр хүлээн авч, шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлээ гаргажээ.
3. Нэхэмжлэгч Т.Захан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Т.Захан би тус дүүргийн Засаг даргын 2012 оны 425 тоот захирамжаар Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйлдвэр үйлчилгээний зориулалттай 1261300493 тоот нэгж талбарын дугаар бүхий 10000 м.кв талбай бүхий газар эзэмшигч бөгөөд өнөөдрийг хүртэл жил бүрийн газрын төлбөрийг хуулийн дагуу цаг тухайд нь төлж ирсэн. Гэтэл Налайх дүүргийн Засаг дарга 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар захирамж гаргаж миний газар эзэмших эрхийг хууль зүйн үндэслэлгүй цуцалсанд гомдолтой байна. Тус газартаа би удаа дараа сайжруулан хашаа хороо барьсан сүүлийн жилүүдэд Монгол улс төдийгүй нийтийг цочирдуулсан цар тахал, дайн байлдаан зэргээс шалтгаалсан эдийн Засаг, санхүүгийн хямрал, хил гаалийн хүндрэл бэрхшээлүүдээс шалтгаалж төлөвлөсөн үйл ажиллагаагаа эхлүүлээгүй ч хашаа хороогоо байнга эргэж тойрч дулаан цагт үр хүүхэд, ач зээтэйгээ гэр барьж агаар салхинд гардаг байсан.
3.2. Гэтэл миний газар эзэмших эрхийг Налайх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Анхбаяр 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаартай захирамжаар цуцалсан талаар Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14/947 тоотыг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Налайх дүүргийн газар зохион байгуулалтын алба, тус дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Засаг даргад тус тус гомдол гаргасан. Налайх дүүргийн Засаг даргад 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр захирамжид заасан миний газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүсч, өргөдөл гомдол хүргүүлсэн боловч хугацаа алдаж 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор бичгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийг цуцалсан гэх хариуг авсан.
3.3. Засаг дарга өөрчлөгдөж албан ёсоор томилогдсон тул миний хүсэлтийг шийдвэрлэх хугацаа алдсан байсан. Ингээд дараагийн шат болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид гомдол гаргаж миний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай хариуг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05-02/1106 тоот албан хариуг хүлээж авсан. Дүүргийн Засаг дарга, газрын албаны шийдвэрийг эс зөвшөөрч шинээр албан ёсоор томилогдсон дүүргийн Засаг даргад удаа дараа хандаж уулзаж тайлбарлах хүсэлтээ гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Иймд миний эрх ашиг зөрчигдсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмаагаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлд:
4.1. Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны Газар эзэмших эрх олгох тухай 425 дугаар захирамжаар Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний зориулалтаар 10000 м.кв газрыг олгож, 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх үүссэн. Улмаар Газрын тухай хуулийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу дүүргийн газар зохион байгуулалтын албанаас иргэн Т.Захантай 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж 18681296476106 тоот нэгж талбарын дугаар бүхий №000432037 тоот гэрчилгээг олгосон.
4.2. Гэвч газар эзэмшигч Т.Захан нь тус гэрээний 4.1 дэх хэсэгт заасан гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших, ашиглах үүргээ хэрэгжүүлээгүй, Газрын тухай хулийн 40.1.6 зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй өдийг хүрсэн тул гэрээний 3.3 дахь хэсэгт заасны дагуу дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг цуцалж гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон. Дүүргийн газар зохион байгуулалтын албанаас захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулж, газар эзэмших, ашиглах үүргээ биелүүлээгүй холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад хэрэгслийг ашиглан хүргүүлнэ гэж заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Өдрийн сонин №116 дугаарт нийтлүүлж сонсох ажиллагааг явуулсан.
4.3. Тухайн мэдэгдлийн дагуу заасан хугацаанд Т.Захан хариу тайлбарыг ирүүлээгүй, маргаан бүхий захиргааны акт гаргах хүртэл хугацаанд ямар нэг тайлбар, саналаа захиргааны байгууллагад гаргаагүй тул 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10. газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл хэсэгт заасан ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан.
4.4. Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хийсэн үзлэг, холбогдох ажиллагааны хүрээнд дээрх хүндэтгэн үзэх ямар нөхцөл байдал байхгүй ба гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу эзэмшил газраа огт ашиглаагүй нь тогтоогдсон. Мөн Т.Захан нь газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй бөгөөд газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 14/441 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ 43,964,800 төгрөгийг төлж барагдуулах мэдэгдлийг хүргүүлсэн. Газрын тухай хуульд заасны дагуу гэр бүл зориулалтаар 700 м.кв-аас дээш талбай дээр газар эзэмших эрх олгож байгаа тохиолдолд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмших эрх олгоно гэсэн заалтад үндэслэн тухайн бүсчлэлээсээ хамаарч дуудлага худалдааны үнэ төлж газар эзэмших эрх үүсэх ойлголт юм.
4.5. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт нь Газрын тухай хуульд заасан үүрэг, холбогдох дүрэм, журамд заасны дагуу таван жилд нэг удаа тухайн газар эзэмшигчийн эрх дуусгавар болж байгаа тохиолдолд хийлгэнэ гэсэн заалтын дагуу дуудлага худалдааны анхны үнийг тухайн газар эзэмшигч заавал төрийн байгууллагын шаардлагагүйгээр хийлгүүлэх үүрэгтэй. Тус иргэн нь газрыг эзэмшсэнээс хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацаанд буюу нийт 12 жилийн турш зориулалтын дагуу буюу үйлдвэрлэлийн зориулалтаар огт ашиглаагүй, ямар нэгэн барилга байгууламж, хашаа хайс бариагүй, үйл ажиллагаа явуулаагүй, газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдээгүй, гэрээг дүгнүүлээгүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/343 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Т.Заханы газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар захирамжаар газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр тус дүүргийн 5 дугаар хороонд байрлах Т.Заханы эзэмшлийн 10000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчээс тус захирамжийг эс зөвшөөрч, ...цар тахал гарсантай холбоотойгоор эдийн засаг болон санхүүгийн хүндрэлийн улмаас тухайн газартаа үйлдвэр үйлчилгээний зориулалтаар барилга байгууламж барьж чадаагүй ч газрын төлбөрийг хугацаандаа төлсөөр ирсэн..., зуны улиралд гэр барин агаар салхинд гардаг... гэж маргасан, хариуцагчаас ...нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу тухайн газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, сонсох ажиллагааны мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг хуулийн хугацаанд ирүүлээгүй мөн дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй... гэсэн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 425 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.Заханд тус дүүргийн 5 дугаар хороонд байрлах 10000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмших эрхийг олгож, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.
5. Гэвч нэхэмжлэгч Т.Захан нь газар эзэмших эрх олж авснаас хойш өдийг хүртэл тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу буюу үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаагүй болох нь маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон, газраа ашиглахаар төлөвлөх, зураг төсөл батлуулах, техникийн нөхцөл авах зэргээр газрыг ашиглах талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, сонсох ажиллагааны болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч уг газрыг зориулалтын дагуу ашигласан, үйл ажиллагаа явуулсан гэх байдлыг нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд холбогдох баримтууд байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
6. Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий газар дээр үйлдвэрлэлийн зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй үйл баримтын тухайд маргаангүй, харин нэхэмжлэлд дурдсан ...цахилгаан татуулаагүй, хашаа барьсан, газрын төлбөр төлсөн... гэх үндэслэлийг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаанд тооцуулахаар маргасан.
7. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан байх тул маргаан бүхий газар цахилгаанд холбогдоогүй нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй.
8. Түүнчлэн газрын төлбөр төлсөн, хашаа барьсан нь газрыг зориулалтын дагуу ашигласан, үйлдвэрлэл явуулсан гэж үзэх үндэслэл биш байхаас гадна маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр газар дээр хашаа баригдаагүй байсан, гэвч хашаа барьсан эсэхээс үл хамаарч үйлдвэрлэл явуулаагүй нь нотлогдсон тул шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...хашаа барьсныг нотлох баримтуудыг гаргаж өгөх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон болно.
9. Иймд маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгч Т.Заханы газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзээд хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, ... газар эзэмшүүлэх асуудлыг ... Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. гэж заасан, нэхэмжлэгч Т.Заханд үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрх олгосон боловч хэрэгт авагдсан газар баталгаажилтын хувийн хэрэгт төсөл сонгон шалгаруулалт явуулсан баримтгүйгээс ямар үйлдвэрлэл эрхлэхээр газар эзэмших эрх олгосон нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...Т.Заханы нөхөр дэлхийн аварга болоход нь Засаг даргаас тухайн газрыг эзэмших эрхийг олгосон... гэж тайлбарласныг мөн дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Заханаас Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 захирамжийн 3 дахь хэсэгт заасан ...Найман овогт Төлөвхааны Заханы Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйлдвэр үйлчилгээний зориулалттай 1261300493 тоот нэгж талбарын дугаар бүхий 10,000 м.кв талбайтай Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 425 тоот захирамж бүхий газар эзэмших эрхийг цуцалсан... хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ