Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/12

 

          *******д холбогдох

                 эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж,  шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Хохирогч *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор *******д  холбогдох дугаартай, 175/2023/0246/Э/208/2024/0012 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* , Монгол Улсын иргэн, оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, -Уул аймгийн сумын 7 дугаар баг 2 дугаар гудамж, 12 тоотод бүртгэлтэй боловч одоогоор -Уул аймгийн сумын 7 дугаар баг 3 дугаар гудамж, 53 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, /РД: /; урьд

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих шийтгүүлсэн;

2.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан;

3.Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан;

4.-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн;

5.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

6.-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 309 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял;

7.-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 334 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял шийтгүүлсэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум, 413 дугаар хорих ангид ял эдэлж байгаа.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын сүүлээр *******гийн өмчлөлийн бөөн сүүлтэй хонгор морь 1, бөөн сүүлтэй хүрэн морь 1, цавьдар морь 1, буруу хөлийн өсгий цагаан, сартай, хамар цагаан дэлтэй хар үрээ 1, нийт 4 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, 5,900,000 /таван сая есөн зуун мянга/-н төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б. үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан -Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 334 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялаас 06 сар, 27 хоногийг биеэр эдэлсэн, үлдсэн 02 жил, 05 сар, 03 хоногийн ялд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 07 /жил/, 05 сар, 03 хоногийн хугацаагаар тогтоож эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан *******д оногдуулсан 07 /жил/, 05 сар, 03 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч ******* нь энэхүү гэмт хэргийн улмаас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******с 5,900,000 /таван сая есөн зуун мянга/-н төгрөгийг гаргуулан, хохирогч *******д олгож,

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, энэхүү тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй талаар дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдож Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12-р сарын 18-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор 7 жил 5 сар 3 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн Батмөнх овогтой Сэлэнгэ миний бие нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний бие мөрдөн шалгах ажиллагааны эхэн үеэс эхлэн өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлгээ өгч мөрдөн шалгах ажиллагаанд аливаа нэг саад учруулалгүйгээр дэмжлэг үзүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Би хохирогч *******д 5,900,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч хохирлыг нь төлөхөө илэрхийлсэн байхад шүүх надад 5 жилийн хорих ял оногдуулсанд би гомдолтой байна.

254 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө би -Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр шийтгүүлж 3 жилийн ял авсан байсан. Үүнээс биеэр эдэлсэн ялын хоногийг хасаж үлдсэн 2 жил 5 сар 3 хоног дээр 5 жилийн хорих ялыг нэмээд нийт 7 жил 5 сар 3 хоногийн ялыг эдлэх болж байна. Хэдийгээр би гэмт хэрэг үйлдэж бусдад төлөх хохирлыг одоогоор төлөөгүй байгаа ч гэсэн төлж хохиролгүй болгоно гэдгээ шүүхэд илэрхийлж, гэм буруугаа хүлээж байгаа учраас надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж багасгаж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон шийтгэлийг оногдуулсан тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.

Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна.  Энэ хүн огт хөдөлмөр хийхгүй бусдын олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон эд хөрөнгийг хулгайлж зарж үрэн амьдардаг энэ нь бүр амжиргааны арга нь болсон хүн гэж харагдаж байна.  Миний бие маш их гомдолтой байна. Олон жил хөлс хөдөлмөрөө гаргаж малласан адууг маань хулгайлж 5.900.000 төгрөгийн хохирол учруулчхаад огт төлбөр төлөөгүй байгаад харамсаж байна.  Би урьд нь энэ мэт хүний хөрөнгийг шууд хулгайлдаг этгээдүүдээс болж олон удаа хохирч байсан.  Хүний хөдөлмөрийг үгүй хийдэг хүн зохих хариуцлагаа үүрэх ёстой гэж бодож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

2.Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын сүүлээр *******гийн өмчлөлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, иргэнд 5,900,000 /таван сая есөн зуун мянга/-н төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч *******  “... 2022 оны 12 дугаар сарын дундуур манай адуу Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг Байны довын урд орчимоор бэлчиж байсан. ... бөөн сүүлтэй хонгор морь 1, бөөн сүүлтэй хүрэн морь 1, цавьдар морь 1, буруу хөлийн өсгий цагаан, сартай, хамар цагаан дэлтэй хар үрээ 1, нийт 4 тооны адуу бэлчээрээс лга болмон байсан.  Морьдоо хайгаад олоогүй тул Цагдаагийн газар мэдэгдсэн... Адуугаа алдсандаа гомдолтой байна хохирлоо төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг, /хх 13/,

Гэрч *******гийн “... ******* ахад  идэшний урьдчилгаа гээд бэлнээр 300,000 төгрөг өгсөн байсан. 2022 оны 12 сарын 30-ны өдөр идэшний адууг чинь авчираад өгсөн гэхээр нь 500.000 төгрөг сүүлд нь үлдэгдэл 100,000 төгрөг нэмж өгсөн. Намайг байхгүй хойгуур гэрт авчирч өгсөн байсан хаанаас ямар адуу авсан талаар нь би мэдэхгүй ...” гэсэн мэдүүлэг, /18-19/

Гэрч *******гийн “... ахын хашаанд хонгор, хүрэн зүсмийн 2 адууг ******* гэх хүн  авчирсан байсан.  ах   ах бид  гурав  махлаад нэг адууны 2 гуяыг ******* ах аваад бусдыг ах бид 2 хувааж авсан. ... авчирсан адуу нь Ж  үсгэн тамгатай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-22/,

Гэрч *******ы “...манай дүүгийн хашаанд малыг махлаад бэлдээд тавьсан байсан.  Нэг адуу нв 154кг, нөгөө адуу нь 156 кг болж байсан. Хоёр адууны мах нийлээд 1.370.000 төгрөг болж байсан. .. *******д бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг/ 27-28,

Шүүгдэгч Б. шүүхийн шатанд өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэнд учруулсан хохирлоо төлж барагдуулна гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.******* олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

3.Шүүгдэгч ******* нь  гэм буруугаа хүлээж хохирлоо төлөхөөр илэрхийлж байгаа байдлыг харгалзан  шүүхээс оногдуулах хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэсэн  агуулга бүхий давж заалдах гомдлын хувьд:

Шүүгдэгч ******* урьд 7 удаа мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байсан тухайн гэмт хэргийг үйлдсэний дараа  буюу 2023 оны 02 сарын 03-ны өдөр бусадтай бүлэглэн хулгайх гэмт хэрэг үйлдэж -Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байх ба уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

4.Анхан шатны шүүхээс Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан гэмт, хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж  05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 03 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 05 сар 03 хоногийн хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хуульд заасан хорих ялын хэмжээний дотор ял оногдуулсан байх тул шүүгдэгч Б.  гаргасан дээрх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилсан.

Иймд шүүгдэгч Б. гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                             ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН