| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/05217/И |
| Дугаар | 191/ШШ2025/01342 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/01342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У********* давхарт байрлах ******* ******* ББСБХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух, Б******* овогт Ц******* А /регистрийн дугаар: МЮ/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Г.Д, хариуцагч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай зомпанийн зүгээс хариуцагч Атай 2020 оны 8 сарын 18-ны өдөр зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,899,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нь 2020 оны 10 сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээ зээлийн гэрээ анх зөрчигдөж эхэлсэн. Иргэний хуулийн 452.2 дахь заалтад зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлж төлөөгүй бол гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болон гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.3 дахь заалт нь нэмэгдүүлсэн хүү 20 хувь байна, үндсэн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцсон. Үндсэн зээл нь 1,717,227.39 төгрөг, зээлийн хүү 2,427,739.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349,718.33 төгрөг байгаа. Манайх нэхэмжлэл гаргах үед нийтдээ 4,484,684.93 төгрөгийг нэхэмжилсэн. Энэхүү мөнгөн дүнгээс шүүхэд шилжүүлсэн өдөр буюу 5 сарын 31-ний өдөр 1,899,000 төгрөгийг хариуцагч төлсөн. Үлдэгдэл 2,584,784.22 төгрөгийг хариуцагчаас гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед боломжгүй болоод мөнгөө төлж чадаагүй миний буруу. Тухайн үед би зугтааж барьсан юм байхгүй. Эднийхээс байнга ярьдаг байсан. Би боломжгүй байна гэж ярьдаг байсан. Тухайн үед та зээлийнхээ хүүг хааж болно гэдгийг хэлээгүй, урьдчилж сануулаагүй. Би ямар ч мэдэгдэхүүн Байхгүй байсан, тэрнээс болсон. Нөхөр ажил хийгээд би гэртээ хүүхдээ хараад байж байдаг. Манай нөхөр улирлын чанартай ажил хийдэг учраас нэг хэсэг ажилгүй байсан. E-mongolia-аас харсан чинь 1,899,000 төгрөг байсан, тэрийг нь төлсөн. Банк бус руугаа ярихад надаас 2 сая гарам төгрөг нэхэмжлээд, би 2 сая гарам төгрөг төлж чадахгүй, талыг нь төлье гэсэн. Ор тас өгөхгүй гэсэн юм яриагүй. Тухайн үед ярьж байсан эдийн засагч та зээлийн хүүг хааж болно гэж хэлсэн бол би ийм их өртэй байхгүй байсан гэж бодож байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2020.08.18№ зээлийн гэрээ, Ц.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт, Зээл төлөлтийн дансны хуулга, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1,899,900 төгрөг төлснөөр нэхэмжлэлийн шаардлагыг 2,584,784.93 төгрөг болгож багасгасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Хариу тайлбар,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.Ад холбогдуулан 2020 оны 8 дугзар сарын 18-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт, үндсэн зээл 1,717,227.39 төгрөг, хүү 2,427,739.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 339,718.33 төгрөг, нийт 4,484,684.93 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч 1,899,900 төгрөгийг төлсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг 2,584,784.93 төгрөг болгон багасгаж шаардсан.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1,899,900 төгрөг шилжүүлсэн байхад зээлийн хүүг хэлж сануулалгүй, хүүгээ зогсоох талаар яриагүй, зөвхөн зээлдүүлэгч эрх ашгаа бодсон, өөрөө зээлээ хугацаандаа төлөөгүй буруутай боловч ийм хүү тооцсоныг төлөхгүй хэмээн маргаж байна.
4. Зээлдүүлэгч ******* ******* ББСБ ХХК болон зээлдэгч Ц.А нарын хооронд 2020 оны 8 дугзар сарын 18-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 1,899,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийг зээлдэгчид олгосон байна.
5. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. 452 дугаар зүйлийн 452.2.-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээл төлөлтийн дансны хуулга баримтаас үзэхэд, зээлдэгч нь үндсэн зээл 1,717,227.39 төгрөг, үндсэн зээлийн хүү 867,557.54 төгрөг, нийт 2,584,784 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдож байх ба ийнхүү тооцсон нь үндэслэлтэй буюу талуудын байгуулсан зээлийн гэрээ болон дээр дурьдсан хуульд нийцсэн байх тул 2,584,784 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байна.
7. Хариуцагч нь зээл төлөлтийн дансны хуулгад тусгагдсан зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүргээ хэрхэн биелүүлж байсан үйл баримтын талаар тодорхой тайлбар, нотлох баримтад тулгуурлаж мэтгэлцээгүй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч хүлээдэг бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
9. Мөн хариуцагч нь 1,899,900 төгрөгийн зээлийг төлсөн ба хүүгийн талаар надад хэлээгүй тул төлөхгүй гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх үүрэгтэй тул хариуцагчийн уг татгалзал үндэслэлгүй. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
10. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчийн төлсөн 1,899,900 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс хасч тооцон 2,584,784 төгрөг гаргуулахаар шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ., 59 дүгээр зүйлийн 59.4.-т Энэ хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно. гэж тус тус зааснаар, нэхэмжлэлийн шаардлагын 1,899,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь, 2,584,784 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг бүхэлд нь хариуцагчид тус тус ногдуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,899,900 төгрөгийг төлж барагдуулснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,584,784.93 төгрөг болгон багасгасныг баталж, 1,899,900 төгрөгийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ц.Агаас 2,584,784 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,710 төгрөгийн 71,508 төгрөгийг хариуцагч Ц.Агаас гаргуулж, Б******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 15,202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА