Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Онон,

шүүгдэгч А.А түүний өмгөөлөгч М.Түмэннаст нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Балбар овогт Алтангэрэлийн Ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705018570085 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  1984 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ...........дүүргийн .........албаны дарга ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ..... дүгээр хороо ...... дугаар байрны ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Балбар овогт  Алтангэрэлийн А

 

Шүүгдэгч  А.А нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Болдхишигээс БНСУ-ын виза гаргаж өгнө гэж 1.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Т.Сонинбаатараас БНСУ-ын виза гаргаж өгнө гэж 3.000.000 төгрөгийг тус тус хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.А мэдүүлэхдээ: “Би 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Шинээ эгчтэй фэйсбүүк чатаар холбогдож мэнд мэдэлцсэн. Шинээ эгч надаас Солонгос улс руу явах ямар боломж байна вэ гэхээр нь мэдээлэл өгсөн. Тэгтэл удалгүй Шинээ эгч фэйсбүүкдээ Солонгос улс руу хүн явуулна гэсэн зар тавьсан байсан. Тэгээд над дээр зөвлөгөө өгөөч гээд хүмүүс дагуулж ирсэн нь ийм хүндэрсэн байдалд орсон” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч А.А БНСУ-ын виза гаргаж өгнө гэж хохирогч Б.Болдхишигээс 1.500.000 төгрөг, хохирогч Т.Сонинбаатараас 3.000.000 төгрөгийг тус тус хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

 Гэрч Б.Болдхишигийн “2017 оны 11 дүгээр сарын 29-ний 11 цагийн үед манай эхнэр Хулан нь өөрийн фейсбүүкээс “Солонгос улс руу 3 сарын хугацаатай найдвартай гаргаж өгнө” гэсэн зар олж уншаад намайг ажлаа тараад гэртээ ирэхэд хэлсэн юм. Тэгээд бид хоёр 11 сарын 29-нд 18 цагийн үед 88174818 гэсэн дугаар руу яриад 4-р хорооллын Шонхор худалдааны төвийн подвальд байрлах интернэт кафед Шинээ гэх 40 орчим насны эмэгтэйтэй уулзсан. ... А гэх эмэгтэйг Шинээ эгч утсаар дуудсан. 20 цагийн орчим А ирсэн. Бид хэд Шонхор худалдааны төвийн хажуугийн цайны газар бөөндөө уулзаж ямар шугамаар хэзээ явах талаар ярилцацгаасан. А “би ноднин жил бас 3 хүн Солонгос явуулсан” гэж байсан. Миний хөөцөлдсөн хүмүүс баттай Солонгос явдаг гэсэн. Ер нь нэг хүний нийт зардал нь 3.000.000 төгрөг болдог юм мөнгөө өгөхдөө 2 хувааж өгч болно гэсэн. ... Би гэр лүүгээ харьж байхад 22 цагийн үед А 99187590 дугаарын утаснаас миний 80004060 дугаар луу залгаад урьдчилгаа мөнгө болох 1.500.000 төгрөгөө яаралтай өгөөрэй гэсэн. 12 сарын 4-нд би Нэт капитал гэх газарт очин өөрийн эзэмшлийн приус 20 маркийн 9758 УБЕ дугаартай автомашинаа 2 сая төгрөгийн барьцаанд унаж явдаг зээлэнд тавьсан. Би 12 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үед 32-ийн тойргийн Голомт банкны салбараас Худалдаа хөгжлийн банкны 415031385 дугаарын А гэсэн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би А руу залгаж мөнгөө хийчихлээ гэж хэлтэл тийм байна миний дансанд орсон байна гэж хэлсэн. Үүнээс хойш 2, 3 хоногийн хугацаа өнгөрсөн. 12 сарын 8-нд Шинээ эгч миний утас руу залгаад нөгөө А нэг л биш байна миний утсыг авахгүй мессеж бичихээр хариу өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хэд бөөндөө уулзаад Шинээ эгч өөрийнхөө утаснаас Анударийн дугаар руу залгатал утсаа авахгүй байсан. Бид хэд ярилцаж байгаад манай эхнэр Хулан “би чамд визнийхээ мөнгийг өгье” гээд А руу залгатал утсаа аваад уулзахаар болоод 3, 4 дүгээр хорооллын Идэр заан гэх худалдааны төвийн хажуугийн кафед Шинээ эгч, манай эхнэр Хулан хамт явцгаасан гэж хэлсэн. А 12 сарын 19-ний 14 цагийн үед та нарын мөнгийг өгье харин мөнгөний чинь 1.000.000  төгрөгийг цаад хүндээ өгсөн шүү гэсэн. Ингээд маргааш нь буюу 12 сарын 19-ний 15 цаг өнгөртөл хүлээгээд мөнгө өгөхгүй болохоор нь надаас бусад нь Анударийн гэрт очсон. Анударийн гэрт нь очоод уулзтал “мөнгийг чинь маргааш өгнө” гээд байсан гэсэн. ... Намайг очиход А “би яг маргааш та хэдийн мөнгийг өгнөө намайг битгий ингэлдээ” гээд гуйгаад байсан. Бид нар хоёр машинтай Анударийн машины хажууд сахиж хоносон. 12 сарын 20-ны өглөө 8 цагийн үед А бие засна гээд орж гараад яваад байсан. Ингээд нэг мэдэхэд А машин дотроо байхгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч Т.Сонинбаатарын “2017 оны 12 дугаар сарын 17-ны 13 цагийн үед би фейсбүүкээсээ миний таньдаг Шинээ эгч “яаралтай Солонгос руу явах хүн байвал холбогдоорой” гэсэн постыг харсан. Тэгээд би Шинээ эгчийн дугаар руу залгаад ярьтал маргааш манайд ирээд уулзаарай гэсэн. Тэгээд маргааш нь буюу 12 сарын 8-нд Шинээ эгчийн гэрийн ойролцоо 3, 4 дүгээр хорооллын 13 дугаар сургуулийн ард байрлах Идэр заан нэртэй пабад А, Шинээ эгч бид гурав уулзсан. А “би Баянгол дүүргийн мал эмнэлгийн захирал байна” гэж өөрийгөө танилцуулаад Солонгост  1 сарын 10-нд эмч солилцооны дагуу семинар болох гэж байгаа юмаа гурван хүн дагуулж явах эрхтэй байдаг болохоор нэг хүн дутаад байгаа юм гэсэн. Манай ажлаас чиний бүх бичиг баримтыг бүрдүүлээд өгнө гэж хэлээд надаас гадаад паспорт, гурван хувь цээж зураг, цахим үнэмлэхний хуулбар зэрэг зүйлс аваад маргааш 3.000.000 төгрөгөө аваад ирээрэй гэсэн юм. Би 12 дугаар сарын 12-нд хадам ээжийн нэр дээр байдаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хилчин хотхоны 2 өрөө байрыг БИД нэртэй ББСБ-д 5.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Маргааш нь буюу 12 сарын 13-ны 12 цагийн үед Баянгол дүүргийн Өргөө кино театрын хажуугийн нотариатад Анударийн хамт хоёулаа орж зээлийн гэрээ байгуулсан. Үүний дараа би өөрийн Төрийн банкны 102100511395 дугаарын данснаас Анударийн Худалдаа хөгжлийн банкны 415031385 дугаарын данс руу интернэт банкаар шилжүүлсэн. 12 сарын 15-ны өдөр А миний 96660604 дугаарын утас руу өөрийн 99187590 дугаарын утаснаас залгаад “билетний 880.000 төгрөгөө шилжүүлэх хэрэгтэй байна“ гэхэд би” одоохондоо өгөх боломж алга байна аа” гэж хэлтэл утсаа салгасан. ... 12 сарын 17-нд Шинээ эгч над руу залгаад “энэ ер нь худлаа болоод байх шиг байна аа бүгдээрээ нэг уулзацгаая” гэсэн. Бид уулзаад Анударийн иргэний үнэмлэх дээрх Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 11-36 тоот хаягаар очиход тийм хүн байхгүй гэсэн. ... Би Ад 3.000.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т.Сонинбаатар болон А.А нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ. /хэргийн 3 дугаар хуудас/

 

Хохирогч Т.Сонинбаатарын “Би урьд өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ бүх зүйлийг тодорхой ярьсан байгаа учраас одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А.Анудариас хохирлын мөнгө болох 3.000.000 төгрөгийг бүрэн авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Болдхишигийн “Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ бүх зүйлийг тодорхой ярьсан байгаа  учраас одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А.Анудариас хохирлын мөнгө болох 1.500.000 төгрөгийг бүрэн авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би ажил ихтэй хөдөө орон нутагт байнга явдаг учраас утас холбогдохгүй дуудсан цаг хугацаанд ирж чадахгүй байсан юм”  гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

 

Гэрч С.Шинэбаярын “ ... Удалгүй над руу залгаад Ану байнаа гээд мэнд усаа мэдээд “өнөөдрийн дотор найдвартай гурван хүн олоод өг” гэхээр нь би ямар учиртай гурван хүн юм гэтэл манай компаний нэрээр гурван хүн Солонгос улс руу гахайн судалгааны чиглэлээр 10 хоногийн сургалтанд сууна, үлдсэн хугацаандаа ажил хийж болно 90 хоногийн хугацаатай виз гарнаа гэсэн. Хамгийн гол нь мөнгөө найдвартай өгөх хүмүүс хэрэгтэй бас тэндээ очоод харлаж болохгүй шүү тэгвэл би гадагшаа гарч чадахаа больчихно гэсэн. Тэгэхээр нь би өөрийн фэйсбүүктээ Солонгос руу найдвартай гурван хүн гаргана гэж пост бичсэн. Удалгүй зөндөө хүмүүс над руу ярьсан. Манай найз Хулан нөхрөө явуулна гээд ярихаар нь би өөрийн байгаа газар болох Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах Шонхор худалдааны төвийн подвальд байх интернэт кафег зааж өгсөн. Удалгүй Хулан өөрийн нөхөр болох Болдоогийн хамт ирсэн. Бас Батзандан гэх залуу ирсэн.

... Маргааш нь буюу  12 дугаар сарын 08-нд Анударийн Худалдаа хөгжлийн банкны 415031385 дугаарын данс руу Болдхишиг шилжүүлээд байсан. А маргааш нь яриад нөгөө залуу мөнгөө шилжүүлчихсэн гэж хэлсэн. 12 дугаар сарын 09-нд 23 цагийн үед Сонинбаатар миний утас руу залгаад “Шинээ эгчээ Солонгос явах хүмүүс чинь бүрдчихсэн үү би 2 найзтайгаа хамт явъя” гэсэн. Тэгэхээр нь би бүрдчихсэн нэг л хүн авч явна гэсэн гэж хэлсэн. ... 10 цагийн үед Өргөө кино театрын хажуугийн Хишиг төвд байх нотариатын газар руу А Сонинбаатар 2 хамт орсон. Удалгүй гэрээгээ хийчихлээ гэж гарч ирээд Сонинбаатар интернэт банкаар Анударийн данс руу мөнгөө шилжүүлэх шиг болсон. ... А надад нэг хүн олж өгвөл 500.000 төгрөг өгнө гэж хэлсэн боловч надад ганц ч төгрөг өгөөгүй. Надад 5000 нэгж л явуулж байсан. ... Би энэ хүмүүсийг л хохиролгүй болгочихмоор байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Шүүгдэгч А-ийняллагдагчаар өгсөн “Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг хэлсэн байгаа. Би уг нь мөнгөнүүдийг аваад цааш нь ямар нэгэн хүнд дамжуулан өгсөн асуудал байхгүй. Уг нь би өөрөө Солонгосын виз хөөцөлдөх гэж байсан боловч тухайн үед жирэмсэн байсан болохоор гадуур их яваад байж чадахгүй жоохон хугацаа алдсан юм. Тэр үеэр энэ хүмүүс цагдаад хандсан байсан. Уг нь би анхнаасаа залилан мэхлэх санаа зорилготой байгаагүй. Одоо бол бүх хохирол мөнгөө нөхөн төлсөн байгаа. Дээрээс нь би төрөөд удаагүй нялх биетэй байгаа учраас миний хийсэн хэрэгт бага ял оноож өгнө үү л гэж хүсэх байна. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа. Б.Болдхишиг, Т.Сонинбаатар нараас уучлалт гуйсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч А.А хохирогч Б.Болдхишиг, Т.Сонинбаатар нарт “Солонгост  1 сарын 10-нд эмч солилцооны дагуу семинар болох гэж байгаа юм аа гурван хүн дагуулж явах эрхтэй байдаг болохоор нэг хүн дутаад байгаа юм” гэж,  “Солонгос улс руу гахайн судалгааны чиглэлээр 10 хоногийн сургалтанд сууна, үлдсэн хугацаандаа ажил хийж болно 90 хоногийн хугацаатай виз гарна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон залилж, БНСУ-ын виза гаргаж өгнө гэж нийт 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн дээрх мэдүүлгүүдээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Сонинбаатар “2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А.Анудариас хохирлын мөнгө болох 3.000.000 төгрөгийг бүрэн авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” /хэргийн 7 дугаар хуудас/ хохирогч Б.Болдхишигийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А.Анудариас хохирлын мөнгө болох 3.000.000 төгрөгийг бүрэн авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” /хэргийн 10 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байх тул шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч А.А нь бусдын эд хөрөнгийг залилж авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, мөн энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч нарын БНСУ-ын визийг хувь хүнээр гаргуулж авах гэсэн зүй бус үйлдэл нь нөлөөлсөн байна.

Учир нь аливаа гадаад улсад зорчих визийг тухайн улсын элчин сайдын яаманд тогтоосон журмын дагуу мэдүүлэх ёстой гэдгийг мэдсээр атлаа хувь хүнд  хандсан нь хохирогч Т.Сонинбаатар, Б.Болдхишиг нарын зүй бус үйл ажиллагаа болжээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Т.Сонинбаатар, Б.Болдхишиг нарын зүй бус үйлдэл нөлөөлсөн, мөн тэрээр бага насны хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан түүний эрх чөлөөг хязгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Мөн түүний  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон болно.

 

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Балбар овогт Алтангэрэлийн А-ийг зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.А торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.А  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ