Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00928

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00928

 

 

 

“Д.Э.М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/00902 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Д.Э.М” ХХК-ийн хариуцагч Б.Хт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 36 235 023 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Т.мн /trade.mn/ веб системээр дамжуулан криптовалютын онлайн биржийн үйл ажиллагаа явуулдаг. Харилцагч Б.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13:11:59 секундэд “Х.Х.Б” ХХК-ийн гар утасны программ ашиглаж, компанийн 452599026 тоот төгрөгийн дансаар дамжуулан Т.мн /trade.mn/ дээрх өөрийн аккаунт руу 200 төгрөгийн гүйлгээ хийсэн боловч тухайн үед банк болон кю-пэй QP код үүсгэн төлбөр тооцоо үзүүлэгч байгууллагуудын хоорондын системийн алдааны улмаас хэрэглэгч Б.Хын аккаунтад 200 ам.доллар болон шилжиж орсон. Үүнийг мэдсэн тэрээр үргэлжлүүлэн тухайн өдрийн 21:25:04 секунд хүртэл 200 төгрөгөөр 1 удаа, 300 төгрөгөөр 1 удаа, 400 төгрөгөөр 13 удаа гэх мэтчилэн нийт 24 удаагийн үйлдлээр 57 953 төгрөгийг, дараа өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны 13:20:26 цагаас тухайн өдрийн 13:26:42 секунд хүртэл нийт 4 удаагийн үйлдлээр 24 700 төгрөгийг мөн шилжүүлсэн нь манай систем дэх тус хэрэглэгчийн аккаунтад нийт 82 653 ам.доллар болон шилжиж орсон. Б.Х нь тус ам.доллароор биткойны арилжаа хийж нийт 1.43 бүхэл биткойныг худалдан авч, өөрийн 1Fn2SdJpHrptZjDWPju4HZUmxea8WaDGe8 хаяг руу 5 удаагийн үйлдлээр шилжүүлэн авсан. Ингэснээр тухайн үеийн байдлаар 12 694 ам.долларын бодит хохирлыг манай биржид учруулсан. Б.Х 4 удаагийн гүйлгээгээр буцаагаад өөрийнхөө данс руу оруулж гаргасныг мэдээд зогсоосон. “Х.Х.Б” ХХК-аас гарсан алдаатай гүйлгээ байсан. Б.Хын үйлдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэрэг бүртгэлт явуулсан боловч Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1644 дугаар тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан. Тус тогтоол болон тус газрын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хариу мэдэгдэх албан тоотод Б.Х нь манай компанид 12 694 ам.долларын хохирол учруулсан нь тогтоогдсон байх тул Монголбанкны ам.долларын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ханш болох 2854.5 төгрөгөөр тооцсон 36 235 023 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж, өмгөөллийн үйлчилгээний хөлсний хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие цахим валютын ханш өсөж магадгүй гэсэн цуу ярианаас үүдэн 1 000 000 төгрөгийг өөрийн “Х.Х.Б” ХХК-ийн ам.долларын дансаар доллар болгон шилжүүлэн авсан. Ингээд Т.мн /trade.mn/ хаяг руу нэвтэрч өөрийн Худалдаа, хөгжлийн банкны долларын данснаасаа биткойн буюу цахим валют худалдаж авахаар 200 доллароор 2 удаа мөнгө шилжүүлсэн. Гэтэл миний данснаас нэг удаагийн гүйлгээнд 200 доллар биш 200 төгрөг хасагдсан байсан тул монгол сайт учраас төгрөгөөр гүйлгээ хийдэг юм байна гэж ойлгоод хэд хэдэн удаа худалдан авалт хийхээр мөнгөө шилжүүлсэн, нийтдээ 100 000 орчим төгрөг миний данснаас хасагдсан. Энэ мөнгийг одоог болтол эргүүлэн аваагүй хохирсон. Т.мн сайт руу орж биткойн худалдаж авахад, задгай тоогоор 1.4 орчим биткойн харагдаж байсан. Ингээд Худалдаа, хөгжлийн банк, Т.мн сайтын ажилтнуудаас тодруулж асуухад, бид нар мэдэхгүй, танд ямар ч биткойн байхгүй байна гэдэг хариултыг хэлсэн. Одоо 100 000 төгрөгөө алдаж, биткойн ч байхгүй болсон. Хэрэгт Б.Х руу 12 000 ам.доллар шилжүүлсэн гэх баримт байхгүй. Хэрэв Б.Хт биткойн байдаг бол түүнийг авмаар байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч “Д.Э.М” ХХК нь Б.Хаас 12 700 ам.доллар гаргуулахаар нэхэмжилж байна. Харин Б.Х нь би 100 000 төгрөгөөр хохирсон тэр үедээ тоогоогүй гэжээ.Тэгэхээр энэ 2 хүний аль аль нь тухайн үедээ хариуцлагагүй хандсан тул Б.Х 12 700 доллар төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Хаас 30 601 800 /гучин сая зургаан зуун нэг мянга найман зуун / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д.Э.М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 633 222 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339 125 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 310 959 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д.Э.М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Хариуцагч Б.Х нь “Д.Э.М” ХХК-ийн нэр дурдсан 4 харилцагч нараас биткойн худалдан аваагүй, тэдгээр хүмүүст 12 513.31 ам.долларыг төлөх үүргийн харилцаа үүсээгүй. Мөн нэхэмжлэгч нь 12 513.31 ам.долларыг хариуцагч Б.Х миний өмнөөс төлөөд байгаа эсэх нь тодорхойгүй байхад шүүх “Д.Э.М” ХХК төлсөн мэтээр алдаатай дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал, анх 200 ам.доллараас гүйлгээ хийхэд 0,02 ам.доллар данснаас хасагдсан бөгөөд монгол цахим сайтаар гүйлгээ хийж байгаа тул төгрөгөөр бодогдож хасагддаг юм байна гэж ойлгон олон удаагийн гүйлгээ хийсэн. Өөрөөр хэлбэл цахим валют хямдхан юм байна гэж ойлгосон. Нийт 100 000 орчим төгрөг миний данснаас хасагдсан. Ингээд найзаараа дамжуулан Т.мн сайтаас биткойн худалдаж авахад 1,4 биткойн харагдаж байсан бөгөөд дараагаар нь Т.мн-д цахим түрийвчээ өгч шалгуулахад огт биткойн байхгүй байна гэдэг хариултыг өгсөн.

Миний бие одоогийн байдлаар ямар нэгэн биткойн, аль эсхүл нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа төлбөрийг огт аваагүй. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан материалууд дотор байхгүй бөгөөд миний дансны зарлага, мөн нэхэмжлэгчийн дансны орлогоор хангалттай төлбөр мөнгө аваагүй нь нотлогдож байна.

Шүүх “хариуцагчийн хууль бус санаатай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн харилцагч дөрвөн иргэн рүү нэхэмжлээд байгаа төлбөрийг шилжүүлсэн” гэжээ.  Миний бие ямар нэгэн хууль зөрчсөн, аль эсхүл хууль бус санаатай үйлдэл гаргаагүй байхад анхан шатны шүүх ийнхүү дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Харин нэхэмжлэгч нарын тайлбараас Х.Х.Б алдаатай гүйлгээ хийсэн, түүний улмаас нэхэмжлэгч хохирсон бол буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй.

Миний бие дээр дурдсан 4 иргэнээс биткойн шилжүүлэн авсан гэж үзэж байгаа бол тэрхүү биткойныг надад шилжүүлж өгсөн баримт байх учиртай. Тэр талаар баримт байхгүй зөвхөн нэхэмжлэгч нарын тайлбараар хэргийг шийдвэрлэсэн.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “....хариуцагч нэхэмжлэлд бичээд байгаа мөнгө төгрөг огт аваагүй, мөнгө шилжүүлэн авсан баримт нэг ч байхгүй гэх тайлбараа нотолж чадаагүй” гэжээ. Хариуцагчийн зүгээс тухайн үед гүйлгээ хийсэн Худалдаа. хөгжлийн банкны долларын дансны сүүлийн 6 сарын хуулгыг шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн. Тухайн дансны хуулганаас харвал хариуцагч “Д.Э.М” ХХК-ийн данс руу шилжүүлсэн төлбөрүүд тодорхой харагдаж байх бөгөөд нэхэмжлэгч нь 12 694 ам.долларыг Б.Хт шилжүүлээгүй. Гэтэл анхан шатны шүүх энэхүү баримтуудыг огт үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт тус тус зааснаар үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч “Д.Э.М” ХХК нь хариуцагч Б.Хт холбогдуулан гэм хорын хохиролд нийт 36 235 023 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, байгууллага хоорондын системийн алдаатай гүйлгээний улмаас харилцагч Б.Хын  шилжүүлсэн нийт 82 653 төгрөг нь манай системийн хэрэглэгчийн аккаунтад 82 653 ам.доллар болж хөрвөсөн, уг мөнгөнөөс харилцагч нь биткойны арилжаа хийж нийт 1.435 биткойн худалдан авч тухайн үеийн байдлаар 12 694 ам.долларын бодит хохирлыг учруулсан, эрүүгийн журмаар шалгасан Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1644 тоот тогтоол болон тус газрын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдлын хариу” гэх баримтуудаар тогтоогдсон гэх агуулгаар тайлбарласан байна.

Хэрэгт хариуцагч Б.Хт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаарх бичгийн нотлох баримтууд авагджээ. /хх72-125/ Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1644 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Б.Хт холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтооно. Иймд энэхүү прокурорын тогтоолоор хариуцагч Б.Хын гэм бурууг тогтоосон гэж үзэх боломжгүй.

Хэрэгт буй бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар Х.Х.Бны харилцагч буюу нэхэмжлэгч “Д.Э.М” ХХК-ийн Т.мн цахим хуудасны онлайн бирж дээр уг банкны “TDB Pay үйлчилгээг ашиглан хийсэн гүйлгээнд системийн буюу программын алдаа гарч хариуцагч Б.Хын  2017 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдөр хийсэн шилжүүлэг нь алдаатай хийгдэж нийт 82 653 төгрөгийн гүйлгээ нь 82 653 ам.доллар болж түүний аккаунтад орсон, мөн хариуцагч нь 1.43 биткойн худалдаж авахаар гүйлгээ хийсэн үйл баримтууд нотлогджээ. / хх72-125, 203/

Гэвч нэхэмжлэгч нь бусдад 12 694 ам.долларын төлбөр төлж хохирсон, мөн дээрх нөхцөл байдал нь хариуцагч Б.Хын буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан заасан үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...Б.Х нь 12 700 ам.доллар төлөх шаардлагагүй” гэх агуулгаар гаргасан дүгнэлтийг мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дах хэсэгт зааснаар харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй.  

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч “Д.Э.М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

Аливаа хууль болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг энэ магадлал үгүйсгэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/00902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч  “Д.Э.М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үнд эслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                  Н.БАТЗОРИГ

 

                                                                                  Ч.ЦЭНД