| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 101/2024/10250/И |
| Дугаар | 191/ШШ2025/01510 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/01510
| 2025 02 18 | 191/ШШ2025/01510 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, Б овогт Ё О /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоот оршин суух, Х овогт Ц М /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* надад 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1512 тоот шийдвэрээр ******* охинд хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэр гарсан. 2023 оны 02 дугаар сараас эхлэн миний бие муудаж шээс хаагдан хавагнаж, өндөр халуурч, амьсгаадан явж чадахаа больсон учир эмнэлгийн туслалцаа авахад 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр надад бөөрний архаг дутагдал төгсгөлийн шат гэсэн онош тавигдсан. Түүнээс хойш би ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, хүчтэй эм тариа хэрэглэж, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Гемодиализын тасагт долоо хоногт хоёр удаа дөрвөн цагаар эмчилгээнд ордог болсон. 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар намайг 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоосон. Одоо би орлого олох боломжгүй, бие үе үе муудаж, ганцаараа байж чадахгүй болж хүний асаргаанд байж, эгчийндээ амьдрах болсон. Би одоо бусдыг бүү хэл өөрийгөө тэжээн тэтгэх чадваргүй болсон учир надад шүүхээс тогтоосон хүүхдэд сар болгон төлдөг тэтгэлгийг төлөх боломжгүй байдал үүсээд байна. Иймд миний байдлыг харгалзан үзэж хүүхдийн тэтгэлгийг багасгах арга хэмжээ авч өгнө үү. Би боломжоороо охиноо харж ханддаг. Шүүхийн шийдвэр дээр хүүхдийн тэтгэлэг төлөөгүй байна гээд очсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч дансаар төлсөн мөнгөө шүүлгэхэд 2,000,000 төгрөг гарч ирсэн. Эрүүл мэнд бөөр солиулахаас өөр сайжрах боломжгүй байгаа гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас хойш энэ хүн хүүхдээ харж хандсан гэж яриад байна. Шийдвэр гарах үед би зөвхөн охиндоо тэтгэмж тогтоолгосон. Том хүү маань миний өөрийн дагавар хүү учир тогтоолгохгүй гэсэн. Шийдвэр гарснаас хойш энэ хүн усанд хаясан чулуу шиг алга болсон. Би өөрөө 2022.03 сард хагалгаанд орсон. Хавдрын хүнд хагалгаанд ороод бүтэн 3 сар хэвтэрт байсан. Ажил хийх боломжгүй ганцаараа хүүхдүүдээ харж байсан. Энэ хүн бол ор тас алга болсон. Би 2023 онд хүүхэд гаргаад гэрт суусан. Охиноо үе тэнгийнхнээс нь хоцруулахгүй гээд сургалт дамжаанд явуулдаг. Би 2 удаа охиноо аав руугаа яриад тусламж хүсчих гэхэд энэ хүн охиноо дарамталсан. Тэгээд 2024 оны 6 дугаар сараас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Шүүх хурлаас хойшх өнөөдрийг хүртэлх дансны хуулга байгаа. 2 сая өгсөн гэдэг нь худал. Хааяа охинтой уулзахаараа пирожкины мөнгө өгдгөө яриад байна. Энэ хугацаанд ******* 2-3 удаа 150,000, 200,000 төгрөг өгсөн. ******* нэхэмжлэлдээ бичихдээ бусдыг тэтгэх боломжгүй гэж бичсэн байна. Төрсөн охиныхоо сургуулийн боловсрол, дугуйлан секцэд хамрагдаж хөгжүүлэх тал дээр анхаарч хандаасай гэдэг үүднээс хандсан. Тэрнээс би өөрөө зориулах гэж мөнгө төгрөг нэхээгүй. Тайлбар өгсний дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гээд намайг дуудаад хэрэг танилцуулсан. Өвчтэй гэдгийг нотлох баримт байна уу гэхэд эмчилгээний акт байгаа гэж гэсэн. Нэгэн цагт гэр бүл байсан, охины минь эцгийн хувьд хүний ёсоор харьцана. Тэр мөнгөнөөс би өөртөө хэрэглэхгүй, охиндоо зарцуулна. Намайг ямар хүн болохыг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Одоо цагт хүүхдийн хэрэглээ өндөр болсон. Аль болох бусад хүүхдүүдээс юмаар дутаахгүй байхыг хичээдэг. Эцгийнх нь үүрэг гэдэг утгаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч өвчтэй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө боломж, чадлаараа хандаарай гэдэг үүднээс хүүхдийн тэтгэлгийг 50 хувиар буруулах саналыг нь зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн мууг үзэх бодол алга. Би охиноо хөгжүүлэхэд боломжгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/,
3.2. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2024.12.06-ны өдрийн 1/7513 тоот албан бичиг /хх 3/
3.3. Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/,
3.4. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх 5/
3.5. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.22-ны өдрийн 101/ШШ2022/00023 дугаар шийдвэрийн хуулбар /хх 6-9/.
4. Хариуцагч нараас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Хариу тайлбар /хх 20, 26/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2023.09.12-ны өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон, эрүүл мэнд хүндээр өвдсөн тул ажил хөдөлмөр хийж чадахгүй байгаа байдлыг харгалзан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/00023 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн хэмжээг багасгаж өгнө үү гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч ******* нь нэгэн цагт гэр бүл байсан, охины минь эцгийн хувьд хүний ёсоор харьцана. Эцгийнх нь үүрэг гэдэг утгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч өвчтэй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө боломж, чадлаараа хандаарай гэдэг үүднээс хүүхдийн тэтгэлгийг 50 хувиар буруулах саналыг нь зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/00023 дугаар шийдвэрээр овогт /рд:*******/, овогт ******* /рд: *******/ нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх Ц.Мөнх- Эрдэнийн асрамжид үлдээж, 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин О.Номин- Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******эр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар талууд тайлбарласан.
4.2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д ... тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, ... бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн буюу шүүхээр өөр тэтгүүлэгчид тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бол тэтгэлэг төлөгч тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж тус тус заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023.09.12-ны өдрийн шийдвэрээр Ё.Одон-Эрдэний хөдөлмөрийн чадвар алдалтыг N18 гэх оношоор ердийн өвчний жагсаалтын 3-36-3 заалтаар 80 хувиар 24 сараар тогтоож шийдвэрлэсэн байна.
Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/00023 дугаар шийдвэрээр охин *******д олгож буй тэтгэлгийн хэмжээг 50 хувиар багасгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* хөдөлмөрийн чадвар алдалт нь арилж, эрүүл мэндийн хувьд эдгэрсэн тохиолдолд тэтгэлгийн хэмжээг хуульд зааснаар гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад уг шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38.7-д зааснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/00023 дугаар шийдвэрээр охин *******д олгож буй тэтгэлгийн хэмжээг 50 хувиар багасгаж эцэг *******эс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА