Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 187

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чонос овогт Янживын Бд холбогдох 1805005560166 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс баяд, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот ......дүүрэг ... дүгээр хороо .....хотхоны ... дугаар байрны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Чонос овогт Янживын Б

 

Шүүгдэгч  Я.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр согтуугаар Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр тээвэрчидийн ... дүгээр байрны ... тоотод эхнэр Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Я.Б эхнэр Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Огийн “2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн орчим манай нөхрийн найз Батболдын эхнэр Сарнай Солонгос улсаас миний  фэйсбүүк хаяг руу манай гэрт очоод өгөөч манай гэрт нөхөр хүмүүсийн хамт 2-3 хоног архидаад байна, түүнийг тараагаад өгөөч гэж хэлэхээр нь би Баянгол дүүргийн 3 дугаар хороонд  байрлах  тээвэрчидийн 11-61 тоот гэрт нь очсон чинь 5 хүн архидаж байсан бөгөөд түүний дотор миний нөхөр Б согтуу байсан. Би нөхөр лүүгээ ажил руу явна гэчихээд худлаа ярьж  архидлаа гэж уурласан чинь Б чөтгөрийг дурсахаар гэж хэлсэн. Тэгтэл манай  нөхөр Батболдын жижиг өрөөнд хүнтэй гар утсаар  яриад байхаар нь би чи хэнтэй яриад байгаа юм бэ гэж асуутал Б за дараа утсаар яръя нөгөө чөтгөр чинь энд байна гэж хэлчихээд утсаа тавьсан. Чи намайг яахаараа чөтгөр гэдэг юм бэ гэж хэлэн гар утсыг нь авах гэж би Б рүү дайрсан. Тэгтэл Б намайг үсдэж аван доош даран миний хүзүү хэсгээс нэг удаа хазсан. Би маш их өвдсөн учраас уйлсан чинь Б тавьсан. Би ах Гантөмөр лүү залган юу болсон талаар хэлсэн чинь цагдаа дууд гэж хэлэхээр нь би цагдаа дуудаж Бг бариулсан. ...Гэр бүлээ батлуулаагүй. Хамтран амьдарч байгаа. ...Би Бтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1430 дугаартай

“...1. О-н биед баруун нүдний доод зовхи, хамар, уруулын зулгаралт, хүзүүний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Гэрч А.Ганзоригийн “ ... Эхнэр О нь хүүхдийнхээ хувцсыг тайлаад бид нартай юм яриад суусан. Тэгтэл Бгийн гар утас дуугараад Б  жижиг өрөөнд ороод утсаар яриад байсан. Тэгтэл О араас нь жижиг өрөөнд орсон. Нэг мэдсэн чинь О найзыгаа аваачээ гэж хашгирахаар нь бид нар гүйгээд жижиг өрөөнд орсон чинь О газар дөрвөн хөллөөд хэвтчихсэн Б дээрээс нь утас өгөөчээ гээд гар хөлтэй нь зууралдаад байсан. Бид нар ойртоогүй. ... Удалгүй цагдаа орж ирэхэд О миний нурууг Б хазсан гээд орилоод байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Я.Бгийн яллагдагчаар өгсөн “... Тэгтэл О миний гар утсыг булаагаад авснаас болж би гар утсаа авахаар хоорондоо ноцолдсон. Би гар утсаа авахын тулд жаахан ширүүн гар хөлнөөс нь барьсан. Мөн гар утас өгөхгүй болохоор нь би шилэн хүзүүний доод хэсэгт хазсан. О намайг аллаа гэх мэтээр хашгираад байсан. Тэгээд би гар утсаа булаагаад авсан чинь төрсөн ахыгаа, мөн цагдаа  дуудсан. Намайг удалгүй ирээд аваад явсан. Би гар утсаа авах зорилгоор Отай ноцолдож байгаад энэ гэмтлийг учруулсан нь үнэн. Яг хаашаа нь яаж зодож цохисон эсэхээ мэдэхгүй байна. ... Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлын ямар нэгэн маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон байна.

 

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Я.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Я.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Я.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, хохирогч  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

  

   Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Я.Бд 450 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдав.

                                                                    

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чонос овогт Янживын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Я.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Я.Б торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Я.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Я.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.