Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/13

 

                                         *******т холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ******* шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Хохирогч *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор . холбогдох эрүүгийн дугаартай, 175/2023/0249/Э/208/2024/0011 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт ., Монгол Улсын иргэн, оны 06 дугаар сарын 01-ний өдөр, Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн Сэлэнгэ аймгийн сумын 06 дугаар баг, 06 дугаар байр, 23 тоотод оршин суух хаягтай, /РД: /; урьд

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн сум, 6 дугаар баг, 06 дугаар байр, 23 тоотод өөрийн гэртээ *******тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 /зургаан/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ******* ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн эмчилгээний зардалд 300,000 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

“...Миний бие ******* нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай” хэмээн тогтоож зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд Сэлэнгэ аймгийн сумын 06 дугаар баг, 06 дугаар байр 23 тоот хаягт оршин суудаг хэмээсэн гэвч тус хаяг дээр бүртгэлтэй боловч би эхнэр хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, ******* ******* дүүрэг 13 дугаар хороо, 8 дугаар байр, 179 тоот хаягт амьдардаг. Миний бие Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу хүлэмж хүргэлтийн ажил хийж өрхийн орлогыг олдог.

Хохирогч *******т учруулсан үйлдлээ ухамсарлаж, өөрийн буруутай үйлдлийг ойлгож гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* надад 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулсан. Улаанбаатар хотод эхнэр, хүүхдийн хамт амьдарч, ажилладаг тул гэр бүлийн гишүүдийн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялаар сольж өгөхийг хүсэж байна.

Миний би Улаанбаатар хот ************** дүүрэг 13 хороонд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр хоол хийж байгаад түлэгдээд ажлаасаа чөлөө авсан. Бидэнд санхүүгийн байдал хэцүү байгаа тул надад торгох ял ногдуулж өгнө үү. Намайг ажлаа хийх боломжоор хангаж өгнө үү гэв.

Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний зүгээс гомдол санал байхгүй. Харин шүүгдэгчийн ял шийтгэлийн хувьд хэлэх зүйл байна. Би найзынхаа ар гэр, амьдралынхан нөхцөл байдлыг сайн мэддэг. Одоо оногдуулсан байгаа ял нь ар гэрт нь хэцүү санагдаж байна. Прокуророос торгуулаад л болоод байдаг юм байна гэж үзэж байна. Миний хувьд бол найз маань болсон явдал хойш өөрчлөгдөөд, хийсэн зүйлдээ ухамсарлаж байгаа гэж бодож байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн гомдолтой танилцлаа. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байна. Шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа ял шийтгүүлсэн. Удаа дараа ял шийтгүүлэхдээ дандаа торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг. Энэ шүүгдэгчийн хувьд удаа дараа нэг төрлийн гэмт хэрэг үйлдээд торгуулийн ял оногдуулаад эргээд торгуулийн ял авах хүсэлт гаргаж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, өөрөө өөртөө дүгнэлт хийж байгаа үйл баримт тогтоогдохгүй байна.

...Харин ялын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэх агуулгаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг анхан шатны шүүхэд гаргасан уг саналаа  дэмжиж байна. Нэг төрлийн ял оногдуулахаар тухайн ялыг ял гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй, торгуулаад болоод байдаг гэх агуулгаар хандаад байгаа юм шиг байна. Өөр төрлийн ял оногдуулах нь шүүгдэгчид дараа дараагийн үйлдэлдээ энэ төрлийн зөрчлөө дахин давтаж гаргахгүй байхад нөлөөлөх байх гэх агуулгаар торгуулиас бусад төрлийн ял оногдуулъя гэсэн саналыг анхан шатны шүүхэд гаргаж байсан. Анхан шатны шүүхэд гаргасан ялын саналаа дэмжиж байна. Харин шүүх бүрэлдэхүүнд хандаж хэлэхэд торгох ялаас өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй юм бол уу гэсэн саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн сум, 6 дугаар баг, 06 дугаар байр, 23 тоотод өөрийн гэртээ *******тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч *******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би найзтайгаа эвлэрсэн. Манай найз ******* миний хэвтсэн эмнэлэгийн ор хоногийн мөнгийг төлсөн. Манай багийн найз маань ирээд бид гурав уулзаад би архиа хэтрүүлж уугаад юунаас болж маргаснаа мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...******* миний нүүр хэсэг рүү гараараа цохисон. Өөр газарт цохиогүй, Миний нүд болон нүүр хэсэгт хөхрөлт болон хавдалттай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 тал/, гэрч *******гийн “...Царайг нь харахад нүүр ам хавдсан нүүрнийх нь 2 тал нь халзарсан нүд хавдаж таг болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 385 дугаартай “...*******ийн биед баруун гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун гайморын хөндийн урд хана цөмөрсөн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр нүдний алиманд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна....”  гэх дүгнэлт /хх-ийн 18-19 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгчийн зүгээс маргаангүй байгаа ба шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, Сэлэнгэ аймагт албан ёсоор оршин суух хаягтай боловч Улаанбаатар хотод түр оршин суудаг эхнэр тэндээ ажилладаг, би Сэлэнгэ Улаанбаатар хоёрын хооронд хүргэлт, түгээлтийн ажил эрхэлдэг байдлыг харгалзан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч *******т холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэж байгаа бөгөөд шүүгдэгч *******ын гэм буруутай, идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч *******ийн хүндэвтэр гэмтэл учирсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хэрэгт оролцсон улсын яллагчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан боловч 06 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь дээрх хуулийн ялын санкцын хэмжээ хүрээнд хуульд заасан ялыг оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг сайн дураар хүлээн зөвшөөрсөн боловч энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа буюу 3 удаа торгуулийн ял шийтгэл хүлээж байсан ч гэмшиж ухаараагүй хувийн байдлыг харгалзан 06 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарласан ялыг хөнгөрүүлэн торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.  

Харин шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн сумын 06 дугаар баг 06 дугаар байрны 23 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Улаанбаатар хотын ************** дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байрны 179 тоотод түр оршин суудаг, эхнэр ******* нь ******* ******* газарт ажилладаг болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтуудаар нотлогдсон байх тул түүнд оногдуулсан ялыг Улаанбаатар хотын ************** дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг нь хязгаарлах байдлаар өөрчилж эдлүүлэн ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.  

Шүүгдэгчээс ирүүлсэн “Тойрол хайхан” ХХК-д түгээлтийн ажил эрхэлдэг байдал нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар баталгаажаагүй тул нотлох баримтаар тооцоогүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/260  дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  2 дахь заалтанд өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 /зургаан/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын ************** дүүргийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ