Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00930

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00930

 

 

 

Ж.Д.Ү.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00510 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г хариуцагч Х.Т, Х.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 359 613 953 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 26 500 төгрөг, нийт 359 640 453 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б, прокурор Ц.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч X.Түмэндэмбэрэл нь Ж.Д.Ү.Х.Сгаас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2016/3-51 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 450 000 000 төгрөгийг мax ангилан савлах төслийн зориулалтаар 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 98 152 254 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 38 773 578 төгрөг, нийт 136 925 832 төгрөгийг төлж барагдуулсан боловч гэрээнд заасан төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацааг 796 хоногоор хэтрүүлсэн. Зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Хариуцагч нар нь мах ангилан савлахтай холбоотой үйл ажиллагаа зогссон талаар баримт өгөөгүй, мөн ковид-19 цар тахалтай холбоотой махны савалгаа хийх ажил зогссон гэдэг боловч Монгол Улсын Засгийн газраас махны экспорттой холбоотой ямар нэгэн ажиллагааг зогсоогоогүй. Давагдашгүй нөхцөл байдалд орсон тухай холбогдох байгууллагаас тодорхойлолт аваагүй.  Иймд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 125/2017/3-19 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 351 710 604 төгрөг, зээлийн хүүд 7 878 557 төгрөг, алдангид 24 792 төгрөг, нотариатын зардал 26 500 төгрөг, нийт 359 640 453 гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Төрийг төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талууд зээлийн гэрээ байгуулсан боловч зээлдэгч нар нь гэрээний үүргийг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2016/3-51 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 450 000 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн Газрын махны экспортыг дэмжих бодлогын хүрээнд Max савлан ангилах төслийн зориулалтаар 60 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй зээлэн авч, зээлийг хуваарийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл төлж барагдуулсан.

Гэтэл 2019 оны хавар махны үнэ өсч, махны хомсдолд орсон, 2020 онд улс төрийн сонгууль явагдах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас 2019-2020 онд шилжих өвлөөс махны экспортыг хумих, бууруулах бодлогыг хэрэгжүүлэх болсноор зээлээ хэвийн төлж байсан манай төсөлд эрсдэл учрах болсон юм.

Ийнхүү нөхцөл байдал хүндрэх цаг үетэй зэрэгцэн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас гэнэтийн давагдашгүй хүчин зүйл үүсч, улмаар бизнес тэг зогсолт хийж энэ тухай нэхэмжлэгчид 2 удаа албан ёсоор мэдэгдсэн боловч зээлээ төл гэсэн шаардлага тавьсан. Зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх зээл төлөх хугацаа нь 796 хоног биш харин 180 хоног хэтэрсэн байна. Үүнээс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс гэнэтийн давагдашгүй хүчин зүйл цар тахал өвчин гарч өнөөдрийн байдлаар Улсын онцгой комисс бүрэн цуцлаагүй байна. Иймд зээл төлөх хугацааг ердөө 37 хоног хэтрүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 125/2017/3-19 тоот зээлийн гэрээг хариуцагч талаас байгуулаагүй харин 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2016/3-51 тоот зээлийн гэрээг байгуулсан.

Үндсэн зээлийн төлбөрт нийт 351 847 746 төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг үнийн дүнтэй санал нэг байна. Харин зээлийн хүүгийн төлбөрт 7 878 557 төгрөгт зөрүү гарсан байна. Зээлийн гэрээний зөрчлийг яг хэдний өдрөөс тооцож байгаа болон хүү, алдангийг хэзээнээс эхлэн тооцсон, нэг хоногт хэдэн төгрөгийн хүү алданги тооцож байгаа нь тодорхойгүй. Тооцоо хийх аргачлалыг тайлбарлаж өгөөгүй бөгөөд баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас тодорхойлох боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байгаа учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Т, Х.Б нараас нийт 359 615 661 /гурван зуун тавин есөн сая зургаан зуун арван таван мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д.Ү.Гт олгож, үлдсэн 24 792 /хорин дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулах, нэг ширхэг машины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Т, Х.Б нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, .....хороо, Их тойруу, 73/7-р байр, зоорийн давхар 288 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2203013949 дугаартай, гэрчилгээний 000178463 дугаартай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, ....дугаар хороо, Усны гудамж 63/3 байр, 21 тоот хаягт байрлалтай, 54.2 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203008265 дугаар гэрчилгээний 0030194 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, ....хороо, Өгөөж чихэр боов ХХК-ийн хойд талд байрлах 12 айлын орон сууцын 5 тоот хаягт байрлах 130 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн 2203008867 дугаартай, гэрчилгээний 0048180 дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Т, Х.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 026 228 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч талаас зээлийн гэрээг цуцлахгүйгээр цааш нь үргэлжлүүлэх, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан зээлийн гэрээтэй холбоотой улсаас үзүүлж буй хөнгөлөлтөд хамрагдах боломжтой байхад гэрээг цуцалж буй нь үндэслэлгүй. Мөн гэрээг цуцлах “гэрээ болон хуульд заасан үндэслэл” бүрдээгүй байхад нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Гэрээний 8.1.1-т “Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн”  бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцохоор заасан.

Шүүх 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг өөрийн санаачилгаар хойшлуулж, нэхэмжлэгчээс зээлийн гэрээний хавсралт 1-ийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн диспозитив зарчмыг зөрчиж, хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгч тал хавсралт-1 гэсэн баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд, ийм баримт байгаа эсэх талаар шүүхээс асуухад мэдэхгүй байгаа талаар тайлбарлаж байсан.

Уг хавсралт-1 баримтад хэзээ, ямар хэмжээний төлөлт хийгдэх үүргийг хүлээлгэж буй нь тодорхойгүй, нэхэмжлэгч тал нь гэрээний 6.2.2-т зааснаар хэмжээ нь ямар байхаас үл шалтгаалан төлөлтүүдийг тогтмол хийх үүргийг л зээлдэгчид хүлээлгэсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган өгсөн хариуцагчийн төлөлтийг харуулсан тооцооны баримт дээр сар бүр төлөлтийг тогтмол хийж байсныг харж болно.

Гэрээний дагуу дараалан 3 удаагийн төлөлт хийгээгүй гэх нөхцөл бүрдээгүй болохыг харж болох бөгөөд гэрээний 10.2.1-т зааснаар гэрээг цуцлах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчил хэзээнээс үүссэн болохыг шүүх хуралдааны явцад ч тайлбарлаж, нотолж чадаагүй. Учир нь төлөлт ямар хэмжээтэй хийгдэх нь хамаагүй бөгөөд зөвхөн гэрээний хугацаанд л нийт төлөлтөө бүрэн төлсөн байх шаардлага бүхий гэрээнд хариуцагч талаас сар бүр тогтмол төлөлт хийж байсан нь “Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга”-аас тодорхой харагдана.

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч тал хүүгийн төлөлтөө эцсийн байдлаар хийсэн ба мөн оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цар тахал дэлхий нийтээр гарч ихэнхи байгууллагын үйл ажиллагаа зогссон. Энэ хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/84 тоот тушаал, мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А-373 дугаар тушаалаар тус тус “Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг хойшлуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү тушаалд хамрагдах хүсэлтийг өгч байсан боловч хэрхэн шийдвэрлэсэн тодорхойгүй ба хариуцагчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын дунд хүртэл тодорхой хэмжээгээр төлөлтийг хийж байсан. Хэрвээ энэхүү тушаалд хамруулж, гэрээний хугацааг хойшлуулсан тохиолдолд гэрээний үүргээ хариуцагчийн зүгээс биелүүлж үргэлжлүүлэх сонирхолтой байсан ба гэрээний үүргийн зөрчил байхгүй нөхцөл байдлыг харгалзаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжийг олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч Ж.Д.Ү.Г нь хариуцагч Х.Т, Х.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 359 613 953 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 26 500 төгрөг, нийт 359 640 453 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

            Талуудын байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2016/З-51 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь 450 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна. /хх10-15, 48, 172/

            Анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээнд заасан нөхцлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг хариуцагч нар хүлээх талаар дүгнэхдээ хууль буруу хэрэглэжээ. Учир нь хэргийн 57 дугаар талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс Ж.Д.Ү.Г нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй этгээд биш болох нь тогтоогдсон байна.

            Зохигчид гэрээ байгуулж, зээлдүүлэгчээс мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ гэрээг талууд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан учир хүчин төгөлдөр гэрээний дагуу талууд үүргийг шаардах эрхтэй.

            Хариуцагч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл, үүргийн зөрчил нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар маргажээ.

            Талууд зээлийн гэрээний 8.1.1, 10.2.1-д зээлдэгч гэрээний хавсралт 1-т заасан зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн бол гэрээг зөрчсөн гэж тооцон хугацаанаас өмнө цуцлахаар харилцан тохиролцсон байна.

            Хэргийн баримтаар хариуцагч нар нь үндсэн зээлд 98 152 254 төгрөг, зээлийн хүүд 38 773 578 төгрөг, нийт 136 925 832 төгрөг төлж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар тогтоогджээ./хх7-9, 48-49, 146, 160-161/

            Хариуцагч нар нь татгалзлын үндэслэлээ Монгол Улсын Засгийн газраас 2019-2020 онд шилжих өвлөөс махны экспортыг хумих, бууруулах бодлогыг хэрэгжүүлсэн, улсын төрийн сонгууль явагдсан болон Ковид -19 цар тахал зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээл төлөх хугацааг 37 хоног хэтрүүлсэн гэж тайлбарласан боловч дээрх үндэслэлүүдээр зээлийн хугацааг хойшлуулах талаар нэхэмжлэгчид хандаж байсан гэх тайлбар нь хэргийн баримтаар нотлогдоогүй байна. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/84, мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/373 дугаар тушаалаар тус тус зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг хойшлуулахаар шийдвэрлэхэд эдгээр тушаалд хамрагдах хүсэлтийг өгч байсан, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэх хариуцагч нарын давж заалдах гомдол хэргийн баримтаар тогтоогдоогүй.

            Иймд нэхэмжлэгч нь гэрээний 10.2.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү шаардсан гэх үндэслэлээр тус өдрөөс зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дах хэсэгт заасанд нийцнэ.

            Зээлийн гэрээний хавсралт-1 заасан хуваарийн дагуу хариуцагч нар нь гэрээ цуцалсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үүргээ биелүүлсэн бол 188 556 546 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байх байжээ. /хх162/ Хариуцагч нар гэрээгээр тохирсон хуваариа зөрчсөний улмаас тэдгээрийн гүйцэтгээгүй үүрэг нь үндсэн зээл 351 847 746 төгрөг, зээлийн хүү 7 878 557 төгрөг, нийт 359 589 161 төгрөг байна. Иймээс дээрх зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасан үүргийн ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй.

            Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүүд 359 589 161 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 26 500 төгрөг, нийт 359 615 661 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцнэ.

             Шүүх 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2021/01736 дугаар захирамж гарган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2016/З-51 дугаар зээлийн гэрээний “хавсралт-1”-ийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь диспозитив зарчмыг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Дээрх захирамжид хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүй байна.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Ж.Д.Ү.Г нь Х.Т, Х.Б нартай зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2016/Б-41 дугаартай барьцааны гэрээ байгуулжээ. /хх16-20/ Уг гэрээгээр иргэн Б.Болор, Б.Чоймаа, Б.Долгормаа, Б.Алтансувд, зээлдэгч Х.Т нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203008867 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн хойд талд байрлах, “Хан талст”-ын 12 айлын орон сууцны 5 тоот, 130  м.кв талбай бүхий орон сууц, иргэн Б.Отгон-Эрдэнэ, Н.Даваахүү нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203008265 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, 6/3 дугаар байр, 21 тоот, 54.2 м.кв талбай бүхий орон сууц, “Хурай” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203013949 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 73/7 зоорийн давхрын 288  м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. Талууд 2016/Б-41 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болжээ. /хх16-20/

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлд бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 1 ширхэг автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар барьцаалаагүй гэх үндэслэлээр энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар 175.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00510 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 30.1” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 227 дугаар зүйлийн 227.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн       2 026 228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                  Н.БАТЗОРИГ

 

                                                                                       Ч.ЦЭНД