2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/02465

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 25

191/ШШ2025/02465

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүгээр давхарт байрлах ******* ХХК /РД:*******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 671,579,891 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь Эрхэт Монгол ХХК-д холбогдуулан 671,579,891 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие нь хариуцагч ******* ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Твин хаус ангиллын амины орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр бид дараах нөхцөлийг харилцан тохиролцсон. Үүнд, захиалагч нь ажил гүйцэтгэгчийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй Grand marshal luxury villas хотхоноос 228.32 мк талбай бүхий амины орон сууцыг 1 мк-ийг 4,379,817 төгрөгөөр буюу нийт 1,000,000,000 төгрөгөөр захиалан бариулах, гэрээний төлбөр болох 1,000,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талын захиалгын дагуу бүх төрлийн америк компьютер, принтер, гар утас, камер, цахилгаан бараа, шинэ автомашиныг өөрийн албан ёсны мөрдөж буй үнэ тарифаар тооцож дээрх төлбөрийн 50 хувийг 2021 онд, үлдэх 50 хувийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан амины орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Үүний дараа 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Твин хаус ангиллын амины орон сууц захиалгын гэрээний нэмэлт өөрчлөлт № TW-12-01 тоот гэрээгээр Захиалагч нь гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай дүйцэх барааг 2021 онд, үлдэх 50 хувийг 2023 оны 3 дугаар улиралд гүйцэтгэгч талд хүлээлгэн өгнө гэж өөрчлөхөөр харилцан тохиролцсон. Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гүйцэтгэгчид 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 522,229,891 төгрөгийн үнэ бүхий телевизор, суурин компьютер, нөүтбүүк, гар утас, айпад, дуран, камерын хөл, камерын фокус тааруулагч, найруулагчийн хяналтын монитор, зураглаачийн хяналтын монитор, диск, суррон, текст уншигч, чихэвч, камер тогтоогч, флаш диск, дэлгэц, сандал, бэлнээр 50,000,000 төгрөг, нийт 572,229,891 төгрөгийн үүргээ гүйцэтгэсэн. Мөн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 99,350,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 671,579,891 төгрөгийн үүргээ гүйцэтгэсэн. Харин хариуцагч ******* ХХК нь гэрээний 4.1.2-т Гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон амины орон сууцыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж дуусган 2021 оны 4 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан үүргээ одоо хүртэл биелүүлээгүй, амины орон сууцыг бүрэн ашиглалтад оруулаагүй, захиалагчид хүлээлгэж өгөөгүй байна.

1.2. Хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.2-т заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж байна.

Миний өгсөн бараанууд 2021 онд байсан. Хариуцагч тал өөрсдийн сонголтоор өөртөө хэрэгтэй бараагаа Америк дахь веб сайтын үнэ илгээж барааг авсан. Надаас бодит мөнгөн дүн гарсан. Одоо эдгээр бараа буюу ай поне-12 гар утас зэрэг нь 4 жил өнгөрсөн тул миний хувьд үнэгүйдэж 70-80 хувь хямдарч ирэх байх. Иймд иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т Дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө:, 205.2.1-т гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй; гэж зааснаар гэрээний дагуу хариуцагчид хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийн үнэ, бэлнээр хүлээлгэн өгсөн 50,000,000 төгрөг, нийт 671,579,891 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан. Энэ дүнгээс 31,900,000 төгрөгийн компьютер байсан буцааж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 31,900,000 төгрөгөөр багасгаж, 639,679,891 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Иргэн Б.******* нь ******* ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр TW-12 тоот Твин хаус ангиллын амины орон сууц захиалгын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Гранд маршал хотхоны TW-15 тоот 228.32 м.кв амины орон сууцыг захиалж гэрээ байгуулж төлбөрийг 100 хувь бартерын журмаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. Үүний дараа 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр TW-12-02 тоот нэмэлт өөрчлөлтийг байгуулж орон сууцны байршил, хаягийг өөрчилсөн. Хотхоны барилгын ажил 2025 онд үргэлжилснээр захиалгын орон сууцыг ашиглалтад оруулах бүрэн боломжтой. Б.Билгүүтэй нь гэрээний төлбөрт 2021.05.19-2022.11.08-ны хооронд 522,229,891 төгрөгийн үнэ бүхий компьютер, гар утас, цахим хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн ба нийт 50,000,000 төгрөгөөр тооцон 10 ширхэг i-phone 13 маркийн гар утсыг бэлэн мөнгөөр тооцно гэж тохиролцон нийлүүлж нийт 572,229,891 төгрөгийг төлсөн нь баталгаажсан байна. Харин 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 99,350,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хэрэгсэл тоног төхөөрөмжийг урьдчилан бэлтгэсэн зарлагын падааны үндсэн дээр ******* ХХК-д хүлээлгэн өгснөөс төд удалгүй 31,900,000 төгрөгөөр үнэлсэн 2022 оны Samsung OLED 8K 85 inch зурагтаа буцаан авч үнэ дүйцэх бараагаар сольж өгнө хэмээн авч яваад дахин бараа өгөөгүй байна. Иймд Б.*******гийн зүгээс гэрээний төлбөрт нийт 639,679,891 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ба түүний нэхэмжилсэн дүнгээс 31,900,000 төгрөгийг ******* ХХК хариуцах үндэслэлгүй юм. Орон сууц захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Хэрэв анх бартерын журмаар төлбөр тооцоо хийгдсэн бол мөн бартерын хэлбэрээр төлбөр тооцоог барагдуулна" гэж заасан байгааг үндэслэн Б.*******д үнэ дүйцэх эд хөрөнгийг санал болгох саналтай байгаа. Нэхэмжлэгч талд бэлэн орон сууц, зуслангийн бүтэцтэй орон сууцыг санал болгож байна. Манай компани барилгын компани учраас бэлэн мөнгөний санхүүжилгүй байгаа нөхцөл байдлыг дурдаад барилгын материалыг санал болгож байгаа. Эрхэт Монгол ХХК-ийн төлөөний хүний нэр дээр С байрлах 48.7 м.кв хоёр айлын ханаараа залгагдсан зуны хаусыг нэхэмжлэгч талд санал болгож байгаа. Тухайн газар барилга нь нэг хүний нэр дээр гарсан байдаг. Барилгын ажлын дотор заслыг гүйцээхийн тулд банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад гүйцээсэн байгаа. Одоо энэ зээлийн үлдэгдэл байгаа учраас шууд нэн даруй шилжих боломжгүй байгаа. Хариуцагчийн зүгээс 2 айлын хаусыг нийтдээ 292,000,000 төгрөгөөр үнэлж байгаа. Шүүхийн шийдвэрт бүх төрлийн бараа материал хураагдаагүй. Эдгээрийг мөн адил зах зээлийн үнэ ханшаар тохиролцоод өгөх боломжтой. Худалдан авагчийг олохоос үл хамаараад зуны хаусыг 9, 10 дугаар барьцаанаас сулласан байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/,

3.2. Твин хаус ангиллын Амины орон сууц захиалгын гэрээ /хх 4-7/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 12/,

4.2. Итгэмжлэл /хх 17/,

4.3. Хариу тайлбар /хх 18/,

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч ******* ХХК-д холбогдуулж 671,579,8914 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 31,900,000 төгрөгөөр багасгаж 639,679,891 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч ******* ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Твин хаус ангиллын амины орон сууц захиалгын гэрээний дагуу С хорооны нутаг дэвсгэрт барьж буй Grand marshal luxury villas хотхоноос 228.32 мкв талбай бүхий амины орон сууцыг барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй учир тус гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн эд хөрөнгийг биет байдлаар буцаан авах боломжгүй тул 639,679,891 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэнэ.

 

3. Хариуцагчаас хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ Орон сууц захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хэрэв анх бартерын журмаар төлбөр тооцоо хийгдсэн бол мөн бартерын хэлбэрээр төлбөр тооцоог барагдуулна гэж заасан тул Б.*******д үнэ дүйцэх эд хөрөнгийг санал болгоно гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ХХК нарын хооронд 2021.05.19-ний өдөр Твин хаус ангиллын орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болсон талаар талууд тайлбарлаж, маргаагүй.

 

4.2. Талуудын гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн С хорооны нутаг дэвсгэрт барьж буй Grand marshal luxury villas хотхоноос 228.32 мкв талбай бүхий амины орон сууцыг, 1 мкв нь 4,379,817 төгрөгөөр, нийт 1,000,000,000 төгрөгөөр орон сууцыг захиалж, гэрээний төлбөр болох 1,000,000,000 төгрөгийг хариуцагч талын захиалгын дагуу бүх төрлийн америк компьютер, принтер, гар утас, камер, цахилгаан бараа, шинэ автомашиныг өөрийн албан ёсны мөрдөж буй үнэ тарифаар нийлүүлж 100 хувь бартерын журмаар төлж барагдуулах, хариуцагч нь Твин хаус ангиллын орон сууцыг барьж дуусган 2021 оны 04 дүгээр улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.

 

Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 522,229,891 төгрөгийн үнэ бүхий телевизор, суурин компьютер, нөүтбүүк, гар утас, айпад, дуран, камерын хөл, камерын фокус тааруулагч, найруулагчийн хяналтын монитор, зураглаачийн хяналтын монитор, диск, суррон, текст уншигч, чихэвч, камер тогтоогч, флаш диск, дэлгэц, сандал, бэлнээр 50,000,000 төгрөг, нийт 572,229,891 төгрөгийн үүргээ гүйцэтгэсэн. Мөн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 99,350,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн. Үүнээс 31,900,000 төгрөгийг зурагтыг буцаан авч, үлдэх төлбөр 639,679,891 төгрөг болно гэж тайлбарласныг хариуцагч тал эсэргүүцээгүй, хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар уг үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Мөн хариуцагч ******* ХХК нь гэрээний 4.1.2-т Гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон амины орон сууцыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж дуусган 2021 оны 4 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан үүргээ одоо хүртэл биелүүлээгүй, амины орон сууцыг бүрэн ашиглалтад оруулаагүй, захиалагчид хүлээлгэж өгөөгүй байх бөгөөд үүнд хариуцагч маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Биет байдлаар буцаан өгөх боломжтой хөрөнгө байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Тоног төхөөрөмжүүд, хөрөнгүүдийг ашиглаж байгаа. Туслан гүйцэтгэгчид тухай үед төлбөрийг бараа материалаар өгч болдог. Энэ зарчмаар олдсон гар утас зурагт телевиз зэрэг мэргэжлийн үүднээс ашиглах боломжгүй зүйлсийг өөр этгээдэд өгчихсөн ... гэх тайлбараас үзэхэд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх боломжгүй буюу Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т заасан үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөх нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хариуцагч нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар нэхэмжлэгчид үнэ дүйцэх эд хөрөнгийг санал болгоно гэх тайлбар гаргасан ч ийнхүү бодитоор шилжүүлэн өгөх боломжтой эд хөрөнгө бий эсэх буюу бодитоор хэрэгжих боломжтой эсэх нь тодорхойгүй, нотлогдохгүй байна.

 

Иймд хариуцагч ******* ХХК-иас Твин хаус ангиллын амины орон сууц захиалгын гэрээний үүргийн төлбөрт 639,679,891 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,515,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 3,356,349 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 639,679,891 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,515,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 3,356,349 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА