| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/00461/И |
| Дугаар | 191/ШШ2025/03124 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/03124
2025 04 14 191/ШШ2025/03124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт Жийн Х /РД: ***/,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух М овогт Цийн Ч /РД: ***/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Жын Ж /РД: ****/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Х СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч нар нь шүүхэд болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *****ны "Х" С.Ө.Хны бүх гишүүд 2024 оны 06 сарын 12-ны өдөр хуралдаж өмнө нь ажиллаж байсан СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас чөлөөлж, шинээр удирдах зөвлөлийн 5 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнийг бүх гишүүдийн хурлаараа сонгосон.
Улмаар шинээр удирдах зөвлөлийн гишүүдээр сонгогдсон Ж.Х, С.Ө, Б.Б, Б.Ц, Н.Ч нар нь 2024 оны 06 сарын 12-ны өдөр хуралдаж СБД Х СӨХ-ны Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн хурлын 24/02 дугаартай хурлыг тэмдэглэлийг үндэслэн тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ****ны оршин суугч Ж.Хийг томилсон.
Улмаар шинээр байгуулагдсан удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын зүгээс хуучин захирал Ж.Жоос "Х СӨХ-ны тамга гэрчилгээг авах гэсэн боловч хүлээлгэн өгөхгүй зугтах, улмаар хуучнаар нь СӨХ-ны үйл ажиллагааг удирдан зохион байгуулсаар байсан.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн засаг даргад мэдэгдэж, гомдол гаргасны дагуу 2024 оны 11 сарын 05-ны өдөр С.Ө.Хг хуралдуулах тухай 7/2356 тоот албан бичгийг 2-р хорооны засаг даргад хүргүүлсэн.
Үүний дагуу 2024 оны 11 сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргээс СӨХ хариуцсан ажилтан Э, Сүхбаатар дүүргийн 2-р хорооноос хорооны засаг дарга С.Ц нарыг оролцуулан хуралдсан. Тус хурал нь оршин суугчдаас санал гаргасны үндсэн дээр бүх гишүүдийн хуралдаан болж 2024 оны 11 сарын 25- ны өдөр хуралдуулсан юм.
Тус хуралдаанаар тус СӨХ-ны бүх гишүүд санал нэгтэйгээр 2024 оны 06 сарын 12-ны өдрийн хуралдааныг хүчинтэйд тооцон хэвээр үлдээж тухайн хурлаар сонгогдсон удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлыг ажил үүргээ хүлээж аван тамга гэрчилгээгээ хуучин захирал Ж.Жоос хүлээж авч СӨХ- ны үйл ажиллагаа явуулахаар тогтсон.
Гэвч уг хуралдаанд хуучин захирал Ж.Ж нь өөрөө оролцсон боловч Х СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг хүлээлгэж өгөхгүй өнөөдрийг хүртэл СӨХ-ны үйл ажиллагааг удирдсаар хэвээр байна.
Иймд "Х" С.Ө.Хны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг хүлээлгэж өгөхийг хариуцагч Ж.Жид даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн дараах шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Х нарын нарын нэхэмжлэлтэй, Ж.Жид холбогдох иргэний хэрэг 2025.01.16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүссэний дагуу нэхэмжлэлийг гардан авч, хуулийн хугацаанд нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ "Х" СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргаж өгөхийг хариуцагч Ж.Жид даалгах..." гэж тодорхойлжээ.
Нэг. "Х" СӨХ 1999 онд байгуулагдсан бөгөөд СБДбайрны оршин суугчид байгуулсан СӨХ юм. Ж.Ж миний бие 2014 оны 9-р сард СӨХ-ын даргын үүрэгт ажилд удирдах зөвлөлийн шийдвэрээр томилогдож өнөөдрийг хүртэл СӨХ-ын үйл ажиллагааг хэвийн удирдан зохион байгуулан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар манай СӨХ-ын Удирдах зөвлөлийг Дгийн б, н.Т, н.Б нар, хяналтын зөвлөлд н.Д, н.Т, н.Б, нягтлан бодогч н.Хзул, цэвэрлэгч Ц.А, Ц.Ц нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Манай СӨХ нь Улсын бүртгэлийн 117 дугаартай гэрчилгээг Сүхбаатар дүүргийн Засаг даргаас авсан.
Иргэн Ж.Х, Ц.Ч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нар нь яагаад энэхүү нэхэмжлэлийг гаргасан. СӨХ-ыг тамга, гэрчилгээг авах гээд байгаа нь шалтгаануудыг дараах байдлаар дурдвал.
1. Манай СӨХ нь 129 айл өрхтэй бөгөөд эдгээрийн 60 хувь нь олон жил амьдарч байгаа үндсэн оршин суугч нар нь бусад нь түрээсийн суугч нар, аж ахуй нэгж байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа Б.Г гэх нь манай байрны оршин суугч огт биш бөгөөд тэрээр Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгийн 19-1191 тоот оршин суудаг иргэн болох нь түүний гаргасан нэхэмжлэлээс тодорхой харагдаж байна. Манай байранд огт оршин суудаггүй этгээдийн СӨХ-ын УД зөвлөлийн даргаар сонгогдсон мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гадны этгээд манай байрны СӨХ-ын удирдах эрхийг авах гэсэн хууль бус санаархал нь тэдгээрийн гаргасан нэхэмжлэлээр тодорхой байна.
2. Учир нь С.Ө.Хны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд Удирдах зөвлөл, түүний эрх, үүрэг гээд 10.1-д "... Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн хүнийг сонгох бөгөөд удирдах зөвлөл нь орон тооны бус байна. 10.4-т "... Удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн дотроос олонхийн саналаар сонгоно..." гэж заасан байхад хаа байсан ****тоот оршин суудаг иргэний удирдах зөвлөлдөө оруулж, удирдах зөвлөлийн даргаар томилж Х СӨХ-ын эрхийг авах гээд байгаа нь хууль бус нэг илрэл юм.
3. Мөн Манай СӨХ-ын Бүх гишүүдийн хурал 2024.06.12-ны өдөр Бүх гишүүдийн хурал огт болоогүй. Учир нь юу гэхлээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өгсөн баримтуудаас нь харвал бүхий л баримт бичгийг хуурамчаар бусдын гарын үсгийг дуурайлгаж зурсан байх магадлалтай тэрнээс манай Х СӨХ-ын үндсэн оршин суугч нар огт гарын үсэг зураагүй болохыг илэрхийлдэг. СӨХ-ын гарын үсэг зурсан гэх бүх хүмүүсийг гэрчээр асуулгаж, үнэн шүүхийн өмнө гэрчлүүлнэ.
4. С.Ө.Хны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйл.Холбооны эрх барих дээд байгууллага нь 7.1.Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. 7.2-д "...Дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ: 7.2.4.удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх; 7.2.5.холбоог өөрчлөн байгуулахаар заасан. Энэхүү заалтаас үзвэл Х СӨХ-ыг Ж.Х, Ц.Ч, Б.Г нар нь бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулж байгаа мэтээр баримтыг бүрдүүлж шүүхэд өгсөн байна. Гэтэл энэхүү асуудлыг Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг хуулийн заалттай байна. Тийм байхад манай байрны бус түрээслэгч иргэдийг цуглуулж зураг даруулж бүх гишүүдийн хурал хийсэн мэтээр Х СӨХ авах гэж байгаа нь үндэслэлгүй.
5. С.Ө.Хны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд бүх гишүүдийн хурал гээд 8.1-т ". бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байна. 8.2-д Дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна. 8.3-д Ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна. 8.5-д бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ...' гэсэн хуулийн заалттай.
Тэрнээс хэн дуртай гадны иргэн ирж, СӨХ-ын хурлыг зарлан хуралдуулдаггүй бөгөөд Х СӨХ-ын удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хурал хуралдахаар ямар ч шийдвэр гараагүй болно.
Манай Х СӨХ-ын Бүх гишүүдийн ээлжит хурал 2024 оны 04-р сард болж, хурлаар хэлэлцэх асуудлуудыг шийдвэрлэж, дууссан байсан.
6. Дүүргээс болон СӨХ-ын дээд зөвлөлөөс 2024 оны болон өмнөх бүх үйл ажиллагааны шалгалтыг хийсэн бөгөөд манай Х СӨХ хамгийн сайн гэсэн үнэлгээгээр үнэлэгдсэн. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс хүртэл хяналт шалгалт явуулж Тохижилт албан даалгавраар сайн гэж үнэлэгдсэн. Ийм СӨХ-ын гадны этгээдүүд санаархаж, хувьдаа өөрсдөө хуралдаж тогтоол гаргаж, тэрхүү тогтоол нь хүчин төгөлдөр тогтоол биш байтал надаас тамга тэмдэг, гэрчилгээ авах гэж дайрч байгаа нь хэрээс хэтэрч байна. Одоогийн залуучуудын НАМ гэсэн солиорлын нэг илрэл болов уу.
7. Яагаад Х СӨХ-ын Ж.Х, Ц.Ч, Б.Г нар авах гээд байгаа гэхлээр 2024 оны УИХ-ын сонгууль 2024 оны 6-р сард болсон бөгөөд Сонгуулийн санал авдаг тогтолцоонуудын нэг нь байрнуудын СӨХ-ыг авч оршин суугчдыг хайрцаглаж саналыг авах, улмаар байрнуудын оршин суугчдын жагсаалтыг гаргаж, танд саналаа өгөх хүмүүс гэж итгүүлж цаана нь мөнгөний урсгал явагддаг болохыг энэ олон удаагийн сонгуулиар олж мэдсэн. Үүний нэг илрэл нь Ж.Х, Ц.Ч, Б.Г нарын үйлдэл болох нь манай байрны оршин суугч нар, Удирдах зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөлийн гишүүд, ажилчид бүгд мэддэг.
8. Мөн нэхэмжлэлд 2024.11.25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2-р хорооны Засаг дарга С.Цыг оролцуулан хуралдаж, Бүх гишүүдийн хурлаар УЗ-ын сонгосон гэжээ. Гэтэл СӨХ-ын Бүх гишүүдийн хуралд Хорооны Засаг орох эрх бүхий этгээд биш бөгөөд Ардчилсан намын С.Цыг оролцуулж, улс төрийн зорилготойгоор хуралдсан болох нь бэлэхнээ илт байна. С.Цыг орон нутгийн сонгуульд ялахад Ж.Х, Ц.Ч, Б.Г нар ажиллаж, улмаар хариуд нь Х СӨХ-ыг авч өгнө гэх амлалтыг тэдгээрт өгсөн байж болзошгүй дүр зураг тэдний хийж байгаа хууль бус ажиллагаанаас бэлээхнээ харагддаг.
9. С.Ө.Хны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.2."сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг..." хэлдэг. Гэтэл сууц өмчлөгч нь биш ч мөн түрээслэгч нарыг захиран зарцуулагч мэтээр ойлгож өөрсдөө СӨХ-ын бүтцийг дураараа өөрчлөх эрх Ж.Х, Ц.Ч, Б.Гид ч байхгүй, надад ч байхгүй болохыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа атлаа ийм байдлаар манай СӨХ-ын үйл ажиллагааг авах гэсэн хууль бус санаархал нь улс төр, нам засагтай шууд холбоотой.
10. Учир нь Сүхбаатар дүүрэгт ч тэр Сүхбаатар дүүргийн 2-р хороонд ч тэр Ардчилсан нам 2024.06, 2024.10 сарын УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд гарсан байдаг болохоор байрнуудын СӨХ-ыг авах гэсэн санаархал л явагдаж, бидний ажлыг хийлгэхгүй өдөр бүр дарамталж байна. Улс төр, намаас болж хуулийн дагуу байгуулагдсан СӨХ-ыг авна гэдэг нь С.Ө.Хны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиараа хориотой хууль журмын дагуу хуралдаж шийдвэр гардаг болохыг дурдсан учраас бүгдийг нь дурдах нь илүүц биз.
Иймд Ж.Х, Ц.Ч, Б.Г нарын гаргасан "Х" СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргаж өгөхийг хариуцагч Ж.Жид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Чээс Б.Гид олгосон 0055 дугаар Итгэмжлэл /хх-6/, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ж.Хэс Б.Гид олгосон 0049 дугаар Итгэмжлэл /хх-7/, АААААны Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №24-01-01 дүгээр Тогтоол /хх-8/, АААААны Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №24-01-03 дугаар Тогтоол /хх-9/, АААААны Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №24-01-02 дугаар Тогтоол /хх-10/, АААААны Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №24-01-04 дүгээр Тогтоол /хх-11/, АААААны Х СӨХ-ны удирдах зөвлөлийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №24-02-01 дүгээр Тогтоол /хх-12/, АААААны Х СӨХ-ны удирдах зөвлөлийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Хяналтын зөвлөлийн даргыг шинээр томилох тухай тогтоол /хх-13/, АААААны Х СӨХ-ны удирдах зөвлөлийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай тогтоол /хх-14/, АААААны Х СӨХ-ны удирдах зөвлөлийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Гүйцэтгэх захирлыг шинээр томилох тухай тогтоол /хх-15/, АААААны Х СӨХ-ны оршин суугчдын 2024.11.25-ны өдрийн бүх гишүүдийн хуралдааны тэмдэглэл /хх-16-20/, АААААны Х С.Ө.Хны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлыг өөрчлөн байгуулахтай холбоотой бүх гишүүд /оршин суугчдын/-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №24/01 тоот хуралдааны тэмдэглэл /хх-21-26/, Монголын С.Ө.Хны дээд зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/01/05 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-27-28/, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 025-ны өдрийн 7/2356 тоот С.Ө.Хг хуралдуулах тухай албан бичиг /хх-29/, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 7/2707 тоот албан бичиг /хх-30/, Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар албан бичиг /хх-31/, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн СӨХ-ны хурлын ирц /хх-32-33/, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн СБД-ийн 2 дугаар хороо, ****, Х СӨХ-ны хурал /хх-34/,1а-6-85 тоот н.Нийн ирц мэдүүлэг /хх-41/, н.Цын хүсэлт /хх-42/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дотоод аудитын албаны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-52/,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар /хх-63-65/, АААААны оршин суугчдын байгуулсан Х СӨХ-ны 117 дугаар гэрчилгээ /хх-66/, УБЦТС ТӨХК-ийн Сүхбаатар ХҮТ-ийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тодорхойлолт /хх-68-69/, байрны дотор, гадна болон засварын зураг /хх-74-94/, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №25/16 дугаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-95/зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
1. Нэхэмжлэгч У.Х, Ц.Ч нар хариуцагч Ж.Жид холбогдуулан Х СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Нэхэмжлэгч нар 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 02 дугаар хорооны ****ны оршин суугчид хуралдан Х СӨХ-ны хуучин удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлыг чөлөөлж, шинээр удирдах зөвлөлийн 5, хяналтын зөвлөлийн 3 гишүүнийг сонгосон боловч хуучин гүйцэтгэх захирал Ж.Ж Х СӨХ-ны тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээлгэн өгөхөөс зугтаж байгаа тул шинээр сонгогдсон гишүүд, удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүсэж, нийт оршин суугчдын нийтлэг эрх ашиг хөндөгдөж байгаа тул хариуцагчаас Х СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг нэхэмжлэгч нарт гаргаж өгөхийг даалгахаар шаардлага гаргаж байна./х.х-ийн 1-3 дугаар тал/
2.1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, нэхэмжлэл гаргасан Б.Г нь тус байрны оршин суугч биш С.Ө.Хны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.4-т тус тус зааснаар СӨХ-ны удирдах зөвлөлд зөвхөн тухайн байрны оршин суугч сонгогдох байтал өөр дүүрэг хорооны иргэн сонгогдсон.
2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр болсон бүх гишүүдийн хурал хуульд заасан хэлбэрээр болоогүй, оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар зурсан, бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй, хууль бусаар СӨХ-г авах гэж байгаа нь сонгуультай холбоотой гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбараа ирүүлсэн./х.х-ийн 63-65 дугаар тал/
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
3.1. Сүхбаатар дүүргийн засаг даргаас 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, ****ны оршин суугчдын байгуулсан Х СӨХ-г бүртгэж, 117 дугаар гэрчилгээг олгосон байна./х.х-ийн 66 дугаар тал/
Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурал 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20:00 цагт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, иргэний танхимд болохоор зарлаж, уг хурлаар ****ны зүүн талын зогсоолд барилга барихыг зөвшөөрөх эсэх, ****ны оршин суугчдад тулгамдаж буй асуудал, СӨХ-ны удирдлагыг өөрчлөх, шинээр нэр дэвшигчдийг бүртгэх, санал хураалтыг хэлэлцэхээр зарласан.
С.Ө.Хны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхын саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална гэж зааснаар хуралд оролцсон оршин суугчид дотроосоо хурал даргалагчаар 1а дугаар байрны 99 тоотын оршин суугч Ж.Хийг санал болгосноор хуралдаанд оролцсон бүх гишүүд 100 хувийн саналаар хуралдаан даргалагчаар томилж, гарын үсэг зуржээ. /х.х-ийн 21-26, 32, 33 дугаар тал/
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж зааснаар 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн бүх гишүүдийн хуралдаанаар 72 гишүүд оролцож, ирц 50-иас дээш хувь болсон нь уг хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна./х.х-ийн 32, 33 дугаар тал/
Уг хуралдаанаар 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 24-01-01, 24-01-03 тоот тус тус тогтоолоор өмнөх удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг огцруулж, хуралдаанд оролцсон бүх гишүүдийн саналаар удирдах зөвлөлийн гишүүдээр тус байрны оршин суугчид болох Ж.Х, С.Ө, Б.Б, Б.Ц, Н.Ч, хяналтын зөвлөлийн гүшүүдээр М.С, А.А, О.М нарыг сонгож гарын үсэг зурсан нь С.Ө.Хны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, бүх гишүүдийн хурлаар 7.2.4-т зааснаар удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх гэж заасан хуулийн зохицуулалтад нийцсэн байна./х.х-ийн 8-13 дугаар тал/
Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн нийт гишүүд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирал Ж.Жийг чөлөөлж, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Хүрэлбаатарыг гүйцэтгэх захирлаар томилохоор тогтоол гаргасан боловч хариуцагч Ж.Ж нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр болсон бүх гишүүдийн хурал хуульд заасан хэлбэрээр болоогүй, оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар зурсан, бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй гэх үндэслэлээр маргасан./х.х-ийн 15 дугаар тал/
Улмаар Сүхбаатар дүүргийн засга даргын тамгын газраас С.Ө.Хны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна. гэж зааснаар тус хорооны засаг дарга С.Цд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны дотор тус дүүргийн 2 дугаар хорооны ****ны бүх гишүүдийн хуралдааныг зарлаж тайланг ирүүлэхийг мэдэгджээ./х.х-ийн 29 дүгээр тал/
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны засаг дарга 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус хорооны ****ны бүх гишүүдийн хурлыг иргэний танхимд зохион байгуулж, уг хуралд 2 дугаар хорооны засаг дарга С.Ц, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын ажилтан н.Энхцэцэг, Х СӨХ-ны захирал Ж.Ж, оршин суугчид хуралдаанд оролцож, хурлаар 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээж, шинэ сонгогдсон гишүүд, гүйцэтгэх захиралд ажлаа хүлээлгэн өгөхийг хариуцагчаас шаардаж, тус хорооны засаг даргаас холбогдох эрх бүхий байгууллагад уламжилж өгөхийг хүссэн байна./х.х-ийн 16-20 дугаар тал/
С.Ө.Хны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд ороогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй гэж зааснаар бүх гишүүдийн хүчин төгөлдөр хурлын шийдвэрийг эсрэг санал өгсөн болон хурал оролцоогүй гишүүд биелүүлэх үүрэгтэй.
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар албан бичгээр тус дүүргийн засаг даргын тамгын газарт Х СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал нарыг шинээр сонгогдсоныг уламжилж, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 7/2707 тоот албан бичгээр Х СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Жид С.Ө.Хны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-т зааснаар хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгосон байна./х.х-ийн 30, 31 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-т Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.. гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Ж.Ж нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр болсон бүх гишүүдийн хурал хуульд заасан хэлбэрээр болоогүй, оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар зурсан, бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй гэх татгалзал тайлбар, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлохгүй байна.
Иймд, хариуцагч Х СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Ж нь С.Ө.Хны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-т гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх; үүрэгтэй тул хариуцагчаас Х СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг нэхэмжлэгч нарт гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар нэхэмжлэгч У.Х, Ц.Ч нарт Х СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргаж өгөхийг хариуцагч Ж.Жид даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч У.Х, Ц.Ч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Жоос 70,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА