| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00204/и |
| Дугаар | 318/ШШ2025/00243 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 318/ШШ2025/00243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ДДЭЭЭ ХХК-ийн,
Хариуцагч: ЗГСЕБСд холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 57,587,718 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ДДЭЭЭ ХХК-ийн захирал М.Д,
Хариуагч: УА ЗГЕБСийн захирал Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ДДЭЭЭ ХХК-ийн захирал М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ДДЭЭЭ ХХК нь Зүүнговь сумын нэгдсэн халаалтын үйл ажиллагааг 2018 оноос хойш эрхлэн явуулж байна. Халаалт нийлүүлэх үнэ тарифыг УА Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс батлан түүнийг мөрдөн ажилладаг. Ингээд 2018 онд батласан 1,300 төгрөгийн үнэ тарифыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мөрдөгдсөн. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай тогтоолоор төсөвт байгууллагад борлуулах дулааны үнэ тарифыг 2,192 төгрөгөөр шинэчлэн баталж, Хууль зүйн яамны эрх зүйн мэдээллийн нэгдсэн бүртгэлд 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэм хэмжээний актын бүртгэлийн 6282-т бүртгэгдэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны 20 дугаарт нийтлэгдсэн. Ингээд үнэ тариф нэмэгдсэн талаар хэрэглэгч болох төсвийн 5 байгууллагуудад тариф шинэчлэн тогтоосон тогтоолыг албан бичгээр 2023 оны 7 дугаар сард хүргүүлсэн. 2023-2024 оны халаалтын жилийн гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэглэгч байгууллагуудтай шинэчилж хийсэн. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс төсөвт үнэ тарифыг нэмэгдүүлснээр төсөвт өгөөгүй гэдэг үндэслэлээр одоог хүртэл зөрүүг өгөхгүй байгаа. Эрчим хүчний тухай хуульд хэрэглэгчийн үүргийг дурдсан байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дэх хэсэгт хэрэглэгчийн үүргийг эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөхөөр хуульчилсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 67.2.3 захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно гэж заасан ба үүнийг мөрдөх ёстой. Гэтэл дагаж мөрдөөгүйгээс болж дулааны төлбөрийн зөрүүг авч чадахгүй байна. Иймд ЗГЕБСиас 57,587,718 төгрөг гаргуулж манай ХХК-д олгуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч УА ЗГЕБСийн захирал Б.А шүүхэд хариу тайлбартаа: “ДДЭЭЭ ХХК-ийн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
1. УА Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар УА Зүүнговь сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн баталсан. Уг тогтоолыг Монгол улсын төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэж заасныг манай байгууллага мөрдөн ажилласан.
2. Нэхэмжлэлд дурдсан төлбөрийн зөрүүтэй гэх 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх дулааны төлбөр тооцоог нэхэмжлэгч тал болох ДДЭЭЭ ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөн дүнгээр тухайн саруудад нь бүрэн төлж барагдуулсан тул тооцооны үлдэгдэлгүй гэж үзэж байна.
3. ДДЭЭЭ ХХК-ийн нэхэмжилсэн 57,587,718 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй, гэрээ байгуулсан талууд хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт байхгүй. Мөн манай байгууллагын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын тайланд өр төлбөр тусгагдаагүй болно.
Иймд ДДЭЭЭ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч талаас Ди Ди Эй Эйч Эйм ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа, УА Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаартай тогтоол, хавсралтын хамт, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай тогтоол, хавсралтын хамт, дулааны эрчим хүчээр хангах тухай 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай гэрээ, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэх, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн нэхэмжлэх, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэх, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн нэхэмжлэх, УА ЗГЕБСийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн төлбөрийн хүсэлт, тус сургуулийн санхүүгийн тайлангийн аудитын тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч талаас УА ЗГЕБСь нь 2023 оны 9 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөөс 57,587,718 төгрөгийг дутуу төлсөн. УА Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ДДЭЭЭ ХХК-ийн хэрэглэгчдэд нийлүүлэх дулааны тарифийг шинэчлэн тогтоож, энэ тогтоол нь хүчин төгөлдөр болсон. Хариуцагч байгууллага нь 2023 оны 9 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын хооронд хэрэглэсэн дулааны төлбөрийг нэмэгдсэн тарифаар бус хуучин тарифаар төлсөн. Иймд төлбөрийн зөрүү 57,587,718 төгрөгийг гаргуулна гэв.
3. Хариуцагч талаас манай байгууллагын 2023 оны төсөвт дулааны эрчим хүчний төлбөр нэмэгдсэн тарифаар төсөвлөгдөөгүй, харин хуучин тарифаар төсөвлөгдөж, батлагдсан. Төсөвт тодотгол хийгдээгүй бөгөөд оны эцэст манай байгууллага дээр өр үүсэх гээд байсан учраас манай нягтлан тухайн үед ДДЭЭЭ ХХК-тай ярилцсаны үндсэн дээр хуучин тарифаар тухайн жилдээ төлсөн. Өөрөө хэлбэл, төсөв хүрэлцэхгүй байсан учраас дулааны төлбөрийг шинэчлэгдсэн тарифаар тооцож төлөх боломжгүй байсан гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.
УА Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-нna өдрийн 09 дүгээр тогтоолоор ДДЭЭЭ ХХК-ийн Зүүнговь сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифийг шинэчлэн тогтоож, энэхүү тогтоол нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч УА ЗГЕБСьтай “Дулааны эрчим хүчээр хангах тухай” гэрээ байгуулж, тус гэрээнд ДДЭЭЭ ХХК-ийн захирал М.Д, хариуцагчийг төлөөлж тус сургуулийн захирал Б.А нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.2 болон 8.1 дэх хэсэгт зааснаас үзвэл талууд тус сургуулийн нийт 16,772 м.куб талбайг, 1 м.кубийн үнийг 2411.0 төгрөгөөр (НӨАТ тооцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
Иймд Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө” гэж заасны дагуу хариуцагч нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт 2023 оны 9 дүгээр сард 20,218,646 төгрөг, 2023 оны 10 дугаар сард 40,437,292 төгрөг, 2023 оны 11 дүгээр сард 40,437,292 төгрөг, 2023 оны 12 дугаар сард 40,437,292 төгрөг тус тус төлөх үүрэг хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь 2023 оны 9-12 дугаар сарын дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг хуучин тарифаар тооцож, 2023 оны 9 дүгээр сард 11,992,200 төгрөг, 2023 оны 10 дугаар сард 23,984,400 төгрөг, 2023 оны 11 дүгээр сард 23,984,400 төгрөг, 2023 оны 12 дугаар сард 23,984,400 төгрөг тус тус төлж барагдуулсан байх тул үлдэх 57,585,122 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч УА ЗГЕБСиас 2023 оны 9-12 дугаар сарын төлөгдөөгүй дулааны төлбөрийн үлдэгдэл 57,585,122 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445,889 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж e445,876 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч УА ЗГЕБСиас 57,585,122 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ДДЭЭЭ ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445,889 (дөрвөн зуун дөчин таван мянга найман зуун наян ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 445,876 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ДДЭЭЭ ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүййлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор УА эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.