| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 101/2024/10176/И |
| Дугаар | 191/ШШ2025/01869 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/01869
2025 03 07 191/ШШ2025/01869
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, шүүгч Н.Сарангүн, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 34,750,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Иргэдийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан гэм хорын хохиролд 34,750,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний хүү 2023 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 12 цагийн орчимд С гэх газарт Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн төв асфальтан замын 72-73 дахь километрт УАВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу орж онхолдон зам тээврийн осол гарсны улмаас нас барсан.
Миний хүү нь Хөвсгөл аймагт ял эдлээд хугацаанаасаа өмнө суллагдан Улаанбаатар хот руу гэр лүүгээ аав ээж нарынхаа хамт буцаж явахад нь түүний найзууд гэх Д.*******, , нар Эрдэнэт хотод тосож, ээж ааваас нь салган Эрдэнэт хотод авч үлдээд шөнөжин архидуулж хоносон байдаг.
Маргааш өглөө нь Улаанбаатар хот руу явахдаа бүгд согтуу байсан. Миний хүүгийн эхнэр хүүхэд рүүгээ яарч байсныг нь далимдуулан жолооны ард суулгасан байдаг. Ингээд явах замдаа осол болж миний хүү нас барсан.
Болсон хэрэг явдлыг хууль хяналтын байгууллагууд шалгаад УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй гэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр прокурорын тогтоолоор тогтоосон.
Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/157 шийтгэврээр 01-55 УАВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.******* нь иргэн ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь жолоог шилжүүлсний улмаас зам тээврийн осол үйлдэгдэж улмаар хүний амь нас хохирсон байна. Д.*******ын дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу оршуулгын болон зан үйлийн бусад зүйлд зарцуулагдсан нийт 34,750,200 төгрөгийг нэхэмжилж байна.
1.2. Нэхэмжлэлийн шаардлагад дараах зүйлс багтаж байгаа. Үүнд Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд нутагшуулсан бөгөөд Дархан-Уул аймгаас 6 машинаар Хөвсгөл аймаг руу явсан шатахууны зардал 6,420,000 төгрөг, буяны үйл ажиллагаа, зэд, цагаалга 10,310,000 төгрөг, лам залж ном уншуулсан зардал 4,000,000 төгрөг болсон.
Манай дүү энгийн хүн байгаагүй онгод тэнгэртэй сахиустай хүн байсан. Сахиусыг Агарын хайрханд жижиг байшин бариад авдар хийгээд авдар дотроо хэнгэрэг хийц аман хуур зэргийг хийгээд нутагшуулсан. Нутагшуулах зөвлөгөө зааврыг багшаас нь асууж хийсэн. Энэ зардал 4,500,000 төгрөг болсон.
1.3. Манай дүү 27 насандаа авто ослоор гэнэт нас барлаа. Хөвсгөл аймгаас очиж тосож аваад явж байх замд нь Д.*******, гэсэн 3 залуу байнга залгасаар байгаад Эрдэнэт хотод авч үлдсэн байдаг. Тэгээд авч үлдээд өөрсдөө машинаа барихгүй дүүд минь машиныг бариулж амь насыг нь хохироочхоод оршуулгаас хойш бид нартай ганц удаа ирж уулзаагүй.
Манай дүүгийн 7, 8 настай хоёр охин өнчирч үлдлээ. Дуудаж уулзаад амь насыг нь хохироочхоод ядаж ээжээс нь уучлалт гуйчих юм болов уу гэж бодтол оршуулгаас хойш нэг ч удаа ирж уулзаагүй, холбоо бариагүй. Иймд 34,750,200 төгрөгийг буруутай этгээд болох Д.*******аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хэрэг учрал болсон 2023 оны 12-р сарын 24-ний өдрийн зам тээврийн осол болоход амь хохирогч нь машин барьж явсан бөгөөд тухайн осолд холбогдсон жолооч бөгөөд гэм хорын хохирол өөрт нь учирсан гэх агуулга биш юм.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн гэм хортой холбоотой зохицуулалт нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэсэн зохицуулалт болохоос биш гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн этгээдийн өөрт учруулсан хохирлыг хамааруулах зохицуулалт биш юм.
2.2. Хавтаст хэргийн 21, 28 дугаар талд хэргийн бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол байдаг. Тухайн зам тээврийн осол юунаас болсон талаар байгаа. Зам хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.1 12.3-д зааснаар амь хохирогч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад нас барсан үйл баримт тогтоогддог.
Хэрэг бүртгэлийн хэрэг нь осолд холбогдсон яллагдагчаар татвал зохих ёстой этгээд нь амь хохирсон учраас хэргийг хааж шийдвэрлэсэн. Энэ нь прокурорын тогтоолоор тогтоогдоод тухайн хэргийг хааж шийдвэрлэсэн нөхцөл байдал байдаг.
Амь хохирогч нь тухайн осолд холбогдож яллагдагчаар татагдах этгээд байсан гэдэг прокурорын тогтоолоор тогтоогдсон. Тийм учраас буруутай этгээд гэм хорын хохирол төлөх гэдэг асуудал Эрүүгийн хууль болон Улсын дээд шүүхийн тайлбар ч байдаг. Иргэний хэргийн гэм хортой холбоотой эрүүгийн улсын дээд шүүхийн тайлбар ч байдаг.
Энэ нь аль алин дээр нь тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээд гэж нэг томьёолоод бусад хамаарах этгээд гэдэг томьёолол гэж байдаг. Бусдад хамаарах этгээд гэдэгт хариуцагчийг оруулж байгаа боловч нэхэмжилж байгаа этгээд нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэдгийг прокуророос тогтоосон байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Зардалтай холбоотой баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Хэн нэгэн янз бүрийн байдлаар буяны зан үйл хийгдээд оршуулгын зардал гардаг талаар бид нар мэднэ. Нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлэх хууль зүйн зохицуулалттай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд нотлох баримт гэж юу вэ ямар шаардлага хангасан байх ёстой талаар хуульчилсан.
Хариуцагч Д.*******ыг тухайн гэмт хэргийг үйлдсэн юм шиг ярьж байна. Д.******* нь тухайн зам тээврийн осолд холбогдоход замын хөдөлгөөний журамд заасан тээврийн хэрэгслийг шилжүүлсэн үйлдэлдээ 100,000 төгрөгөөр торгуулсан, хариуцлага хүлээсэн.
Өнөөдрийн хэрэгт буруутай этгээд нь мөнгө нэхэмжлээд байгаа нь Иргэний хуулийн 499 дүгээр заалд заасныг баримтлан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хариуцагч жолоогоо шилжүүлсэн байх тул хариуцагч хариуцах үндэслэлтэй гэв.
4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/
4.2. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 2024.11.27-ны өдрийн 1149 дугаар тодорхойлолт /хх 4/
4.3. Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 5/
4.4. *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх6/
4.5. 2024.01.12-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай 243300005 дугаар Мөрдөгчийн тогтоол /хх7/
4.6. 2023.12.24-ний өдрийн согтуурал хэмжсэн тодорхойлолт /хх 8-11/
4.7. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023.12.28-ны өдрийн 32 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 12-13/
4.8. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024.01.12-ны өдрийн 31 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 14-15/
4.9. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024.01.12-ны өдрийн 11 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 16-19/
4.10. Зардлын баримтууд /хх 20-27/
4.11. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын 2024.06.17-ны өдрийн 19 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх 28-31/
4.12. УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн мэдээлэл /хх 32/
4.13. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024.08.13-ны өдрийн 2024/ЗШ/157 дугаар шийтгэвэр /хх 34/
4.14. Итгэмжлэл /хх 14/
5. Хариуцагчаас нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
5.1. Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 41/
5.2. Хариу тайлбар /хх 53/.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч Д.*******аас гэм хорын хохиролд 34,750,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Д.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Д.******* нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7.б /тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн эд жолоог шилжүүлсний улмаас зам тээврийн осол гарч ийн амь нас хохирсон тул амь хохирогчийн оршуулгын болон зан үйлийн бусад зардалд зарцуулсан 34,750,200 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэнэ.
3. Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж дараах үндэслэлээр маргасан. Үүнд: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэсэн зохицуулалт болохоос гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн этгээд өөртөө учруулсан хохирлыг хамааруулах зохицуулалт биш учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэнэ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор:
Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг Гурамсан гэх газарт 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 72-73 дахь километрт УАВ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарсны улмаас нас барсан, ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж дараах үйл баримтыг тогтоосон байна.
Үүнд:
А. Зам тээврийн ослын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 22 ний №01 дугаартай дүгнэлтээр: 01-55 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт,
01-55 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан нь тогтоогдсон.
Б. нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 72-73 дахь километрт Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг Гурамсан гэх газарт УАВ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.1, 12.3-т заасныг зөрчсөний улмаас онхолдож улмаар гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон байна.
В. Дээрх гаргасан зам тээврийн ослын улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа ч яллагдагчаар татагдвал зохих нь ослын улмаас өөрөө нас барсан болох нь тогтоогдсон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан яллагдагч нас барсан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.
4.2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/157 дугаар шийтгэврээр:
01-55 УАВ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.*******ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 б-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Нэгтгэн дүгнэвэл талийгаач ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй,
Д.*******ын үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн бүрэлдэхүүнтэй гэж тус тус дүгнэн, холбогдох хэргүүдийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Зохигчид дээрх үйл баримтад маргаангүй байна.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй,
499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Д.******* нь нас барсан хүү ийн оршуулгын болон зан үйл хийхэд гарсан зардал буюу дээрх эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол шаардсан.
Гэвч Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хариуцагч Д.******* үйлдээгүй байх тул нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.******* нь амь хохирогчийн оршуулгын болон зан үйлийн бусад зардалд зарцуулсан 34,750,200 төгрөгийг хариуцагч Д.*******аас шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Дээрх үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үгүйсгэгдэж байгаа болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч Д.*******т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 34,750,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 331,701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА
ШҮҮГЧИД Н.САРАНГҮН
О.ЦЭНД-АЮУШ