| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03815/И |
| Дугаар | 191/ШШ2025/02647 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/02647
2025 03 28 191/ШШ2025/02647
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х тоотод оршин суух, ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч давхарт байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х тоотод байрлах, ******* /РД:*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хот, Ч тоот хаягт байрлах нэгж талбарын ******* дүгээр өмчлөх эрх бүхий газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Улаанбаатар хот, Ч тоот хаягт байрлах 699 м.кв талбай бүхий нэгж талбарын ******* дүгээр газрыг хамгаалах, арчлах, засан сайжруулах зэрэгт гарсан зардал 228,624,597 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Улаанбаатар хот, Ч тоот хаягт байрлах нэгж талбарын ******* дүгээр өмчлөх эрх бүхий газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Г.******* нь Ч тоот хаягт байрлах 700 м.кв газрыг иргэн худалдан авч 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээгээ авсан. Гэтэл ******* зах нь миний өмчлөлийн газрыг бүхэлд нь хашаалаад, авто зогсоол болгон ашиглаж бусдад түрээсэлж, ашиг олж байна. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Г.*******нийн өмчлөх эрх бүхий газрыг бүхэлд нь ******* захын авто зогсоол болгон ашигласаар байх тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газар өмчлөгч иргэн дараах эрхтэй: гээд 27.1.1-д бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах; гэж заасан газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүсээд байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие энэ талаар ******* захын захиргаанд уг газрыг чөлөөлүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар ч хариу өгөөгүй болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу Ч тоот хаягт байрлах газар өмчлөгч Г.******* нь тус газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Энэ хэрэг маргаантай холбоотой бас өмчийн газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж явж байгаад мөнгө төгрөгийн хэрэгцээнээс шалтгаалаад Г.******* гэдэг хүнд шилжүүлсэн. Үүнтэй холбоотой энэ газрыг ашиглаж байх хугацаанд автомашинууд байрлуулаад орлого олж байсан гэдэг асуудал яригдаад нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэр хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өмгөөлөгчөөр ажилласан. 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тус шүүхийн шийдвэрээр олох байсан орлогод 385,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ асуудал дээр цементлээд засан сайжруулсан гэдэг асуудал яриад байдаг, гэтэл орох гарах гарцгүй, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглах боломжгүй байдалтай, өөрсдийнхөө өмчлөлд байнга байлгасаар байгаа нөхцөл байгаа. Тэгэхээр газар өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангаж Улаанбаатар хот, Ч тоот хаягт байрлах нэгж талбарын ******* дүгээр өмчлөх эрх бүхий газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.
Бид нар нэгэнт шүүхийн шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 728 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн асуудлуудыг үнэн зөв, худлаа байдлаар тайлбарлаад байгаа. Чөлөөлүүлэх шаардлага гаргаад байхад эзэмших ёсгүй газрыг эзэмшүүлсэн гээд байх юм. Бид нар яаж хууль бусаар эзэмшсэн бэ гэдэг. Энэ газар орц гарцгүй, манай эзэмшлийн газрын хажууд зүүн талд нь байдаг газрыг өөр бусад этгээдээс шилжүүлж авчхаад тэрийгээ тойруулж хашаалчхаад, эргэн тойрон нь бидний газар байсан гэж тайлбарлаад байгаа. Энэ захад 2 өмчлөх эрхтэй газрыг өмчилж байгаа. Дунд нь байрлаж байгаа нийтийн эзэмшлийн хашаанд иргэдээс мөнгө авдаг. Бид нар газраа чөлөөлүүлье, цэгээ тавья гэхэд асфальт тавиад цэг тавих ямар ч нөхцөлгүй болгосон. Орох гарах гарц байхгүй, ******* ХХК-ийн хашаагаар дамжиж ордог, машинтай ороход мөнгө төлдөг. Ийм нөхцөлд Монгол улсын иргэнд газар өмчлөх эрхийн дагуу авсан газраа өмчлөх боломжгүй нөхцөл байдалтай байлгадаг. Өмчлөх эрхтэй газраа ашигламаар байхад танайх асфальт тавьсан. Хууль бус эзэмшилд байгаа гэдэг нь захиргааны шүүхээр дүгнэгдчихсэн. Тэгэхээр хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага тавьж байгаа гэв.
2. Хариуцагч ******* ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газар нь ******* ХXК-ийн Шонхор худалдааны төвийн хашаан дотор байрладаг бөгөөд 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд аж ахуй эрхлэгч, олон нийтийн эзэмшилд ашиглагдаж ирсэн, манай компанийн зүгээс уг газрыг арчилж хамгаалах, өөрийн хөрөнгөөр тохижилт хийх зэрэг ажлуудыг хийж ирсэн. Тодруулбал, уг газар дээр цахилгааны өндөр хүчдэлийн шугам байрласан, доор нь тэр хавийн гудамжны бүх хог хаягдал цугларсан газар байсан үед хог хаягдлыг зайлуулах, цэвэрлэх, газрыг тэгшилж цементлэх, өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын тор, хаалга татах зэргээр цахилгаан, хог хаягдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагын манайд тавьсан шаардлагыг тухай бүр биелүүлж ажиллаж ирсэн. Гэтэл гэнэт 2022 онд иргэн овогтой Амарсанаа нь энэ газар миний өмчлөлийн газар тул уг газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тавьсан. Энэхүү шүүхийн асуудал үүссэнээс хoйш хэргийн материалтай танилцаж, бичиг баримтыг судалж үзэхэд иргэн нь хууль бус аргаар гаргуулж авсан, хуурамч газар эзэмших эрхийн гэрчилгээ, тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д. нь 2006.11.27-ны өдрийн Гэр хорооллын газар эзэмших эрх олгох тухай 232 дугаар захирамжаар овогтой Амарсанаад Ч гэсэн хаягт 700 м.кв газар эзэмших эрх олгож байна гэсэн боловч кадастрын зураггүй, газар эзэмшүүлэх гэрээгүй, зөвхөн гэрчилгээ гэх ганц цаасыг ашиглан Нийслэлийн Засаг даргын 2008.04.04-ний өдрийн 159 дугаартай захирамжаар Ч тоот хаягт бaйpлax гaзap өмчлөх эрх олж авсан байдаг. Улмаар гэмт хэргийн замаар олж авсан газар өмчлөх эрхээ гэмт хэргийн ул мөрөө баллах, бүдгэрүүлэх зорилгоор удаан хугацаанд буюу 2021 оныг хүртэл хугацаанд нуун дарагдуулж байгаад 2021 оны 3 дугаар сард л Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсан байдаг. Тийм ч учраас 2022 онд иргэний шүүхэд хандах хүртэл хугацаандаа тухайн газрыг эзэмшиж, өмчилдөг талаар манай компанид ямар ч байдлаар мэдэгдэж байгаагүй. Гэсэн атлаа иргэний шүүхэд газар чөлөөлүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч байсан мэтээр хуурамч баримт үйлдэн, бүрдүүлэн өгсөн. Иймээс Эрүүгийн тухай хуульд заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах, мөн 2006 онд Чингэлтэй дүүргийн 3acar дapгaap хууль бус газар эзэмших гэрчилгээ гаргуулан авсан, мөн хууль бус гэрчилгээ болон худал мэдээлэл /нуурын 21, 564 тоот хаягт газар эзэмшдэггүй, амьдардаггүй атлаа гэр бүлийн хамт амьдардаг мэт худал мэдээлэл/ гаргаж өгөн хууран мэхлэх аргаар Нийслэлийн Засаг даргаас гэр бүлийн амьдран суух зориулалтаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан гэмт хэргийн шинжтэй д холбогдох үйлдлүүдийг Чингэлтэй дүүргийн Цагдаа, Прокурорын газарт шалгуулахаар гомдол гаргаж, гомдлын дагуу дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа болно. Ийнхүү иргэний шүүх болон цагдаа, прокурор дээр хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад буюу 2024 оны 02 дугаар сард нь газар өмчлөх эрхээ иргэн Г.*******д шилжүүлж, иргэн Г.******* нь манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, өмнөх гийн газар өмчлөх эрх хууль бус аргаар олж авсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл шийдэгдээгүй байхад түүнээс газар өмчлөх, эрх шилжүүлэн авсан Г.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэл шийдвэрлэгдэх боломжгүй, нөгөө талаас мөн энэ нь шүүх, цагдааг төөрөгдүүлэх, тэдгээрээс гарсан шийдвэрүүдийг хооронд нь мөргөлдүүлж хэргийг замхруулах зорилготой үйлдэл гэж бид үзэж байна. Түүнээс гадна нь гэмт хэргийн аргаар олж авсан эд хөрөнгөө 2024 онд бусдад буюу Г.*******д зарж борлуулан ашиг олж байгаа үйлдэл нь үргэлжилсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй тул үүнийг бас давхар шалгуулах гомдлыг Чингэлтэй дүүргийн цагдаа, прокурорын газар нэмж гаргасан болно.
2.2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК нь хашаанд оруулж гаргахгүй, ашиглаад бусдад түрээслээд орлого олоод байна гэж тайлбар гаргаж байна. ******* ХХК нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд хүнсний үйл ажиллагаа эрхэлдэг. Хуучин авто тээврийн бааз байсан газрыг аваад 1995 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж байгаа. Тухайн газар дээр нэлээн олон үл хөдлөх хөрөнгө, том газартай. Энд нэхэмжлэгчийн өмчлөлийн 700 м.кв газар байдаг. Энэ нэхэмжлэлд дурдаад байгаа газрыг хашаалсан, үүн дээр ******* ХХК-ийн зүгээс ямар нэгэн барилга байгууламж барьсан, нэхэмжлэгчийг оруулж гаргахгүй, газрыг нь ашиглуулахгүй байгаа үйл баримт байхгүй. Энэ үйл баримтыг нотолж байгаа ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Үнэхээр энэ газрыг ашиглаагүй асуудал нь ******* ХХК-иас болоод байна уу, нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригоос шалтгаалаад байгаа юм уу гэдэг асуудал дээр бид нар тодорхой ойлголтыг шүүхэд өгч энэ дээр дүгнэлт гаргасан байгаа. Энэ газар нь ******* ХХК-ийн хашаан дотор дунд хэсэгт нь байрладаг. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өмчлөх эрхийг баталгаажуулах гэсэн зохицуулалт байгаа. Засаг даргын захирамж гарсны дараа үл хөдлөх эд хөрөнгөө Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байж газар өмчлөх эрхээ баталгаажуулна. 2008 онд гарсан шийдвэрээ хэн нэгэнд мэдэгдэхгүй, эрх ашиг нь хөндөгдөх ******* ХХК-д хэлээгүй. 2021 онд бүртгүүлж газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ анх авсан. Үүнээс хойш 2022 онд иргэний шүүхэд гийн зүгээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаад ийм хүн газар өмчилдөг юм байна гэдэг асуудлыг анх ******* ХХК мэдсэн. Эндээс харахаар ашиглаагүй асуудал нь өөрсдийнх нь хүсэл зориг байсан. ******* ХХК нэг иргэнийг өмчлөх газарт нь оруулаагүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдалд байлгасан мэтээр шүүхэд ойлгуулж байна. ******* ХХК энэ дээр ямар нэгэн байдлаар энэ хүнд газрыг ашиглуулахгүй саад учруулсан, энэ хүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхгүй байхтай холбоотой ямар ч нотлох баримт байхгүй. Үнэхээр хууль бус эзэмшил байгаа юм уу гэдэг асуудал дээр хариулт өгөх ёстой. Хүнсний захын хашаа дотор байдаг 700 м.кв, эргэн тойрон нь ******* ХХК-ийн эзэмшлийн газар байдаг. Энэ дээр хүнсний захын үйл ажиллагаа явуулж байгаа учраас холбогдох мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хяналтын газар, дүүрэг, цагдаа, эрчим хүчний шугам сүлжээнээс тодорхой хэмжээний шаардлага ******* ХХК-д тавьдаг. Хамгийн эхний шаардлага нь ******* ХХК-ийн түрээслэгч болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас та нар хүнсний захын ариутгал, найдвартай байдлыг ханга, энийгээ нийтэд нь асфальт тавь гэдэг шаардлага тавьдаг. Үүний дагуу төрийн байгууллагаас тавьсан шаардлагыг хангаад асфальт тавьсан. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг ашиг олоод машин тавиулаад байдаг зүйл байхгүй, хууль бусаар эзэмшээд байгаа юм байхгүй. Ямар нэгэн байдлаар орох гарах хөдөлгөөнийг нь хаагаад хашаалсан юм байхгүй. Ямар нэгэн барилга байгууламж, өөр юм барьсан юм байхгүй. Цахилгаан түгээх сүлжээний газрын тавьсан шаардлагын дагуу хамгаалалтын зурвасыг тодорхой хэмжээнд хашаалсан байдлаар хүмүүсийн орж гарч байгаа хөдөлгөөн, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хэмжээнд хашаалсан. Тавьсан албан шаардлагыг хэрэгт хавсаргаад өгчихсөн байгаа. Эцсийн дүнд эзэмшээгүй, ашиглаагүй асуудал нь өөрсдийнх нь асуудал, эзэмших эрх нь хэрэгжихэд нээлттэй. Энэ хүмүүс эцсийн дүндээ ******* ХХК-иас тодорхой хэмжээний мөнгө төгрөг нэхэх зорилгоор хууль бус эзэмшиж байгаа мэтээр ойлгуулаад байна. Тэгэхээр ******* ХХК-ийн ямар барьсан юмыг нь албадаж холдуулах хүсэлт гаргаад байгаа вэ. Асфальтан, цэг тавих боломжгүй, ашиглах боломжгүй, орох гарцгүй байгаа гэдэг. Орц гарцгүй гэдэг асуудал нь Нийслэлийн газрын албанд шийдэгдсэн. Анхнаасаа газар олгохдоо энэ орц гарцын асуудлыг Нийслэлийн засаг дарга шийдвэрлэх үүрэгтэй. Өөрсдөө ******* ХХК-ийн хашаа дотор 700 м.кв газар авчихсан учраас ******* ХХК-ийн том газраар дамжих юм уу гэж яриад байх шиг байна. Энийгээ өөрсдөө орц гарцгүй гээд тайлбарлаад байх шиг. ******* ХХК нь өөрийнхөө эзэмшлийн газар тавьсан том хашааг миний газрыг хашсан гэж тайлбарлаад байдаг. Энэ 700 м.кв газрыг хашсан юм байхгүй, фото зураг өгсөн байгаа, талбай байдлаар байршдаг, дээр нь өндөр хүчдэлийн шугам байршсан байдлаар харуулж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тийм учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.******* нь УБТЦС ТӨХК-ийн өмчлөлийн АТП-063 дэд өртөөний хамгаалалтын зурвасыг зөрчсөн нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг баталсан. Тус дүрмийн 2 дугаар зүйлд Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоосон байдаг. Тухайн дүрэмд заасны дагуу АТП-063 нь хүн оршин суудаг газраар өнгөрдөг бөгөөд 400 кВ чадалтай тул хааш хаашаагаа 10 м хэмжээг баримтална гэж заасны дагуу тус тус зөрчиж байна. ******* ХХК-ийн хашаанд манай дэд өртөө байдаг. Энэ дэд өртөө нь хамгаалалтын зурвастай байх ёстой. Цахилгаан эрчим хүчний хамгаалалт тогтоосон зурвас Засгийн газрын тогтоолоор хамгаалагдаж байдаг. Гэвч энэ нь зөрчигдөөд байгаа. Г.******* манайд хамгаалалтын зурвасыг өөрийн газар орсон хэсгээр чөлөөлүүлэх хүсэлтээ 2023 онд илэрхийлж байсан. Энэ дээр манай байгууллагаас ямар нэгэн хариу өгөөгүй. Г.******* нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагад хандсан бөгөөд АТП-063 цахилгааны дэд өртөөний хамгаалалтын зурвасыг өөрийн газар орсон хэмжээгээр чөлөөлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит ХХК нь 1972 оноос хойш дэд өртөөг эхэлсэн. Нийслэлийн засаг даргын тамгын газар болон газар зохион байгуулалтын алба тэр хамгаалалтын зурвасыг мэдэж байсан. Яагаад гэвэл энэ хамгаалалтын зурвасыг жил болгон манайх холбогдох газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн засаг даргын газарт явуулдаг. Гэтэл яагаад энэ дээр газар олгосон байгаа юм. Тийм учраас хамгаалалтын зурвас дээр газар олгосныг манай байгууллагын зүгээс буруушааж үзэж байгаа, уг нь энэ хэргийг түдгэлзүүлээд газар олгосон нь үндэслэлтэй эсэхийг эхлээд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх гэж харж байгаа гэв.
4. Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Иргэн нь 2022 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэгж талбарын ******* дугаартай газрыг өмчлөх эрхтэй, уг газрыг ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар нэхэмжлэлд дурдсан газрыг иргэн өмчилсөн болохыг мэдсэн, энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 2 дугаар сард газар өмчлөх эрхээ иргэн Г.*******д шилжүүлж, бүртгүүлсэн байна. 2022 оноос өмнө тухайн газар нь гийн өмчлөлд байгаа талаар мэдээгүй, иргэн гийн зүгээс нэг ч удаа мэдэгдэж байгаагүй болно. Манай компанийн зүгээс энэ нэхэмжлэлд дурдсан 699 м.кв газар дээр тэр хавийн айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаар хангадаг том хүчин чадлын цахилгааны дэд өртөө байрладаг, цахилгаан хэрэглэгчийн хувьд холбогдох эрхий бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлж, тухайн газрыг асфальталж цементлэх, хог хаягдлыг зайлуулах, харж хамгаалах ажлуудыг зохион байгуулдаг, *******-ийн тавьсан шаардлагын дагуу эрчим хүчний байгууламжийн хамгаалалтын зурвасыг тогтоосон хашлага хийсэн, эрчим хүчний байгууламжийн аюулгүй найдвартай байдлыг хангах орц гарцын тэмдэглэгээ тавьсан байдаг. Иймд Ч тоот хаягт байрлах 699 м.кв талбай бүхий талбарын ******* дүгээр газрыг хамгаалах, арчлах, засан сайжруулах зэрэгт гарсан 228,624,597 төгрөгийн зардлыг хариуцагч Г.*******эс гаргуулж өгнө үү.
4.2. Холбогдох төрийн байгууллагуудын шаардлагаар асфальталсан. Энэ газар дээр нойл, хогийн цэг байсан. Манайх 2016 оноос хойш хойд талын талбай дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энийг цэвэрлэхгүй байж хүнсний зах ажиллуулна гэдэг байж боломгүй зүйл. Цагдаа, нийслэлийн мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, авлигатай тэмцэх газраас хүртэл хүмүүс ирж танайх хүмүүсийг хордуулах энэ бохир юмнуудаа арилгаж цэвэрлэ гэсэн. Энэ айл 2008 онд гэрчилгээгээ авсан бол 2008 онд манайд энэ нэхэмжлэлээ тавьсан бол манайх хууль цагдаагаар шийдүүлэх гээд явж байх байсан. 2022 он хүртэл манайхтай харьцаагүй. Тэр асфальтыг манайх 2019 онд төрийн шаардлагаар хийсэн. Үнэхээр танай газар байсан гэсэн бол 2019 онд асфальт тавьж байхад манай газар гэж орж ирж хэлээгүй вэ. 2022 оны 4 сард гэдэг охин аавтайгаа орж ирээд бид хоёр маргалдаад, чиний газар гэдгийг юугаар нотлох вэ, гэрчилгээгээ үзүүл гэхэд чам шиг юманд үзүүлэх хүмүүс нь бид биш, өөрсдийнхөө юмыг авах гэж байна, чамд хамаагүй гээд дайрахаар нь бичиг баримттай ирж байж газраа шийд гэж хэлээд маргалдаад явсан. Энэ хүний газрыг ******* ХХК авах гээд байгаа юм биш. Манайд энэ газрыг авах шаардлага байхгүй. Хүмүүст буруугаар ойлгуулаад байна гэв.
5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
5.1. гийн нэхэмжлэлтэй хэрэг дээр яригдсан. Г.Мөнх-Эрдэнийн газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, энэ газарт иргэн байшингаа бариад, мод, жимс ногоо тариад амьдрах боломжтой газрыг хэлнэ. Тэр газрыг нь өөрсдөө өөрийн хамаарал бүхий этгээдээс шилжүүлж авч, нийтийн эзэмшлийн газрыг оролцуулаад хашаалаад, талбайг нь бүхэлд нь асфальт тавиад түүнээс ашиг орлого олж байсан нөхцөл байдал нь тухайн газрыг засан сайжруулсан үйл баримт болохгүй. Гэр бүлийн хэрэгцээний газарт байшин сав бариад, мод тариад сайжруулсан байвал, жалга болчихсон газрыг тэгшлээд тавьчихсан бол засан сайжруулалт гэж үздэг. Гэтэл ийм засан сайжруулалт хийгдээгүй, хүний тэгш байсан 700 м.кв газрыг асфальталсан, Улаанбаатар цахилгаан түгээх төрийн өмчит ХК-ийн өмчлөлийн гэж нэрлэгдэж байгаа цахилгааны дэд өртөөний хашаа тэмдэглэгээ хийсэн ажлыг ярих гэж байгаа бол энэ нь Г.*******д хамааралгүй. Цахилгаан түгээх станцын өмчлөлийн барилга байгууламжийн зурвасыг тогтоосон хашлага хийсэн бол өмчилж байгаа этгээдээс нь шаардана. Газрыг өмчилж байгаа этгээдээс нь шаардах гэж байгаа бол хэдэн онд хийсэн гэдэг асуудал дурдагдана. Үүнээс хамаараад хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Засан сайжруулалт биш, тэр газрыг асфальтлаад машин явахад төвөггүй болгоод байгаа. Засан сайжруулалт гэдэг нь хууль зүйн хувьд өөр юм байдаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна, иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5.2. ******* ХХК нь он оныхоо кадастрын зургаар манай газрыг тойроод газруудтай байдаг нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Манай урд талын газарт гэдэг хүний өмчлөлийн газар байдаг, бас тэр газрыг чөлөөлж өгдөггүй. Хүний юмыг албатай юм шиг асфальталчхаад хүнээс мөнгө нэхээд байгаа нь үндэслэлгүй гэж харагдаж байна. Энэ газар гудамжтай, зүүн талд нь байрлах 2 газрыг өөрсдийн хамаарал бүхий хүмүүст эзэмшүүлчхээд дунд нь хашаалчихсан нөхцөл байдал байгаа. Төрийн байгууллага, захиргааны байгууллага нь ямар шаардлага тавих вэ гэхээр таны зах дотор байгаа үйл ажиллагаатай холбоотой шаардлага тавина. Түүнээс иргэний өмч рүү халдаж шаардлага тавихгүй. Өөрсдөө иргэний өмчлөлийн газрыг хашаалаад, тэрийгээ асфальталчхаад засан сайжруулсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Бид нар тэнд байгаа шугам сүлжээ ямар хэмжээнд байх ёстой вэ, манай газар өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд ямар байдлаар тохиролцох талаар хамтраад ярилцана. Ямар ч байдлаар тэрийг шийдэх боломжтой. 10 метрт ойртдог хүн үхдэг гэнэ, газардуулга гэх мэт өчнөөн байдлаар шийдэх боломжтой. Улаанбаатар цахилгаан түгээх станцтай энэ асуудлыг ярилцаад шийдэх боломж байгаа байх гэж харж байгаа. Арчлах, засан сайжруулалтад энэ компанийн хийсэн ажил орохгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргах тайлбар байхгүй гэв.
7. Нэхэмжлэгчээс дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
7.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/
7.2. Итгэмжлэл /хх 4, 195/
7.3. Г.Мөнх-Эрдэнийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний /хх 5/
7.4. ******* захын захиргаанд гэх 2024.03.11-ний өдрийн мэдэгдэл /хх 6/
7.5. Фото зураг /хх 7-11/
7.6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.07-ны өдрийн 221/МА2023/0728 дугаар магадлал /хх 88-91/
7.7. Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024.01.30-ны өдрийн 001/ШХТ2024/0051 дугаар тогтоол /хх 92/
7.8. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 128/ШШ2023/0711 дугаар шийдвэр /хх 93-111/
7.9. *******-д гаргасан хүсэлт /хх 193-194/.
8. Хариуцагчаас дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
8.1. Итгэмжлэл /хх 15/
8.2. Хариу тайлбар /хх 21-22/
8.3. *******-ийн 2024.08.15-ны өдрийн хамгаалалтын зурвас чөлөөлөх тухай албан бичиг /хх 60/
8.4. Хяналт шалгалтын газрын 2024.08.29-ний өдрийн 11-13-02/052/136 тоот Улсын ахлах байцаагчийн дүгнэлт /хх 63
8.5. *******-ийн Шаардах хуудас /хх 64/
8.6. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2024.09.02-ны өдрийн 5529 дугаар албан бичиг /хх 77/
8.7. ******* ХХК-ийн 2024.04.18-ны өдрийн 92/24 дугаар албан бичиг /хх 78/
8.8. ******* ХХК-ийн 2024.04.23-ны өдрийн 94/24 дугаар албан бичиг /хх 79-80/
8.9. Хяналт шалгалтын газрын 2024.09.02-ны өдрийн 01/571 дугаар албан бичиг /хх 81/
8.10. *******-ийн 2024.08.15-ны өдрийн 31/236 дугаар албан бичиг, зураг төсөлд тодруулга хийсэн тодорхойлолт /хх 82-84/
8.11. ******* ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх 85-87/
8.12. Фото зураг /хх 161-164/
8.13. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022.09.26-ны өдрийн 18/708 дугаар албан бичиг /хх 165/
8.14. Нийслэлийн Засаг даргын 2008.04.04-ний өдрийн 159 дугаар захирамж, хавсралтын хамт /хх166-168/
8.15. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай 2008.04.04-ний өдрийн шийдвэр /хх169/
8.16. гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 170/
8.17. Газар эзэмших эрхийн 2007.01.30-ны өдрийн 047341 дугаар гэрчилгээ /хх 171/
8.18. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны 2007.12.03-ны өдрийн тодорхойлолт /хх 172//
8.19. Газрын байршлын кадастрын зураг /хх 173/
8.20. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын нотлох баримт хүргүүлэх тухай 2023.02.02-ны 3/189 дугаар албан бичиг /хх174-177/
8.21. АТП-063дэд өртөөний байршлын кадастрын зураг /хх 178-179/
8.22. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 192/
8.23. Арчлан хамгаалалтын зардлын тооцоо гэх баримт /хх 197/.
9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
9.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх133/
9.2. Итгэмжлэл /хх136/
9.3. Хариу тайлбар /хх137/
9.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.02.27-ны өдрийн 128/ШЗ2025/1467 дугаар Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж /хх 224-225/
10. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр нэгж талбарын ******* дугаар газрын түүхчилсэн лавлагаа баримтыг Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан. /хх 27-44/
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнийн Улаанбаатар хот, Ч тоот хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар өмчлөх эрх бүхий газрыг хариуцагч ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл болон,
хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч Г.*******эс Улаанбаатар хот, Ч тоот хаягт байрлах 699 м.кв талбай бүхий нэгж талбарын ******* дүгээр газрыг хамгаалах, арчлах, засан сайжруулах зэрэгт гарсан зардал 228,624,597 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
2. Нэхэмжлэгч Г.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* ХХК нь миний өмчлөлийн Ч тоот хаягт байрлах 700 м.кв газрыг бүхэлд нь хашаалаад, авто зогсоол болгон ашиглаж бусдад түрээсэлж, ашиг олж, тэмдэглэгээ тавьж, газрыг асфальталж хууль бусаар эзэмшиж байгаа учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар дээрх газраа хариуцагч ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэнэ.
3. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж дараах үндэслэлээр маргасан. Үүнд: Ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн орох гарах хөдөлгөөнийг хаагаад хашаалсан зүйл болон барилга байгууламж барьсан, авто зогсоолоор ашиглаж орлого олсон зүйлгүй. Төрийн байгууллагаас тавьсан шаардлагын дагуу газарт асфальт тавьсан. Манай компани өөрийн эзэмшлийн газраа хашаалсан. Газар нь чөлөөтэй байхад юуг чөлөөлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй гэнэ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцсэн байр суурьтай оролцсон болно.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд өмчлөгч болохоо, өөрийнх нь өмчлөлийн зүйл бусдын эзэмшилд байгаа болохыг, хариуцагч нь өөрийн эзэмшлийг хууль ёсны болохыг тус тус нотлох үүрэгтэй.
Иргэн , Г.******* нар нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийг гэрээг байгуулж, бэлэглэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Ч тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай, 699 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрх бүхий газрыг бэлэг хүлээн авагч Г.*******д шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх хх 39-40/
Улмаар Г.******* нь Ч тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай, 699 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай газрын хууль ёсны өмчлөгч болсон болох нь 2024.02.21-ний өдрийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх 5/
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно, 38 дугаар зүйлийн 38.1-т Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Г.******* нь өөрийн өмчлөлийн дээрх газраа бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
6. Гэвч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас маргаан бүхий газар нь хариуцагч ******* ХХК-ийн хууль бус эзэмшилд байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.1. Тухайлбал: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 128/ШШ2023/0711 дугаар хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр:
гийн өмчлөх Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамж, 564 тоот хаягт байршилтай, 699 м.кв газар нь газрын кадастрын мэдээллийн зураглал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар ******* ХХК-ийн эзэмшиж байгаа газартай хоорондоо огт давхцалгүй болохыг,
******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний захын хашаан дотор гийн өмчлөх эрх үүссэн газрын талбай байрлаж байгаа ба ийнхүү 2006 оноос хойш ******* ХХК болон нар өмчлөх, эзэмших газар давхацсан талаар, үйл ажиллагаа явуулж байгаа, эсхүл байсан хашаан дотор газар өмчилсөн зэрэг асуудлаар өмнө маргаж байгаагүй болохыг,
нь өөрийн өмчлөлийн газрыг энэ хугацаанд хашаажуулж, тэмдэгжүүлээгүй, ******* ХХК нь тус газрыг цементэлсэн,
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/749 дүгээр захирамжаар ******* ХХК-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, нэгж талбарын дугаар бүхий 1127 метр квадрат газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгосон, уг А/749 дүгээр захирамжийн хавсралтын 13-т зааснаар эрх олгосон эх үүсвэр буюу үндэслэлийг Тогтмолын Мөнхбатын 427 метр квадрат газрын /нэгж талбарын дугаар:/ өмчлөх эрхийг, Бар Дашжидийн 700 метр квадрат газрын /нэгж талбарын дугаар:1500910173/ өмчлөх эрхийг дуусгавар болгож, эзэмших эрхийн ******* ХХК-д олгосон, энэхүү газар нь маргаан бүхий газартай хил залгаа байршилтай зэрэг үйл баримтыг тус тус тогтоосон байсан.
Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний захын хашаан дотор гийн өмчлөх эрх үүссэн газар байрладаг, тухайн газар цементлегдсэн, ******* ХХК-ийн эзэмших эрх бүхий газартай хил залгаа бөгөөд нь тус газраа хашаажуулж, тэмдэгжүүлээгүй байна.
Мөн энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед нь маргаан бүхий газрыг хариуцагч ******* ХХК-ийн хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг иргэний шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан байна.
Талуудын тайлбараар тус газрын дээрх шинж байдал өөрчлөгдөөгүй, гийн нэхэмжлэлтэй газрыг хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх шаардлага бүхий иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй цаг хугацаанд нэхэмжлэгч Г.******* газрын өмчлөгч болсон байна.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий газар гийн өмчлөлд байх цаг хугацаанд хариуцагч Хүчин шонхор ХХК-ийн хууль бус эзэмшилд байсан гэж үзэх үндэслэлгүй, энэ үйл баримт тогтоогдоогүй байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.
Тайлбарлавал гийн өмчлөх эрх дуусгавар болсноор өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах эрхээ алдаж, харин шинээр өмчлөх эрх олж авсан Г.*******д энэхүү буцаан шаардах эрх бий болно.
Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-ийн хууль бус эзэмшлийг газрыг бүхэлд нь хашаалсан, асфальт, бордюр тавьж авто зогсоол болгон бусдад түрээслэх замаар ашиглаж, ашиг олдог зэргээр тодорхойлсон.
Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан бөгөөд газрыг асфальталж, бордюр тавьсан зэрэг нь газрын үндсэн бүрдэл хэсэг, эдгээр нь бүхэлдээ газар өмчлөгчийн өмч байна.
Өөрөөр хэлбэл асфальт, бордюр зэрэг нь тусдаа өмч, газар нь тусдаа өмч гэж тусгаарлахгүй бөгөөд бүхэлдээ газар өмчлөгчийн өмч болох тул дээрх байдлаар хариуцагчийг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхгүй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан ... Орц гарцын асуудлын хувьд танайх бүхэлд нь хашаалсан байж байгаад захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр маргаан гараад урд талын гудамж хэсгээ чөлөөлж өгсөн, үзлэгээр очиход гудамжгүй байж байгаад дараа нь гудамжтай болсон ... гэх тайлбараас үзэхэд тухайн газарт нэвтрэх орц гарц чөлөөтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагч газрыг бүхэлд нь хашаалсан гэж тайлбарлаж байх боловч дээрх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газар нь Хүчин шонхор ХХК-ийн захын хашаанд байрладаг болохыг тогтоосон.
Цаг хугацааны хувьд Г.******* газрын өмчлөгч болохоос өмнө ******* ХХК нь хашаалсан байх бөгөөд үүнийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
******* ХХК нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, нэгж талбарын дугаар бүхий 1127 метр квадрат газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй байх бөгөөд хариуцагчийн газар эзэмших эрхийн хүрээнд эзэмшил газраа хамгаалах зорилгоор өөрийн эзэмшлийн газраа хашаалсан гэх тайлбарыг няцаах баримтгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардана гэж тодорхойлсон ч түүний хариуцагч нь маргаан бүхий газрыг захын үйл ажиллагаандаа зориулж авто зогсоол болгон бусдад түрээслэх замаар ашиглаж, ашиг олдог гэх тайлбараас үзвэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад байгаа үйлдлийг таслан зогсоолгох агуулгатай байх тул үүнд шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.
Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь газрын өмчлөгч болсноор өмчлөгчийн дээрх эрхийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар үйл баримтгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг ******* ХХК-иас шаардсан болон ******* ХХК нь маргаан бүхий газрыг захын үйл ажиллагаандаа зориулж авто зогсоолоор бусдад түрээслэх замаар ашиглаж байгаа үйл баримтыг баримтаар нотлоогүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
7. ******* ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оноос өмнө тухайн газар нь гийн өмчлөлд байгаа талаар мэдээгүй, иргэн гийн зүгээс нэг ч удаа мэдэгдэж байгаагүй болно. Манай компани эрхий бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлж, тухайн газрыг асфальталж цементлэх, хог хаягдлыг зайлуулах, харж хамгаалах ажлуудыг зохион байгуулдаг, *******-ийн тавьсан шаардлагын дагуу эрчим хүчний байгууламжийн хамгаалалтын зурвасыг тогтоосон хашлага хийсэн, эрчим хүчний байгууламжийн аюулгүй найдвартай байдлыг хангах орц гарцын тэмдэглэгээ тавьж газрыг хамгаалах, арчлах, засан сайжруулах зэрэгт 228,624,597 төгрөгийн зардал гаргасан тул Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар хариуцагч Г.*******эс шаардах эрхтэй гэнэ.
8. Нэхэмжлэгч Г.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж дараах үндэслэлээр маргасан. Үүнд: Газрыг хашаалаад, талбайг нь бүхэлд нь асфальт тавиад түүнээс ашиг орлого олж байсан нөхцөл байдал нь тухайн газрыг засан сайжруулсан үйл баримт болохгүй, засан сайжруулалт хийгдээгүй. Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн өмчлөлийн барилга байгууламжийн зурвасыг тогтоосон хашлага хийсэн бол өмчилж байгаа этгээдээс нь шаардана. Г.*******д хамааралгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэнэ.
9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн байр суурьтай оролцсон болно.
10. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, мөн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус заасан.
Тодруулбал хариуцагч ******* ХХК нь маргааны зүйл болсон газрыг өөрийн хүсэл зоригийн дагуу шударгаар хандан олж авсан шударга эзэмшигч гэдгээ нотлох үүрэгтэй.
Ийнхүү нотолсны үндсэн дээр Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй.
Хавтаст хэрэгт цугларсан баримтаар ******* ХХК нь маргаан бүхий газрыг шударгаар эзэмшиж байсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зохигчийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 94 дүгээр зүйлийн 94.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнийн Улаанбаатар хот, Ч тоот хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар өмчлөх эрх бүхий газрыг хариуцагч ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл,
хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч Г.*******эс Улаанбаатар хот, Ч тоот хаягт байрлах, 699 м.кв талбай бүхий нэгж талбарын ******* дүгээр газрыг хамгаалах, арчлах, засан сайжруулах зэрэгт гарсан зардал 228,624,597 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,301,075 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА