Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/10

 

                                       Л.Бат-Оршиход холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай     

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин даргалж,  шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн /цахим/

Нарийн бичгийн дарга Т.Учрал нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/02 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Л.Бат-Оршиход холбогдох 2333000000119 дугаартай, 150/2023/0100/Э/208/2024/0007 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Лхагважавын Бат-Орших, Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг Орхон суманд төрсөн, ***** настай, ***эгтэй, ****** боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл ***** хамт Сэлэнгэ аймаг Орхон сум Бэлэндалай ***** баг хөдөө оршин суух, /РД:ТГ89070414/.

Шүүгдэгч Л.Бат-Орших нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Ууганбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний биед 2 чамархай хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, цээж, зүүн мөр, 2 бугалга, зүүн гуянд цус хуралт, 2 тохой нурууны баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Л.Бат-Оршихын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Л.Бат-Оршиход холбогдох эрүүгийн 2333000000119 дугаартай хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.Бат-Оршиход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар энэ шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцэлдээ:

...Шүүгчийн захирамжийг 2024 оны 01 сарын 02-ны өдөр 17 цаг 30 минутад хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1 .Хохирогч Б.Ууганбат “Эрдэнэтогтох 1, 2 удаа хажуугаар орж миний нүд рүү нь цохисон тэр хэсэг хөхөрсөн байсан....” гэж тодорхой зааж мэдүүлсэн, /хх-ийн 30 дугаар хуудас/,

-Гэрч З.Эрдэнэтогтох машинд суулгаад явж байхдаа миний дургүй хүрээд шанаа хэсэгт нь 2 удаа гараараа цохисон... өөр цохисон асуудал байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 35-36 хуудас/

Шинжээч Г.Ганпүрэв “хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж мэдүүлсэн” тул хохирогчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Л.Бат-Орших учруулсан гэж дүгнэн үзэх бүрэн боломжтой байна. Өөрөөр хэлбэл шинжээч, хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Л.Бат-Орших хохирогч Б.Ууганбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг нотолж тогтоосон байна.

2.Шүүгчийн захирамж ойлгомжтой, хэргийг прокурорт буцааж байгаа тохиолдолд алдаа зөрчлийг хэрхэн яаж засах, хийгдэх ажиллагааны талаар тодорхой зааж өгөх ёстой тэгвэл хохирогчоор тогтоосон асуудлыг хэрхэн яаж засах талаар шүүгчийн захирамжид дурдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох заалт байгаагаас хохирогчид холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт байхгүй байна.

Мөн хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Зулаагаас 2023 оны 10 дугаар сарын 20-нд нөхрийн дүү Б.Ууганбат намайг хүчиндэхийг завдсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн хэлтэст ирүүлсэн /хх-ийн 02-03 дугаар хуудас/, 2023 оны 10 дугаар сарын 21-нд Сайхан сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэн эмнэлгийн үзлэгээр нөхрийн дүү хүчиндэхийг завдсан... биеийн шалбарсан хэсгүүд өвдөнө... хөлийн шилбэний дунд хэсэг зулгарсан шархтай... баруун шагайны дотор тал нь улайж хавдсан талаар яаралтай түргэн тусламжийн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Л.Сарнайцэцэгийн “... О.Зулаа эгч Б.Ууганбат намайг хүчиндэх гээд байна гээд...уйлчихсан Ууганаа хажууд нь гутлаа барьчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт О.Зулааг хохирогчоор тогтоон шалгах шалтгаан үндэслэл тогтоогдсон ба илт хууль зөрчин, хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Л.Бат-Орших, хохирогч Б.Ууганбат нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм буруугийн талаар маргаан байхгүй, Л.Бат-Оршиход холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой юм. Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 2023/Ш3/ 02 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.  

Хохирогч Б.Ууганбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Баасандорж овогтой Ууганбат нь 2023 оны 10 сарын 21-ний өдөр Л.Бат-Оршихтой үл ойлголцол үүсэж Бат-Оршиход миний биед гэмтэл учруулсан. 2023 оны 11 сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон. Тухайн хэрэг гардаг өдөр Бат-Орших намайг униар цохиогүй гараараа цохиж миний биед гэмтэл учруулаагүй тул тухайн хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Л.Бат-Оршиход холбогдох эрүүгийн 2333000000119 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Л.Бат-Орших нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Ууганбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний биед 2 чамархай хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, цээж, зүүн мөр, 2 бугалга, зүүн гуянд цус хуралт, 2 тохой нурууны баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын цагдаагийн жижүүрийн мөрдөгч нь “...Сэлэнгэ аймгийн Сайхан сум Дөмбөн 4-р баг 6-811 тоотод манай найзын эхнэрийг хүчиндэхийг завдсан байна ...” гэх мэдээллийг  2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 20 минутад хүлээн авч, мөн өдрийн 14 цаг 25 минутад хэргийн газрыг үзлэг хийж О.Зулааг хохирогчоор тогтоон, эрх, үүрэг тайлбарлаж хууль сануулсан баталгаа гаргуулан мэдүүлэг авчээ./хх-ийн 01 ,03-06, 23-25-р ху/

4.Дээрхи гомдол мэдээллийг шалгах явцад хохирогчоор тогтоогдсон О.Зулааг хүчиндэхийг завдсан гэх Б.Уранбатын эрх чөлөөнд халдаж махбодид нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр О.Зулаагийн хамтран амьдрагч Л.Бат-Оршихыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Зулааг хүчиндэхийг завдсан гэх Б.Уранбатад 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар буюу Хүний биед халдах зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох арга хэмжээ авч уг гомдол мэдээллийг ямар шийдвэр гаргасан талаар мэдэгдэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1.Мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч хянаж үзсэн даруй, эсхүл энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргасан даруй энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ:

1.1.хэрэг бүртгэлтийн хэрэг нээх;

1.2.хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт гаргах;

1.3.харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт гаргах.

2.Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргуулахаар харьяаллын дагуу прокурорт саналаа даруй хүргүүлнэ.

3.Мөрдөгч энэ зүйлийн 1.2-т заасан саналыг прокурорт 72 цагийн дотор хүргүүлнэ...гэсэн заалтыг ноцтой зөрчсөн, хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            5.Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/02 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан тул хэргийн үйл баримтын талаар давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/02 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.ДАВААРЕНЧИН

                               ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ