Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2025/0475

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******* ХХК, /*******/,

Хариуцагч: Нийслэлийн Хяналт шалгалтын газар нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, А.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Өгөөдэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: А******* ХХК-аас гаргасан барилга байгууламж ашиглалтад оруулах хүсэлтийн дагуу барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахыг даалгах,

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. А******* ХХК нь Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт зоорьтой 16 давхар, 1 блок, 144 айлын орон сууц барихаар барилгын ажлыг 2021 оноос эхлэн 2024 оны 10 дугаар сард бүрэн барьж дуусган Нийслэлийн Хяналт шалгалтын газарт хандан ...барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах... тухай хүсэлтийг гаргасан. Уг хүсэлттэй холбоотой хяналт шалгалтын ажиллагаа явуулж 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичгээр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасныг үндэслэн барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан байна.

2.2. Үүнийг эс зөвшөөрч, А******* ХХК-аас 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч А******* ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. А******* ХХК нь Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай 144 айлын орон сууцыг 2021 оноос эхлэн барьж 2024 оны 10 дугаар сард дуусгаж, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус барилгыг ашиглалтад оруулах тухай комисс ажиллуулах хүсэлтийг Нийслэлийн Хяналт шалгалтын газарт гаргасан. Гэтэл Нийслэлийн Хяналт шалгалтын газраас 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 01/29******* албан тоотоор Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

3.2 Манай компани нь тухайн барилгыг ямар нэгэн байдлаар ашиглаагүй байхад үндэслэлгүйгээр улсын комисс томилон ажиллуулахаас татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцээгүй бөгөөд уг барилга нь Барилгын тухай хуульд заасны дагуу манай компанийн захиалгаар баригдсан барилга юм. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд захиалагчийн чиг үүргийг хуульчилж өгсөн бөгөөд 37.1.6-д энэ хуулийн 48.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах гэж заасан. Мөн хуулийн 48 дугаар зүйлд захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргахаар хуульчилсны дагуу манай компанийн зүгээс хүсэлтээ гаргасан байхад үндэслэлгүйгээр улсын комисс ажиллуулахаас татгалзсан нь манай захиалагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. А******* ХХК нь Х******* дүүрэг, ******* хороонд байрлах зоорьтой 16 давхар, 1 блок үйлчилгээтэй 144 айлын орон сууцны зориулалттай барилгыг барьж дууссан тул ашиглалтад оруулахаар холбогдох хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр албан бичгээр ирүүлсэн. Хүсэлтийн хүрээнд Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/09 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан барилга байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан илтгэх хуудасны дагуу мөн оны 02 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцахад барилгыг ашигласан нь тогтоогдсон тул тус газрын хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/29******* албан бичгээр хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн.

4.2 Тухайлбал Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д дуусаагүй дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно, Монгол улсын засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ийн 10.3-т ашигласан тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж тус тус заасныг А******* ХХК нь зөрчсөн байх тул тус газар нь хууль тогтоомжийн дагуу татгалзсан шийдвэр гаргасан.

4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл нь хууль бус захиргааны байгууллагын татгалзал, эс үйлдэхүй байхыг шаарддаг бөгөөд захиргааны байгууллагын татгалзал нь хууль тогтоомж зөрчөөгүй, эрх зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн хяналт шалгалтын газрын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/29*******тай албан бичгээр Х******* дүүргийн ******* хороо, зоорьтой 16 давхар, 1 блок, үйлчилгээтэй 144 айлын орон сууцны барилгын зориулалттай барилгыг ашиглалтад оруулах захиалагчийн хүсэлтийн дагуу баримт бичгийг судалж, барилгын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцахад тус барилга байгууламж нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчсөн үндэслэлээр барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс томилохоос татгалзжээ.

3. Нэхэмжлэгчээс тус татгалзсан хариуг эс зөвшөөрч, ...манай компани тухайн барилгыг зориулалтын дагуу ямар нэгэн байдлаар ашиглаагүй... гэж маргасан, хариуцагчаас ...барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуваарь хоёр удаа гарсан боловч амжилтгүй болсон, үүний дараа дахин хуваарь гарч барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцахад барилгыг ашигласан нь тогтоогдсон... гэсэн тайлбарыг гаргасан.

4. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.-д Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: гэж, 48.6.-д Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна. гэж заасан.

5. Хариуцагчаас шүүх хуралдаанд ...Барилгын тухай хуулийн 48.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргах баримтуудыг бүрэн бүрдүүлсэн... болохыг хүлээн зөвшөөрсөн, зөвхөн дуусаагүй барилгыг ашигласан үндэслэлээр татгалзсан гэж тайлбарлаж байна.

6. Гэтэл нэхэмжлэгч А******* ХХК-аас Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.1-48.5.7-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахад шаардагдах баримт бичгийг бүрэн бүрдүүлж, байнгын ашиглалтад оруулах комисс томилуулахаар хүсэлт гаргасан энэ тохиолдолд мөн хуулийн 48.6.-д Нийслэлийн Хяналт шалгалтын газар нь баримт бичгийг бүрдэл хангагдсан бол ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулах үүрэгтэй байхад хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан хариуг нэхэмжлэгчид өгчээ.

7. Хэдийгээр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглохоор зохицуулсан боловч энэ үндэслэл нь барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэл биш байна.

8. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм-ийн 10.3-т Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж заасан нь Барилгын тухай хуулийн 48.6.-д заагаагүй үндэслэлийг журамласан байх тул журмын тус зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй.

9. Иймд Нийслэлийн хяналт шалгалтын газраас барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, А******* ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахыг даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч А******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн хяналт шалгалтын газраас барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, А******* ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахыг Нийслэлийн хяналт шалгалтын газарт даалгасугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ