| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0833/З |
| Дугаар | 128/ШШ2025/0420 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2025/0420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна дж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Б С //,
Нэхэмжлэгч: Урианхай овогт Хын Ч /РД:/,
Хариуцагч: Б******* дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Б овогт М У //,
Гуравдагч этгээд: С овогт Б Ж //,
Маргааны төрөл: Нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийг хүлээн аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх олгохыг даалгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х******* /цахим/, гуравдагч этгээд М.У итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Б.Ж******* өмгөөлөгч П.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Б******* дүүргийн Засаг даргын 2023 оны А/1142 дугаар захирамжийн Б.Ж, М.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.С, Х.Ч нараас Б******* дүүрэг, 27 дугаар хороонд байрлах 702 м.кв, 700 м.кв газрыг тус тус эзэмших хүсэлтийг хүлээж аваагүй, буцаасан Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б******* дүүргийн 27 дугаар хороонд байрлах 702 м.кв газрыг иргэн Б.С*******, 700 м.кв газрыг иргэн Х.Ч эзэмших өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах.
Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
2.1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Б.С, Х.Ч бид анх 2019 онд Б******* дүүргийн 27 дугаар хороонд байрлах 702 м.кв болон 700 м.кв газрыг тус тус шинээр эзэмшихээр уг газарт "Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг" болон "Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт"-ийг "Г Л В" ХХК-иар гаргуулан холбогдох хууль, журмын дагуу материал бүрдүүлж Б******* дүүргийн Газрын албанд хандсан бөгөөд Б******* дүүргийн 27 дугаар хороо /хуучин 21 дүгээр хороо байсан/ хариуцсан ажилтан н.Х нь "танай хорооны өргөдөл өгсөн хүмүүсийн асуудлыг нэг мөр бүгдийг нь дараа шийднэ, одоо өргөдөл, хүсэлт хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа тул та бүгдийн материалыг хүлээж авахгүй” гэх мэтээр тайлбар хэлэн буцаасан.
2019 онд анх хандсанаас хойш бид удаа дараа буюу 2022 оны 02 дугаар сар, 2024 оны 01 дүгээр саруудад тус тус холбогдох материалыг дахин бүрдүүлэн өргөдлөө өгөхөөр хандсан боловч анх хэлж байсан дээрх шалтгаанаа хэлж бидний өргөдлийг хүлээж аваагүй, шийдвэрлээгүй болно.
Гэтэл 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тухайн газрынхаа хажуугаар явж байтал хэсэг хүмүүс том оврын ковшоор газрыг ухаж байгааг хараад очиж уулзтал " газрын эзэн нь Б.Ж, М.У" гэж хэлсэн. Тэр үед нь бид egazar.gov.mn сайт руу орж үзтэл:
Х.Ч өргөдөл өгсөн газрын мэдээлэлд: газар эзэмшигч иргэн Б.Ж, нэгж талбарын дугаар , гэр, орон сууцны хашааны газар, 702 м.кв, улсын бүртгэлийн дугаар , эзэмших, өргөдлийн дугааp 01110-05-08630-23, бүртгэсэн огноо 2023-12-23, шийдвэрийн дугаар 01110-А/1142/2023, шийдвэрийн огноо 2023-12-28,
Б.С******* өргөдөл өгсөн газрын мэдээлэлд: газар эзэмшигч иргэн М.У, нэгж талбарын дугаар *******, гэр, орон сууцны хашааны газар, 702 м.кв, улсын бүртгэлийн дугаар *******, эзэмших, өргөдлийн дугаар 01110-05-08629-23, бүртгэсэн огноо 2023-12-23, шийдвэрийн дугаар 01110-A/1142/2023, шийдвэрийн огноо 2023-12-28 гэж тус тус заасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Арван зургадугаар зүйлийн 3/-д "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;" гэж, 12/-т "төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;" гэж,
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д "Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.", 6 дугаар зүйлд "Өргөдөл, гомдол гаргагчийн эрх"-ийг зааж өгсний дотор 1/-д гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах; 5/-д төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх гэж, 7 дугаар зүйлд "Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүрэг"-ийг тусгасны дотор 1/-д "иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах;", 2/-т "харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах;", 6/-д "өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх;", 10/-д "өргөдөл, гомдол хүлээн авах үүрэг бүхий ажилтан өргөдөл, гомдлыг тогтоосон хугацаанд нь шийдвэрлэх албан тушаалтанд хүргэх." гэж тус тус заажээ.
Дүүргийн Газрын алба нь 2019 оноос хойш удаа дараа бидний өргөдлийг хүлээж авахгүй, шийдвэрлэхгүй байсан атлаа М.У өргөдлийг 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн, мөн Б.Ж******* өргөдлийг 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн буюу тавхан хоногт шийдвэрлэснээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлалгүй шударга бус, тэгш бус хандаж, хууль дээдлэлгүйгээр бидний асуудалд хандсанд маш их гомдолтой байна.
Мөн Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх ёстой бөгөөд Үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхийг төрийн байгууллага, төрийн албан хаагчид нь хууль бусаар зөрчин саад учруулж байгаад мөн гомдолтой байна.
Бид уг асуудлаар Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Б******* дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт тус тус 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргаж хандахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01-03/5332 дугаар албан бичиг болон 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01-01/5610 дугаартай албан бичгүүдийг бид 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн аваад уг нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр иргэн Б.С Б******* дүүргийн 27 дугаар хороонд байрлах 702 м.кв газрыг, иргэн Х.Чаас Б******* дүүргийн 27 дугаар хороонд байрлах 700 м.кв газрыг тус тус шинээр эзэмших өргөдлийг удаа дараа гаргасаар байтал хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй атлаа 702 м.кв газрыг Б.Ж, 700 м.кв газрыг М.У тус тус эзэмшүүлж шийдвэрлэсэн Б******* дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1142 дугаартай шийдвэрийн Б.Ж, М.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн Б.С, Х.Ч нарын газар эзэмшихээр гаргаж байсан өргөдлүүдийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж бидний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хангаж өгнө үү.” гэв.
3.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь Б******* дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1142 дугаар захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын газар эзэмшихээр гаргаж байсан хүсэлтийг хүлээн авч, бүртгэж өгнө үү гэсэн агуулгатай байгаа. Нэхэмжлэлийн гол зорилго нь төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтийн хүлээж аваагүйтэй холбоотой.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасан байдаг. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. 16.12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
Гэтэл иргэдээс хүсэлт бариад очиход газрын албаны н.Х гэдэг хүн тухайн газрыг нийтээр нь нэг удаа олгоно гэж хэлээд буцаадаг байсан. Тэрнээс биш хорих ангийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа талаар хэлээгүй байдаг. Хууль хэрэгжүүлэх ёстой төрийн байгууллагын анхан шатны нэгж болох дүүргийн Газар зохион байгуулалтын алба иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэхгүй, албан ёсоор бичгээр хариу өгөхгүй байж гуравдагч этгээд нарын хүсэлтийг шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Өмнөх шүүх хуралдаанд гэрч Р.О******* тодорхой тайлбарласан байдаг. Тухайн газар нь хашаалсан байсан нь хавтаст хэрэгт авагдсан агаарын зургаас тодорхой харагдаж байна. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хээрийн судалгаа хийж байх явцад хашаа байгаагүй гэж тайлбарлаж байна лээ. Гэтэл агаар зургаас харахад газар нь хуучин модон банзан хашаатай, дээрээс нь газрыг тэгшилсэн байсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр газрын албаныхан анхнаасаа ажлаа мэдэхгүй байна, шүүх хуралдаанд шүүгчээс сануулсаар байхад хашаагүй байсан, газрыг тэгшлээгүй байсан гээд хариу өгч байгаа нь учир дутагдалтай. Мөн хавтаст хэрэгт байгаа гуравдагч этгээд Б.Ж******* хүсэлт огноо дугааргүй, гуравдагч этгээд Х.У хүсэлтийг бүртгэж авсан бүртгэлийн маягт мөн дугаар, он, саргүй байсан. Гуравдагч этгээд нарын хувийн хэрэг гэдгийг нотлох зүйл байхгүй, утасны дугаар байхгүй учир ямар зорилгоор, яаж газар олгосон гэдэг нь тодорхойгүй. Хэзээ гуравдагч нар хүсэлт гаргасан, хэзээ гаргасан хүсэлтийг бүртгэж авч байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхойлогдохгүй байна.
Бидний маргаан бол Засаг даргын захирамжид Х.У, Б.Ж нарын нэр орохоос гадна энэ хүмүүсийн гаргасан хүсэлт нь ямар юм байна гэж нэхэмжлэл гаргаад байгаа. Нэхэмжлэгч нарын хүсэлтийг байхгүй гэдэг боловч бид хүсэлт гаргах гээд яваад байсныг нотлох гэж байгаа. Мөн хавтаст хэргийн 32 дугаар талд эдлэн газрын тоон бүртгэлийн маягт гэж тусдаа байгаа. Үүнд дээр бас Х.У гарын үсэг байхгүй. Хавтаст хэргийн 47 талд агаарын зураг авагдсан, үүнээс тухайн газар хашаалсан нь тодорхой харагдана. Мөн хэргийн газрын үзлэгийн зургаас хашааны зураг, овоолсон байсан зургуудыг харж болно. Тэгэхээр тухайн газрыг гуравдагч этгээд нар эзэмшихээс өмнө нэхэмжлэгч нар газар эзэмших гээд хөөцөлдөж байсан, хашаалсан байна, хогийг зайлуулж байсан, газрын ковшоор тэгшилж байсан байна гэдэг үйл баримтууд нь хавтаст хэрэгт тодорхой авагдсан байгаа.
Харин эсрэгээрээ гуравдагч нарын хүсэлт яаж 5 өдрийн дотор шийдэгдсэн вэ гэдэг нь учир дутагдалтай. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гуравдагч этгээд нар хэзээ хүсэлт гаргасан, хэзээ гаргасан хүсэлтийг бүртгэж авч байгаа нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын ерөнхий агуулга нь Засаг даргын захирамжийн гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийн хүлээн авахыг даалгах тухай бөгөөд хариуцагч байгууллагын хүсэлтийг авахгүйгээр буцааж байсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
3.3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б******* дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын , ******* дугаартай газрыг Б******* дүүргийн Засаг даргын 2023 оны А/1142 дугаар захирамжаар иргэн М.У, Б.Ж нарын нэр дээр газар эзэмших эрх олгож, гэрээ гэрчилгээ олгосон байна.
Ирг шинээр газар эзэмшүүлэхэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж заасны дагуу тус дүүргийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголоор батлагдсан байршилд дээрх нэгж талбарын дугаар бүхий газрыг хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэнээс төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Хуулийн 6 дугаар зүйлд захиргааны байгууллага өргөдөл, гомдолд хариу өгөх ёстой.
Нэхэмжлэгч нар өргөдөл, гомдол гаргаж байсан гэдэг нотлох баримт гаргаж өгөөгүй. Иргэдийн хувийн өмчид халдсан гэх баримт мөн байхгүй. Нэхэмжлэгч талаас газрыг тэгшилсэн, хашаалсан нь агаарын зургаас харагдаж байна гэж байна. Эндээс газрыг эзэмших эрхгүй этгээд газрыг өөрөөр ашигласан буюу эрхгүй байж газрыг хашаалсан, газарт хүрсэн байна. Газрыг тэгшлэхийн тулд эхлээд зөвшөөрөл авах ёстой.
Гуравдагч этгээдүүд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргаж, 12 дугаар сарын 28-ны өдөр буюу 5 хоногийн дотор шийдвэрлэгдсэн нь хууль бус байж магадгүй гэж тайлбарлаж байна. Өмнөх хуралдаанд үүнтэй холбоотой тайлбараа хэлсэн, нэгээс хоёр хоногийн дотор ч гарах боломжтой. Гуравдагч этгээд нараас хуулийн дагуу гаргасан хүсэлтийг үндэслэж Засаг даргын захирамж гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй байна” гэв.
3.5. Гуравдагч этгээд Х.У итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Б.Ж******* өмгөөлөгч П.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа. Нэхэмжлэгч өөрөө тодорхой үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүнийгээ нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагаас харахад газрын зохион байгуулалтын албыг хариуцагчаар татаагүй, газар зохион байгуулагчийн эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Б******* дүүргийн Засаг даргын А/1142 дугаар захирамжийн гуравдагч этгээдүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бүхий нэхэмжлэл гаргасан байдаг.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Засаг даргын захирамж нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөгөөнд тусгагдсан тухайн үед захирамжийн биелэлт хангагдах боломжтой хууль зүйн үндэслэл бүхий захирамж гарсан байдаг гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Нэхэмжлэгч талаас захирамжийн холбогдох хэсэг яагаад хууль бус вэ гэдгийг нотолсон баримт гаргаж ирээгүй.
Нэхэмжлэгч нар тухайн газарт хүсэлт гаргасан гэдэг боловч хүсэлт гаргаснаа нотолж чадаагүй. Төрийн байгууллага, албан тушаалтны албан хэрэг, төрийн албаны үйл ажиллагаа амаар явагддаггүй, хуульд зааснаар явагдана. Өргөдөл, гомдлын хувьд албан ёсоор бичгээр гаргаснаар процесс явагдаж эхэлнэ. Гэтэл огт бичгээр өргөдөл гаргаагүй байж гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрчээр оролцсон газар зохион байгуулагч н.Билигсайхан тухайн үед амаар хэлсэн өргөдлийг хүлээж авдаггүй байсан, хорих ангийн хамгаалалтын бүсэд багтаж байсан учир хүсэлт авахгүй буцаадаг байсан гэдэг тайлбарыг хэлдэг. Гэтэл нэхэмжлэгч талын хүсэлт гаргасан гэж байгаа 2022 онд н.Билигсайхан нь тухайн хороог хариуцсан газар зохион байгуулагчаар ажиллаагүй, н.Х гэдэг хүн байсан. н.Х нь гэрчийн мэдүүлэг өгөөгүй. Мөн гэрч Р.О******* нь Х.У объект баригдсан маргаан бүхий газарт хүсэлт өгч байсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нар, гэрч Р.О******* нарын хэн нь маргаан бүхий газруудын аль хэсэгт хүсэлт өгч байсан нь тодорхойгүй. Гэрч Р.О******* нь Х.У эзэмшлийн газарт хүсэлт гаргаж байсан нь сүүлд ирсэн баримтуудаас харагдаж байна. Тэгэхээр нэхэмжлэгч нар төрийн байгууллага, албан тушаалтанд бичгээр өргөдөл гаргах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Өргөдлөө бичгээр гаргаагүй байж бидний өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гэж маргаж буй нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт хувийн компаниар хийлгэсэн кадастрын зураг байдаг. Энэ зургаас 2019, 2022 онд хийгдсэн болох нь харагдахгүй, 2024 онд кадастрын зураг хийлгэсэн баримт нь байдаг. Р.О******* гэдэг хүн 2021 онд кадастрын зургаа хийлгүүлж, газрын албанд албан ёсоор өргөдлөө гаргасан байдаг. Р.О******* гаргасан өргөдлийн хариуг хорих ангийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа учраас хүлээн авахгүй боломжгүй гэсэн хариу байдаг. Хавтаст хэрэгт баримтууд нь авагдсан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Хүсэлт гаргаагүй байж тэр газарт хүсэлт амаар гаргасан гэж таамаг дэвшүүлэхгүй. Тэр газар нь 2023 онд нийтэд нээлттэй болсон, хорих ангийн хамгаалалтын бүсээс гарсан гэдгийг мэдэж хүсэлтээ гаргасан гэж гуравдагч этгээд нар тайлбарласан. Тэгэхээр сонирхсон хүн бүхэн хамгаалалтын бүсээс гарсаныг мэдэх боломжтой байсан, тэгш эрхээр хангасан байна гэж үзэж байна. Яагаад 2023 онд хүсэлтээ гаргаж болоогүй юм вэ? Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ нотлогдохгүй байгаа учраас бүхэлд хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн “Б******* дүүргийн Засаг даргын 2023 оны А/1142 дугаар захирамжийн Б.Ж, М.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.С, Х.Ч нараас Б******* дүүрэг, 27 дугаар хороонд байрлах 702 м.кв, 700 м.кв газрыг тус тус эзэмших хүсэлтийг хүлээж аваагүй, буцаасан Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б******* дүүргийн 27 дугаар хороонд байрлах 702 м.кв газрыг иргэн Б.С*******, 700 м.кв газрыг иргэн Х.Ч эзэмших өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Монгол Улсын ирг өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд хот, тосгон, суурин газарт, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших хүсэлт гаргасан газар нь иргэдэд энэ зориулалтаар эзэмшүүлэхээр тухайн нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх тохиолдолд хуульд заасан журмаар гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх ёстой.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар ирг эзэмшүүлж болохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршилд 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар эзэмшихийг хүссэн газрын байршил, хэмжээ, хил зааг, нэгж талбарыг харуулсан кадастрын зургийг хавсарган, эзэмших зориулалтаа заан, газар эзэмших хүсэлтээ гаргасан тохиолдолд 32.4-т зааснаар дүүргийн Газар зохион байгуулалтын алба хүсэлтийг бүртгэж, 32.5-д заасан хүсэлт, хавсаргасан баримт бичиг хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй гэж үзвэл буцааж, бүртгэлээс хасах, дээрх шаардлагыг хангасан гэж үзвэл 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар, түүнчлэн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх шаардлага тавигдахаар хуульчлагджээ.
2. Нэхэмжлэгч Б.С, Х.Ч нараас Б******* дүүрэг, 27 дугаар хороонд байрлах 702 м.кв, 700 м.кв газрыг тус тус эзэмшихээр Газрын тухай хуульд заасан журмаар гаргасан хүсэлтийг Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын алба хүлээж аваагүй, буцаасан гэх эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
2.1. Нэхэмжлэгч нараас 2019, 2022 оны 2 дугаар сар, 2024 оны 1 дүгээр сард дээрх хаягт байрлах газарт газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан талаар нэхэмжлэлдээ дурдсан боловч Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд нэхэмжлэгч нараас гаргасан газар эзэмшихтэй холбоотой аливаа хүсэлт энэ хугацаанд бүртгэгдээгүй байна.
2.2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ 2019 онд газар эзэмшихээр “Г л в” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн гэж тайлбарлан 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үйлдсэн кадастрын зургийг хавсаргаж ирүүлсэн боловч тус шүүхэд “Г л в” ХХК 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/01 дүгээр албан бичгээр тодорхойлсноор маргаан бүхий газар дээр 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хэмжилт хийж кадастрын зураг үйлдсэн, өөрөөр 2019, 2022 онд тухайн байршилд кадастрын зураг хийлгэж байсныг нотлоогүй.
2.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр модон хашааны ул мөр нь нэхэмжлэгч нарыг тухайн газарт эзэмшил үүссэнийг, эзэмших хүсэлтээ Газрын тухай хууль, холбогдох журмын дагуу гаргаж байсныг нотлохгүй.
2.4. Нэхэмжлэгч нар тухайн байршилд газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасан журмын дагуу гаргасан болох нь нэхэмжлэгч нарын хүсэлтээр шүүх мэдүүлэг авсан гэрчүүдийн мэдүүлгээр хөтөлбөргүй нотлогддоггүй.
3. Иймд нэхэмжлэлийн шаардлагадаа үндэслэл болгосончлон захиргааны байгууллага Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж, арванзургадугаар зүйлийн 12-т заасан “Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах”, 7.1.2-т заасан “харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах”, 7.1.6-д заасан “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” үүргээ зөрчсөн гэх, улмаар нэхэмжлэгч нарын Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 3-т заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрх”, арванзургадугаар зүйлийн 12-т заасан “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах”, 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасан “төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх” эрх зөрчигдсөн гэх нөхцөл байдал буюу нэхэмжлэгч нараас тухайн байршилд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан гэх захиргааны байгууллагын эс үйлдэхүй тогтоогдоогүй болно.
4. Б******* дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын , ******* дугаартай газрыг Б******* дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1142 дугаар захирамжаар гуравдагч этгээд М.У, Б.Ж нарт эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль болоод нэхэмжлэгч нарын хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, газар эзэмших эрхийг зөрчсөн гэх нөхцөл, үндэслэл тогтоогдоогүй, тодруулбал Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдад эзэмшүүлсэн, бусдын хүсэлт гаргасан газартай давхцаагүй байна” гэснийг зөрчөөгүй, тус дүүргийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголоор иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр батлагдсан байршилд байхын зэрэгцээ нэхэмжлэгч нарын бүртгэгдсэн хүсэлт байгаагүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын Б******* дүүргийн Засаг даргын 2023 оны А/1142 дугаар захирамжийн Б.Ж, М.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.С, Х.Ч нараас Б******* дүүрэг, 27 дугаар хороонд байрлах 702 м.кв, 700 м.кв газрыг тус тус эзэмших хүсэлтийг хүлээж аваагүй, буцаасан Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б******* дүүргийн 27 дугаар хороонд байрлах 702 м.кв газрыг иргэн Б.С*******, 700 м.кв газрыг иргэн Х.Ч эзэмших өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б******* дүүргийн Засаг даргын 2023 оны А/1142 дугаар захирамжийн Б.Ж, М.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.С, Х.Ч нараас Б******* дүүрэг, 27 дугаар хороонд байрлах 702 м.кв, 700 м.кв газрыг тус тус эзэмших хүсэлтийг хүлээж аваагүй, буцаасан Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б******* дүүргийн 27 дугаар хороонд байрлах 702 м.кв газрыг иргэн Б.С*******, 700 м.кв газрыг иргэн Х.Ч эзэмших өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах Б.С, Х.Ч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА