2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01875

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 07

191/ШШ2025/01875

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж, 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь Б.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж, 5,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит Шонхор худалдааны төвд махны худалдаа эрхэлдэг бөгөөд 2021 оны 07 дугаар сард мал мах авах хүсэлтэй байгаа талаараа Хэнтий аймгаас Хүчит шонхор захад мах авчирч зардаг Б.******* гэх эмэгтэйд хэлсэн юм. Тэгэхэд Б.******* нь би чамд мал авч өгье, хургатай эм хонийг 150.000 төгрөгөөр чамд өгье гэхээр нь би зөвшөөрч нийт 100 ширхэг хургатай эм хонийг тус бүрийг нь 150.000 төгрөг буюу нийт 15.000.000 төгрөгөөр түүнээс худалдан авахаар тохиролцсон. Ингээд Б.*******гийн хэлсний дагуу түүний өгсөн Хаан банкны тоот данс руу 15.000.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлэн өгсөн. Энэ хэний ямар учиртай данс гэхэд миний таньдаг хүн байгаа юмаа энэ данс руу хийчих гэсний дагуу тус дансанд хийсэн ба данс эзэмшигч нь Энхтуул гэж хүн байсан. Бид тохиролцохдоо мөнгийг 07 дугаар сарын 05-ны өдөр төлж харин хургатай эм хонио тухайн жилийн намар нь буюу мөнгөө өгснөөс хойш 3 сарын дараа өгч авахаар болсон юм. Гэтэл 2021 оны намар 11 сарын сүүлээр надад талыг нь буюу 50 ширхэг хургатай хонийг өгсөн ба үлдэх 50 хургатай хонийг өгөөгүй. Талыг нь өгөх болсон шалтгаанаа өвөлжилт хүндрэлтэй цас ихтэй авч ирэх боломжгүй, ирэх 2022 оны хавар өгье гэсэн тул зөвшөөрсөн. Ингээд 2022 оны хавар болоход мал туранхай нялх байна намар өгье гэхээр нь мөн л зөвшөөрч хүлээсэн боловч намар нь элдэв шалтгаан хэлээд өгөөгүй. Ингэж явсаар 2023 он гарсан ба одоог болтол үлдэгдэл малыг өгөөгүй. Үлдэгдэл малыг өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 743 тоот тогтоолоор худалдах, худалдан авах гэрээний харилцаа байх тул маргаанаа иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан. Иргэний хуулийн 243.1. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан учир Б.*******д холбогдуулж нэхэмжлэл гаргасан.

1.2. Нийт 50 хургатай хонийг 7,500,000 төгрөгт, мөн 4,730,000 төгрөгийн мах авсан. Үүнд маргаан байхгүй. Анх гаргасан нэхэмжлэлийн 5,500,000 төгрөг гаргуулах шаардлагаа 2,730,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 2,770,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэв.

 

2. Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие Д.*******тэй ойр ажилладаг. Гэтэл 2019 онд таньдаг хөдөөгийн хүнд хэлж хургатай хонь авч өгөөч гэж гуйсан. Тэр үед би мэдэхгүй байна гээд өнгөрсөн. Гэтэл 2020 онд дахин гуйсан болохоор олон жил хамтарч ажилладаг хэлэхэд за би аваад цуглуулаад өгье гэхээр нь Д.*******д бодит байдлыг хэлэхэд өөрөө зөвшөөрч найдвартай юм бол яах вэ гээд тоот дансанд 15,000,000 төгрөг хийсэн. Гэтэл ажил төрөл нь амжихгүйгээс 2021 оны өвөл 12 сарын эхээр 50 эм хонь, 50 хурга нийт 100 тооны хонь хийж, Д.*******д өгсөн. Надад итгэж миний таньдаг Н. өгсөн учир би ирсэн 100 хонины тооцоонд оролцож хүлээн авсан. 50 хурга 594 кг, 50 хонь 970 кг, тэр өдрийн ханшаар 11,200,000 төгрөг болсон. Үүнээс зардал нь 1,231,000 төгрөг болсныг Д.******* төлсөн учир 100 хонь нь 9,969,000 төгрөг болоод 5,031,000 төгрөг үлдсэн. Д.******* 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 26 хонины гулууз 567 кг 4,730,000 төгрөгийн махыг надаас худалдаж авах зорилгоор аваад тооцоог хийхгүй хоёр сар гаруй болоод өгөхгүй байсан учир аар 4,730,000 төгрөгийг төлүүлэх санал тавихад зөвшөөрч Оюунцэцэгт 4,730,000 төгрөгийг би аар төлүүлсэн. Иймд Д.*******д нийт 14,699,000 төгрөгийг төлүүлсэн байхад Д.******* гэгч этгээд мөнгө угаах шуналын сэдлээр Б.******* миний дансанд ороогүй мөнгийг надаас нэхэмжилж зарим зүйлсийг худал мэдүүлсэн учир би зөвшөөрөхгүй гомдолтой байна.

2.2. Д.******* хургатай хонь авч өгөөч гэж хоёр дахь удаагаа гуйхад 20 жил хамт ажилласан хүндээ санал тавихад олоод өгч болно, намар л авах юм байна лээ гэсэн. Ингээд руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******* би танихгүй учир та хариуцна гэсэн. Чи гуйсан учир би 20 жил цуг ажилласан тул авч өгье гээд авч өгсөн. Би энэ төлбөрийг төлөх ёсгүй. гэдэг хүний дансанд мөнгө орсон. Би хариуцаж олон удаа шүүхээр явж байгаадаа гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/,

3.2. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх4/,

3.3. Хүчит шонхор ХХК-ийн 2024.09.16-ны өдрийн 44/24 дугаар тодорхойлолт /хх5/,

3.4. Д.*******гийн депозит дансны хуулга /хх6/,

3.5. Нэхэмжлэлийн багасгасан шаардлага /хх 68/.

 

4. Хариуцагч нараас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Хариу тайлбар /хх 14-15/.

 

5. Шүүхээс хариуцагчийн нотлох баримтаар өгсөн дэвтэрт үзлэг хийж бэхжүүлж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Д.*******гийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан гомдол, Д.*******, Б.******* нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн 231102271 дугаартай хэргийг хаах тухай прокурорын тогтоол зэргийг бүрдүүлсэн. /хх 29-32, 50-60/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Б.*******д холбогдуулж, худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж 5,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,730,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 2,770,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Шүүх нэхэмжлэгч Д.*******гийн 2,770,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.*******тай 2021 оны 07-р сард хургатай эм хонийг 150,000 төгрөгөөр тооцож нийт зуун тооны хургатай хонь худалдан авахаар тохиролцсоны үндсэн дээр 15,000,000 төгрөгийг гэх хүний дансанд шилжүүлсэн. Үүнээс 50 тооны хургатай хонийг авсан. Үлдэх 50 тооны хургатай хонийг хариуцагч өгөөгүй. Харин 4,730,000 төгрөгийн үнэ бүхий мах өгсөн. Иймд худалдах худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж, 2,770,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэнэ.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Бидний хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй. хургатай хонио Д.*******д зарж мөнгийг нь авсан. Үүнээсээ нийт 14,699,000 төгрөгийн мах өгсөн. Би нэхэмжлэгчээс мөнгө аваагүй учир хариуцах үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Д.******* нь зуун тооны хургатай хонийг нэг бүрийг нь 150,000 төгрөгөөр тооцож худалдан авах зорилгоор өөрийн Хаан банкны дугаарын данснаас Хаан банкны тоот данс руу 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 100 honi гэх утгаар 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 6/

 

Улмаар нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Б.*******гийн 50 хургатай хонийг өгөхгүй байгаа үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэн шалгуулахаар өргөдөл гаргасан байна.

 

Тус өргөдлийн дагуу эрх бүхий байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 743 дугаар прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

 

Талууд эдгээр үйл баримтад маргаагүй.

 

5. Харин талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх болон нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн 50 хургатай хонины махыг хэдэн төгрөгөөр үнэлэх нь маргааны зүйл болсон байна.

 

5.1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн бол гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн ... Миний бие Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит Шонхор худалдааны төвд махны худалдаа эрхэлдэг бөгөөд 2021 оны 07 дугаар сард мал мах авах хүсэлтэй байгаа талаараа Хэнтий аймгаас Хүчит шонхор захад мах авч ирж зардаг Б.*******д хэлсэн. Тэгэхэд Б.******* нь би чамд мал авч өгье, хургатай эм хонийг 150.000 төгрөгөөр чамд өгье гэхээр нь би зөвшөөрч нийт 100 ширхэг хургатай эм хонийг тус бүрийг нь 150.000 төгрөг буюу нийт 15.000.000 төгрөгөөр түүнээс худалдан авахаар тохиролцсон. Ингээд Б.*******гийн хэлсний дагуу түүний өгсөн Хаан банкны тоот данс руу 15.000.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлэн өгсөн ... Бид тохиролцохдоо мөнгийг 07 дугаар сарын 05-ны өдөр төлж харин хургатай эм хонио тухайн жилийн намар нь буюу мөнгөө өгснөөс хойш 3 сарын дараа өгч авахаар болсон юм ... гэх,

Хариуцагчийн ... миний бие Д.*******тэй ойр ажилладаг. Гэтэл 2019 онд таньдаг хөдөөгийн хүнд хэлж хургатай хонь авч өгөөч гэж гуйсан. Тэр үед би мэдэхгүй байна гээд өнгөрсөн. Гэтэл 2020 онд дахин гуйсан болохоор олон жил хамтарч ажилладаг хэлэхэд за би аваад цуглуулаад өгье гэхээр нь Д.*******д бодит байдлыг хэлэхэд өөрөө зөвшөөрч найдвартай юм бол яах вэ гээд тоот дансанд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 100 honi гэх утгаар 15,000,000 төгрөг хийсэн ... гэх тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгчийн мал худалдан авах тухай амаар гаргасан саналд хариуцагч тэр дарай зөвшөөрсөн хариу өгсөн байх тул талуудыг гэрээ байгуулсанд тооцно.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Амаар хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж заасан.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.******* нар нь 100 тооны хургатай хонийг нэг бүрийг нь 150,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, худалдан авагч Д.******* нь 2021.07.05-ны өдөр 15,000,000 төгрөгийг төлөх, худалдагч Б.******* нь мөнгийг хүлээн авснаас хойш 3 сарын дараа хургатай хонийг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн мал худалдан авах саналыг хариуцагч тэр даруй хүлээн зөвшөөрснөөр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэж, улмаар гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйл, үнийг талууд тохиролцсон байна.

 

Хариуцагчаас нэхэмжлэгч Д.*******тэй гэрээ байгуулаагүй, Энхтуул гэх хүн хургатай хонь худалдаж байгааг Д.*******д хэлж би зуучилсан, мөнгийг дансаараа авсан учир би хариуцахгүй гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийг хүлээдэг.

Гэтэл хавтаст хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Д.*******г гэх хүнтэй холбож өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд гэрээний гол нөхцөлийг нэхэмжлэгч хариуцагч нар тохиролцсон, тухайн харилцаанд үйлдэл оролцоо нотлогдоогүй.

 

Мөн хариуцагч нь энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

5.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн нэрлэн заасан этгээд болох гэх хүний данс руу 100 honi гэх утгаар 15,000,000 төгрөгийг шилжүүлж, хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлсэн байна.

 

Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сард 50 тооны хургатай хонийг мах хэлбэрээр нэхэмжлэгчид хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг биелүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сард хариуцагчаас 4,730,000 төгрөгийн үнэ бүхий махыг авч, дээрх худалдах худалдан авах гэрээний үүрэгт тооцсон байна.

 

Талууд дээрх өгсөн авсан зүйлд маргаагүй боловч 50 тооны хургатай хонины махыг хэдэн төгрөгт тооцох талаар маргасан.

 

Тухайлбал нэхэмжлэгчээс 50 тооны хургатай хонины махыг гэрээгээр тохиролцсон үнээр буюу 7,500,000 төгрөгөөр тооцно гэж, хариуцагчаас 50 хурганы мах 594 кг, 50 хонины мах 970 кг болсон бөгөөд хүлээлгэн өгсөн өдрийн ханшаар 11,200,000 төгрөг болсон гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.

 

Талууд хургатай хонийг 150,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгчийн 50 хургатай хонины махыг 7,500,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагчийг 12,230,000 төгрөгийн хэмжээнд гэрээний үүргээ биелүүлж, 2,770,000 төгрөгийн хэмжээнд гэрээний үүргээ зөрчсөн байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргээ зөрсөн хэмжээгээр гэрээнээс татгалзаж буй агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Гэвч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй байна.

Харин Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө. гэж заасан.

Нэгэнт нэхэмжлэгч гэрээний үнэ 15,000,000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж хариуцагчийн дутуу нийлүүлсэн 12,230,000 махыг хүлээн авсан тул хариуцагч нь нэхэмжлэгчид 2,770,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан төлөхийг шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 59,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4-т заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас 2,770,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 59,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА