| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00033/и |
| Дугаар | 318/ШШ2025/00250 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 318/ШШ2025/00250
Нэхэмжлэгч: УАПГ,
Хариуцагч: Д.О-дхолбогдох,
Төрд учруулсан гэм хорын хохирол 18,732,565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч УАПГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Д.О, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам, иргэдийн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УАПГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “....Төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, чөлөөлсөн, өөр албан тушаалд шилжүүлсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс тус прокурорын газарт ирүүлснийг хүлээн авч Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан. УД ББН-ийн дарга Д.Оийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ч.Тийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тус эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажпаас чөлөөлсөн байна. Ч.Т нь тус тушаалыг эс зөвшөөрч, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00430 дугаартай шийдвэрээр нэхэмжпэгч Ч.Тийг урьд эрхэлж байсан ажилд нь буюу УД БНН-ийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ч.Тт ажилгүй байсан хугацааны цалин 18.732.565 / арван найман сая долоон зуун гучин хоёр мянга таван зуун жаран таван/ төгрөгийг УД ББН-ийн төсвөөс нөхөн төлж барагдуулсан байна. Иймд УД ББН-ийн төсвөөс ажилтан Ч.Тт шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр олгосон ажилгүй байсан хугацааны цалин 18.732.565 / арван найман сая долоон зуун гучин хоёр мянга таван зуун жаран таван/ төгрөг нь төрийн хөрөнгө юм. Эрх бүхий албан тушаалтан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас ажилтны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол буюу хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, нөхөх олговрыг иргэн, хуулийн этгээдээс төлсөн татвараас бүрдэх төсвийн хөрөнгөнөөс нөхөн төлж арилгаснаар төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.., мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1,498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус зохицуулсан. Иймд эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас ажилтанд учруулсан хохирлыг төрийн хөрөнгөөр нөхөн төлж, уг гэм хорын хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах үндэслэл бий болсон байна. Иймд төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулахад эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас төрд гэм хорын хохирол учирсан, уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Д.Оэс төрд учруулсан гэм хорын хохирол 18.732.565 /арван найман сая долоон зуун гучин хоёр мянга таван зуун жаран таван/ төгрөгийг төгрөгийг гаргуулан, тус өрхийн эмнэлэгийн дансанд нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргав” гэжээ.
Нэхэмжлэгч УАПГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, чөлөөлсөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн. УАПГ уг албан бичгийн дагуу Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсэгт заасныг баримтлан нотлох баримт цуглуулах ажиллагаа хийж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. УД Н ББН-ийн дарга Д.Оийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ч.Тийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тус эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн. Ч.Т нь УД Н ББН-ийн дарга Д.Оийн тушаалыг эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 430 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Тийг урьд эрхэлж байсан ажилд нь тогтоож шийдвэрлэсэн. Улмаар Ч.Т нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 32,574,965 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг мөн гаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 00176 дугаартай шийдвэрээр хариуцагч УД ББН-ээс Ч.Тийн 2022 оны 02 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 22,063,459 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тт олгохоор, 2022 оны 02 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч УД ББН-д даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхээс 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 00014 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтад өөрчлөлт оруулах магадлал гарсан. 22,063,459 төгрөгөөс 18,482,204 төгрөгийг УД Н ББН-аас гаргуулж, Ч.Тт олгуулахаар өөрчлөлт оруулсан. Бусад заалтыг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ч.Т ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 18,732,565 төгрөгийг УД ББН нь төлж барагдуулсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Өрхийн эрүүл мэндийн төв нь хот суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна гэж заасан. Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/320 дугаартай тушаалаар баталсан өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 6.1-д төвийн төсөв нь улсын болон эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэхээр хуульчилсан. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт улсын төсөв гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг, мөн хууль зүйлийн 4.1.51 дэх хэсэгт эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв гэж Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг ойлгоно гэж тус тус заасан. Өрхийн эрүүл мэндийн төв нь хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байх боловч түүний санхүүжилт нь улсын болон эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрддэг. Эмч ажилтнууд нь төрөөс цалин авдаг. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ч.Тт ажилгүй байсан хугацааны цалин болох 18,732,565 төгрөгийг УД Н ББН-ээс Ч.Тт олгосон. Эрх бүхий албан тушаалтан нь албан үүргээ зөрчиж хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас ажилтны хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн. Нөхөн олговор хэлбэрээр олгосон цалин хөлсийг иргэн, хуулийн этгээдийн төлсөн татвараас бүрдэх төсвийн хөрөнгөөс нөхөж төлсөн. Тиймээс нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорыг хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч өөрөө хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.4, 498.2 дахь хэсэгт заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн үйлдлээр гэм хор учруул учруулсан бол гэм хорыг арилгасан нь байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардах гаргуулах эрхтэй гэж тус тус заасан. УД ББН-ийн захирал Д.Оийн буруутай шийдвэрийн улмаас учруулсан хохирлыг төрийн хөрөнгөөр нөхөн төлж уг хохирол төлөгдсөн байх тул гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах нь үндэслэл бүхий байна. УД ББН нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байх боловч хууль бус шийдвэр гаргасан Д.О нь тухайн Нийн дарга болох нь тогтоогдсон. Тиймээс Нийн бусад гишүүд нь шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй. Иймд Д.Оэс төрд учирсан гэм хорын хохирлоос 18,732,565 төгрөгийг гаргуулан тус өрхийн эмнэлгийн дансанд нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Хариуцагч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь өрхийн эрүүл мэндийн Н нь Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Увс аймгийн Засаг даргатай гуравласан гэрээ байгуулж ажилладаг. Манай байгууллага нь төрийн байгууллага биш, төрөөс цалинждаггүй. Нийн гишүүдийн ажилласан жил төрийн алба хаасан хугацаанд тооцогддоггүй. Манай өрхийн эрүүл мэндийн төв нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлснийхээ хөлсийг авдаг хувийн хэвшлийн байгууллага. Миний бие Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Увс аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би болон манай байгууллагын албан хаагчид төрийн албан хаагч биш. Манай өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид төрийн албан хаагчид тооцогдож, төрийн албан хаагчийн программд бүртгэгддэггүй. УД Н нь гүйцэтгэлийн санхүүжилт буюу эрүүл мэндийн даатгалаас худалдаж аваад байгаа санхүүжилт болон дөрвөн багц тусламж үйлчилгээ зэрэг 2 төрлийн санхүүжилтээр санхүүждэг. Тухайн санхүүжилтийг Нийнхөө хүрээнд бүрэн зарцуулах эрхтэй. Жишээлбэл манай байгууллага 2024 оны 01 дүгээр сарын байдлаар сард 33,000,000 төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалаас авсан. Төрийн байгууллагуудад нийгмийн даатгал, татвар зэрэг нь тогтсон дүнгээр санхүүждэг бол манай байгууллагын санхүүжилт нийт дүнгээрээ бодогдож, тухайн санхүүжилтээс хэдэн хувь нь нийгмийн даатгал, татвар цалин зэргийг хэд байхыг Нийн гишүүдээрээ шийдвэрлэдэг. Санхүүжилт төрийн сангаар ордоггүй. Арилжааны банкаар ордог. Манай байгууллагын ажилчдыг чөлөөлөх эрх ганц надад байхгүй. Нийн гишүүд нэгдэж Ч.Тийг ажлаас чөлөөлсөн. Ч.Тт олгосон 18,732,565 төгрөгийг төрд учирсан хохирол гэж үзэхгүй байгаа. Манай байгууллага нь төрийн байгууллага биш, ашгийн төлөө байгууллага учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн эхний хэсэгт төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэх агуулгатай байдаг. Д.О нь төрийн албан хаагч биш. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1 дахь хэсэгт төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг үндэслэж, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан талаараа тайлбарлалаа. Эрүүл мэндийн төвийн дүрэмд Нийн 11 гишүүний хуралдаж гаргасан хурлын протокол нь Нийн удирдлагын шийдвэр юм гэж заасан. Шүүх хуралдаан эхлэхэд миний зүгээс нотлох баримтаар Нийн гишүүдийн хурлын протоколыг эх хувиар нь гаргаж өгсөн. Гэм хорыг Н арилгасан. Прокурор арилгаагүй. Магадгүй төрийн албан хаагч болоод төрийн албан хаагчийнхаа хувьд хохирол учирсан гэж үзэж байгаа бол прокурорын дүгнэлт гаргах эрхтэй. Нийн удирдлага буюу нийт гишүүд нь даргаасаа манай Нд ийм хохирол учирлаа гэж нэхэмжлэх ёстой. УД Нийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэрээний үндсэнд үзүүлдэг субъект. Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт ашгийн төлөө хуулийн этгээдийг Н, компани хэлбэрээр байгуулна гэж заасан. Н нь төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлснийхээ төлөө төрөөс гэрээний үндсэн дээр худалдан авч байгаа төлбөрөөрөө ашгаа хүртэж ажилтнуудаа цалинжуулаад бусад урсгал зардлуудаа өөрсдөө хариуцаж байгаа. УД Н ББН-ийн санхүүжилт төрийн сангаар гүйлгээ баталгаажиж, батлагддаггүй. Арилжааны банкаар санхүүжилт орж ирдэг. Уг Нөөс нэхэмжлэхээ явуулдаг. Нэхэмжлэхийнх нь дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр нь орж ирдэг. Жилийн эцэст үлдэгдэл хэмнэлт хөрөнгө нь улсын төсөв рүү татагддаггүй, үлддэг. Нийн гишүүд ашигтай ажилласан үлдэгдэл хөрөнгөөрөө тухайн эрүүл мэндийн төвдөө машин авах, үйл ажиллагаагаа сайжруулж, засвар үйлчилгээ хийлгэх нь Нийн асуудал. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт өрхийн эрүүл мэндийн төв нь хот суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага юм. Санхүүжилт улсын төсвөөс гарч байгаатай маргахгүй байгаа. Хамгийн гол нь төрийг төлөөлж, хувийн ашгийн төлөө Нтэй гэрээ байгуулагдсан. Улсаас танай байгууллага Увс аймгийн Улаангом сумын тодорхой хэдэн багуудын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлээд өг бид шаардагдах цалин хөлс, урсгал зардал, барилга байгууламжийг нь орон нутгаас ерөнхийдөө хариуцъя гэх агуулгаар гэрээний дагуу гэрээнийхээ үүргээ биелүүлж төлбөрийг өгч байгаа. Нөөс иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээг 1 жилд хоёр удаа дүгнэж хангалтгүй байвал гэрээг цуцлах эрхтэй. Гэрээний дагуу төлбөрөө авсан байхад авсан төлбөрийг нь төрийн хөрөнгө гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Нэгэнт төр болон хувийн хэвшлийн хооронд байгуулсан гэрээний дагуу шилжиж ирсэн хөрөнгийг зорилтот чиг үүргийнхээ дагуу иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг нь үнэ төлбөргүй үзүүлж байгаа. Тухайн үйл ажиллагаагаа төрийн аудитын газраас шалгалт хийсэн зөрчилгүй гэх дүгнэлт гаргасан. Миний хувьд дотоод аудитын албанд ажиллаж байсан. Төрийн аудитын газар нь төрд учирсан хохирол гэж үзэх юм бол дотоод аудит руу акт тавиарай гэх албан шаардлагыг ирүүлдэг. Дотоод аудитын газраас төрд гэм хор учруулсан гэж үзэж байвал актыг нь тавьдаг. Ашгийн төлөө байгууллагад төрийн аудит хийгддэг. Шалгалт хийгээд акт тавиагүй. Төрийн албаны тухай хуулийн 51, 52 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлснийг шүүх тогтоосон тохиолдолд цалинг буруутай этгээдээс нэхэмжлэх ёстой. Төрийн албаны зөвлөл Н, өрхийн эрүүл мэндийн төв ямар журмаар, яаж ажилладаг, ажилчид нь төрийн албан хаагч мөн эсэх гэдэгт дүгнэлт хийхгүйгээр прокурорын байгууллага руу албан бичиг явуулсан. Прокурорын байгууллага нь холбоотой хэдэн нотлох баримт цуглуулаад нэхэмжлэл гаргасан. Тиймээс миний зүгээс нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн прокурор нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг үндэслэж байгаа нь үндэслэлгүй байна. Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээ үндэслэсэн бол хариуцагчаа зөв тодорхойлсон байна гэж үзнэ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж байгаа. Нэхэмжлэгч дээрх зүйл заалтаар нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд прокурор нэхэмжлэл гаргах эрхгүй. Ажил олгогч буюу Н өөрөө буруутай этгээд буюу Д.Оэс нэхэмжлэх боломжтой. Мөн хуулийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан. Төр хариуцан арилгасан тохиолдолд гэм буруутай этгээдээс төрийн нэрийн өмнөөс прокурор нэхэмжлэх эрхтэй. Миний зүгээс прокурорыг төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэх эрхтэй гэдэгтэй санал нэгдэж байгаа. Харин энэ тохиолдолд төрийн нэрийн өмнөөс биш, төр хохирсон эсэх асуудал яригдаж байгаа. Хариуцагч болон Ч.Т төрийн албан хаагч биш. Нийн 11 гишүүн хөдөлмөрийн гэрээгээр ямар ч хүнийг бүтэц орон тоондоо багтааж ажилд авч, чөлөөлж болно. Д.Оийг шууд санаатайгаар эсвэл илтэд болгоомжгүйгээр УД эрүүл мэндийн төвд хохирол учруулсан гэх үндэслэл тодорхойгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинг Нөөсөө олгосон асуудал юм уу? эсвэл ажлаас чөлөөлсөн нь юм уу? Д.Оийн хувьд анхнаасаа Ч.Тийг ажиллуулахгүй байж үргүй зардал гаргахыг мэдэж үйлдээгүй. Ажилтныг ажлаас чөлөөлөхийг анхнаасаа хүссэн тухайн, хүсэлдээ хүрэхийн тулд баримтлах ёстой хууль дүрэм, журам албан тушаалын тодорхойлолт зэргийг илтэд зөрчихийг санаатай үйлдлээр хохирол учруулсан гэж үзнэ. Гэтэл хариуцагчийн хувьд санаатай үйлдсэн байх нь нотлогддоггүй мөн илтэд болгоомжгүй гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хувьд илтэд болгоомжгүй гэж үзэж байгаа бол шууд санаатай гэм хор учруулсан гэж үзэж учирсан хохирлыг нэхэмжлээд байгаа нь тодорхой бус байна. Прокурор нэхэмжлэлдээ шаардах эрхийн үндэслэлээ нарийвчлан сонгох ёстой. Хэрвээ шууд санаатай гэж үзсэн бол яагаад, ямар учраас шууд санаатай гэж үзсэн юм. Илтэд болгоомжгүй гэж үзсэн яагаад, ямар үндэслэлээр гэдгээ тайлбарлах ёстой. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуульч Caspar Rudolph Ritter von Jhering хариуцлагыг тодорхой үндэслэлээр хязгаарлаж хэт өргөжүүлэхээс сэргийлэх нь зүйтэй гэж үзэн энэ талаарх дараах байр дараах байдлаар тайлбарласан байдаг. Хэрэв хүнийг хүн бүрийг санаатай үйлдсэн буруу зүйлийнх нь төлөө бус гэрээний харилцаанаас үүсээгүй атал хайхрамжгүй гаргасан бүх алдааных нь төлөө хариуцлага хүлээлгэх бол ямар үр дагаврыг үүсгэхийг бид нар бодолцох ёстой гэж алдаатай илтгэл хоосон цуурхал худал тайлагнал, муу зөвлөгөө, тааруу шийдвэр ажил олгогчийн үнэнд нийцээгүй тодорхойлолт, зам асууснаа илт буруу чиглэл өгөх зэрэг бүх төрлийн зөрчлийг санамсаргүй гаргасан эсэхээс үл хамааран бүх хохирлыг хариуцна гэж тайлбарласан. Анхны саналаа дэмжиж байна” гэв.
Нэхэмжлэгч талаас УАПГаас Х.Эд олгосон итгэмжлэл, Д.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00176 дугаартай шийдвэр, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 224/МА2023/00014 дугаартай магадлал, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 224/МА2022/00022 дугаартай магадлал, Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 24210011 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 152/ШХ2023/00230 дугаартай гүйцэтгэх хуудас, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23210567/01 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, УД ББН-ийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай хүсэлт, УД өрхийн эрүүл мэндийн төвийн төсвийн гүйцэтгэлийн зарлагын 01 дүгээр сарын мэдээ, Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Ч.Тээс Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлт, УД ББН-ийн үүсгэн байгуулагчийн мэдээлэл, УД Нийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай албан бичиг, Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/244 дугаартай албан бичиг, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт, төлбөрийн даалгавар 00001961, 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 4/186 дугаартай тогтоол, Д.Оийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, УАПГ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, УАПГ 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Ц-1/419 дугаартай албан бичиг, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаартай албан бичиг, УД өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны гэрээ, 2024 оны гэрээ, УД өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны санхүүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн УВА-2025/007/НА-МТА-ТА3 дугаартай дүгнэлт, УАПГ 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Ц-1/629 дугаартай итгэмжлэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Н үүсгэн байгуулах гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн УВ-05/238 дугаартай эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай албан бичиг,2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны гаргасан дүгнэлтийг танилцуулах хурлын тэмдэглэл, УД өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нэхэмжлэх, УД өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэх, мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал, УД ББН-ийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 15-ний өдрийн албан бичиг, тус Нийн бүх гишүүдийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч УАПГ итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.Оэс хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 18,782,565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1. Хариуцагч Д.О нь УД Н ББН-ийн даргаар ажиллаж байхдаа тус өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлэгчээр ажиллаж байсан Ч.Тийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай шийдвэр гаргажээ. Түүний шийдвэр хууль бус болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх бөгөөд иргэн Ч.Тт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,732,565 төгрөгийг УД Н ББН-ийн төсвөөс олгосон байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна гэж заасан. УД Н ББН нь Увс аймгийн Засаг дарга болон Увс аймгийн Эрүүл мэндийн газартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай гурвалсан гэрээ байгуулан ажилладаг байгууллага байна. Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/320 дугаартай тушаалаар баталсан өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 6.1-д төвийн төсөв нь улсын болон эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэхээр хуульчилсан. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт улсын төсөв гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг, мөн хууль зүйлийн 4.1.51 дэх хэсэгт эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв гэж Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг ойлгоно гэж тус тус заасан. Өрхийн эрүүл мэндийн төв нь хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн үүрэг бүхий, сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байх боловч түүний санхүүжилт нь улсын болон эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрддэг. Эмч ажилтнууд нь төрөөс цалин авдаг.
Иймд хариуцагч Д.Оийн хууль бус шийдвэрийн улмаас УД Н ББН-ийн төсвөөс 18,732,565 төгрөгийг Ч.Тт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт олгосон нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан шинжтэй байна.
2.2. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорыг хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч өөрөө хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.4, 498.2 дахь хэсэгт заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй гэж тус тус заасан. УД Н ББН-ийн дарга Д.Оийн буруутай шийдвэрийн улмаас учруулсан хохирлыг төрийн хөрөнгөөр нөхөн төлж, уг хохирол төлөгдсөн байх тул гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах нь үндэслэл бүхий байна. УД Н ББН нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байх боловч хууль бус шийдвэр гаргасан Д.О тухайн Нийн дарга болох нь тогтоогдсон. Тиймээс Нийн бусад гишүүд нь шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй. Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж УАПГ нь хариуцагч Д.Оэс гэм хорын хохирол18,732,565 төгрөгийг гаргуулан тус өрхийн эмнэлгийн дансанд нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан гэв.
3. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.
3.1. УАПГрыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Учир нь, УД Н ББН нь төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг хувийн хэвшлийн хуулийн этгээд. Хэрэв УД Н ББН-д хохирол учирсан гэж үзвэл тус Нийн гишүүдэд хохирлоо нэхэмжлэх эрх нь байгаа. Мөн УД Нийн ажилчид нь төрийн албан хаагч биш юм. Хэрэв төрийн албан хаагч байсан бол УАПГ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байж болох юм.
3.2. УД Н нь төрийн зарим үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлсний төлөө буюу иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсний төлөө гэрээний дагуу төрөөс санхүүжилт авдаг. Энэ санхүүжилтийг төсвийн хөрөнгө гэж үзэхгүй, харин хувийн хэвшлийн хуулийн этгээд үйлчилгээ үзүүлсний төлөө олсон орлого юм. Иймд төсвийн хөрөнгөөр хохирол арилгасан гэж үзэх боломжгүй.
3.3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар аливаа этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрх үүснэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариуцагч Д.Оийг гэм буруугийн шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй хэлбэрээр хохирол учруулсан гэж үзэж байгаа үндэслэл нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Оийг гэм буруугийн шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй хэлбэрээр хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. УД Н ББН нь 2002 онд үүсгэн байгуулагдаж, 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд хариуцагч Д.О нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус Нийн даргаар бүртгүүлжээ. Тус Нийн гишүүдээр хариуцагч Д.О нарын 11 иргэн ажилладаг байна.
УД Н ББН нь 2023, 2024 онуудад хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай байгуулжээ.
4.2. Хэрэгт авагдсан Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 224/МА2022/00022 дугаартай магадлалаас үзвэл, хариуцагч Д.О нь УД Н ББН-ийн даргаар ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тушаалаар тус өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлэгч ажилтай Ч.Тийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.
Хариуцагчийн дээрх шийдвэр хууль бус болохыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00430 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 224/МА2022/00022 дугаар магадлалаар тус тус тогтоосон ба дээрх шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.3. Ч.Т нь ажилд эгүүлэн тогтоох тухай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, урамшуулалд 32,574,965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 224/МА2023/00014 дүгээр магадлалаар нийт 18,482,204 төгрөгийг хариуцагч УД Нөөс гаргуулж, Ч.Тт олгож, үлдэх 14,092,761 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэр, магадлалын дагуу УД Н ББН-өөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 18,732,565 төгрөгийг албадан гаргуулж, 250,361 төгрөгийг Төрийн санд, 18,482,204 төгрөгийг Ч.Тт олгожээ.
5. Зохигчид УД Н буюу өрхийн эрүүл мэндийн төсвөөс 18,732,565 төгрөгийг Ч.Тт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт олгосон үйл баримтын талаар маргаагүй.
Харин зохигчид УД Н ББН-ийн төсвийг улсын төсвийн хөрөнгө гэж үзэх эсэх буюу төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан эсэх, нэхэмжлэгч УАПГ нь хариуцагч Д.Оэс гэм хорын хохирол шаардаж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, хариуцагч Д.О нь гэм буруугийн шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй хэлбэрээр УД Н ББН-д гэм хор учруулсан эсэх талаар маргаж байна.
6. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэж заажээ.
УД Н ББН нь Нийн хэлбэрээр зохион байгуулагдсан ашгийн төлөө хуулийн этгээд боловч төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэгч болохын хувьд санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжилт тооцож олгох арга, төсвийг төлөвлөж, хяналт тавихтай холбоотой харилцааг Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм, өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гэрээгээр тус тус нарийвчлан зохицуулжээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, Засгийн газрын тусгай сан болон аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээ, бусад үйл ажиллагааны орлого, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ” гэж заажээ.
Өрхийн эрүүл мэндийн төвд олгох улсын төсвийн санхүүжилт гэдэгт Эмнэлгийн тусламж, үйличлгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан зардлын санхүүжилтийг ойлгох бол эрүүл мэндийн даатгалын санхүүжилтыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасан тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар тооцож, эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор байна.
Мөн хариуцагч Д.О нь УД өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан Ч.Тийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үед буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ээр нарийвчлан зохицуулж байсан бөгөөд тус дүрмийн 4.1 дэх заалтад “Төвийн санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ” гэж заажээ.
Түүнчлэн, Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 4.2-т “Төвийг Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай, Төсвийн тухай хууль, түүнийг дагаж гарсан тогтоол, тушаал, шийдвэрийн дагуу санхүүжүүлж, хяналт тавина” гэж заасан байна.
Дээрх зохицуулалтаас үзвэл, өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон холбогдох журамд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өрхийн түвшинд үзүүлэхээр эрх бүхий этгээдүүдтэй гэрээ байгуулдаг бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг байна.
Иймд өрхийн эрүүл мэндийн төвийн төсөв нь тус өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээ үзүүлэх хүрээний иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй, тасралтгүй хүргэх зорилгоор гэрээний дагуу олгогдож байгаа төсвийн хөрөнгө гэж дүгнэх үндэслэлтэй ба уг мөнгөн хөрөнгийг УД Н ББН-ийн үйл ажиллагааны орлого буюу тус Нийн дарга, гишүүд өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй гэж дүгнэх боломжгүй.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т нийтийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэл гэж тодорхойлжээ.
Хариуцагч Д.О нь хуульд заасны дагуу төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэж байгаа Н буюу өрхийн эрүүл мэндийн төвийн даргын хувьд хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж, улсын болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлсэн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулж, хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй, шуурхай хүргэх үүрэгтэй.
Гэвч хариуцагч Д.О нь хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй, тасралтгүй үзүүлэхэд зориулж УД Н ББН-д гэрээний дагуу шилжүүлсэн төсвийн мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөрийн хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсан болох нь Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/244 дугаартай албан бичиг, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт, төлбөрийн даалгавар 00001961, 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 4/186 дугаартай тогтоол зэрэг баримтуудар тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн дээрх үйлдэл нь УД Н ББН-өөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авдаг иргэдийн өрхийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай авах эрхийг хөндсөн байна.
Түүнчлэн, Баян жанжин хишиг аудит ХХК нь УД Н ББН-ийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, аудитын тайлангийн 4.2.2-т “Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 224/МА2023/00014, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 224/МА2023/00023 шүүхийн шийдвэрийг үндэслэн 2 ажилтны ажилгүй байсан хугацааны цалин, шимтгэлд 41,245,200 төгрг төлж төрд хохирол учруулсан байна” гэжээ.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.Оийн үйлдлийн улмаас нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, УД Н ББН-ийн дарга Д.Оийн хууль бус шийдвэрийн улмаас Ч.Тт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,732,565 төгрөгийг УД Н ББН-ийн төсвөөс олгосон байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар УД Н ББН нь хариуцагч Д.Оэс гэм хорын хохирол шаардах эрхтэй байна.
Гэхдээ хариуцагч Д.О нь 2019 оноос хойш УД Нийн даргаар ажиллаж байгаа бөгөөд тус Нийн бусад гишүүд нь хариуцагч Д.Оийн шууд удирдлагад ажилладаг, түүнчлэн хариуцагчийн үйлдлийн улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заажээ.
Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар УАПГ нь хариуцагч Д.Оэс, хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд зориулж улсын төсөв, орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон санхүүжилт буюу төсвийн мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол 18,732,565 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжэл гаргах эрхтэй байна.
8. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заажээ.
Хариуцагч Д.О нь УД Н ББН-ийн даргаар ажиллаж байхдаа тус өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлэгч ажилтай Ч.Тийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 23.2, 123.2.5 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3.6 дугаар зүйл, УД Нийн хөдөлмөрийн дотоод журмын 1.9.4.г заалт, хөдөлмөрийн гэрээний 4.21, 4.23 дахь заалтуудыг баримтлан үйлчлэгчээр ажиллаж байсан Ч.Тийг “эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, ажил, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй” гэх үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба шүүхээс дээрх үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй гэх үндэслэлээр УД Н ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тушаалыг хүчингүй болгож, Ч.Тийг тус Нийн үйлчлэгчийн ажлын байранд эгүүлэн тогтоожээ.
Тодруулбал, Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 224/МА2022/00022 дугаар магадлалын 5.1-т “...хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дээрх нэрлэн заасан зөрчлүүдээс нэхэмжлэгч аль зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан талаар, мөн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн, ажил олгогчоос үүрэг болгосон болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ямар ажил, үүргийг биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй талаар тус тус заагаагүй байна, ...Ч.Т нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан эмнэлгийн мэргэжилтэн хамаарахгүй, ...нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан аль үндэслэлээр чөлөөлсөн нь тодорхойгүй...” гэх үндэслэлүүдээр УД Н ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.
Хариуцагч Д.О нь УД Н ББН-ийн дарга буюу хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болохын хувьд ажилтны хөдөлмөр эрхлэлийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гаргах үүрэгтэй.
Гэвч хариуцагч Д.О нь хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл тогтоогдоогүй байхад хуульд заасан үндэслэл журмаас гадуур иргэн Ч.Тийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шийдвэр гаргасан, үүний улмаас 18,732,565 төгрөгийг УД Н ББН-ийн төсвөөс олгосон болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Оийг Хөдөлмөрийн тухай хууль болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг холбогдох зохицуулалтыг мэдээгүй буюу буруу ойлгосон эсхүл илтэд болгоомжгүйгээр Ч.Тийн хөдөлмөр эрхлэлийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай шийдвэр гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Д.Оийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр УД Нд хохирол учруулсан гэж дүгнэлээ.
9. Хариуцагч Д.Оийн хариуцан арилгабал зохих гэм хорын хохирлын хэмжээний тухайд,
Увс аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 224/МА2023/00014 дүгээр магадлалаар УД Н ББН-ээс 18,482,204 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тт олгож, улсын тэмдэгтийн хураамж 137,315 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ч.Тийн хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлж, УД Н ББН-ээс Ч.Тийн ажилгүй байсан хугацааны цалин 18,482,204 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 250,361 төгрөгийг гаргуулсан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хариуцагч Д.О нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Тийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ба шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн 2022 оны 01, 2021 оны 12 дугаар сар, 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлсний дунджаар тооцсон байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Ч.Т нь УД өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сард сарын үндсэн цалин 542,000 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 108,400 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 81,300 төгрөг, хоолны хөнгөлөлт 33,000 төгрөг, нийт 764,700 төгрөгийн цалин хөлс, 2021 оны 12 дугаар сард үндсэн цалин 542,000 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 108,400 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 81,300 төгрөг, хоолны хөнгөлөлт 33,000 төгрөг, нийт 764,700 төгрөгийн цалин хөлс, 2022 оны 01 дүгээр сард үндсэн цалин 542,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 81,300 төгрөг, хоолны хөнгөлөлт 63,000, нийт 978,593 төгрөгийн цалин хөлс авсан боловч 2021 оны 11 дүгээр сард 1,300,000 төгрөгийн урамшуулал, 2021 оны 12 дугаар сард түлээ, нүүрсний хөнгөлөлт 1,000,000 төгрөг, мөнгөн тэтгэмж 350,000 төгрөг авсан болохыг Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 224/МА2023/00014 дүгээр магадлалаар тогтоосон байна.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж заажээ.
2020, 2021 онуудад Монгол Улсад коронавируст халдварын цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажлын ачаалал нэмэгдсэн, халдвар, хамгааллын дэглэм сахих, өөрийн хамрах хүрээний иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг тасралтгүй, нэн яаралтай хүргэх ажлын зайлшгүй шаардлагын улмаас тус өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд онцгой нөхцөлд илүү цагаар ажилласан, үүний улмаас илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс болон онцгой нөхцөлд ажилласны урамшууллыг 2021 оны 11,12 дугаар сар болон 2022 оны 01 дүгээр сард олгосон нь Ч.Тийн нэг сарын дундаж цалин хөлс авбал зохих цалин хөлснөөс өндөр тогтоогдоход нөлөөлсөн байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хариуцагч Д.Оийн хариуцан арилгабал зохих гэм хорын хохирлыг хэмжээг багасгах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Ч.Тт олгосон дээрх урамшуулал, илүү цагийн нэмэгдэл хөлсийг хасвал, тэрээр 2021 оны 11,12 дугаар сар болон 2022 оны 01 дүгээр саруудад 731,700 (үндсэн цалин 542,000, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 81,300 төгрөг, ажил хавсран ажилласны нэмэгдэл 108,400) төгрөгийн цалин хөлс авч байжээ.
Ч.Т нь хариуцагч Д.Оийн хууль бус шийдвэрийн улмаас 13 сар 16 хоног ажилгүй байсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул тус үйл баримтыг дахин нотлохгүй.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.Оэс 10,069,588 (731,700x13= 9,512,100 төгрөг, 34,843х16=557,488 төгрөг) гаргуулж, УД Н ББН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,668,977 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.
10. Иргэдийн төлөөлөгч Н.Магсаржавын “Хэргийн талаар прокурор нь улсын төсөвт учирсан хохирол нь Д.Оийг буруутай шийдвэр гаргаснаас үүдэж хохирол учирсан гэж үзсэн. Д.Оийн зүгээс Нөөс шийдвэр гаргасан учраас ганц өөрийнх нь гаргасан шийдвэр биш. Улсын төсвөөс гарсан төлбөр нь УД өрхийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд үзүүлээд олсон орлого учраас зарцуулах эрхтэй гэж үзсэн. Миний зүгээс улсын төсөвт хохирол учирсан гэж үзэж Д.Оийг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.
11. Нэхэмжлэгч УАПГ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 8,668,977 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 176,063 төгрөгийг хариуцагч Д.Оэс гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Оэс 10,069,588 төгрөг гаргуулж, УД Н ББН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,668,977 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч УАПГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Оэс улсын тэмдэгтийн хураамж 176,063 (нэг зуун далан зургаан мянга жаран гурав) төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Я.УРНАА