2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/03782

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,, ХХК-ийн байранд оршин байрлах, ******* ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ,, тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/-д холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээний 7.4-т заасны дагуу ******* ХХК-ийн 51 хувийн хувьцааг шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулсан 4,895,808,895 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн төлөөлөгч *******, түүний орчуулагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Ц., гэрч Б., Д. оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан "******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулах тухай хамтран ажиллах гэрээ"-ний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт нь давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоос бусад нөхцөлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ТУЗ-өөс батлагдсан хуваарийн дагуу хийх хөрөнгө оруулалтаа 6 сар буюу түүнээс эш хугацаагаар хоцорсон бол "Б" тал нь хамтарсан компанийн нэр дээр шилжсэн Ашиглалтын тусгай зөвшөөрлийг, өөрийн эзэмшлийн 51 хувийн хувьцаа болон компани байгуулагдсанаас хойш оруулсан хөрөнгө оруулалтын хамтаар А талд буцаан шилжүүлнэ гэж заасны дагуу Хариуцагчийн эзэмшиж буй "*******" ХХК-ийн 51 хувийн хувьцааг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг "*******" ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай. Утга нь "*******" ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Эрдэнэс баялаг *******" ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулах тухай хамтран ажиллах гэрээ"-г байгуулан "*******" ХХК-ийг үүсгэн байгуулснаар "Эрдэнэс баялаг *******" ХХК нь тус компанийн 51 хувь, "*******" ХХК нь 49 хувийн хувьцаа эзэмшигч тус тус болсон юм. Харин "Эрдэнэс Баялаг *******" ХХК-ийн зүгээс 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн "*******" ХХК-ийг үүсгэн байгуулах тухай ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулах тухай хамтран ажиллах гэрээ"-ний 7 дугаар зүйлийн 7.4-т тус тус заасны дагуу хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалт буюу ашигт малтмалын үйл ажиллагаа оруулахад шаардагдах хөрөнгө оруулалтыг оруулах ёстой байсан боловч хариуцагч нь гэрээгээр Бүлээсэн үүргээ ноцтой зөрчин хөрөнгө оруулалт хийхгүй байсаар Гүйцэтгэх захирал болох БНХАУ-ын иргэн *******, "*******" ХХК-ийн 51 хувийн Хувьцаа эзэмшигч "Эрдэнэс Баялаг *******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь Монгол улсаас явсан гэх шалтгаанаар 2018 оноос хойш компанийн үйл ажиллагаанд оролцохоо больж, харилцаа холбоо тасарсан. Үүнээс болж "******* ХХК нь компанийн 49 хувийг хувьдаа эзэмшигч тул 51 хувийн эзэмшигч "*******" ХХК, гүйцэтгэх захирал ******* нарын оролцоо, шийдвэргүйгээр компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсны улмаас Компанийн хувьцаа болон тусгай зөвшөөрөл, уурхайн бүтээгдэхүүн зэрэг хөрөнгүүд нь эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй болж, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийн болон бизнесийн эрх ашиг хохирч ирсэн. Мөн манай компани нь "******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулах тухай хамтран ажиллах гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт заасны дагуу хөрөнгө оруулалтын хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой алдангийг тооцон Хариуцагчаас талаас шаардан авах эрхтэй хэдий боловч хариуцагч талаас томилсон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Yao Haming нь компанийн болон уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг үр ашигтай удирдан зохион байгуулах, хувьцаа эзэмшигч нарыг хөрөнгө оруулалтын мэдээллээр хангах зэрэг ажлаа гүйцэтгээгүйн улмаас уурхайн 2-р ээлжийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлуулах гэрээгээр Хэлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй ажлаа хаяад явсан тул талуудын хооронд байгуулсан гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон юм. Өнгөрсөн хугацаанд манай компани нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн "******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулах тухай хамтран ажиллах гэрээ"- ний 7 дугаар зүйлийн 7.4-т "Б тал нь давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоос бусад нөхцөлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ТУЗ-өөс батлагдсан хуваарийн дагуу хийх хөрөнгө оруулалтаа б сар буюу түүнээс дээш хугацаагаар хоцорсон бол Б тал нь хамтарсан компанийн нэр дээр шилжсэн Ашиглалтын тусгай зөвшөөрлийг, өөрийн эзэмшлийн 51 хувийн хувьцаа болон компани байгуулагдсанаас хойш оруулсан хөрөнгө оруулалтын хамтаар А талд буцаан шилжүүлнэ" гэж заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Хувьцаа эзэмшигчдийн хурлыг нийт 3 удаа зарлаж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж байсан боловч хариуцагч компанийн зүгээс эрх бүхий этгээдүүд нь ирдэггүй тул арга буюу бид хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган хариуцагчийн хаягийг тодруулан авч энэхүү Нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Иймд зохигчдын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт "Б тал нь давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоос бусад нөхцөлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ТУЗ-өөс батлагдсан хуваарийн дагуу хийх хөрөнгө оруулалтаа 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар хоцорсон бол "Б тал нь хамтарсан компанийн нэр дээр шилжсэн Ашиглалтын тусгай зөвшөөрлийг, өөрийн эзэмшлийн 51 хувийн хувьцаа болон компани байгуулагдсанаас хойш оруулсан хөрөнгө оруулалтын хамтаар А талд тус тус буцаан шилжүүлнэ" гэж заасны дагуу хариуцагчийн эзэмшиж буй "*******" ХХК-ийн нийт 296,108,611 төгрөгийн үнэ бүхий 51 хувийн хувьцааг манай компанийн нэр дээр шилжүүлэхийг "*******" ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2012 оны 6 дугаар сард ******* компанитай эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. дугаар бүхий Уурхайн хайгуулын зөвшөөрлийн дугаартай уурхай маань Монгол улсын Төв аймгийн Баян сумын Төгрөг гэх газар байрладаг. Манай талаас хайгуулын бүх зардлыг гаргасан. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хугацаан дахь нийт хөрөнгө оруулалт 549,759,872.32 төгрөг болсон. Хайгуулын ажлыг дуусгаад 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ******* ХХК-тай гэрээ байгуулж, ашиглалтын лиценз авсан. Энэхүү гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу 1,000,000 юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн 6 сарын дотор тайлан, ашиглалтын төлөвлөгөөг гаргаж өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээний хоёр талын ТУЗ-ын зөвлөлийн дарга нар хурал зохион байгуулж олборлолт, зах зэлийн үнийн судалгааг ярилцаж, ашиг олох эсэх талаар хэлэлцсэн. Усны түвшин тодорхойлох гэсэн боловч бидэнд гидрогеологийн тайлан байгаагүй. Тийм учраас 2016 ондоо гидрогеологийн тайланг дахин судлахаар зөвшилцөж, уурхайн бүсийн ойролцоо цахилгаан станц байгуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. ТУЗ-ын зөвлөлөөс компанитай холбогдож ярилцаад, хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай хэлэлцсэн. Гидрогеологийн судалгаа хийж, 24 цагийн насосоор усыг шахсан боловч шавхагдаагүй. Доод талдаа ус ихтэй, мөнгө төгрөг, цаг хугацаа алдана, Байгаль орчны яамнаас зөвшөөрөгдөхгүй гэх дүгнэлт гарсан. Хийсэн ажил маань бидэнд ямар ч ашигтай биш гэдгийг олж харсан. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Манай компани анх "Собт Трейд" ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн "" ХХК /РД:5495296/-ийн нэрээр "Эрсдэлтэй Хөрөнгө Оруулалтын Гэрээ"-г байгуулж тус гэрээнд заасан үүргийнхээ дагуу Төв аймгийн Баян сумын нутагт байрлах 352.96 гектор талбай бүхий хүрэн нүүрсний орд газар бүхий тоот лицензтэй талбайд хайгуул хийх бүхий л зардлыг гаргаж хайгуул хийсэн.

Нийт хайгуулын зардалд 1,095,139.188 юань зарцуулсан бөгөөд эдгээр нь бүгд баримтаар нотлогдоно.

Талууд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр "Эрсдэлтэй Хөрөнгө Оруулалтын Гэрээ"-ны нэмэлт гэрээг байгуулж уг гэрээгээр ХХК-ны нэрийг "Баян ******* Эрдэс Групп ХХК болгон өөрчилснийг тэмдэглэн мөн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний үүргээ -Баян ******* Эрдэс ГруппХХК нь хугацаандаа биелүүлснийг хүлээн зөвшөөрч мөн Төв аймгийн Баян сумын нутагт байрлах 352.96 гектар талбай бүхий хүрэн нүүрсний орд буюу дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг талуудын хамтарсан компанийн нэр дээр шилжүүлэхийг энэхүү нэмэлт гэрээгээрээ тохиролцсон.

Ингээд Баян ******* Эрдэс Групп ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өөрийн охин компани болох "Эрдэнэс Баялаг *******" ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "Собт Трейд" ХХК болон "Эрдэнэс Баялаг *******" ХХК нар нь "*******" ХХК-ийг үүсгэн байгуулж хамтран ажиллах гэрээг байгуулсан юм. Энэхүү гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу нэгдүгээр ээлжийн хөрөнгө оруулалт болох 1,000,000 юань буюу 300,280,000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр "*******" ХХК-руу компанийн дүрмийн сан болж улсын бүртгэлд бүртгэгдсэн. Энэхүү хөрөнгө оруулалтаас хойш санхүүжилт гэсэн утгаар шилжүүлсэн байх бөгөөд энэхүү хөрөнгө оруулалт нь хамтарсан манай "Эрдэнэс Баялаг *******" ХХК болон түүний хувьцаа эзэмшигч компани болох "Баян ******* Эрдэс Групп ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хамтарсан компанийн үйл ажиллагааг дэмжих, хамтарсан компанийн үйл ажиллагааг хэвийн байлгах зорилгоор мөн 5,406,599.05 юанийг "*******" ХХК руу зээл хэлбэрээр шилжүүлсэн байх бөгөөд эдгээр нь бүгд баримтаар нотлогдоно.

Өөрөөр хэлбэл, манай компани гэрээ байгуулснаас хойш 2022 оны 12 дугаар сарыг хүртэл бөгөөд гэрээний үүргээ огт зөрчөөгүй. хамтарсан компанийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалтыг тухай бүр оруулж байсан. Нэхэмжлэгч тал нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "******* ХХК-ийг үүсгэн байгуулах хамтран ажиллах гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т заасны дагуу хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалт буюу ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгө оруулалтыг оруулах ёстой байсан боловч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн...... гэж дурджээ.

Тэгвэл энэхүү гэрээний 7.4-т заасан нөхцөлд "Б тал нь давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоос бусад нөхцөлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ТУЗөвлөлөөс батлагдсан хуваарийн дагуу хийх хөрөнгө оруулалтаа 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар хоцроосон бол" ......гэх, ТУЗ нь хоёрдугаар ээлжийн хурлыг хөрөнгө оруулалтыг батлах, ТУЗ-ын хурлыг талуудын эдийн засгийн нөхцөл байдал болон цар тахал, уурхай олборлолт явуулахаас өмнөх бэлтгэл ажлыг гүйцэтгэх буюу гидрогеологи, геотехникийн судалгааны ажлыг гүйцэтгэж баталсны дараа шийдвэрлэхээр хэлэлцсэн байх бөгөөд уурхайн бэлтгэл ажил хангагдаагүйн улмаас хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалтыг батлаагүй юм. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтыг талуудын аль нэг нь таамгаар батлах боломжгүй юм. Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалтыг хугацаандаа оруулаагүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгч талаас хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалтын ерөнхий тоон судалгаа болон шаардлагатай хөрөнгө оруулалтыг үнийн дүнг зах зээлийн судалгааг үндэслэн бидэнд гаргаж өгөх бүрэн боломж байсан.

Хамтын ажиллагааны гэрээний 4.5 дах хэсэгт зааснаар хамтарсан компанийн ажлын эсгээс хүрэн нүүрс олборлохтой холбоотой шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөв төлөвлөгөөгөө компани байгуулснаас хойш 3-6 сарын дотор гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах батлуулах үүрэгтэй боловч энэхүү гэрээний үүргээ А тал огт гүйцэтгээгүй. Монгол улсад оруулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөө буюу төсвийг гадаад улсын иргэн хуулийн этгээд тооцоолон гаргах боломжгүй юм. Энэ мэтчилэн талуудын үүргийн гүйцэтгэл, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, мөн цар тахлаас үүдэлтэйгээр бидний ажил саатсан. Өөрөөр хэлбэл манай "Эрдэнэс Баялаг ******* ХХК нь гэрээний үүргээ санаатайгаар биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй буюу нэхэмжлэгч Собт Трейд" ХХК-ийн манай 51%- ийн хувьцааг шаардаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. эзэмшиж байгаа тул тухайн тусгай зөвшөөрлийн 51%-н эзэмшигч бөгөөд нэхэмжлэгч тал манай Манай компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компанийн 51%-н хувьцааг эзэмшлийн 51%-ын хувьцааны үнийг бидэнд төлж биднээс хувьцааг худалдаж авах нь зүйтэй. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээг тогтоолгож нэхэмжлэх болно.

Манай талаас гэрээний үүргээ бүрэн биелүүлж ирсэн бөгөөд хамтран ажиллах хугацаандаа нийт 6,501,738.24 юанийн хөрөнгө оруулалтыг бэлэн ба бэлэн бус дансаар хөрөнгө оруулалтаа оруулсан. Үүнээс бид талуудын гэрээнд харилцан тохиролцсоноор хоног тутамд 0,3% алданги тооцох бөгөөд өнөөдрийг хүртэл алданги тооцоход үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэд дахин илүү тооцоолол гарна. Монгол Улсын иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анз нь нийт гүйцэтгээгүй үүргийн дүнгийн тавин хувиас хэтэрч болохгүй байхаар хуульчилсан. Иймд нийт зээл хэлбэрээр оруулсан 6,501,738.24 юанийн хөрөнгө оруулалтын алданги 3,250,869.12 юань нийт 9,752,607.36 /юанийг /Монгол банкны 2023-04-30/-ны өдрийн ханшаар 1 юанийг 502 төгрөгөөр бодож нийт 4,895,808,895 төгрөгийг нэхэмжлэгч "Собт Трейд ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч тал үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан боловч авсан өгснөө буцаая гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Манайх гэрээгээ цуцалъя, татгалзъя, авсан өгснөө буцаая гэдэг асуудал яригдаж байгаа. Тэгэхээр аль агуулгаар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгааг ойлгосонгүй. Хууль зүйн хувьд хөрөнгө оруулсан гэж шаардаад байна уу, эсхүл зээлүүлсэн гэж шаардаад эсэхийг сайн ойлгохгүй байна. Хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудсанд авагдсан хайгуулын зардалд гаргасан 549 сая төгрөгийг хариу тайлбар дээрээ болон сөрөг нэхэмжлэл дээрээ ч хүлээн зөвшөөрч нэхэмжилж байна. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа хайгуулын зардалд 1 тэрбум 95 сая төгрөгийг зарцуулсан гэж биччихээд сүүлд гаргаж өгсөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол нь өөрчлөгдчихсөн харагдаад байна. Тэгэхээр агуулга, хууль зүйн хувьд тайлбарлаж хэлэх хэрэгтэй байх. Хариуцагчийн өмгөөлөгч 3 гэрээний асуудлыг ярьж байна. Харин бид талуудын хооронд сүүлд байгуулсан гэрээний агуулга зорилгыг тодорхойлж, мэтгэлцэж, шүүх хуралдаанд оролцож байна. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний 2.2 дахь хэсэгт 1 жилд 3,000,000 тонноос багагүй нүүрс олборлох зорилготой гэж заасан. Гэтэл 10 жилийн хугацаанд ямар ч нүүрс олборлоогүй. Гэрээний 4.2 дахь хэсэгт хамтарсан компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад хөрөнгө оруулалтыг 2 шатлалаар тооцож Б тал 100 хувь хариуцна гэж засан. Гэрээний 4.3 дахь хэсэгт нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт нь сая дурдсан 1,000,000 юань байна. Гэрээний 4.4 дэх хэсэгт хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтыг хүрэн нүүрс олборлохтой холбоотой бүх зардлыг хариуцагч хариуцна гэж, мөн 4.5 дахь хэсэгт компани байгуулагдсанаас хойш 3-6 сарын хооронд ажлын хэсэгт шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөв төлөвлөгөөг батална гэж байгаа юм. Гүйцэтгэх захирал ТУЗ-ийн хурал 1 ч хийгээгүй. 2016 онд хурал хийгээгүй. Төсөв төлөвлөгөөг батлуулаагүй нь компанийн эрх бүхий албан тушаалтны өөрийнх нь хариуцлага юм. Төсөв төлөвлөгөөг батлахтай холбоотой бид таамаг байдлаар хөрөнгө оруулалт баталж чадахгүй гэж яриад байгаа ч хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр талд авагдсан 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Уул уурхайн яам ашигт малтмал газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд ...ордыг 27 жил ашиглан 117 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж бичсэн байгаа. Ямар ч таамаглах шаардлагагүй, төсөв төлөвлөгөө батлахад үнийн дүнг мэдэхгүй байх үндэслэл байхгүй. Гэрээний 4.6 дахь хэсэгт гэрээний хөрөнгө оруулалт батлагдсанаас хойш 6 сарын дотор Б тал өөрийн хүлээсэн үүрэг болох нүүрс олборлохтой холбоотой шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ гэж байгаа. Бидний зүгээс компанийн ажилчдад цалин өгөх, бусад зардал зэргийг хөрөнгө оруулалт гэж үзэхгүй. Бид 3,000,000 тонн нүүрс олборлож байж ашгаа гаргана гэж гэрээндээ тооцчихсон. Уурхайг ашиглалтад оруулахтай холбоотой бүх зардлыг Б тал буюу хариуцагч гаргах ёстой байсан. Уурхайн бэлтгэл ажил хангалтгүй байсантай холбоотой бид хөрөнгө оруулалт оруулаагүй гэдэг нь хариуцагч талын өөрсдөөс нь шалтгаалж байгаа юм. Үндэслэлгүй, худлаа шалтаг хэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээн дэх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь нүүрс олборлохтой холбоотой бүхий л хөрөнгө оруулалтыг гаргах байсан. Зардал бол өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт цугларсан нэг ч баримтаар уурхайд ямар ч хөрөнгө оруулаагүй нь нотлогдоно. Сөрөг нэхэмжлэлд алдангийн асуудлыг ярьж байгаа ч алданги нь гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тооцож нэхэмжилдэг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу ******* ХХК нь ямар үүрэг гүйцэтгэх ёстой байсан эсэх, ямар үүргийг гүйцэтгээгүй учраас биднээс алданги нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн тооцооллын хувьд хэзээ, ямар хугацаанд гүйцэтгэх ёстой байсан эсэх нь ойлгомжгүй байна. Харин эсрэгээрээ бидний зүгээс Иргэний хуулийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон хугацаанд зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4, 4.5, 4.6 дахь хэсэгт хариуцагч талын үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхой байгаа. Хариуцагч талаас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний үүргээ гүйцэтгэж чадаагүй, мөн усны судалгаагаа ярьдаг. 3 дугаар хавтаст хэргийн 125 дугаар талд 2012 онд Эрдэнэс инженеринг компанийн хийсэн гидрогеологийн судалгааны 185, 186 дугаар хуудсанд ...уурхайд ус шүүрэн орох усны тооцоо гаргаад, хур тунадас багатай бүс байна гэж тодорхойлсон. Тэгэхээр 2016 онд ТУЗ-ийн хурал хийхдээ ус ихтэй, ашиггүй байна гэж хурал хийсэн гэдэг нь үндсэндээ энэ баримтаар бүрэн няцаагдана. Эсрэгээрээ хур тунадас, ус багатай газар гэж тодорхойлогдсон судалгаа нь хариуцагч талын хийсэн хайгуулын судалгаа, тайланд бүрэн тусгагдсан. Нотлох баримт шинжлэн судлах үеэр сөрөг нэхэмжлэлтэй холбоотой нэхэж байгаа үнийн дүнг задлаад, санхүүгийн баримтуудтай нь судлуулна. Ямар нэгэн уурхайтай холбоотой гарсан зардал байхгүй. 2016 онд дахиж гэрээ хийгээд гидрогеологийн судалгаа хийлгэсэн гэж байгаа боловч хавтаст хэрэгт 1 ширхэг ч баримт байхгүй. Ямар судалгааг ямар байгууллагаар хийлгэсэн гэдэг нь тодорхойгүй. Хариу тайлбар нотлох баримтаар нотлогдохгүй байна. Хамтарсан компанийг дэмжих үйл ажиллагааг хэвийн байлгах зорилгоор гарсан зардал нь ******* ХХК-тай ямар ч хамааралгүй юм. Дээрээс нь ашиг олохгүй, цаашид ажиллах боломжгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан баримт хавтаст хэрэгт 1 ширхэг ч байхгүй. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага өөрөө тооцооллын хувьд алдаатай, хууль зүйн үндэслэлийн хувьд ойлгомжгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2022.12.13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2023.02.02-ны өдрийн 28ш2-2/596 тоот албан бичгийн хуулбар, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Ашигт малтмалын газрын даргын 2013.12.31 өдрийн 510 тоот Нөөц бүртгэх тухай албан тоотын хуулбар, 2013.04.02 өдрийн №ХХ-06-05 тоот АМГ-ын Эрдэс баялгийн зөвлөлийн дүгнэлтийн хуулбар, 2014.06.25 өдрийн №14-07-02 тоот АМГ-ын Эрдэс баялгийн зөвлөлийн дүгнэлтийн хуулбар, "*******" ХХК-ийн 2021.03.12-ны өдрийн 1/14 тоот Хувьцаа эзэмшигчдийн хурлын тов мэдэгдэх тухай албан тоотын хуулбар, "*******" ХХК-ийн 2021.03.24-ний өдрийн 1/22 тоот албан тоотын хуулбар, "*******" ХХК-ийн 2021.05.13-ны өдрийн 3/32 тоот албан тоотын хуулбар, "*******" ХХК-ийн 2021.05.13-ны өдрийн 3/33 тоот албан тоотын хуулбар, "*******" ХХК-ийн 2021.10.28-ны өдрийн 1/79 тоот албан тоотын хуулбар, "*******" ХХК-ийн 2023.01.13-ны өдрийн 1/05 тоот албан тоотын хуулбар, 2023.10.30-ны өдрийн "*******" ХХК-ийн албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Дугаар-81106 тодорхойлолт, Дугаар-81105 тодорхойлолт, фото зураг, төлбөрийн даалгавар, 2012.09.13-ны Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, ТГ-2016/04 тоот түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2021.03.12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааны тов мэдэгдэх тухай баримтын хуулбар, хурлын зар, төлбөрийн баримт, албан бичгийн хариу, шаардлага хүргүүлэх тухай, 2021.05.13-ны өдрийн шаардлага хүргүүлэх тухай, 2023.01.13-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай, 2023.01.11-ний өдрийн ээлжит бус хурлын зар, 2024.01.08-ны өдрийн ******* ХХК-тай гэрээ байгуулах тухай баримт, үйлчилгээний гэрээ, аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2024.03.28-ны өдрийн ******* ХХК-ийн албан бичиг, 2024.04.08-ны өдрийн ******* ХХК-ийн Аудитын шинжилгээний дүгнэлт ******* ХХК, эмнэлгийн магадалгаа, 2021.09.05-ны өдрийн замын хөрс хуулах, зөөх ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2021.11.16-ны өдрийн нүүрс худалдах, худалдан авах гэрээний хуулбар, мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар, ТЭЗҮ-ийн тооцоо, дансны хуулга, Бидний нутаг баян хандивлагчдын уулзалтын урилга, Монголын татварын албаны нэхэмжлэх, аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт, цахим гүйлгээний баримт, 2023.11.13-ны Төв аймгийн Баян сумын нутагт орших ын хүрэн нүүрсний ордын төв хэсэгт хамаарах Галбаян нэртэй ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл, орд ашиглахтай холбоотой бусад бичиг баримтуудыг боловсруулан батлуулах ажлын гэрээний хуулбар, банк хоорондын шилжүүлгийн баримт, орлогын мэдүүлэг, Монголын татварын албаны битүүмжлэх мэдэгдэх хуудас, нэхэмжлэх, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,

5.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол улсад оршин суух иргэний үнэмлэхийн хуулбар, авлагын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн шилжүүлгийн баримтууд, төлбөрийн даалгаврууд, кассын ордерын хуулбар, дансны хуулга, итгэмжлэл, орлогын ордер, 2019.12.31-ний өдрийн ******* ХХК-ийн Аудитлагдсан санхүүгийн тайлангийн хуулбар, 2018.12.31-ний өдрийн ******* ХХК-ийн Аудитлагдсан санхүүгийн тайлангийн хуулбар, 2017.12.31-ний өдрийн ******* ХХК-ийн Аудитлагдсан санхүүгийн тайлангийн хуулбар, 2016.12.31-ний өдрийн ******* ХХК-ийн Аудитлагдсан санхүүгийн тайлангийн хуулбар, 2015.12.31-ний өдрийн ******* ХХК-ийн Аудитлагдсан санхүүгийн тайлангийн хуулбар, 2020.12.31-ний өдрийн ******* ХХК-ийн Аудитлагдсан санхүүгийн тайлангийн хуулбар, 2021.12.31-ний өдрийн ******* ХХК-ийн Аудитлагдсан санхүүгийн тайлангийн хуулбар, 2013.07.15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2012.12.03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2013.01.16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2013.12.25-ны өдрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнүүдийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2015.08-р сараас 2019.04 сар хүртэлх нийгмийн даатгалын тайлан, БНХАУ-аас батлагдан ирсэн хөрөнгө оруулалтыг баталсан дансны хуулга, орчуулгын хамт, өргөдөл хүлээн авсан хуудас /Б хэсэг/, "*******" ХХК болон ХХК-ийн 2012.09.13-ны өдрийн Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээ-ний хуулбар, үл хөдлөх түрээсийн гэрээний хуулбар, хавсралт, Баян ундрал эрдэс ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, хариу мэдэгдлүүд хүргүүлж байсан И-мэйл болон Монгол шуудангийн баримт, дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт, орлогын мэдүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримт, жолоочийн тооцооны хуудас, мөнгөн урьдчилгааны тайлан, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, ХББ-ны дансаар цалин олгох ажилтнуудын жагсаалт, төлбөрийн даалгаврууд, тооцооны хуудаснууд, 2012.12.03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Баян ундрал Эрдэс групп ХХК-ийн орлогын падаанууд, 2013.07.15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, дансны хуулганууд, Монгол банкнаас зарласан валютын ханшны нийтэд илэрхий ханш, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, дүрс оношилгооны шинжилгээний хариу, Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт, Нүүрсний геофизик хайгуулын ажлын гэрээний хуулбар, Харуул хамгаалалтын гэрээний хуулбар, Өрөмдлийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Байр зүйн зураглалын ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээний хуулбар, орчуулсан баримтууд,

5.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Хил хамгаалах Ерөнхий газрын 2023.06.06-ны өдрийн 2/46/3250 дугаартай албан бичиг, хавсралт, Ашигт малтмал, Газрын тосны газрын 2023.06.08-ны өдрийн 10/2937 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Гадаадын иргэн, харьяатын газрын 2023.06.09-ний өдрийн 03/989 дугаартай албан бичиг, хавсралт, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2023.06.14-ний өдрийн 5/3197 дугаартай албан бичиг, Үндэсний геологийн албаны 2023.06.26-ны өдрийн 1/332 дугаартай албан бичиг, хавсралт, /1 ширхэг DVD-201 MB/, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023.06.28-ны 04/1868 дугаартай ******* ХХК-ийн 2016-2022 оны баталгаажсан санхүүгийн тайлан, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2023.06.29-ний өдрийн 5/3577 дугаартай ******* ХХК-ийн 2016-2023 оны 1 дүгээр улирал хүртэлх ААН-ийн орлогын албан татварын тайлан, Ашигт малтмал, газрын тосны газрын 2023.10.19-ний 4/4949 дугаартай албан бичиг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний 7.4-т заасны дагуу ******* ХХК-ийн 51 хувийн хувьцааг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийсэн нийт 4,895,808,895 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

2.1 ******* ХХК болон ******* ХХК-иудын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээ, уг гэрээнд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд байгуулагдаж, уг гэрээгээр компани үүсгэн байгуулах хамтран ажиллах гэрээ байгуулж, ******* ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Баян сумын нутаг дахь Галбаян нэртэй нөөц нь тогтоогдсон 352.97 гектар талбай бүхий хүрэн нүүрсний орд газрын ашиглах дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр байгуулагдах хамтарсан компанийн эзэмшилд шилжүүлэх замаар хамтран ашиглах, ******* ХХК нь өөрийн охин компани болох ******* ХХК-д хамтарсан компанийн хувьцаа эзэмших бүрэн эрхийг шилжүүлэхээр тус тус тохиролцсон байна. /1-р хх-31, 4-р хх-142-143/

 

2.2 Дээрх эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ******* ХХК-ийг үүсгэн байгуулах тухай хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, компанийн 51 хувийн хувьцааг ******* ХХК, 49 хувийн хувьцааг ******* ХХК эзэмшихээр тохирсон байна. Уг гэрээгээр талууд хамтран хуулийн этгээд байгуулах замаар Төв аймгийн Баян сумын нутаг дахь Галбаян нүүрсний орд газарт нүүрсний олборлолт, ашиглалт явуулан хамтран ажиллах, хамтарсан компанийн ирээдүйн зорилго жилд 3 сая тонноос багагүй нүүрс олборлоход зорилттой ажиллахаар тохиролцож, ******* ХХК нь хамтарсан компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрийн эзэмшилд байдаг Төв аймгийн Баян сумын нутаг дахь Галбаян нэртэй нөөц нь тогтоогдсон 352.97 гектар талбай бүхий хүрэн нүүрсний орд газрын ашиглах дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 1 сарын дотор шинээр байгуулагдсан компанид шилжүүлэх, ******* ХХК нь хамтарсан компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад хөрөнгө оруулалтыг 2 шатлалаар тооцож 100 хувь хариуцах, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж уурхайн ажлыг эхлүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-32-33/

 

Талууд уг хамтран ажиллах гэрээгээр ******* ХХК нь уурхай ашиглахтай холбоотой гаргасан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж дуусах хүртэлх хугацаанд хамтарсан компанийн цэвэр ашгийн 75 хувийг, ******* ХХК нь 25 хувийн ашгийг ногдол ашиг хэлбэрээр хүртэх, талууд өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж барагдуулсан цагаас эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр ногдол ашиг хүртэхээр тохиролцжээ.

 

2.3 Хамтран ажиллах гэрээний дагуу талууд ******* ХХК-ийг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 580,605,121 төгрөгийн дүрмийн сантай үүсгэн байгуулж, уг хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлж, гүйцэтгэх захирлаар *******-ийг томилсон байна. /1-р хх-34-45/

 

2.4 Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүрэг болох ******* ХХК нь Төв аймгийн Баян сумын нутаг дахь Галбаян нэртэй нөөц нь тогтоогдсон 352.97 гектар талбай бүхий хүрэн нүүрсний орд газрын ашиглах дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг шинээр үүсгэн байгуулсан ******* ХХК-д шилжүүлсэн, ******* ХХК нь нэгдүгээр ээлжийн хөрөнгө оруулалт болох компанийн дүрмийн санд 1,000,000 юанийг хамтарсан компанийн дансанд шилжүүлсэн болох нь төлбөрийн баримт, Ашигт малтмалтын газраас ирүүлсэн баримтуудаар тогтоогдсон. Талууд уг үйл баримтад маргаагүй, хэн аль нь тайлбарласан.

 

2.5 Хамтарсан компанийн үйл ажиллагаа болох Төв аймгийн Баян сумын нутаг дахь Галбаян нүүрсний орд газарт нүүрсний олборлолтыг ******* ХХК хариуцан 2015 оноос 2022 он хүртэл явуулсан боловч хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдээгүй, энэ хугацаанд уурхайгаас нүүрсний олборлолт огт явуулаагүй, хамтарсан компани ашиг орлого олоогүй үйл баримтыг талуудын хэн аль нь мөн тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хамтран ажиллах гэрээний дагуу ******* ХХК нь хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалт болох нүүрсний ордоос хүрэн нүүрс олборлохтой холбоотой бүх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг 3-6 сарын дотор гаргаж Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулан батлуулах замаар хөрөнгө оруулалт батлагдсанаас хойш 6 сарын дотор уурхайн ажлыг эхлүүлэх үүргээ биелүүлээгүй тул хамтран ажиллах гэрээний 7.4-т зааснаар ******* ХХК-ийн 51 хувийн хувьцааг гаргуулна гэж,

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүрэг буюу уурхайн нүүрсний олборлолтыг явуулах бэлтгэл ажлын хүрээнд хайгуул хийх, тоног төхөөрөмж, ажилчдын цалин, татвар, бусад зардалд нийт 6,501,738 юанийн хөрөнгө оруулалт оруулсан. Уурхайн үйл ажиллагаанаас ашиг олоогүй нь биднээс шалтгаалаагүй, давагдашгүй хүчин зүйл буюу эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч цар тахлаас үүдэлтэйгээр ажил саатсан. Манай компани 2022 оны 12 сарыг хүртэл хугацаанд нийт оруулсан хөрөнгө оруулалт болох 6,501,738 юан, алданги 3,250,869 юан, нийт 9,752,607 юан буюу 4,895,808,895 төгрөгийг буцаан өгвөл ******* ХХК-ийн 51 хувийн хувьцааг өгөхөд татгалзах зүйлгүй гэж тус тус тайлбарлаж, маргаж байна.

 

4. Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ******* ХХК-ийг үүсгэн байгуулах тухай гэрээний агуулга, талуудын хүлээсэн эрх, үүргийг тодорхойлсон байдал зэргээс дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Тодруулбал, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ******* ХХК-ийг үүсгэн байгуулах тухай гэрээгээр талууд хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх-үүрэг, удирдлагын бүтэц, ашиг алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, хугацаа, гэрээг дуусгавар болгох үндэслэл зэргийг тодорхой тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна гэж заасан. Талууд хамтран ажиллах гэрээний гол нөхцөл болох ******* ХХК-ийг хамтран үүсгэн байгуулах замаар компанийн 51 хувийн хувьцааг ******* ХХК, 49 хувийн хувьцааг ******* ХХК эзэмшиж, Төв аймгийн Баян сумын нутаг дахь Галбаян нэртэй нөөц нь тогтоогдсон 352.97 гектар талбай бүхий хүрэн нүүрсний орд газрын ашиглах дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг ******* ХХК нь хамтын үйл ажиллагаанд зориулж шилжүүлэх, ******* ХХК нь нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулах бүх зардлыг 100 хувь хариуцаж хөрөнгө оруулахаар хураамжийн хэлбэрийг тус тус тохиролцжээ.

 

4.1 Хамтын үйл ажиллагаа эрхлэхэд зайлшгүй шаардлагатай тусгай зөвшөөрлийг ******* ХХК нь нэгэнт олж авсан байх бөгөөд талуудын ашиг олох зорилго нь эзэмшиж буй тусгай зөвшөөрөл, уг зөвшөөрлийн хуувь зүйн хүчин төгөлдөр байдалд суурилсан байна. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж зааснаар ******* ХХК нь хураамжийг мөнгөн бус хэлбэртэй буюу хөрөнгийн эрх болох тусгай зөвшөөрлөө хамтын зорилгоор ашиглуулахаар тохирсон нь хураамж төлсөн гэж үзнэ.

Талуудын хэн аль нь ******* ХХК нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүрэг болох тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлсэн үйл баримтыг тайлбарласан, уг тайлбар нь баримтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна.

 

4.2 Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК нь хамтран ажиллах гэрээгээр хураамжийг мөнгөн хэлбэрээр буюу хүрэн нүүрсний уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг хариуцах үүргийг тус тус хүлээсэн байна. Уг үүргээ хариуцагч ******* ХХК нь биелүүлсэн эсэх, уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулсан эсэх нь талуудын маргааны зүйл болсон.

 

4.3 Нэхэмжлэгч ******* ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч ******* ХХК-иас хамтран үүсгэн байгуулсан ******* ХХК-ийн дүрмийн санд 1,000,000 юанийг шилжүүлсэн үйл баримтад маргаагүй. Харин нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтын үйл ажиллагааг цаашид явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг оруулаагүйгээс уурхайн үйл ажиллагаа явагдаагүй, гэрээний зорилго биелэгдээгүй, ашиг олоогүй гэж маргасан.

Хариуцагч ******* ХХК-иас Төв аймгийн Баян сумын нутаг дахь Галбаян нэртэй 352.97 гектар талбай бүхий хүрэн нүүрсний орд газарт уурхайн олборлолт явуулахаар хөрөнгө оруулан бэлтгэл үйл ажиллагаа явуулахад уг газар нь нүүрсний нөөцгүй нь тогтоогдож, ус их хэмжээгээр гарсаны улмаас олборлолт явуулах боломжгүй болсон нь хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн гэж тайлбарласан.

Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ХХ-06-05 дугаар, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14-07-02 дугаар дүгнэлтүүдээр ...Төв аймгийн Баян сумын нутагт орших 352.97 гар талбай бүхий Галбаян нэртэй XV-006967 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг АМХЭГ-аас ГУУКА-наас 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК-д олгосон байна. 2012 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах хүрэн нүүрсний бодитой нөөцийг 51566.6 мян тн-оор, тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай бодитой нөөцийг 446.1 мян тн-оор тооцоолсныг хүлээн авч ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрөл олгосон байна.

Мөн Үндэсний Геологийн албанаас шүүхэд ирүүлсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, Гидрогеологийн судалгааны баримтуудаар Төв аймгийн Баян сумын нутагт орших 352.97 гар талбай бүхий Галбаян нэртэй XV-006967 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар нь хүрэн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсон. Дээрх баримтуудыг үгүйсгэж, няцаасан баримтыг хариуцагчаас гаргаагүй. /1-р хх-47-51, 2-р хх-167-250, 3-р хх-1-250, 4-р хх-1-10/

Уг баримтуудаас үзэхэд Төв аймгийн Баян сумын нутагт орших 352.97 гар талбай бүхий Галбаян нэртэй XV-006967 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар нь хүрэн нүүрсний 51566.6 мян тонн нөөцтэй болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас гаргасан нүүрсний нөөцгүй улмаас олборлолт явуулах боломжгүй болсон гэх тайлбар үндэслэлгүй.

Мөн хариуцагч нь уурхайд олборлолт явуулах үед их хэмжээний ус гарсаны улмаас цаашид олборлолт явуулаагүй, цар тахал гарсаны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хариуцагч ******* ХХК нь 2015 онд хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш 2022 он хүртэл уурхайн талбайд үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулсан гэж тайлбарласан атлаа газраас их хэмжээний ус гарч, олборлолт явуулах боломжгүй байсан бол энэ хугацаанд нэхэмжлэгч ******* ХХК-д мэдэгдэх боломжтой байжээ. Хэрэгт энэ талаар мэдэгдсэн баримтгүй, талуудын хэн аль нь уурхайд ус гарсаны улмаас олборлолт явуулах боломжгүй байсан талаар ******* ХХК-иас мэдэгдэж байгаагүй үйл баримтыг тайлбарласан.

Түүнчлэн 2015 оноос 2020 он хүртлэх хугацаанд Ковид цар тахал гараагүй байсан нь нийтэд илэрхий үйл баримт ба хариуцагч энэ хугацаанд гэрээгээр тохирсон хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалтыг оруулах замаар уурхайн үйл ажиллагааг явуулах боломжтой байжээ.

 

4.4 Нэхэмжлэгч ******* ХХК-иас 2021 оны 03 дугаар сарын 12, 2021 оны 03 дугаар сарын 24, 2021 оны 05 дугаар сарын 13, 2021 оны 10 дугаар сарын 28, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрүүдэд хариуцагч ******* ХХК-д хамтран байгуулсан ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах, гэрээгээр тохирсон хөрөнгө оруулалтыг оруулах замаар уурхайн үйл ажиллагааг явуулах үүргээ биелүүлэхгүй байгаа тул хамтран ажиллах гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлснийг хариуцагч хүлээн авсан байна.

Дээрх мэдэгдлүүдэд хариуцагч ******* ХХК-иас 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ...Манай компанийн энэ жилийн хээрийн ажлууд эхлэн компанийн чухал удирдлагууд хяналт шалгалтаар явсан байгаа тул цахим хуралд оролцох боломжгүй. Одоо манай компани нь хамтарсан компанийн шийдвэрлэх асуудлуудыг хоёр тал харилцан тохиролцож албан бичгээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэж, 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ...ар гэрт уй гашуу тохиолдсон тул миний бие яаралтай нутаг буцсан. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр биечлэн уулзан талбай дээр очиж нөхцөл байдалтай танилцсан. Манай эзэмшдэг 51 хувийн хувьцааг шилжүүлэх, гэрээ цуцлахыг миний бие дангаараа шийдвэрлэх боломжгүй. Иймд хуралд оролцох боломжгүй болсон зайлшгүй шалтгааныг харгалзан үзэж ТУЗ хуралдах нөхцөл бүрдтэл хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг хойшлууж өгнө үү. Хэрэв та бүхэн хурал хойшлогдох харилцан тохиролцоонд хүрэх боломжгүй гэж үзэж байвал хамтран ажиллах гэрээний 8.2-т заасны дагуу шүүхэд хандаж болно гэх хариуг хүргүүлсэн байна. /1-р хх-52-64/

Уг үйл баримтаас үзэхэд ******* ХХК-иас хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээгээр тохирсон хөрөнгө оруулалтыг оруулах, уг үүргээ биелүүлэхгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах замаар гэрээг дүгнэж хамтран байгуулсан компанийн хувьцааг шилжүүлэх, гэрээг цуцлах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн байхад ******* ХХК-иас тодорхой хариу өгөөгүй болох нь тогтоогдож байна.

 

4.5 Эдгээр үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний гол нөхцөл болох нүүрс олборлох замаар ашиг олох зорилго, зорилт биелэх боломжгүй болсон нь хариуцагч ******* ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй байна.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан маргааны зүйл болох хамтран ажиллах гэрээний 7.4-т Б /******* ХХК/ тал нь давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоос бусад нөхцөлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ТУЗ-өөс батлагдсан хуваарийн дагуу хийх хөрөнгө оруулалтаа 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар хоцорсон бол "Б" тал нь хамтарсан компанийн нэр дээр шилжсэн Ашиглалтын тусгай зөвшөөрлийг, өөрийн эзэмшлийн 51 хувийн хувьцаа болон компани байгуулагдсанаас хойш оруулсан хөрөнгө оруулалтын хамтаар А /******* ХХК/ талд буцаан шилжүүлнэ гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч "*******" ХХК нь хамтран ажиллах гэрээний 4.4, 4.5, 4.6-д заасан үүрэг болох нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг нийлүүлэх замаар уурхайн ажлыг бүрэн эхлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Мөн хариуцагч нь хамтран ажиллах гэрээний 7.4-т зааснаар хамтарсан компани болох ******* ХХК-ийн 51 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхэд татгалзахгүй боловч энэ хугацаанд уурхайн үйл ажиллагааг явуулахад зарцуулсан хөрөнгө оруулалтын мөнгөн хөрөнгийг буцаан өгсөн тохиолдолд шилжүүлнэ гэж тайлбарласан.

Үүнээс дүгнэвэл Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4 дэх заалтад хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болно гэж зааснаар талуудын хэн аль нь тэдгээрийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох тухай хүсэл сонирхол, байр суурь нэг байна.

Нэгэнт хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул хамтран ажиллах гэрээнд заасны дагуу "*******" ХХК-ийн 51 хувийн хувьцааны эрхийг *******" ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

 

6. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасан.

 

6.1 Хариуцагч *******" ХХК-иас хамтран ажиллах гэрээний дагуу уурхайн үйл ажиллагааг эрхлэн явуулахын тулд 6,501,738 юан бүхийн мөнгөн хөрөнгө оруулж, уурхайн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлаж, хэрэгт бэлэн мөнгөний орлогын баримт, орлогын мэдүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримт, жолоочийн тооцооны хуудас, мөнгөн урьдчилгааны тайлан, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, ХББ-ны дансаар цалин олгох ажилтнуудын жагсаалт, төлбөрийн даалгаврууд, тооцооны хуудаснууд, 2012.12.03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Баян ундрал Эрдэс групп ХХК-ийн орлогын падаанууд, 2013.07.15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, дансны хуулгын баримтуудыг нотлох баримтаар цуглуулж гаргасан. /1-р хх-151-195, 209-250, 2-р хх 1-111, 4-р хх 157-250, 5-р хх 1-250, 6-р хх 1-250, 7-р хх 1-250, 8-р хх 1-250, 9-р хх1-250, 10-р хх 1-36/

Нэхэмжлэгч ******* ХХК-иас уурхайн үйл ажиллагаа эрхлэх бэлтгэл ажиллагааны хүрээнд хариуцагч *******" ХХК-иас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө зарцуулсан үйл баримтад маргаагүй боловч 6,501,738 юан бүхийн мөнгөн хөрөнгийг оруулаагүй гэж маргаж, хариуцагчаас цуглуулж гаргасан дээрх баримтуудыг "*******" ХХК-ийн санхүүгийн тайлантай харьцуулах замаар 2015-2022 онд "*******" ХХК-ийн үйл ажиллагааны орлого, зарлагын тооцоололыг ******* ХХК-иар аудитын шинжилгээний дүгнэлт гаргуулсан. /10-р хх-69-81/

Хариуцагч *******" ХХК нь ******* ХХК-ийн гаргасан аудитын шинжилгээний дүгнэлтэд маргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аудитын дүгнэлтэд талуудын хооронд 2012 онд байгуулагдсан эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 549,657,100 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсаныг тусгаагүй үндэслэлээр шүүхийн журмаар санхүүгийн баримтуудад шинжээч томилох хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчээс 2012 онд байгуулагдсан эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 549,657,100 төгрөгийн хөрөнгө оруулалт үйл баримтад маргаагүй тул шүүхийн журмаар шинжээч томилоогүй.

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдахаас өмнө 2012 онд байгуулагдсан эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээний дагуу оруулсан 549,657,100 төгрөг нь талуудын маргааны зүйл болох хамтран ажиллах гэрээ байгуулагдахаас өмнө оруулсан хөрөнгө буюу энэ маргаанд хамааралгүй байна.

Тодруулбал, ******* ХХК нь талуудын маргааны зүйл болох хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч *******" ХХК-иас уурхайн үйл ажиллагаа эрхлэхэд зарцуулсан орлого, зарлагын тооцооллыг гаргасан үнийн дүнд талууд маргаагүй болно.

 

6.2 ******* ХХК-ийн гаргасан аудитын шинжилгээний дүгнэлтэд ...******* ХХК нь компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч ******* ХХК-иас 1,000,000 юань буюу тухайн үеийн юаний Монгол төгрөгтэй харьцах ханш болох 300.25 төгрөгөөр нийт 300,280,000 төгрөгийг компанийн юанийн харилцах дансанд байршуулж компанийн дүрмийн санг бүрдүүлсэн байна. 2016 онд компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч ******* ХХК-иас 280,325,100 төгрөгийг ашигт малтмалын лицензийг шилжүүлэн авч биет бус хөрөнгөөр бүртгэж тухай дүнгээр эздийн өмчийг нэмэгдүүлж компанийн хувьцаа эзэмшигчдийн нийт дүн 580,605,100 төгрөг болсон байна. 2015-2022 оны хугацаанд үндсэн үйл ажиллагаанаас орлого олоогүй бөгөөд үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтад шаардлагатай санхүүжилтийг хувьцаа эзэмшигч компани болон тэдгээрийн холбоотой талуудаас бүрдүүлж байжээ. ******* ХХК-ийн арилжааны банк, төгрөгийн касс дахь дансуудад 2019-2023 оны хооронд орсон нийт орлогыг тулган шалгаж нэгтгэн дүгнэв. Санхүүжилтийн эх үүсвэрүүд нь ******* ХХК-ийн хувь нийлүүлэгч ******* ХХК болон ******* ХХК-ийн эцсийн эзэмшигч БНХАУ-ын иргэн *******-ийн эзэмшлийн Баян ******* эрдэнэс групп ХХК-иас авсан зээл байна.

2015-2022 оны хугацаанд нийт 1,913,489,028 төгрөгийн санхүүжилтийг Баялаг ******* эрдэнэс групп ХХК болон ******* ХХК-иас авсан байна. Үүний 300,280,000 төгрөгийг эздийн өмчөөр, 1,613,209,028 төгрөгийг дансны өглөгөөр бүртгэсэн байна. Санхүүгийн байдлын тайланд өр төлбөрийн дүн 1,483,009,500 төгрөгөөр толилуулсан бөгөөд зөрүү 130,199,528 төгрөгийн дансны өрийг төлсөн баримт байхгүй байна. Нийт 1,649,886,100 төгрөгийг өр төлбөр болон эздийн өмчийн эх үүсвэрээс бүрдүүлж 205,000,000 төгрөгийг Софт трейд ХХК-д олгож дансны авлагаар бүртгэж, 18,140,170 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авахад, 1,342,224,360 төгрөгийн үйл ажиллагааны зардалд зарцуулсан байна гэж дүгнээд,

******* ХХК-ийн 2015-2021 оны хооронд харилцах данс, төгрөгийн касс дахь данснаас гарсан зарлагын гүйлгээг 2015-2021 он хүртэл он тус бүрээр задлан гаргасан байна.

 

6.3 Уг дүгнэлтэд нийт ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөн хөрөнгө нь 1,649,886,100 төгрөг ба уг мөнгөн хөрөнгөөс 18,140,170 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авч, бусад зардлыг үйл ажиллагааны зардалд зарцуулсан гэжээ. Үйл ажиллагааны зардалд зарцуулсан зарлагын гүйлгээг үзвэл:

- томилолтын зардалд 2015 онд 10,495,700 төгрөг, 2016 онд 19,077,100 төгрөг, 2017 онд 952,000 төгрөг, нийт 30,525,400 төгрөг,

- мэргэжлийн ажил гүйцэтгүүлэхэд 2016 онд 280,746,700 төгрөг, 2017 онд 24,369,400 төгрөг, 2018 онд 8,206,500 төгрөг, 2019 онд 1,000,000 төгрөг, 2021 онд 1,730,000 төгрөг, нийт 316,052,600 төгрөг,

- бусад мөнгөн зардлагад 2015 онд 31,380,600 төгрөг, 2016 онд 6,182,400 төгрөг, 2017 онд 1,292,200 төгрөг, 2018 онд 12,312,600 төгрөг, 2019 онд 8,918,100 төгрөг, 2021 онд 4,665,200 төгрөг, нийт 64,751,100 төгрөг тус тус зарцуулсан байна.

 

6.3а Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-ийн үйл ажиллагааг эрхлэн удирдаж явуулж байсан үйл баримтыг талууд тайлбарласан. Хариуцагч нь ******* ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг явуулахад ажилчдыг томилолтоор явуулж байсан гэж үүнтэй холбоотой зарлагын баримтыг хэрэгт гаргасан боловч ямар албан тушаалтай, хэн гэдэг ажилчныг юуны зориулалтаар ямар зорилгоор хаашаа томилолтоор явуулсан болохоо бусад баримтаар нотлоогүй. Уг томилолтын зардал нь ******* ХХК-ийн үндсэн үйл ажиллагаанд хамааралтай зарцуулагдсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

6.3б Мөн хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг эрхлэн явуулахын тулд бусад этгээдүүдээр мэргэжлийн ажил гүйцэтгүүлэх замаар ажлын хөлс төлсөн гэх бэлэн мөнгөний зарлагын баримтыг хэрэгт гаргасан. Гэвч уурхайн үйл ажиллагаатай холбоотой ямар мэргэжлийн туслалцаа шаардлагатай ажлыг хэн гэдэг этгээдээр гүйцэтгүүлсэн болохоо баримтаар нотлоогүй.

 

6.3в ******* ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг эрхлэн явуулахын тулд бусад мөнгөн зарлага гаргах зайлшгүй шаардлагатай байсан гэж зарлагын баримтууд, дансны хуулгыг хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргасан. Уг баримтуудаас үзэхэд архи, виски, вино, тамхи, хоол, бохь, ундааны мөнгө төлсөн баримтууд байна. Эдгээр зарлага нь компанийн үйл ажиллагааг явуулахад зайлшгүй гарах ёстой мөнгөн хөрөнгө гэж үзэхээргүй байна.

Хариуцагчаас хамтарсан компанийн үйл ажиллагаанд зориулан томилолтын зардал 30,525,400 төгрөг, мэргэжлийн ажил гүйцэтгүүлэхэд гарсан зардал 316,052,600 төгрөг, бусад зардал 64,751,100 төгрөгийг /нийт 411,329,100 төгрөг/ тус тус зарцуулсан гэж уг мөнгөн хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч Софт трейд ХХК-иас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хариуцагч ******* ХХК-д хамтран ажиллах гэрээг цуцлах, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах мэдэгдэл хүргүүлсээр байсан байхад уг мэдэгдэл хариу өгөхгүй явсаар 2021 онд татварын байгууллагад 4,239,600 төгрөг төлсөн нь хариуцагчийн үйлдэлд хамааралтай байна.

 

6.4 Аудитын дүгнэлтээр тогтоогдсон ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан ******* ХХК-иас зарцуулсан 1,649,886,100 төгрөгөөс томилолтын зардал 30,525,400 төгрөг, мэргэжлийн ажил гүйцэтгүүлэхэд гарсан зардал 316,052,600 төгрөг, бусад зардал 64,751,100 төгрөг, 2021 онд татварт төлсөн 4,239,600 төгрөг, нийт 415,568,700 төгрөгийг хасч тооцвол 1,234,317,400 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хамтран ажиллах гэрээний дагуу ******* ХХК-иас 2015-2020 оны хооронд бодитоор оруулсан байна.

Хамтын үйл ажиллагааны хүрээнд ******* ХХК-иас 2015-2020 оны хооронд хамтарсан компанийн үйл ажиллагаанд зориулан уурхайн нөөц тогтоох техникийн төвийн тооцооны ажлын зардалд 100,000,000 төгрөг, дээж шинжилгээний ажлын зардалд 30,000,000 төгрөг, гэрээний дагуу төлбөр 75,000,000 төгрөг, үндсэн хөрөнгө худалдаж авахад 18,140,700 төгрөг, ажилчдын цалин 568,008,600 төгрөг, нийгмийн даатгалын байгууллагад төлсөн 147,851,400 төгрөг, бараа материал худалдан авахад төлсөн 40,047,000 төгрөг, түрээсийн төлбөрт 142,072,900 төгрөг, түлш шатахуун, тэвэрийн хөлс, сэлбэг хэрэгсэлд 9,005,900 төгрөг, татварт 2015-2020 оны хооронд 104,190,900 төгрөг, нийт 1,234,317,400 төгрөг зарцуулсан нь хүрэн нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулахад гарах зайлшгүй зардал байна.

Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдээгүй, уурхайн үйл ажиллагаа явуулах замаар хүрэн нүүрсний олборлолт явуулаагүй, ашиг орлого олоогүй тул ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан зарцуулсан 1,234,317,400 төгрөгийн хэмжээгээр алдагдал хүлээжээ.

Хамтран ажиллах гэрээний хувьд талууд тэгш эрхтэйгээр, хамтын зарчмаар тодорхой зорилгод хүрэхийн тулд ажилладаг ба нөгөө талдаа хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг ч хамтран хариуцахаар Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт зохицуулсан.

Нэхэмжлэгчээс гаргасан ...зарим төлбөрийг ******* ХХК-иас шилжүүлсэн байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагч ******* ХХК-ийг төлсөн гэж үзэхгүй гэх тайлбар үндэслэлгүй. Талууд ******* ХХК-тай байгуулсан эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хамтран ажиллах гэрээг байгуулсан, уг компанийн охин компани нь ******* ХХК мөн талаарх үйл баримтад маргаагүй. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулалтыг ******* ХХК нь өөрийн охин компани ******* ХХК-иар дамжуулан оруулж, уурхайн үйл ажиллагааг хариуцуулах байсан үйл баримтыг талууд анхнаасаа мэдэж байжээ.

Иймд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт зааснаар талууд хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг хамтран хариуцах үүрэгтэй тул 1,234,317,400 төгрөгийн тал хувь 617,158,700 төгрөгийг нэхэмжлэгч Софт трейд ХХК-д хариуцуулах нь зүйтэй тул энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

6.5 Хариуцагч нь уурхайн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөн хөрөнгөөс 0,3 хувиар тооцон алдангийн төлбөр гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч ******* ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу нүүрс олборлолтын ашиглалтын тусгай зөвшөөрлийг гэрээнд хугацаанд хамтарсан компани болох ******* ХХК-д шилжүүлж, үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийг гэрээгээр хүлээсэн ямар үүргийг аль хугацаанд гүйцэтгээгүй гэж үзэж алдангийн төлбөр шаардаж байгаа болох нь ойлгомжгүй. Мөн алдангийн төлбөрийг хариуцагч нь өөрийн гүйцэтгэсэн үүрэг буюу уурхайн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөн хөрөнгийн үнийн дүнгээс тооцож нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч ******* ХХК-иас "*******" ХХК-ийн 51 хувийн хувьцааны эрхийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 617,158,700 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 4,278,650,195 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8. Бусад.

Хариуцагчаас 11-р хавтаст хэргийн 1-250, 12 дугаар хавтаст хэргийн 1-12 дугаар талд баримтуудыг аудитын дүгнэлт гарсанаас хойш хэрэгт нотлох баримтаар гаргасан. Уг баримтууд нь аудитын дүгнэлт гаргахаас өмнө хариуцагч нь хэрэгт баримтаар гаргасан байсан ба зарим баримтын үг, үсэг, тоо бүдэг гарсан байсныг дахин гаргасан гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,638,493 төгрөг, хариуцагчаас төлсөн 24,636,995 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 617,158,700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 3,243,743 төгрөг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,638,493 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар орчуулагчийн зардал нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар орчуулагчийн ажлын хөлс 675,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орчуулагч Элит хонгор ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас "*******" ХХК-ийн 51 хувийн хувьцааны эрхийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д, нэхэмжлэгчээс 617,158,700 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 4,278,650,195 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,638,493 төгрөг, хариуцагчаас төлсөн 24,636,995 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,638,493 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 3,243,743 төгрөг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 675,000 төгрөг гаргуулж орчуулагч Элит хонгор ХХК тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ