Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 118/ШШ2025/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Энхбаярын Удвал

Хариуцагч: Завхан аймгийн Их-Уул сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: И.Батжаргал нарын хооронд үүссэн төрийн албанаас чөлөөлөхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Удвал, хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, гуравдагч этгээд И.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Э.Удвалыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодорхойлсон.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. Нэхэмжлэгч Э.Удвал нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/28 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд түр томилогдон ажилласан.

2.2. Э.Удвалаас өмнө дээрх албан тушаалд ажиллаж байсан И.Батжаргал нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн талаар шүүхэд маргаан үүсгэсэн байх ба Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 118/ШШ2024/0021 дугаартай шийдвэрээр Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгож, И.Батжаргалыг Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон байна.

2.3 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 24/ША2024/0475 дугаар магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

2.4 Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч Их-Уул сумын Засаг дарга, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0376 дугаартай тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр мөн өдрөөс хүчин төгөлдөр болсон байна. 

2.5. Дээрх шүүхийн тогтоолыг үндэслэн Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2024 оны 11-р сарын 13-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Удвалыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр энэ маргаан үүссэн байна.

Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчээс “...Их-Уул сумын Засаг дарга нь төрийн жинхэнэ албан хаагчаар өөр байгууллагад ажиллаж байсан надад санал тавьж, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилон ажиллуулсан мөртлөө уг албан тушаалд урьд нь ажиллаж байсан И.Батжаргалыг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус, сумын Засаг дарга И.Батжаргалыг ажлаас бүрмөсөн чөлөөлөөгүйн улмаас миний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн...” гэж маргасан.

3.2. Хариуцагчаас “...шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил албан тушаалд нь хуульд заасны дагуу эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн чөлөөлсөн нь хуульд нийцсэн...” гэж тайлбарласан.

3.3. Гуравдагч этгээдээс “…эмнэлгийн магадалгааны хугацаа дуусаж, ажилдаа орох хүсэлтээ тухайн үеийн сумын Засаг дарга О.Одонтуяад гаргасан боловч Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 89 хувиар алдсан гэх  үндэслэлээр ажлаас чөлөөлснийг шүүхийн шийдвэрээр хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсний дагуу өмнө эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдон ажиллаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй…” гэж тайлбарласан.

Гомдол, нэхэмжлэл гаргасан талаар:

4. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг эс зөвшөөрч аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд тус тус гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 04/1587 дугаартай албан бичгээр хариу авснаар шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

5.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1980 онд Завхан аймгийн Их-Уул сумд төрсөн. 10-н жилээ Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төгсөөд, Мандах Дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2013 оноос Дархан-Уул аймгийн тамгын газарт ажиллаж байсан... Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/28 дугаар захирамжаар дээрх өдрөөс сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Тухайн үеийн Засаг дарга О.Одонтуяа намайг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байх үед сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллах саналыг тавьсан бөгөөд өмнө нь ажиллаж байсан Батжаргалыг эрүүл мэндийн хувьд цаашид ажиллах боломжгүй болсон эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлээд миний бие ирж ажиллах болсон. Гэтэл Батжаргал  Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд сумын Засаг дарга О.Одонтуяа түүнийг чөлөөлсөн тушаал гаргаагүй түр чөлөө өгсөн байдлаас үүдэн миний хөдөлмөрлөх эрх хохирсон бөгөөд сумын Засаг даргын Тамгын газрын даргаар Батжаргал томилогдож, Их-Уул сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар намайг чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзээд аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд тус тус гомдол гаргасан боловч 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 04/1587 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан... Тухайн үед сумын Засаг даргатай юу гэж тохиролцсон талаарх баримт хэргийн материалд байгаа... Би тухайн үед тохиролцож ирсэн, энэ хүний саналыг яагаад зөвшөөрсөн гэхээр өмнөх хүн нь 89 хувьтай хөдөлмөрийн чадамжаа алдсан нь тогтоогдсон ажиллах боломжгүй, та ирээд 2024 оны 05 сард жинхэлнэ, боломжгүй бол 09 сард жинхэлнэ гэдэг байдлаар намайг авчирсан... Хуулийн дагуу чөлөөлөх ёстой хугацаанд чөлөөлөөгүйгээс шүүхэд маргаан үүссэн. Тухайн үеийн Засаг даргын хариуцлагагүй үйл ажиллагаа, ямар процессоор шийдвэрлэх үү, яах ёстой гэдгийг хэлэлгүй намайг хол газраас авчраад, зөвхөн нэг комиссын дүгнэлтээр шийдвэрлэсэн. Бүхэл бүтэн ажил, амьдралтай 10 гаруй жил ажилласан хүнийг яагаад авчирч хохироох болов гэдэг дээр тухайн үеийн Засаг дарга Одонтуяад хариуцлага тооцуулахыг хүсэж байгаа. 2023 оны 07 сард ажил эхлээд маш их ажилтай байсан ч ажлуудыг цаг тухайн үед зохицуулаад ажилласан. Төрийн албанд тангараг өргөсөн албан хаагчийн хувиар өнөөдрийг хүртэл ажилласан. 2024 оны 11 сарын 20-ны өдөр эхлээд надад амаар маргааш таныг чөлөөлнө гэж хэлсэн. Би чөлөөлөх гэж байгаа бол хуулийн дагуу чөлөөлж мэдэгд гэсэн. Ажлаас чөлөөлөх гэж байгаа бол хуулийн дагуу мэдэгдэх ёстой, намайг холоос авчирсан, та намайг халж байгаа бол гээд 2 шаардлага тавсан. Нэгдүгээрт, намайг ажлын байраар хангаж өг, хоёрдугаарт, төрийн албанд тасралтгүй ажилласан 5 жилийн хугацааны тэтгэмжээ авна гэсэн. Заавал тамгын даргаар ажиллая гэж шаардлага тавихгүй. 24 ажлын байрны орон тоотой, намайг ажилд орох хугацаанд намайг ажлын байраар хангаж өг гэж шаардсан. Намайг чөлөөлөөд И.Батжаргалыг томилохдоо захирамж дээр нь намайг ажлын байраар хангаж өг гэдэг шаардлагыг оруулж өгсөн. И.Батжаргал дарга хууль бус томилгоо хийхгүй гэдгээр тэр захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед 5 жилийн тэтгэмжтэй холбоотой асуудлууд 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрийн сангаас хүргүүлсэн. 5 жилийн тэтгэмж авах хүмүүсийн нэрээр жагсаалтад 7 нэр бүхий 52.222.000 төгрөгийн тэтгэмж суулгуулсан байдаг. Надад энэ талаар мэдэгдээгүй учраас өөрийнхөө тэтгэмжийг суулгуулсан гэж бодож байсан. 2024 оны 11 дүгээр сард чөлөөлөгдөхдөө яагаад надад тэтгэмж олгохгүй байгааг асуусан. Энэ жагсаалт дээр миний нэр байх ёстой байхад, миний оронд И.Батжаргал даргын нэр байсан. Тухайн үед энэ хүн өвчтэй байсан. Доор нь нягтлан хянаж баталсан байсан. Намайг түр албан тушаалтай байсан учраас олгох боломжгүй гэсэн. Түр албан тушаалтан ч гэсэн надад тэтгэмж олгох эрх үүссэн гээд аймаг руу ярьсан. Манайхаас 7 хүнээс 2 хүн шаардлага хангаад тэтгэмжээ авсан. 2 хүний нэг нь би гэж ойлгосон. Би тэтгэмжээ авах гэхээр надад өгөхгүй гэсэн. И.Батжаргал орж ирээд бид 2 хоёулаа хувааж авах уу? Ямар учиртай юм гээд ярилцсан. Аудитаас ямар нэгэн асуудал гарвал би буцааж төлнө гэсэн бичиг хийж өг гэж надад хэлсэн. Би үгүй гэж хэлсэн, би авах ёстой юмаа авч байгаа болохоос эргээд орооцолдох шаардлагагүй гэсэн. И.Батжаргал бид хоёрын тухайд нэг, нэгнийгээ танихгүй. Тухайн үед байхгүй байхад нь би ажилд орсон, бид хоёрын хувьд асуудал байхгүй учраас хоорондоо ярилцсан. Би ажлаасаа гарч байгаа учраас ямар ч байсан тэтгэмжээ авъя гээд авсан. Намайг ажлын байраар хангаж өг гэж хэлсэн боловч Одонтуяа дарга И.Батжаргал дарга ирээд ажилдаа орно гэхэд нь зөвшөөрөөгүй. И.Батжаргалыг шүүх хурал дуусах хүртэл ажлын байраар хангаад явж байсан. Гэтэл И.Батжаргалд Засаг дарга Одонтуяа чамайг шүүх хурал дуусах хүртэл ажлын байраар хангасан юм чинь И.Батжаргалын ажиллаж байсан ажлын байранд Э.Удвалыг өөр ажилд орох хүртэл ажиллуулах боломжтой, таныг холоос авчраад хохироохгүй гэдэг амлалтыг өгсөн. Тэр амласан зүйл бүгд талаар болсон. Би ингэж хөөгдөж байхаар явъя гэдэг шийдвэр гаргаад, ажил хайсан. Энэ хугацаанд миний нийгмийн даатгалыг төлөөд өгөөч гэж шинэ Засаг дарга, тамгын дарга нараас гуйсан. Тухайн үед намайг ажлын байраар хангах 2 орон тоо байсан боловч өөр хүмүүс авсан байсан. Ямар шугамаар яаж авсныг мэдэхгүй, намайг болохоор хууль бус гэж авдаггүй мөртлөө 2 хүнийг гэрээт ажилтнаар авсан гэж сонссон. Гэрээтээр авна гэдэг нь хууль бус. Үүнээс юу ажиглагдаж байна гэхээр төрийн албан хаагч хүний эрх ашиг хөндөгдөөд байна, улс төрийн албан тушаалтнаас сум орон нутагт намын үзлээр асар их хэмжээний хохирол учирч байгаа. Түүний хохирогч нь би болсон. Төрийн албан хаагч хүнд намч үзэл байх ёсгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь улс төрийн ажилтан. Би өөрөө төрийн албан хаагч учраас нам гэж талцдаггүй. Тухайн үед МАН-ын үед би ирсэн гэдэг утгаараа одоо манай сумд АН гарсан учраас намайг ажилд аваагүй гэж бодож байна. Дархан-Уул аймагт нэр хүндтэй сайн ажиллаж байсан. Би тухайн үед ажилгүй болчхоод хүний гуйлтаар дан ганц ирээгүй гэдгийг шүүхийн өмнө хэлэх нь зүйтэй. Би аймгийн Санхүүгийн албаны аудитын албанд ажилд орох хүсэлт өгсөн. Авлигатай тэмцэх газраас миний материал хянагдаж ирээд 2025 оны 04 сарын 09-нд ажилд орсон. Хүнд эргээд ажилд орох хугацаа гэж байдаг, ар гэрийн байдлыг харгалзаж үзэх ёстой. Өвчтэй нөхөртэй, оюутан хүүхэдтэй, бага насны /5 настай/ хүүхэдтэй, өвлийн хүйтэнд ажил хайгаад явах хүнд байсан учраас би Завханд ирсэн. Өвчтэй нөхрөө харахын хажуугаар хүүхдээ сургуульд өгнө, надад ажил хийх нөхцөл бололцоо олдохгүй байсан учраас Завхан аймагт аав, ээжийгээ бараадаж ирсэн. Надад тасралтгүй нийгмийн даатгал төлөх шаардлага байна... Шүүхийн шийдвэр яаж гарахыг мэдэхгүй ч тухайн болсон процесс үнэн бодит байдлыг тайлбарлахыг хүссэн юм...  гэв.

5.2. Хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: …Нэхэмжлэгч Э.Удвал сумын Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад чөлөөлөгдөж, 2024 оны 11 сарын 13-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус сумын Засаг даргын тамгын газрын дарга И.Батжаргал нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс цалинтай чөлөө, эмнэлгийн хуудас авч эмчлүүлж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орохоор өргөдөл гаргасан боловч тухайн үеийн Засаг дарга О.Одонтуяа байгаад 2023 оны 11 сарын 20-ны өдрийн Б/55 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн боловч И.Батжаргал захирамжийг хүчингүй гэж үзэж, Төрийн Албаны Зөвлөл, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, дээд шүүх зэргийн шийдвэрүүдийн үндсэн дээр ажилдаа эргүүлэн томилогдсон. Тухайн үед Засаг дарга Э.Удвалыг И.Батжаргалыг эрүүл мэндийн шалтгаантай байх хугацаанд тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс түр томилон ажиллуулж байсан байна. Сумын Засаг даргын 2024 оны 11 сарын 13-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Э.Удвалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 сарын 18-ны өдрийн магадлал, МУ-ын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн /ШХТ2024/0376 дугаартай тогтоол зэргийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатайг, мөн ажилтныг ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дуусгавар болно, тухайн ажлын байранд өмнө ажиллаж байсан хүнийг хуульд заасны дагуу эргүүлэн авах болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоно гэсэн үндэслэлүүдийг дурдсан тул хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэж байна... гэв.

5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Хариуцагч сумын Засаг даргын тухайд эрх залгамжилж байгаа хэдий ч гэсэн  тухайн маргаантай бүхий шийдвэр гаргаж байгаа албан тушаалтан өөр хувь хүн болчхоод байна. Засаг дарга гэсэн албан тушаал боловч хоёр өөр хүний шийдвэр байна. Хэрвээ сул орон тоо гарсан тохиолдолд захиалгаа өгөөд, захиалгаа өгсний дараа тухайн байгууллага дотроосоо шаардлагад нийцсэн хүнээ сонгох ёстой. Бусдад давуу байдал бий болгосон зүйл өмнөх Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд байгаа... Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 61.1.2 дахь хэсэгт заасан хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрлөх эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж заасан байгаа. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61.3 дэх хэсэгт заасан “Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа энэ хуульд заасны дагуу дуусгавар болно” гэсэн хуулийн зохицуулалтаар чөлөөлсөн. Нэгэнт хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр байгаа учраас нэг ажилд нэг л хүн ажиллах, хоёр хүн ажиллах ямар ч боломжгүй. Хэрвээ өмнө нь чөлөөлөгдсөн ямар нэгэн шүүхийн шийдвэр байхгүй байсан бол өнөөдөр энэ нэхэмжлэлийг гаргах боломжтой байна. Гэтэл өнөөдөр одоогийн нөхцөл байдал нь өмнө шүүхийн шийдвэр гараад тогтоогдсон хүн дээр дахиад шүүхийн шийдвэрээр тогтоох боломжгүй... Иргэн хүн хохирсон гэж бодох боломжтой, тэрийг хүндэтгэж байна. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон байгаа учраас нөхцөл байдалдаа тааруулж тамгын газрын дарга гэдэг орон тоо дээр 2 хүн аваад явах боломжгүй гэж үзэж байна. Хүнийг ажилд буцаан томилсон тохиолдолд тухайн албан тушаалд сүүлд томилогдон ажиллаж байсан хүнийг ажлаар хангах талаар хариуцагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байхгүй. Ажил олгогчийн шаардлага, Засгийн газраас тогтоол гаргаад тамгын газрын даргыг орон тооны цомхотголоор чөлөөлсөн тохиолдолд яах аргагүй ажлаар хангах асуудал яригдана, энэ маргааны тухайд боломжгүй... Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.4. Гуравдагч этгээд И.Батжаргал шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би элэгний хорт хавдар оношоор Монгол улсад эмчлэгдэх боломжгүй нь тогтоогдож зайлшгүй гадаад орон явж элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай гэсэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын дүгнэлт гарч, Бүгд Найрамдах Энэтхэг улсад эмчилгээнд явж элэг шилжүүлэн суулгуулсан. Хагалгааны дараа цөсний сувагт эмчилгээний дараах хүндрэл гарч Энэтхэг улс руу гурван удаа явж эмчилгээ хийлгэж одоо эрүүл мэндийн байдал сайжирсан болно. Би эмчилгээнд явахдаа хуулийн дагуу 3 сарын хугацаанд цалинтай чөлөө, ээлжийн амралт, эмнэлгийн хуудас авч эмчлүүлж байсан. Энэ хугацаанд миний ажлын байранд Дархан-Уул аймгийн иргэн Э.Удвалыг Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байсан. Миний эмнэлгийн хуудасны хугацаа дуусаж, ажилдаа орох хүсэлтээ тухайн үеийн сумын Засаг дарга О.Одонтуяад гаргасан боловч Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 89 хувиар алдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Би энэ шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хуулийн дагуу Төрийн албаны зөвлөл, захиргааны хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, дээд шүүхэд хандсан ба тухайн шатны шүүхийн шийдвэрүүдээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсний дагуу би 2024 оны 11 сарын 13-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар өмнө эрхэлж байсан ажилдаа томилогдон ажиллаж байна... Намайг ажилд аваагүй байж яагаад 2 хүн ажилд авав гэж нэхэмжлэгч ярьж байна. Төрийн ажил монгол бичгээр явна гэдэгтэй холбоотойгоор 2 хүн авсан. Өнөөдөр энэ 2 хүнийг гэрээтээр ажиллуулж байгаа. Албан ёсны орон тоо дээр хүн авч ажиллуулсан юм байхгүй... Цалингийн сан болж байгаа юм чинь гэдэг байдлаар орон тоо нэмэх боломжгүй... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий Э.Удвалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 24/ША2024/0475 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0376 дугаар тогтоол зэргийг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Удвалыг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас)

3. Дээрх захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...59.1.22.сумын Засаг даргын ...тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга ...хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй: ...61.1.2.хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох ...шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 61.3-д “Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа энэ хуульд заасны дагуу дуусгавар болно”, 78 дугаар зүйлийн 78.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно: ...78.1.5.тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг энэ хуулийн 61.1-д заасны дагуу эгүүлэн авах болсон” гэж тус тус заасныг мөн үндэслэсэн.

3. Нэхэмжлэгч Э.Удвал нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/28 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан байна. (Хавтаст хэргийн 5, 17 дугаар хуудас)

4. Э.Удвалаас өмнө дээрх албан тушаалд ажиллаж байсан И.Батжаргал нь “...хууль бусаар ажлаас чөлөөлсөн...” гэх үндэслэлээр шүүхэд маргаан үүсгэсэн бөгөөд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05  дугаар сарын 08-ны өдрийн 118/ШШ2024/0021 дугаар шийдвэрээр ”Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “И.Батжаргалыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгож, И.Батжаргалыг Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоожээ. (Хавтаст хэргийн 18-26 дугаар хуудас)

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07-р сарын 18-ны өдрийн 211/ША2024/0475 дугаар магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0376 дугаар тогтоолоор хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын өмгөөлөгч болон гуравдагч этгээд Э.Удвал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05  дугаар сарын 08-ны өдрийн 118/ШШ2024/0021 дугаар шийдвэр мөн өдрөөс хүчин төгөлдөр болсон байна. (Хавтаст хэргийн 27-30, 51-52 дугаар хуудас)

6. Дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үндэслэн Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар И.Батжаргалыг мөн өдрөөс Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн томилсон. (Хавтаст хэргийн 48 дугаар хуудас)

7. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу И.Батжаргалыг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч Завхан аймгийн Их-уул сумын Засаг даргаас заавал биелүүлэх эрх зүйн үндэслэл бүрдсэнтэй холбогдуулан дээрх албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан Э.Удвалыг ажлаас чөлөөлөх шаардлага үүссэн байна.

8. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй: ...61.1.2. хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ...шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон... 61.3.Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа энэ хуульд заасны дагуу дуусгавар болно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргаас хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, И.Батжаргалыг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэлээр дээрх албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Э.Удвалыг маргаан бүхий захиргааны актаар ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй юм.

9. Иймд нэхэмжлэгч Э.Удвалыг ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/32 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: ...46.2.5.хуульд заасан бусад үндэслэл”,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

10. Хариуцагч Их-Уул сумын Засаг дарга нь өөрийн санаачилгаар бус, харин хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, хуульд нийцсэн захиргааны акт гаргасан байх тул уг маргаан бүхий асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хэрхэн явуулсан эсэх, өөр ажлын байраар хангасан эсэх нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үр дагаварт хүргэхээргүй байна.

11. Мөн “...ажилд томилох саналыг анх хариуцагч Их-уул сумын Засаг дарга өөрөө гаргаж тавьсан...” гэх нэхэмжлэгчийн тайлбарын үндэслэл нь нэхэмжлэгчид эрх зүйн хамгаалалт үүсгэхгүй, энэ үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт /фэйсбүүк хувь хаягаар дамжуулан харилцсан зурвас/-ыг шүүх үнэлэх шаардлагагүйг дурдах нь зүйтэй. (Хавтаст хэргийн 67-70 дугаар хуудас)

12. Томилох эрх бүхий албан тушаалтан хуульд нийцээгүй, хуульд заасан журмыг зөрчиж санал тавих, амлалт өгч томилгоо хийх нь хууль бус бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасан “хууль дээдлэх зарчим”-д нийцэхгүй тул ажлын санал тавьсан, амлалт, тохиролцоо хийсэн нөхцөлөөр нэхэмжлэгчийн эрх хамгаалагдахгүй болно.

13. Нэхэмжлэгч Э.Удвал нь Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Орон нутгийн өмчийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан байх ба Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаал /төрийн захиргааны удирдах албан тушаал/-д Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтын үр дүнгээр томилогдоогүй, түр томилогдон ажиллаж байсан талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно. (Хавтаст хэргийн 18-26 дугаар хуудас)

14. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргаас шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байх тул маргаан бүхий албан тушаал /төрийн захиргааны удирдах албан тушаал/-д Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу томилогдоогүй, түр томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч Э.Удвалын тухайд, төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар олгосон буюу Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдахааргүй байна.

15. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Шүүх маргаан бүхий Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгох, Э.Удвалыг Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан тул ажилд эгүүлэн томилогдоогүй нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах үндэслэлгүй болно.

16. Иймд дээрх хууль зүйн үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэгч Э.Удвалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.3, 78 дугаар зүйлийн 78.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэгч Э.Удвалын нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                          Л.ТУНГАЛАГ