| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03987/И |
| Дугаар | 191/ШШ2025/03673 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/03673
2025 04 30 191/ШШ2025/03673
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: тоотод байрлах БЗДЦГ /РД: ****/-ын хүсэлттэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: тоотод оршин суух Дгийн Э /РД: ****/
Нэхэмжлэлийн шаардлага: Д.Эыг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч цагдаагийн ахмад Г.Ж,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **** тоотод оршин суух хаягтай Хүү ноён овгийн Дгийн Э (РД:****) нь цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх саатуулах байранд 2012 оны 09 дүгээр сарын 17, 2012 оны 03 дугаар сарын 25, 2012 оны 10 дугаар сарын 31, 2012 оны 09 дүгээр сарын 12, 2013 оны 01 дүгээр сарын 16, 2017 оны 01 дүгээр сарын 13, 2018 оны 12 дугаар сарын 14, 2020 оны 07 дугаар сарын 07, 2021 оны 02 дугаар сарын 24, 2022 оны 04 дүгээр сарын 10, 2023 оны 08 дугаар сарын 08, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрүүдэд нийт 12 удаа эрүүлжүүлэгдсэн, 2021 оны 02 дугаар сарын 24, 2022 оны 03 дугаар сарын 20, 2022 оны 04 дүгээр сарын 07, 2024 оны 06 дугаар сарын 30, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрүүдэд захиргааны журмаар нийт 5 удаа баривчлагдаж, Зөрчлийн тухай хуулиар 11 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж, согтууруулах ундаанд донтогч этгээд, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг иргэдийн бүртгэл, ажилгүй иргэдийн бүртгэл, эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд саатуулагдсан хүний бүртгэл, гэмт хэрэгт холбогдож, өртөж хохирч болзошгүй хүний бүртгэлд тус тус авагдсан.
Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт болон Баатархайрхан 7706 тоотод байнгын архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдын биед аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог зэрэг нь оролцогч нарын мэдүүлэг, тус хорооны Засаг даргаас цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт зэргээр тогтоогдсон.
Иймд Д.Эыг Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1, 2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага Болгон архины албадан эмчилгээнд явуулах саналыг хүргүүлж байна. гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй. Охин маань 9 дүгээр сард сургуульд орно. Тэр болтол өөрөө архи дарсыг болино гэж бодоод барилга дээр ажилд орсон. Барилга дээр ажиллаж байгаад хөлөө гэмтээчихсэн. Одоо төрсөн эгчийнхээ хашаанд ганцаараа амьдарч байгаа. гэв.
3. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 30д/926 тоот Итгэмжлэл /хх-2/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 022 дугаар албан бичиг /хх-3/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 329 дүгээр Тодорхойлолт /хх-4/, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны тодорхойлолт /хх-5/, Д.Уийн гаргасан Д.Эыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт /хх-6/, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-7-9/, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-10-11/, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр холбогдчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13-15/, цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хх-16-18/, Д.Эын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-19/, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон эмчийн дүгнэлт, эмнэлгийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-20-23/ зэргийг шүүхэд гарган өгсөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Д.Эыг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар Д.Э нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд 12 удаа эрүүлжүүлэгдсэн, 2012 оноос хойш архи хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, архинд донтох өвчтэй болох нь доор дурдсан баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, төрсөн эгч Д.Уийн хүсэлт, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны засга дарга, 2 дугаар хэсгийн ахлагч Э.Э, 1 дүгээр хэсгийн ахлагч Б.Э гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл зэрэг болно.
Тухайлбал, гуравдагч этгээдийн төрсөн эгч Д.У нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан хүсэлтдээ миний бие төрсөн дүү Д.Э нь эхнэр хүүхдээсээ салсан, улмаар Улиастай орчимд байнга архи уугаад байхаар нь өөрийн гэрт авчирсан боловч архины хамаарлаас гарахгүй агсам согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг тул архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй гэсэн бол гэрч болох Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 1, 2 дугаар хорооны хэсгийн ахлагч Б.Э Э.Э нар нь өгсөн мэдүүлэгтээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны хэсгийн ахлагчаар ажилладаг Д.Э нь байнга архи уудаг, хүүхдийн тоглоомын талбай, сагсны талбайд хүмүүс цуглуулж архидаж ил задгай бие засаж шаардлага тавих бүрд эсэргүүцэж шаардлага биелүүлдэггүй гэжээ.
Мөн хэрэгт авагдсан баримтаар Д.Э нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж зааснаар 2012 оноос хойш жил бүр удаа дараа буюу 12 удаа эрүүлжүүлэгдсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нийт 5 удаа баривчлах шийтгэл ногдуулж байсан, олон нийтийн газар бие зохистой авч явдаггүй гэх зэргээр зөрчил гаргаж, 11 удаа торгуулсан байна.
Энэ тохиолдолд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж, мөн 6.3-д Энэ хуулийн 6.1-д заасны дагуу хүсэлт гаргасан өдрөөс хойш нэг сарын хугацаанд эмчилгээнд хамрагдаагүй тохиолдолд энэ хуулийн 4.2-т заасны дагуу цагдаагийн байгууллага тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах саналыг шүүхэд гаргана гэж тус тус зааснаар түүнийг архины албадан эмчилгээнд хамруулах боломжтой юм.
Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Д.Э нь архины албадан эмчилгээнд хамруулахад харшлах зүйлгүй гэж харьяа эмнэлгийн байгууллагаас тодорхойлсон ба дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно гэж заасан архины албадан эмчилгээнд хамруулах хориглох заалтад хамаарахгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийхээр хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан ба албадан эмчлэх хугацааг эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болгох хуулийн зохицуулалттай.
Иймд, дээрх үндэслэлээр Д.Эыг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Хүү ноён овогт Дгийн Э /РД: ****/-ийг албадан эмчилгээнд хамруулж, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг БЗДЦГт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Д.Эыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар БЗДЦГ нь Д.Эыг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, ажил олгогчид ажлын 5 өдрийн дотор мэдэгдсүгэй.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА