Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.А,

шүүгдэгч М.А түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

хохирогч М.Сийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,

иргэний хариуцагч М.Г,

шинжээч Х.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Орги овогт Мөнхбаатарын Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 1703000010146  дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн  авч  хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн ... дүгээр гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч  ам бүл 3, хамтран амьдрагч түүний дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ...дугаар гудамжны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Орги овогт Мөнхбаатарын А

 

Шүүгдэгч М.А нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хорооллын эцсийн замд .... УНЛ улсын дугаартай Hyundai Grase маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрвээ явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Сийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М.А мэдүүлэхдээ:  “Хэрэг гардаг өдөр зүүнээс баруун чиглэлтэй 59-02 УНЛ улсын дугаартай Хьюндэй Грэйс маркийн микро автобусыг жолоодож явсан. Тэр өдөр бороо орж байсан. Гэрлийн гялбаанд юм харагдахгүй байсан. Би тухайн үед асар хурдтай явж байгаагүй. Тэгээд хүн мөргөөд сандраад түргэн тусламж дуудсан. Мөн цагдаа дуудсан. Эхлээд цагдаа ирээд хохирогчийг яах вэ гэхэд байлгаж бай гэсэн. Тэгээд бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн. Хохирогч согтуу байсан. Би хохирогчийг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч М.А нь 59-02 УНЛ улсын дугаартай Hyundai Grase маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Сийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 11-15, 19-20 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 21-23 дугаар хуудас/

Хохирогч  М.Сийн  “Би 2017 оны 07 дугаар сарын 17-ны орой 22 цаг өнгөрөөд ажлаа тараад гэр лүүгээ нийтийн тээврийн автобусанд суугаад хорооллын эцсийн автобусны буудал дээр буугаад зам хөндлөн гарахаар явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлд гарсан. Би эхлээд эхний замаа гараад, тэр замын талаас илүү хувийг туулаад гарч байтал хажуу талаас аймар хурдтай машин ирээд мөргөсөн. Тэгээд л ухаан алдаж нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон. Би яг гарцаар нь л гарсан. ... тэр машин бараан өнгийн микро машин байсан. ... Би зам гарахаасаа өмнө машин ирж байна уу гэж зам руу харсан. Тэр машин жоохон зайтай хол явж байхаар нь гараад амжина гээд л алхаад явж байтал хурдтай ирээд л намайг мөргөсөн. Тухайн үед замын хөдөлгөөн бага байсан. Зам гарахдаа хоёр тал руугаа их л харсан. ... Гомдолтой байна. Биедээ маш их эмчилгээ хийгдэж байгаа. Эрүүл болж авмаар байна. Эмчилгээний зардлаа бүгдийг гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/

“... Би тухайн үеийн үйл явдлыг санаж байгаа. Би яахын аргагүй явган гарцаараа гарч байсан. Би хаагуур гарч байгаад хаана унаснаа санаж байна. Гэхдээ одоогоор босож чадахгүй байна. ... Түүнээс би ослын газарт очвол хаана мөргүүлсэнээ зааж өгч чадна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34 дүгээр хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх. /хэргийн 44-56 дугаар хуудас/

 

Номун килиник эмнэлгийн өвчний түүх. /хэргийн 58-67 дугаар хуудас/

 

Гэрч Х.Эрдэнэзаяагийн “2017 оны 07 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчим байхаа би найз Аын хамт түүний Грейс маркийн 59-02 дугаартай автомашинаар гэр рүүгээ хорооллын эцсийн замд зүүнээс баруун тийшээ харж явсан. Тухайн үед би жолоочийн хажуу талын суудал дээр А машинаа бариад явж байхад гадаа орж байсан бороо өөдөөс ирж байсан машинуудын гэрэл гялбаад үзэгдэх орчин муу байсан. Тэгтэл гэнэт урд эмэгтэй хүн гараад ирсэн. Тэгээд л тэр хүнийг машины урд хэсгээрээ мөргөсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 76 дугаар хуудас/

 

Гэрч Б.Гантулгын “... миний хувьд осол болохыг хараагүй. Автобусны буудал дээр байсан хүмүүс хүн мөргөчихлөө гэхээр нь хартал микро машинд хүн мөргүүлсэн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 77 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №9156 дугаартай:

“1. М.Сийн биед аарцаг, эгэм, баруун гарын богтос, шуу ясны хугарал, тархины дунд зэргийн няцрал, нүүр өвдгөнд зулгаралт, цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н  2.3.1 зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэл төгсгөлөөс шалтгаална” гэсэн дүгнэлт. /хэргийн 87 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1168:

  1. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №9156 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

Оролцогчидоос тавьсан асуултын хариу:

1. М.Сийн биед тухайн үед аарцаг, эгэм, баруун гарын богтос, шуу  ясны хугарал, тархины дунд зэргийн няцрал, нүүр, өвдгөнд зулгаралт, цус хуралт зэрэг гэмтэл учирсан нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заагдсанаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

2. М.Сийн биед учирсан аарцаг яс, эгэм яс, баруун гарын богтос яс, шуу ясны хугарал гэмтлүүд нь бүрэн бороолж эдгэрсэний дараа тухайн эрхтнүүдийн үйл ажиллагааны алдагдлыг харгалзан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтооно” гэсэн дүгнэлт. /хэргийн 103-104 дүгээр хуудас/

 

Замын цагдаагийн албаны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 616 дугаартай:

 “1. Хэргийн материалтай танилцаж үзэхэд Хьюндэй Грейс маркийн 5902 УНЛ дугаартай автомашиныг жолоодож явсан М.А нь Монгол Улсын ЗХД-ийн 13.1 дэх “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон  ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэл байна.

2. Явган зорчигч М.Саранчимэгийг Монгол Улсын ЗХД-ийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Хьюндэй Грейс маркийн 5902 УНЛ дугаартай автомашины техникийн байдал тухайн осол хэрэгт хэрхэн нөлөөлсөн нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 17/43831 дугаартай гаргасан шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэж үзэж байна.

4. Уг зам тээврийн осолд замын байгууламж, тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл, байдал ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч М.А 59-02 УНЛ улсын дугаартай Hyundai Grase маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон  ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Сийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, Замын Цагдаагийн албаны дүгнэлтээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

Шүүгдэгч М.Аын үйлдэл нь болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

Хохирогч М.С нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигт нийт 3.376.490 төгрөг нэхэмжилжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаас дүгнэхэд М.Сийн “Номун клиник” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 594.290 төгрөг, эмчилгээний зүйлс худалдан авсан нийт 1.172.200 төгрөг, эвдэрсэн гар утасны хохирол 20.000 төгрөг, нийт 1.786.490 төгрөгийг шүүгдэгч М.Ааас гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.А нь хохирогчид 1.000.000 гаран төгрөг төлсөн гэж мэдүүлэх боловч энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг талаархи тооцоо гаргах боломжгүй юм.

Хохирогч М.Сээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч М.С нь цаашид гарах хохирол, хор уршигийн төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт иргэний хариуцагчаар М.Гантулгыг татсан боловч М.Г нь тухайн тээврийн хэрэгсэлийн жинхэнэ өмчлөгч биш харин зээл авах зорилгоор “MSB optimization” ХХК-тай фидуцийн гэрээ /хэргийн 70-73 дугаар хуудас/ байгуулсан нь түүний “Hyundai Grace маркийн 59-02 УНЛ дугаартай автомашин миний танил ах Пүрэвдорж гэж хүний эзэмшилийнх юмаа. Гэхдээ надад мөнгөний хэрэг болоод эхлээд би түүний машиныг нэр дээрээ болгоод дараа нь ББСБ-д 1.400.000 төгрөгөнд тавьж би тал мөнгийг нь авч хэрэглэж, харин талыг нь машины эзэн Пүрэвдорж ах авсан. Автомашин миний нэр дээр байсан учир намайг хариуцагчаар татаж байгааг ойлгож байна. Осол гаргасан жолооч өөрөө хохирлыг төлж барагдуулж чадах байхаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 68 дугаар хуудас/

Гэрч Б.Пүрэвдоржийн “Би танил дүү Гантулгад мөнгөний хэрэг болоод түүний нэр дээр машинаа шилжүүлээд ББСБ-ын нэр лүү машинаа шилжүүлэхээр гэрээ байгуулаад 1.700.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 74 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байх тул М.Гантулгыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

 

 

Шүүгдэгч М.Аын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт хурааж ирүүлсэн М.Аын 510506 дугаартай жолоочийн түр зөвшөөрөлийг шийдвэр хуулийн ёсны хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч  М.А баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Орги овогт Мөнхбаатарын Аыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол

учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  М.Аыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М.А торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  М.А торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. М.А баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдсугай.

 

6. М.Ааас 1.786.490 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 10 дугаар хороо 23 дугаар байр 64 тоотод оршин суух хохирогч Амбагай овогт Мандахын Сарангэрэлд /ЖМ60011467/ олгож, түүнээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. М.Гантулгыг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Хохирогч М.С нь бусад хохирлоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Хэрэгт хурааж ирүүлсэн М.Аын 510506 дугаартай жолоочийн түр зөвшөөрөлийг шийдвэр хуулийн ёсны хүчин төгөлдөр болмогц М.Ат буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ат авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ