Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/11

 

 

                                         *******т холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр  холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2023/0235/Э/208/2024/0004 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* дүгээр гудамж, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:*******/

Шүүгдэгч ******* нь өөрийн “*******” гэсэн фэйсбүүк хаягт “зээл авах апп зааж өгнө” гэсэн зарыг байршуулж улмаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай, 1 дүгээр багт оршин суух хаягтай иргэн нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд *******тай фэйсбүүк чатаар холбогдож, өөрийн регистрийн дугаар, утасны дугаар, интернэт банкны кодыг өгсний улмаас тухайн мэдээллийг ашиглан “Тус финтекс” ББСБ-аас ын нэрээр 300,000 төгрөгийн зээл авч өөрийн тоот дансанд шилжүүлэн авч хуурч, цахим хэрэгсэл ашиглаж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №02 дугаартай эсэргүүцэлдээ:

...Тус шийтгэх тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах үндэслэлээр ноцтой зөрчсөн байна.Үүнд:

1.Анхан шатны шүүх шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэртээ *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар, мөн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн атлаа 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэснийг тус тус зөрчсөн,

2.Прокуророос       хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, яллагдагч *******т үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулж, яллагдагч зөвшөөрч гарын үсэг зурж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр торгох ялын хугацааг 5 сар болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заасныг, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж, 3 дахь заалтад ...торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч ******* нь өөрийн “*******” гэсэн фэйсбүүк хаягт “зээл авах апп зааж өгнө” гэсэн зарыг байршуулж улмаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай, 1 дүгээр багт оршин суух хаягтай иргэн нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд *******тай фэйсбүүк чатаар холбогдож, өөрийн регистрийн дугаар, утасны дугаар, интернэт банкны кодыг өгсний улмаас тухайн мэдээллийг ашиглан “Тус финтекс” ББСБ-аас ын нэрээр 300,000 төгрөгийн зээл авч өөрийн тоот дансанд шилжүүлэн авч хуурч, цахим хэрэгсэл ашиглаж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч ын /хх-ийн 29-30 тал/, гэрч гийн /хх-ийн 32-33 тал/ мэдүүлгүүд, *******ын ХААН банканд эзэмшдэг дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-60/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байна.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор эсэргүүцэлдээ: ”...Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан атлаа шийтгэх тогтоол бичгээр үйлдэгдэж гарч ирэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй алдаатай байх тул өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн шүүгдэгч өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж дээрх оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байхад шүүх төлөх хугацааг үндэслэлгүйгээр 5 сар болгон өөрчилсөн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү...”гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан атлаа шийтгэх тогтоолыг бичгээр үйлдэж гаргахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй алдаатай байх тул уг алдааг техникийн шинжтэй алдаа гэж үзэж зохих өөрчлөлтийг хийж зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.   

Анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоол нь дээрх хуулийн зүйл заалтад нийцээгүй ойлгомжгүй, биелүүлэхэд эргэлзээ төрөхүйц, хуулийн шаардлагыг хангахгүй байгаад дүгнэлт хийж, энэ төрлийн алдааг давтахгүй байхыг анхааруулав.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын 2 дахь заалтанд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар” гэж  өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж,

Харин шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хэргийн оролцогч талууд тохиролцон 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл хүлээх, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон боловч шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д “Шүүх ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэсэн хуулийн агуулгад нийцүүлэн өөрийн эрх хэмжээний хүрээнд хугацааг уртасган тогтоосон нь хууль зөрчөөгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тус тус дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ