Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Олхонууд овогт Баадайн Бт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805003990120 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  1965 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ....... дугаар .........засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн ...... дугаар хороо Зүүн нарангийн ......дугаар гудамжны ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Олхонууд овогт Баадайн Б.

 

Шүүгдэгч  Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр согтуугаар Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 114 тоотод байрлах гэртээ өөрийн хүү Б.Бийг зодож зүүн чихэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Б.Б нь өөрийн төрсөн хүү Б.Бийг зодож зүүн чихэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 3-8 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Бийн “Би өмнөх гэрчийн мэдүүлэг дээр болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Одоо надад нэмж яриад байх зүйл байхгүй. Миний биеийн байдал эв эрүүл байгаа, надад ямар нэгэн гэмтсэн зүйл байхгүй. Надад гомдол санал  нэхэмжлэх зүйл байхгүй. Надад аавдаа гомдох эрх байхгүй, гомдол санал  юу ч байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

Гэрч С.Бадамхоролын “2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хашаа ч гаралгүй нөхөр Бын хамт гэртээ байх үед өдөр 13 цагийн үед манай хүү Б гаднаас нэлээн халамцуу зүрх өвдөөд байна гэсээр орж ирсэн. Тэгээд 103 дуудаж Баянгол дүүргийн эрүүл мэндийн 7 дугаар төв дээр очиж үзүүлсэн юм. Тухайн үед зүрхэнд нь эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Тэгээд буцаад манай нөхөр, хүү хоёр 21 цагийн үед нэлээн согтчихсон байдалтай ирсэн. Тухайн үед би гэртээ унтаад үлдсэн байсан. Тэгээд манай нөхөр, хүү хоёр гэртээ том өрөөндөө хамтдаа архи ууцгаасан. Би нэг сайн мэдэхгүй байна, унтаж байсан. Тэгээд нэг мэдэхэд манай хүү ээж гэж дуудахаар нь би сэрээд харахад гал тогооны шалан дээр мөлхчихсөн аймаар цус гарсан байхаар нь би 103-т дуудлага өгсөн юм. Хүү Бийн биед учирсан гэмтлийг нөхөр Б л хамт архи ууж байгаад шаазан аягаар цохичихсон юм шиг байна лээ. Манай нөхөр өөрөө үгэнд орохгүй байхаар нь цохичихсон гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1282 дугаартай:

“1. Б.Б-н биед зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “Энэ хэргийн талаар өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Маргаан бол аавтайгаа хамт архи уулаа гэж маргасан юм. Бийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан юм. ... Хийсэн бүхэндээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Б.Б нь Б.Бийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь  хохирогч,  гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Хохирогч Б.Б нь “... өөрийн эцэг Бт гаргах гомдолгүй бөгөөд шүүх хуралдаанд орох шаардлагагүй болно” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Б.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Олхонууд овогт Баадайн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ