Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00929

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00929

 

 

 

 

Ж.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00783 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Оын хариуцагч Г.Гт холбогдуулан гаргасан гэрээнээс учирсан хохиролд 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Гт 2016 оны 6 дугаар сард барилгын бетон шал цутгах зориулалт бүхий помпыг 25 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 15 000 000 төгрөгийн урьдчилгаа авсан. Г.Г нь помп машиныг ашиглан Сүхбаатар аймагт 1 сарын хугацаанд тендерийн ажлаа хийж дуусгаад 2016 оны 7 дугаар сард помп чинь эвдэрсэн гэсэн. Манай ажилтан Г.Шинэхүүг 3 хоног ажиллуулаад явуулаагүй 10 хоног ажиллуулсан, мөнгөө шаардахад ажлынхаа мөнгийг аваагүй байна гээд өгөөгүй. Ажлаа хийж байгаад үлдсэн мөнгийг өгье гэж ярьсан, яг нарийн хугацаа тохироогүй. Ингээд хариуцагч үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байсан тул помп машинаа буцааж авсан. Г.Г нь помп машиныг ашиглаж үр шимийг нь хүртэж ашиг олсон учир түүнээс помп ашигласны төлбөр 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. 1 өдрийн помп машины түрээсийн төлбөр 500 000 төгрөг байдаг бөгөөд 30 хоногт 15 000 000 төгрөг болно. Гэрээ цуцлагдсан үндэслэл нь доголдлоос болоогүй гэдгийг гэрчүүд нотолно. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасны дагуу учирсан хохиролд 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ж.Оаас шал цутгагч помп машиныг худалдан авч Сүхбаатар аймгийн төвд орон сууцны хорооллын дундах гадна талбайн ажил гүйцэтгэж байсан танил ах руугаа өгсөн. Уг помп машиныг ажиллуулж мэдэхгүй тул Ж.Оаас өөрийн нэг ажилтантай явуулж, зааж өгөхийг хүсэхэд Г.Шинэхүүг санал болгосноор бид хамт явсан. Сүхбаатар аймагт очоод бэлтгэл ажил ажилд 2 хоног зарцуулан талбай цутгах ажил эхэлсэн. Помп машины үйл ажиллагаа жигд хэвийн биш байснаас 3 хоногт талбайн багахан хэсгийг цутгасан. Хэрэв помп машин хэвийн ажиллагаатай байсан бол уг талбайг 4-6 цагт цутгах байсан. Үүний дараа Г.Шинэхүү хотод ажилтай тул буцлаа гэснээр бэлтгэл ажлын 3 хоногтойгоо нийлээд Сүхбаатар аймагт 6 хоноод Улаанбаатар руу буцсан. Г.Шинэхүү буцсаны маргааш цутгасан талбай хатсан боловч чанарын шаардлага хангахгүй хагарч, бутарч байсны улмаас Сүхбаатар аймгийн Тохижилт, үйлчилгээний газраас уг ажлыг зогсоосон. Уг помп машинаас болоод 50 хувийн ч ажлаа хийж чадаагүй, тендерийн ажил цуцлагдсан. Би тэр даруй Ж.От хэлж помп машиныг буцаах талаар тохиролцон Улаанбаатар хот руу аваачсан. 2016 оны 7 дугаар сард Ж.О нь помп машины гол хэсэг болох шахагч төхөөрөмжийг авч яваад сураг тасарсан. 1 жилийн хугацаанд утсаар залган мөнгөө өгөхийг хүссэн боловч холбогдохгүй байсан. 2017 онд Ж.От холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж гомдол гаргасан. Тэр үед Ж.О нь үүссэн нөхцөл байдлыг бүгдийг нь хүлээж хохирлыг барагдуулах хугацаа тохирон, графикийн дагуу төлнө гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хэрэгсэхгүй болгох шийд гарсны 7 хоногийн дараа Ж.О үлдэгдэл төхөөрөмжөө авч явсан. 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ж.О эвлэрэх хүсэлт гаргасны дагуу эвлэрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 15 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Харчу овогт Г.Г 7 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Боржигин овогт Ж.О олгож, нэхэмжлэлээс 7 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.От олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч Ж.Оаас 50 000 төгрөг, хариуцагч Г.Гөөс 50 000 төгрөг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Талуудын маргааны зүйл нь помп машин худалдах, худалдан авахтай холбоотой харилцаа байсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон хариуцагчийн хариу тайлбараар бүрэн нотлогддог.

Хариуцагчийн тайлбар болон хэргийн 32 дугаар талд авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ20149/00357 дугаар "Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Г.Гийн нэхэмжлэлтэй Ж.От холбогдох хэргийг зохигчдыг эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байхад шүүх Ж.Оын нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн.

Шүүх хэргийг өмнө эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргээс яагаад өөр учраас хянан шийдвэрлэсэн, 102/ШШ20149/00357 дугаар захирамжтай холбоотой дүгнэлт хийгээгүй нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн.

Тус хэрэгт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ирүүлсэн баримтад Г.Г нь цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо Ж.Оаас авсан помп машин нь эвдэрхий буюу доголдолтой, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан талаар дурдсан байдаг. Мөн хууль сануулан мэдүүлэг авахад энэ талаар адил зүйлийг мэдүүлснээс гадна Ж.Оын гараар бичиж төлбөр төлөхөө илэрхийлж бичсэн өргөдлийг хавсаргасан. Помп машин нь доголдолгүй байсан тохиолдолд Ж.О нь 102/ШШ20149/00357 дугаар захирамж гарахаас өмнө энэ асуудлаар маргах ёстой байсан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дах хэсэгт заасны дагуу ашиглах боломжгүй помп машиныг буцаах саналыг Ж.О хүлээн зөвшөөрч, 15 000 000 төгрөгийг бүрэн төлөхөөр эвлэрсэн байхад Г.Гийг гэрээний үүрэг зөрсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасны дагуу шүүх нэхэмжлэгчийг гэрээ цуцалсны улмаас учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэжээ. Гэхдээ талууд хэлцлээ харилцан тохиролцож дуусгавар болгож байгаа үйл баримтад дүгнэлт хийгээгүй байна.

Шүүх шинжээч томилохдоо хууль сануулаагүй ноцтой зөрчил гаргаж, тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлыг тодорхойлсон нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар шүүх хэргийг хэлэлцэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Г.Гт холбогдуулан хохиролд 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Талууд 2016 оны 6 дугаар сард барилгын гадна болон дотор бетон шал цутгах зориулалт бүхий помп машиныг 25 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож, худалдагч Ж.О нь худалдан авагчийн эзэмшилд помп машиныг шилжүүлсэн, худалдан авагч Г.Г нь гэрээний үнээс 15 000 000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх-125/

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин гэрээнээс татгалзсан үндэслэл, түүнээс үүсэх үр дагаврын талаар маргасан.

Гэрээний зүйл буюу помп машин нь доголдолтой байсны улмаас талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнээс татгалзаж, Ж.О помп машиныг Г.Гөөс очиж авсан, гэрээний үнэд төлсөн 15 000 000 төгрөгийг худалдан авагч Г.Г нь худалдагч Ж.От буцаан өгөх үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд хандаж, улмаар төлбөрийг хугацаа тогтоон төлөхөөр эвлэрсэн талуудын эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/00357 дугаартай захирамж, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх-32-33, 71-72/

Иймд талуудыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан, улмаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үүргийн асуудал өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирлыг хариуцагчаас “помпыг сар гаруй хугацаанд ашиглаж, үр шимийг хүртэж ашиг олсон” гэх үндэслэлээр 15 000 000 төгрөг нэхэмжилсэн.

Хэргийн баримтаар талууд харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан байх тул хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзан, улмаар нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь хуульд зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхгүй болно. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн заасанд нийцээгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

Харин хөөн хэлэлцэх хугацааны талаар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.  

            Нэхэмжлэгч Ж.О 2016 оны 7 дугаар сард помп машиныг хариуцагч Г.Гөөс буцаан авсан байх бөгөөд түүнд 15 000 000 төгрөгийг буцаан өгөх үүргээ бүрэн биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Талууд гэрээнээс татгалзсан учир гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа уг маргаанд хамааралгүй тул анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

            Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2020/15188 дугаар захирамжаар шинжээч томилохдоо түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн болох нь хэргийн 48-50 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх уг ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасны дагуу зөв явуулжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00783 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                  Н.БАТЗОРИГ

 

                                                                                  Ч.ЦЭНД