Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 196

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч  Н.Дамбадаржаа,

шүүгдэгч  О түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан,

хохирогч С.О түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Байгалмаагийн Одончимэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705016800110 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  1995 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ..........дээд сургуулийн ... дугаар курсын оюутан, ам бүл 3, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Байгалмаагийн О

 

Шүүгдэгч  Онь 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кюү” нэртэй караокед С.О-той маргалдан улмаар цохиж зодон С.Оын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай найзын төрсөн өдөр болж байсан. Би найзуудыгаа миний хуучин ажиллаж байсан газар очъё гэж уриалаад 10 дугаар хорооллын Кюү караоке орсон. Бид нар 23 цагийн үе тооцоогоо хийгээд гарах гэтэл надтай хамт ажиллаж байсан Оюука текэн дээр зогсож байсан. Оюука бид хоёр хамт ажиллаж байхдаа үргэлж “ус авчих уу, ус өгчих л дөө” гэх зэргээр тоглодог байсан. Яг тэр үед би Оюукатай “найз нь ганц ус авчих уу, ус авчихъя л даа” гэх зэргээр өмнөх дурсамжаа сэдрээх гээд тоглож байтал хажуугаас Отгонжаргал “би чамд ус өгөхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “уучлаарай би чамтай яриагүй байна” гэж хэлсэн. Тэгээд Оюукатай юм ярьж байтал Отгонжаргал хажуу талаас “ганц ус авчих чадваргүй байсан юм бол, яах гэж архи уудаг юм” гэж хэлсэн. Надад тэр байгууллагаас ус зээлж авах бодол байгаагүй бөгөөд найзтайгаа тоглож харьцаж байсан. Тэгээд тэгэж доромжлуулсан. Мөн би тухайн байгууллагад ажиллахаа больсон байсан ба тухай өдөр үйлчлүүлж байсан. Гэтэл үйлчилж байгаа хүн нь намайг маш бүдүүлгээр доромжилсон. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Манай найз хундаганы үг хэлээд “намайг эхний архийг уучих” гэж хэлсэн. Би маргааш нь зураг авалттай байсан учраас эхний хундага архийг л уусан. Отгонжаргал намайг доромжлоод 00 орохоор нь би дагаж ороод Отгонжаргалын мөрнөөс татаад “чи сая юу гэсэн бэ” гэж асуухад намайг үсдээд доош  дарсан. Надад тэр үед түүний эсрэг үйлдэл хийх ямар ч боломж байгаагүй. Учир нь Отгонжаргал намайг үсдээд доош дарсан байсан. Тэгэж байтал араас Эрдэнэ-Очир болон тухай газрын тогооч, зохион байгуулагч нар орж ирсэн. Эрдэнэ-Очир бид хоёрыг салгаад  намайг гаргасан. Би гадаа гараад Эрдэнэ-Очирт уурлаад “чи найзыгаа хоёр гараас маань бариулчихаад даруулчихлаа, чи миний үсийг хар даа, би маргааш зураг авалттай” гэж хэлээд уйлж байсан. Тэгэж байтал манай зохион байгуулагч гарч ирээд “эгчийн дүү ингээд явчих, энэ хүнд эгч нь арга хэмжээ авна” гэж хэлсэн. Би тэд цамцаа үлдээснээ мэдээд ажилчдын өрөөнөөс цамцаа авах гэж ороход Отгонжаргалын гар салганаад “наад охиноо зайлуул” гээд орилж байсан. Тэгэхээр нь би түүнийг алгадсан. Би Отгонжаргалын араас орж, юу гэсэн бэ гэж лавлах нь миний буруу байсан. Би үнэхээр их гэмшиж байна. Би Отгонжаргалаас олон удаа уучлалт гуйсан. Отгонжаргал намайг “чи хохирлоо барагдуулж чадахгүй гуйлгачин юм байж” гэх зэргээр зөндөө их хэл амаар доромжилсон. Энэ явдлаас хойш 3 сарын дараа надад өргөдөл гарсан талаар мэдэгдсэн. Би мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, цагдаагийн байгууллагын дуудсан цагт очоогүй асуудал нэг ч байгаагүй. Учир нь манай хуучин ажлын газрын бүх хүмүүс миний гэрийн хаяг болон утасны дугаарыг мэдэж байсан. Надад тухайн үед өргөдөл гаргах боломж байсан. Гэхдээ би адилхан эмэгтэй хүмүүс гэж бодсон. Мөн О-ыг хүүхэдтэй гэж сонсож байсан. Миний үс халцарсан байсан ба зураг авалтандаа тен түрхээд орж байсан. Гэтэл би өнөөдөр яллагдагч гээд сууж байна. Миний буруу гэдгийг мэдэж байна. Надад тухайн үед гомдолтой гээд шүүх эмнэлгээр явах бодол байгаагүй. Адилхан муудалцсан байж нэг нь яллагдагч болсон байна. Энэ асуудлыг ийм хэмжээнд очно гэж бодоогүй. Би нэг бус удаа Отгонжаргалаас уучлалт гуйсан. Отгонжаргал надаас 3.000.000-4.000.000 төгрөг нэхэмжилсэн. Би тэр эмнэлэг рүү нь утсаар ярьж сорвийг хэдэн төгрөгөөр арилгадаг талаар асуусан. Тэгтэл зураг аваад ир гэж хэлсэн. Би 10 см 2-3 сорвийг хэдэн төгрөгөөр арилгах вэ гэж асуухад 90.000-120.000 төгрөг болно, хамгийн ихдээ 150.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгэхээр нь хумсны сорви давтан эмчилгээ хийлгэх шаардлагатай юу гэхэд давтан хийлгэх шаардлагагүй гэж хэлсэн. Надад энэ талаар ярьсан дууны бичлэг хүртэл байгаа. Би хэргийн материалаас зургийг нь дараад Төгс ялгуун эмнэлэг дээр хэдэн төгрөгөөр арилгах вэ гэж асуухад 120.000 төгрөг болно гэж хэлсэн. Мөн давтан хийлгэх шаардлагагүй гэж хэлсэн. Отгонжаргал надаас худал баримтаар их мөнгө шаардаж байна. Би өөрийн бурууг 100 хувь хүлээн зөвшөөрч байсан. Энэ явдлаас 4 хоногийн дараа ажил дээр нь уучлалт гуйхаар очиход манай ажлынхантай муудалцаад ажлаасаа хөөгдсөн байсан. Тэрнээс хойш надад О-той холбоо барих боломжгүй болсон. Тэгээд гайгүй байх гэж бодтол 3 сарын дараа цагдаагийн байгууллагаас надтай холбогдож өргөдөл ирсэн талаар хэлсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.О мэдүүлэхдээ: “Би Кюү караокед 11 дүгээр сарын 20-ны өдөр ажилд ороод 11 дүгээр сарын 24-ний өдөр ажлаа хүлээж авсан. Тухайн өдрийн 00 цагт Онайзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд манай ажил дээр ирсэн. Урьд нь 11 дүгээр сарын 21-ний өдөр О-той хамт ажиллахад би нэг давхарт бармен, Охоёрдугаар давхарт зөөгч байсан. Би тухайн үед ажилчид текэн дээр юм яриад байгаад байхаар нь “та нар дээд давхарт гарч ажлаа хийгээч, ингэж байж болохгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд Оуурлах гээд байсан. Ингээд 11 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө ирээд төрсөн өдрийн ширээг засах үед текэнд дээр ирээд надад “чи шинэ ажилтан байж надад юм заах эрхгүй шүү, бид нар хоорондоо ийм байдаг, чиний шинэ байх чинь хамаагүй” гэх зэрэг зүйл хэлсэн. Тэгэхээр нь би “би ажил дээрээ байна, илүү дутуу хэрүүл хиймээргүй байна” гэж хэлээд орхисон. Тэгтэл 2 дахь удаагаа текэн дээр ирээд надад “ус авъя, миний нэр дээр биччих” гэхээр нь би “би бараагаа хүлээн авсан, зээлээр юм өгөхгүй” гэж хэлсэн. Тэгтэл тэгвэл менежерийн нэр дээр биччих гэх зэргээр 2-3 хүнийн нэр хэлсэн. Тэгэхээр нь би боломжгүй гэдгээ хэлээд текний араас гараад ”чи ус авах чадваргүй юм байж яах гэж ус уудаг юм” гэж хэлээд 00 орсон. Гэтэл О00-руу миний араас орж ирээд “чи сая юу гэж хэлсэн бэ” гэхээр нь би хэлсэн үгээ давтаж хэлсэн. Тэгтэл шууд миний зүүн шанаа руу цохисон. Оөөр газраас найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаад манай ажил дээр ирсэн. Тухайн үед Обиеэ авч явах чадваргүй согтуу байсан. Надад Одончимэгт зодуулаад цагдаа дуудах боломж байсан боловч О-н маргааш нь надаас уучлалт гуйх болов уу гэж бодоод эрүүлжүүлэх дуудаагүй. 00 өрөөнд намайг цохихоор нь О-н гарыг барьсан. Би нэг гараараа О-той үсдсэн байсан бөгөөд Оминий хоёр шуунаас базсан байсан. Тэгээд бид хоёрыг хүмүүс орж ирж салгасан. Би түүнд “чи миний гарыг ийм болгочихлоо” гэж хэлэхэд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд намайг ажилчдын өрөө рүү ортол араас орж ирээд намайг өшиглөж үсдсэн. Би “энэ охиноо аваач ээ” гэхэд ажилчид аваад гарсан. Тэгэхээр нь би ажилчдын өрөөний хаалгыг хаагаад сууж байтал нэг зөөгч залуу орж ирэхээр нь би 102 дуудъя гэж хэлсэн. Би гэрийнхэн рүүгээ залгахаар утсыг нь автал гарах ярианы эрх нь хаагдсан байсан. Тэгээд тэр залуу надад гар утас авчирч өгөх гээд би ажилчдын өрөөнд ганцаараа сууж байтал Оцамцаа авна гэж орж ирээд намайг үсдэж бие рүү өшиглөсөн. О-н найзууд түүнийг аваад гарсан. Коридорын камерын бичлэгт бичигдсэн байгаа. Онэг эмэгтэй найзтайгаа орж ирсэн. Тэгэхэд би цаад талын караокены өрөөнд ороод дотроосоо хаалгаа хаасан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би эгч рүүгээ залгаад 3 цаг 30 минутын орчимд ирсэн. Би хамт ажилладаг хүмүүсийнхээ хажууд элдвээрээ дуудуулаад Одончимэгт зодуулсан учраас үргэлжлүүлэн ажиллах хэцүү байсан учраас өөрөө хүсэлтээрээ ажлаасаа гарсан. Тэрнээс биш асуудал гаргаж халагдаагүй. Онадаас уучлалт гуйгаагүй. Би тухайн үед Одончимэгт “би цагдаагийн байгууллагад хандана” гэж хэлж байсан. 2 дугаар сард цагдаагийн байгууллагаас дуудахад О-той уулзаад хохирлын талаар хэлсэн. Би бие махбодь, сэтгэл санааны хувьд гомдолтой байна. Компьютер томографийн зураг авахуулсан 198.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 500.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, 2 шуундаа лазер эмчилгээ хийлгэсэн 3.000.000  төгрөг нийт 3.706.000 төгрөг нэхэмжилж байна. Надад учирсан хамрын таслагчийн мурийлтыг цаашид эмчлүүлнэ. Зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтлийг эмчлүүлж чадаагүй байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Онь 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кюү” нэртэй караокед С.О-той маргалдан улмаар цохиж зодон С.Оын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч С.Оын “Би 2017 оны 11 дүгээр сарын 20-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Q” караокед барменаар ажилд орсон юм. 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад намайг караоке дээрээ ажиллаж байхад манайд зөөгч хийж байгаад чөлөө авсан байсан Одноо гэх охин гаднаас 1 эрэгтэй, эмэгтэйтэй орж ирээд 4 номерын караокены өрөөнд орж үйлчлүүлж байгаад текэн дээр ирээд надад хандаж чи ажилд орчихоод бид нарт заах шаардлага байхгүй, бид нар өөрсдөө ажлаа мэднэ гэхээр нь би хэл ам хиймээргүй байна, би ажлаа хиймээр байна, чамд таалагдах гэж би энэ байгууллагад ажиллаагүй гэсэн юм.

... Гэтэл удалгүй Одноо дахиж текэн дээр хүрч ирээд ус захиалахаар нь би мөнгөө өг гэсэн чинь над дээр биччих гэсэн юм. Тэгэхээр нь би бараа материалаа хүлээж авсан болохоор би зээл өгөхгүй гэсэн чинь чи тэгвэл менежер дээр биччих гэхээр нь би үгүй л гэсэн юм. Тэгсэн Одноо надаас ус нэхээд зогсоод байхаар нь ганц ус авч чадахгүй байж юугаа хийж ус уудаг юм бэ гэж хэлчихээд бие засах гээд 00-ын өрөө рүү орсон чинь Одноо араас нойл руу орж ирээд намайг шууд зүүн талын шанаа руу цохиод хамар луу минь цохихоор нь би болиулах гээд Одноогийн хоёр гарны бугуйнаас нь хоёр гараараа бариад автал миний хоёр гарын шууг хумсаараа чимхэж маажихаар нь би үсдээд дарж байхад гаднаас зөөгч, менежер, Одноотой хамт явсан найзууд нь орж ирж бид хоёрыг салгасан юм. ... Би маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14689 дугаартай:

“1. С.О-н биед хамрын таславчийн мурийлт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Эрдэнэ-Очирын “2017 оны 11 дүгээр сарын сүүлээр байсан шиг санаж байна. Өдрийг нь сайн санахгүй байна. Манай найз Баасанжавын төрсөн өдөр болсон юм. Одончимэг, Баасанжав бид гурав 10 жилийн нэг сургуулийн найзууд юм. ... Текний өөдөөс харсан нойл руу Отгонжаргал ороод араас нь Оорчихоор нь би араас нь орсон. Гэтэл Отгонжаргал гэх охин нь Одноог үсдчихсэн хараал хэлээд байж байсан. Би тэгэхээр нь салгаад тэр Отгонжаргал гэх охиныг эргүү юм уу гэхэд Онадад уурлаад байсан. ...Тэгтэл Отгонжаргал Одноо хоёр дахиж хэрэлдээд Отгонжаргал Одноогийн өөдөөс орилоод байхаар нь Одноо очоод нүүр лүү нь алгадчихсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 35-36 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.О-н яллагдагчаар өгсөн “Би О-той текэн дээр муудалцаад хэл амаар доромжлоод нойлын өрөө рүү орчихоор нь би араас нь орсон. Би цаашаа харсан байхаар нь гарнаас өөр лүүгээ татаад чи сая юу гэж хэлсэн бэ гэж намайг доромжилсон яриаг нь лавлаж асуусан. Тэгтэл Отгонжаргал намайг үсдээд доошоо дарсан. Тэр үед Эрдэнэ-Очир гэх найз болиулсан юм. 

... Гараад гадагшаа гараад явах гэж байгаад ажилчдын өрөөнд цамцаа үлдээснээ санаад буцаж ажилчдын өрөөнд ороход Отгонжаргал байж байсан. Ажилчдын өрөөнөөс би цамцаа авах гэтэл Отгонжаргал намайг наадахаа зайлуул гэхээр нь би Отгонжаргалын хөл рүү нь өшиглөсөн шиг санаж байна. Намайг үсдэх гэхээр нь би гарыг нь барьж байгаад хацар луу нь нэг удаа цохичихсон юм. Тэгээд би тэндээс цамцаа аваад гарсан. Тэгээд л би явчихсан. Зүс таньдаг байгаа. Намайг ажлаас гардаг өдөр бармены дагалдангаар ажилд орж байсан. Нэг өдөр хамт ажилласан байгаа. Өс хонзон өр авлага байхгүй ээ” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Онь С.О-ыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Хохирогч С.О нь шүүгдэгч Б.Оээс “комьпютер томограф авхуулсан төлбөр 198.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, шинжилгээ хийлгэхэд төлсөн 8.000 төгрөг, лазер эмчилгээ хийлгэсэн 3.000.000 төгрөг” нийт 3.706.000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хохирогч С.О нь “Энхрий” гоо сайханы салонд лазер эмчилгээнд төлсөн төлбөрийн баримт болох “Бэлэн мөнгөний зарлагын 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2.000.000 төгрөгийн, 2018 оны 01 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн баримтууд” нь /хэргийн 10, 11 дүгээр хуудас/ тухайн байгууллагад орсон орлого биш харин уг байгууллагаас зарлага гарсан гэж үзэхээр баримтууд байна.

Иймд энэ баримтуудыг үндэслэж төлбөр гаргуулах боломжгүй юм.

 

Нөгөөтэйгүүр “Энхрий” эмчилгээний салоны захирал Д.Пүрэвжаваас гаргасан тодорхойлолтод “Отгонжаргал нь 19 ширхэг сорвинд гоо сайхны лазер эмчилгээ хийлгэсэн нь үнэн болно” гэжээ.

Харин хохирогч С.Оын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэг хэсэгт: зүүн шууны доод хэсэгт 2,5х0,2 см, 0,5х0,4 см, 0,3х0,3 см, 0,2х0,2 см, 0,2х0,2 см, баруун шууны доод хэсэгт 4,0х0,3 см, нийт 6 ширхэг зулгаралттай гэсэн нь хохирогчийн 19 ширхэг сорвинд эмчилгээ хийлгэсэн гэсэнтэй зөрүүтэй байх тул эмчилгээнд төлсөн гэх 3.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэж тооцоо гаргах боломжгүй байна.

 

Мөн хохирогч С.О нь өмгөөлөгчид төлсөн 500.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж нэхэмжилж байгаа боловч энэ мөнгө нь өмгөөлөгч түүний үйлчлүүлэгч нарын хоорондоо хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлс байх тул өмгөөлөгчийн зардалд тооцох боломжгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “ ... өмгөөлөгчид төлөх зардал” гэдэг нь өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцдаа өөрөөсөө гаргасан зардлыг ойлгох бөгөөд хэрэгт өмгөөлөгч ямар нэгэн зардал гаргасан талаар баримт байхгүй байна.

Өмгөөлөгчийн зардалд түүний үйлчлүүлэгчээс нь түүнд төлсөн хөлс хамаарахгүй юм.

 

Харин хохирогч С.О нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Шүүгдэгч Б.Оээс “хохирогчийн комьпютер томографи авхуулсан төлбөр 198.000 төгрөг, шинжилгээ хийлгэхэд төлсөн 8.000 төгрөг” нийт 206.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Од олгуулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Обаривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Б.О450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

  

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Боржигон овогт Байгалмаагийн О-той хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Оторгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Оторгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Обаривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Оээс 206.000 /хоёр зуун зургаан мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Од олгож, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогч С.О нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Оавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.