2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/02478

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 25

191/ШШ2025/02478

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Б тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б тоот хаягт байрлах 71.7 мкв талбайтай, 3 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.*******ид холбогдуулан Б тоот хаягт байрлах 71.7 мкв талбайтай, 3 өрөө орон сууцнаас нүүлгэж, албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Миний бие 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 0745 дугаартай худалдах худалдан авах гэрээгээр Д.*******оос Б тоот хаягт байрлах 71.7 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 230,000,000 төгрөгөөр худалсан авсан. Орон сууцны нийт төлбөрөөс худалдагч Д.*******ийн бусдад төлөх ёстой байсан 135,830,000 төгрөгийг төлж барагдуулан үлдэгдэл 94,170,000 төгрөгийг түүний Төрийн банкны тоот данс руу шилжүүлсэн. Улмаар миний бие 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн 001278847 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг авч, тус орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, мөнгийг бүрэн шилжүүлсний дараа хариуцагч Д.*******той холбогдож байрыг суллаж өгөхийг сануулахад ахаа яг долоо хоногийн дараа суллаж өгье хэмээсэн. Долоо хоногийн дараа дахин холбогдоход байр олдохгүй байна, ирэх долоо хоногт яг суллаж өгнөө гэх зэргээр гуйсан. Ингэж явсаар сар гаруйн хугацаа өнгөрч дахиад холбогдож шаардахад би хоёр хүүхэд, эхнэртэйгээ очих газар байхгүй байна та дахиад хэд хоногийн хугацаа өгөөч гэсэн. Сүүлдээ холбогдож хурдан суллаж өгөхгүй тохиолдолд шүүх, хуулийн байгууллагад хандана гэхэд тэгээ тэг тэр шүүх цагдаагийн байгууллагадаа ханд гэх зэргээр хариу өгдөг болсон. Нэхэмжлэгч Ч.******* нь тус орон сууцыг худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсноос хойш бүтэн 5 сар гаруйн хугацаанд өөрийн байрандаа орж чадаагүй, өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд ороод байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй хэмээн заасныг үндэслэн хариуцагч *******ийг гэр бүлийн хамтаар Б тоот хаягт байрлах 71.7 мкв талбайтай, 3 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие өөрийн өмчлөлийн дугаартай, гэрчилгээний 000830140 дугаартай Б тоот хаягт байрлах 71.7 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг Ч.*******ад 230,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 0745 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж Ч.******* миний Төрийн банкны тоот дансанд тоот данснаас 94,170,000 төгрөгийг шилжүүлж, орон сууцыг Төрийн банкны барьцаанаас суллаж гэрчилгээ гаргуулж авсан. Тус гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 135,830,000 төгрөгийг Ч.******* одоог хүртэл төлж барагдуулаагүй. Гэрээний 3.2-д Төлбөрийн 135,830,000 төгрөгийг иргэн Д.*******ийн бусдад өгөх төлбөрийг барагдуулсан гэж бичсэн боловч Ч.******* нь миний бусдад өгөх өр төлбөрийг барагдуулаагүй. Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа тул орон сууцыг чөлөөлөх боломжгүй, Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /3 хх/

- Итгэмжлэл /4 хх/

- 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0745 дугаар худалдах худалдан авах гэрээ /5 хх/

- Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /6-7 хх/

- Хаан банкны шилжүүлгийн баримт /28 хх/

- 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн бичгийн баримт /хх 37/.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар гаргасан. /хх 27/

 

Хэрэгт цугларсан баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.******* бид 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 0745 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулж, би Б тоот хаягт байрлах 71.7 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 230,000,000 төгрөгөөр худалсан авч, хариуцагчийн бусдад өгөх төлбөр 135,830,000 төгрөгийг түүний өмнөөс бусдад төлж, үлдэгдэл 94,170,000 төгрөгийг хариуцагчид өөрт нь төлснөөр төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон. Хариуцагч нь тухайн орон сууцыг суллаж өгөхгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэнэ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь үгүйсгэж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон 135,830,000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй тул орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй гэнэ.

 

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон гэж тайлбарласан бол хариуцагч нь худалдсан эд хөрөнгийн үнийг төлөх гэрээний үүрэг биелэгдээгүй тул шаардах эрхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Д.******* нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 0745 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч буюу Д.******* нь Б тоот хаягт байрлах 71.7 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч буюу Ч.*******ын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Ч.******* нь харилцан тохиролцсон үнэ болох 230,000,000 төгрөгийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 5/

 

Талууд гэрээ байгуулсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Мөн Б тоот хаягт байрлах 71.7 мкв талбайтай, 3 өрөө орон сууцанд хариуцагч Д.******* одоог хүртэл амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын гэрээний 3.2-т Төлбөрийг 135,830,000 төгрөгийг Д.*******ийн бусдад өгөх төлбөрийг өгч барагдуулсан ба үлдэгдэл болох 94,170,000 төгрөгийг төлөөд барьцаанаас чөлөөлж дуусгана. Төлбөрийг Төрийн банкны тоот данс руу шилжүүлнэ гэж заажээ.

 

Зохигч 94,170,000 төгрөг төлөгдсөн байдалд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч энэхүү төлбөрийг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх 28/

 

Харин хариуцагч нь 135,830,000 төгрөг төлөгдөөгүй гэж, нэхэмжлэгч төлөгдсөн гэж маргаж байна.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын гаргасан тайлбар, нэхэмжлэгчээс гаргасан 2024.08.09-ний өдрийн бичгийн баримтад Дагвадорж овогтой ******* нь ХХК-д 34,622,000 төгрөг, Метро Электрик ХХК-д 45,000,000 төгрөг, Оюу Кредит ББСБ ХХК-д 46,548,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн2 хувь татвар 4,600,000 төгрөг, зуучлалын төлбөр борлуулалтын ремакс 5,600,000 төгрөг нийт 135,830,000 төгрөгийг 0745 дугаартай нотариатын худалдах худалдан авах гэрээний 3.2-т зааснаар орон сууцны төлбөрт тооцуулав гэж бичигдсэн байдлаас үзэхэд гэрээний 3.2-т тусгагдсан 135,830,000 төгрөгт эдгээр өр төлбөр, зардлууд багтсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ заасан.

 

Тодруулбал худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал тохиролцсон үнийг хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд хариуцагч Д.******* ийнхүү өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь 2024.08.13-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх 7/

 

Тодруулбал нэхэмжлэгч Ч.******* нь Д.*******той байгуулсан дээрх гэрээний үндсэн дээр тухайн орон сууцны өмчлөгч болсон.

 

Хэдийгээр гэрээний 3.2-т ... 135,830,000 төгрөгийг Д.*******ийн бусдад өгөх төлбөрийг өгч барагдуулсан гэж бичигдсэн боловч бодит байдалд орон сууцны үнэ төлөгдсөн гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Тухайлбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Өр төлбөрийг барагдуулах гэхэд байрыг суллаж өгөхгүй байгаа тул төлөх боломжгүй байсан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ч.******* нь Д.*******ийн бусдад өгөх 135,830,000 төгрөгийн төлбөрийг төлсөн гэх байдал үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.******* нь гэрээний орон сууцны үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дах хэсэгт Худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй гэж заасан.

  Тодруулбал худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч худалдах, худалдан авах гэрээний зүйлийг шилжүүлэн өгөлгүй өөртөө хадгалах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Д.*******ийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардлыг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр зохицуулсан.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч Д.*******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.*******ын Б тоот хаягт байрлах 71.7 мкв талбайтай, 3 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА