| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00031/и |
| Дугаар | 318/ШШ2025/00259 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 318/ШШ2025/00259
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ЭАА ХХК-ийн,
Хариуцагч: UА ТББ-д холбогдох,
Түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ЭАА ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б, түүний өмгөөлөгч Т.Уянга,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
Хариуцагч UA ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Нд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч тал болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч UA ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Нийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч талаас “хэрэгт авагдсан маргаан бүхий байрны зургаас харвал тухайн объект нь урагшаа төв зам руугаа харсан байгаа. 1 давхар нь үйлчилгээний зориулалттай. 2 давхарт нэхэмжлэгч өөрөө амьдардаг. Урд талаасаа, ардаасаа 2 хаалгатай. Хариуцагч гэрээ байгуулаад тухайн байрны түлхүүрийг авсан. Одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй. Тухайн байранд байсан тавилга, сургалтын үйл ажиллагаа явуулж байсан ширээ, сандал зэргийг зөөж авсан гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлалаа. Энэ нь гэрээ дуусгавар болсны дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч талаас ирж сандал, ширээгээ авсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан. Тухайн түрээсийн гэрээгээр 65 метр квадрат үйл ажиллагаа явуулах зориулалттай талбайг түрээслэх, нөгөө талаасаа сар бүр 550,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөхөөр талууд тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан. Гэрээний заалтад сар бүрийн түрээсийн төлбөрийг дараа сарынхаа 05-ны өдрийн дотор төлөхөөр талууд тохиролцсон. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж байгаа үндэслэлүүдээ тайлбарлахдаа тухайн орон сууц халдаггүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, хариуцагч Улаанбаатар хот руу ирж, очиж байсан тасалбаруудаа өгсөн учраас үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байна. Гэрч мэдүүлэгтээ 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын сүүл хүртэл хугацаанд тухайн байрыг би ашиглаад үйл ажиллагаа явуулж байсан гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс ирсэн багш нарыг өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгөд нэвтрүүлээгүй зүйл байхгүй. Харин үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангаад, тухайн багш нар UА төрийн бус байгууллагатай гэрээ байгуулаад 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа нээлттэй явуулсан. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд мэтгэлцэх ёстой. Хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс байраа цоожлоод, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон, тухайн объектын халаалт чанарын шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүйгээс болоод кофе шоп хэсээд хичээлээ зааж байсан талаар нотлох баримт байхгүй. Хэрвээ тухайн талбай гэрээнд заасан 64 метр квадратын хэмжээг хангахгүй доголдолтой байна гэж үзсэн бол гэрээнд заасан хугацаандаа нэхэмжлэгч талд мэдэгдээд доголдлоо арилга гэдэг шаардлагыг тавьж, мэргэжлийн хүмүүсийг нь авч ирж хэмжүүлээд, хангахгүй байгаа талбайнх нь хэмжээгээр талбайн түрээсээ багасгах зэргээр гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн боломжтой байсан. Гэрээнд заасны дагуу тухайн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд талууд тухай бүр нь тохиролцоод бичгээр гэрээ байгуулж, өөрчлөлт оруулах боломжтой байсан. Таамаглалд үндэслээд хүний талбайг 1 жилийн хугацаатай түрээслээд үйл ажиллагаа явуулаад, түлхүүрийг нь багш нараар дамжуулсан авч ашигласан атлаа ашиглаагүй, Увс аймагт байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тухайн байр шаардлага хангахгүй байсан юм бол түрээсийн гэрээний нэг талын хувьд гэрээнд, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Хэрэгт тухайн байр халаалтын хувьд чанарын шаардлага хангахгүй байна. Танайх гэрээний 5.1-т заасны дагуу ашиглалтын шаардлага хангасан объектоороо хангаач гэх мэдэгдлийг өгч байсан талаар баримт байхгүй. Шүүхэд хандаад түрээсийн төлбөртэй холбоотой асуудлууд яригдаад эхлэхээр халаалт чанарын шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явуулж чадахгүй байсан гэж байна. Засвар үйлчилгээний тухайд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрэл зургаас харахад хөөсөнцөр эсгий наасан нь засвар үйлчилгээнд хамаарахгүй байх. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаанаас харахад үл хөдлөх эд хөрөнгө нь 2021 онд ашиглалтад орсон буюу түрээсийн гэрээ байгуулагдахаас өмнө ашиглалтад ороод удаагүй, шинэ объект байсан. Нэхэмжлэгч хүүхдүүдтэйгээ, гэр бүлтэйгээ тухайн орон сууцдаа амьдардаг. Даарч хөрдөг, хүн амьдрахад, үйл ажиллагаа явуулахад хэцүү нөхцөл байдал байсан бол нэхэмжлэгчид ч адилхан байх ёстой. UA ганцаараа 1 давхрыг түрээслээгүй. Хажууд нь эмийн сан, шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Доголдлоо арилгаж өгөөч гэж хариуцагч талаас мэдэгдэл ирүүлж, энэ талаар утсаар амаар, бичгээр ямар нэгэн байдлаар мэдэгдэж байгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулснаас хойш 2023 оны 02 дугаар сарыг хүртэл хугацаанд буюу Улаанбаатар хот явах хүртлээ Д.Н манай гэрт амьдарсан учраас арын хаалгаар ч, урд талын хаалгаар ч чөлөөтэй нэвтрээд үйл ажиллагаагаа явуулдаг байсан гэж тайлбарласан. Эсгийнцэрийн тухайд дулаалах зорилгоор, засварлах зориулалттай зүйл биш. Дуу чимээ тусгаарлах, тухайн объектод өнгө үзэмж нэмэх зорилгоор хийгддэг. Хэрэгт авагдсан засвартай холбоотой гэрэл зургуудыг харахад өнгө өнгөөр алагласан ханыг босгоод UA гэж өөрийнхөө нэр хаягаа бичсэн байна. Тиймээс дулаалах зорилготой эсэх, сургалтын төвийн тохижилт, нэр хаяг хаягжилт эсэхийг ярих боломжгүй. Эсгийнцэр наасанд үндэслэж дулаан чанарын шаардлага хангахгүй, дулаалга хийгээгүй учраас зузаалах зорилгоор тухайн эсгийнцэрийг наасан гэж үзэх боломжгүй. Хэрвээ үнэхээр хүйтэн байсан бол тухай бүрд нь гэрээний дагуу, иргэний хуульд заасны дагуу мэдэгдээд шаардлагаа тавиад заасан хугацаанд нь шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд түрээсийн гэрээний 9.5-т заасны дагуу мэдэгдэл өгөөд 30 хоногийн дараа гэрээгээ цуцлах эрх хариуцагчид байсан. Хариуцагч эдгээр үүргээ биелүүлээгүй. Өнөөдрийг хүртэл тухайн объектын түлхүүрийг өгөөгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж засан. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсэгт заасан хөлслөн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн буюу гэнэтийн нөхцөл байдал бий болсноор эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зайлшгүй арга хэмжээ авах шаардлага гарсан бол энэ тухай хөлслүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлээгүй. Дулааны доголдолтой холбоотой асуудал тогтоогдоогүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн түрээсэлсэн метр квадрат дутуу байсан гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад дээрх үндэслэлээр няцааж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрвээ ашиглах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн бол гэрээнээс татгалзах боломж байсан. Гэтэл татгалзах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр Д.Нд өгсөн түлхүүрийг өөр багш нарт дамжуулаад тухайн сургалтын төвд ирээд үйл ажиллагаа явуулаад ашиглаж байсан. Д.Н 2023 оны 3,5,7 дугаар саруудад Улаанбаатар хот явж, үйл ажиллагаагаа явуулаагүй, ашиглаагүй юм бол ямар зорилгоор гэрч Ж.Жиндэгмаа тухайн байрыг ашиглаад байгаа юм бэ? Гэрч нарын мэдүүлэг, засвар үйлчилгээ хийсэн гэх тайлбарт үндэслэж тухайн байр чанарын шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн байрыг ашигласны төлбөрийг төлөхгүй байя гэх санаа зорилготой байсныг үгүйсгэхгүй. Дан ганц гэрчийн мэдүүлэгт үндэслээд тухайн нөхцөл байдлыг харах боломжгүй. Мөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх эсэх нь асуудалтай байна. Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй. Хариуцагч талаас гэрч асуулгах хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж эхний гэрч Батхүүг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 39 минутад, дараагийн гэрчийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 06 минутад, дараагийн гэрчийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 03 минутад асуусан. Дээрх процесс ажиллагаануудыг хийхдээ аль аль талын эрхийг хангах ёстой. Хэдийгээр хариуцагч талын хүсэлтээр гэрч нарыг асууж байгаа ч нэхэмжлэгч талд гэрч нарыг асуух гэж байгаа талаараа мэдэгдэж, биднийг гэрч асуух ажиллагаанд оролцуулж, гэрч нараас асуулт асуух боломжийг олгох ёстой байсан. Гэтэл гэрч нарыг асуухаас өмнө надад ямар нэгэн байдлаар гэрч асуух гэж байгаа талаар мэдэгдээгүй. Нэхэмжлэгч талаас тухайн гэрч нарын мэдүүлсэн үйл баримттай холбоотой асуулт асууж тодруулах эрхийг шүүхээс хязгаарласан учраас гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэхгүй байна. Тиймээс гэрч нарын мэдүүлэгт үндэслээд хариуцагч түрээсийн гэрээнд заасан 1 жилийн хугацаанд тухайн объектыг ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас гэрээ болон иргэний хуульд заасны дагуу түрээсийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дэмжиж байна. Мөн түрээсийн гэрээний 3.4-т хэрвээ гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэх зохицуулалттай учраас алдангийг гаргуулах нь зүйтэй. Иргэний хуульд заасны дагуу алдангийн хэмжээ нь үндсэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй учраас бид 50 хувиар алдангиа нэхсэн. Иймд үндсэн түрээсийн төлбөр болон алдангийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч талаас “миний үйлчлүүлэгчийг 1 жил тухайн байранд үйл ажиллагаа явуулсан гэдэгтэй санал нэгдэхгүй байна. 2023 оны 3 дугаар сард Д.Н нь Я.Б гэх хүнтэй 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Ц.Бийн байранд үйл ажиллагаа явуулж байсан юм бол дахин давхар түрээсийн гэрээ байгуулах шаардлагагүй. Нэхэмжлэгчийг шударга бус хүн байна гэж үзэж байна. Учир нь би өөрийн биеэр энэ үйл ажиллагаанд оролцож явсан. 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр эд зүйлээ аваагүй, бид 2023 оны 3 дугаар сард авсан. Эсгийнцэрийн тухайд байрны тохижилт болгож өнгө үзэмж оруулсан асуудал байсан. Хэрэгт авагдсан зурагт цагаан эсгий байгаа. Цагаан эсгийгээр ханаа дулаалсан. Анх тухайн байрыг түрээслэхээр очиход цэвэрхэн байсан. Урьд ямар хүн түрээсэлж байсныг мэдэхгүй. Түрээслэхээр засвар хийж байхад шал нь пүмбийгээд босоод ирсэн. Үүнийг нэхэмжлэгч өөрөө хамжиж янзалсан. Д.Н байр түрээслээгүй учраас тухайн түрээсэлж байсан байрандаа амьдрахаар үүдэндээ жижиг ор тавих өрөө гаргасан. Үүнийгээ засвар гэж тайлбарласан. 2023 оны 02 дугаар сар хүртэл хүйтэн байсан учраас нэхэмжлэгч нь хариуцагч Д.Нийг гэртээ оруулсан. Хажуугийн эмийн сан бол дулаахан байсан. Цаад талд нь шүдний эмнэлэг, наад талд нь UA-ийн өрөө байсан. Нэхэмжлэгчийн гэр секц олонтой байсан учраас дулаахан байсан. Д.Н аргагүйн эрхэнд манайд байж байсан. Засвар үйлчилгээг Ц.Б хамт хийсэн. Айлд ачаагаа чирэхгүй гэж түрээсэлсэн объектдоо жижиг таслагаа хийсэн. Цулгуй ханыг өнгө үзэмжтэй, хүүхдүүдийг тав тухтай нөхцөлд байлгах гэж алаг эсгий хийсэн. Дулаалах гэж цагаан эсгий хийсэн. Хана муухай болгож болохгүй шүү гэдэг шаардлага тавьсан учраас мэргэжлийн хүнээр эсгийнцэр наалгасан ч нэмэр болоогүй. Хананаас нь салхи нэвтэрч байсан учраас инженерээс зөвлөгөө авахад дотроос нь дулаал гэсэн учраас дулаалж, халаагуур тавьсан ч боломжгүй болсон. Нэхэмжлэгч өрөөг цоожлоод оруулахгүй байсан учраас би бага багаар очиж эд зүйлийг нь авсан. Засвар үйлчилгээ хийсэн талаараа нэхэмжлэгч яагаад ярихгүй байгааг ойлгохгүй байна. Тухайн байр инженерийн зөвлөмж авч бариагүй, хувиараа барьсан, улсын комисс хүлээж аваагүй байр байсан. Байр барьсан учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах нь мэдээжийн зүйл. Үнэхээр асуудалгүй байр байсан бол хариуцагч яах гэж интернет кафе ашиглаад яваад байгаа юм. Сургалт явуулах боломжгүй хүйтэн байсан учраас кофе авч өгөөд хичээлээ зааж байсан. Нэхэмжлэгчийн эхнэр Д.Г, хүү Б.А нарт хариуцагч 250,000 төгрөгийн англи хэлний сургалт өгсөн. Энэ төлбөрийг нэхэмжлэгч түрээсийн төлбөрөөс хасаагүй байна. Түрээсийн гэрээнд зааснаар хүйтэн байгаа талаар мэдэгдсэн. Түрээсийн гэрээний 4.1.8-д түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд тухайн сарын сүүлчийн өдөр түрээсийн талбайг үл маргах журмаар лацдаж, түр хаана гэж заасан. Нэхэмжлэгч энэ үүргээ хэрэгжүүлээд хаасан. Түр хугацаагаар биш, төлбөр өгөгдөөгүй байна гээд хаасан. Хоёр талаар ордог хаалга байсан нь үнэн. Багш нарыг урд хаалгаар ор гэдэг шаардлага тавиад, урд хаалгаар орох гэхэд аптек байгаа гээд оруулдаггүй байсан учраас арын хаалгаар ордог байсан. Нэхэмжлэгч түлхүүрээ авсан. Би машинтайгаа очиж эд материалаа авах гэхэд нэхэмжлэгч үүдэндээ зогсоод оруулахгүй байсан. Цагдаа ирэхэд манай байрны төлбөр өгөөгүй байж юмаа авах гээд байна гэхэд цагдаа иргэний журмаар шийднэ, энэ хүн хөрөнгөө авах ёстой гэж хэлсэн. Түрээсэлж байгаа байр дулаан байсан бол яах гэж гэр лүүгээ түрээслэгчээ оруулж амьдруулж байгаа юм. Д.Н хагас, бүтэн сайнд манайд ирж амьдардаг байсан. Д.Н хариу тайлбартаа өөрөөсөө маш их зардал гаргаж, тусгаарлах хана хийсэн, Ц.Б өөрөө тусгаарлах өрөөг хамт хийсэн. Засварт орсон материалыг захаас авч ирэхэд мөнгийг нь Ц.Б өгсөн. Энэ талаараа яагаад ярихгүй байгаад байгааг ойлгохгүй байна. Эхний 1 сар завсар хийж үйл ажиллагаагаа явуулсан нь үнэн. Түрээсийн гэрээний 4.2.2-т түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлтийн дагуу түрээсийн талбайг бүрэн ашиглах зорилгоор гаргасан санал буюу өрөө тасалгаа гаргах, хүүхдийн ариун цэврийн өрөө суурилуулах, талбайн задгай хэсгийг хана барин хааж авахад саад учруулахгүй, дэмжин хамтарч ажиллана гэж заасан. Гэтэл дэмжээгүй. Гэрээний 4.2.5-д түрээслэгчийн нэр хаяг, байршил зар сурталчилгааны самбарыг байгууламжийн олон нийтэд харагдах газарт байрлуулж өгөх үүрэгтэй гэж заасан байхад хаягийг нь хадуулаагүй. UA гэх хаяг үүдэнд байхгүй. Түрээслэгчийн эрх ашгийг хясан боогдуулсан байж түрээсийн төлбөрөө бүтэн жилээр авна гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн чат скрийншотын тухайд нэхэмжлэгч нь багш нарын группэд тохижуулсан сургалтын өрөөгөө түрээсэлнэ гэж зар оруулсныг багш нар Д.Н рүү явуулсан байсан. Тохижуулчихсан учраас байрыг хааж байгаад түрээсийн мөнгөнд авна гэдэг байдлаар хааж байсан. Тиймээс Д.Н нь Б хүний объектод үйл ажиллагаагаа явуулахаар тоног төхөөрөмжөө дахин шинэчилж, өөрчилж авч ирсэн. Гоё тохижуулсан талбайг дахин сургалтын төв байгуулах зорилготойгоор, түрээсээ өгөөгүй үндэслэлээр хааж байсан. Хариуцагч цалингийн зээлтэй байсан. Таны түрээсийн мөнгийг төлье, миний тоног төхөөрөмжийг өгөөч гэхэд өгөхгүй байсан. Эхний 2 сарын түрээсээ өгөөд хүйтэрч эхлээд 2023 оны 01 дүгээр сараас тухайн байранд ирж, очин байсан нь үнэн. 2023 оны 02 дугаар сар хүртэлх төлбөрөө өгье сандал, ширээгээ авъя гэхэд өгөөгүй. Нэхэмжлэгчид хангалттай мэдэгдсэн. Нэхэмжлэгч 10 сарын түрээсийн мөнгө 5,500,000 төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Хүүхэд, эхнэрийнхээ сургалтыг төлбөрийг хасаагүй. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Түрээсийн гэрээнд заасан дулаалга хийж, тав тухтай байх боломжоор хангаагүй. Хариуцагчийн эд хөрөнгийг барьцаалаад үйл ажиллагаа явуулах боломжийг нь таслан зогсоосон. Хариуцагч үйл ажиллагаа явуулаагүй нь тодорхой байна. Тиймээс түрээсийн 10 сарын төлбөр 5,500,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч ЭАА ХХК болон хариуцагч UA сургалтын төв буюу Чөлөөт оюун сургалт НҮТББ-ын хооронд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2022/10/04 дугаартай түрээсийн гэрээ байгуулагджээ.
Дээрх гэрээгээр талууд иргэн Ц.Бийн өмчлөлийн, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс 65 м.кв талбайг сургалтын анги танхим, оффисын зориулалтаар нэг жилийн хугацаатай, сарын 550,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцжээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Түрээслүүлэгч ЭАА ХХК нь түрээслэгч UA сургалтын төв буюу Чөлөөт оюун сургалт НҮТББ-ын эзэмшилд 65 м.кв талбайг сургалтын анги танхимын зориулалтаар эзэмшүүлсэн, хариуцагч нь түрээсийн зүйлийг эзэмшиж, гэрээний дагуу 2022 оны 10,11 дүгээр сарын түрээсийн төлбөр төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заажээ.
Талууд иргэн Ц.Бийн өмчлөлийн нийт 381 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 65 м.кв талбайг түрээслэхээр тохиролцсон, тус 65 м.кв талбайг тусад нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 65 м.кв талбайг түрээслэх тухай гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй ба зохигчдын хооронд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 2022/10/04 дугаартай түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.
5. Нэхэмжлэгч талаас хариуцагч нь 65 м.кв талбайг сургалтын анги танхимын зориулалтаар гэрээний хугацаа дуустал ашигласан гэх үндэслэлээр 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуустал нийт 10 сарын түрээсийн төлбөр 5,500,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 2,500,000 төгрөг шаардсан бол хариуцагч нь түрээсийн талбай хүйтэн байсан учраас 2022 оны 12 дугаар сарын дунд хүртэл ашиглаад, түүнээс хойш буюу 2023 оны 01,02,03 дугаар сард зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул түрээсийн төлбөр төлөхгүй, улмаар 2023 оны 3 дугаар сард гэрээг цуцалсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч талын “...түрээсийн талбай хүйтэн байсан учраас 2022 оны 12 дугаар сарын дунд хүртэл ашиглаад, түүнээс хойш буюу 2023 оны 01,02,03 дугаар сард зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй...” гэх тайлбар гэрч Б.Батхүүгийн “...Засвар хийх үед хүйтэн байсан. Гадуур хувцастай ажил хийж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ж-ийн “...2023 оны өвөл хүйтэн, тух муутай байсан тул би өвөл уг байранд сургалт хийгээгүй, гэрээр сургалт явуулж байсан...” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч оролцуулж, мэдүүлэг авахдаа нэхэмжлэгч талд мэдэгдээгүй, гэрч нараас асуулт асуух боломжоор хангаагүй учир гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үзэхгүй гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасан.
Хэдийгээр шүүх гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаанд нэхэмжлэгч талыг оролцуулаагүй боловч нэхэмжлэгч тал шүүхэд хандаж гэрч нараас дахин мэдүүлэг авхуулах буюу гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй болно.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүх зохигчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулсан боловч нэхэмжлэгч талаас санал, хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч талын түрээсийн байрны халаалт хэвийн байсан, хариуцагч нь сургалтын үйл ажиллагаа эрхэлж байсан гэх тайлбар гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх бөгөөд нэхэмжлэгч талаас өөр бусад нотолгооны хэрэгслээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсонгүй.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.
Иргэний хуулийн 27 дугаар бүлэг буюу түрээсийн гэрээний талаарх зохицуулалтад түрээсэлсэн эд хөрөнгийн доголдлын талаар нарийвчлан зохицуулаагүй байх тул эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэх бөгөөд тус хуулийн 290 дүгээр зүйлийн 290.5 дахь хэсэгт “290.5.Хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулна” гэж заажээ.
Иймд Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөл зохих 2022 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг 50 хувиар бууруулж, 2023 оны 01,02,3 дугаар сарын төлбөрийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгч талд өөрийн дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн эд хөрөнгө нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй байх ёстой.
Харин түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх замаар үр шимийг хүртэж, ашиг олоход түрээсийн гэрээний гол зорилго оршдог.
Гэтэл, нэхэмжлэгчээс хариуцагчийн эзэмшилд сургалтын үйл ажиллагаа эрхлэхэд зориулж эзэмшүүлсэн талбайн халаалт муу байсны улмаас түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглаж, өвлийн улиралд сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.5-д зааснаар түрээсийн төлбөрийг бууруулах буюу төлөхөөс татгалзах эрхтэй байна.
6. Харин хариуцагч талаас 2023 оны 3 дугаар сараас хойш тухайн түрээсэлсэн талбайд сургалтын үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан гэрч Ж.Жиндэгмаагийн мэдүүлгээс үзвэл, хариуцагч тал 2023 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Иймд хариуцагч тал 2023 оны 4,5,6,7 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч талд төлөх үүрэгтэй.
Зохигчдын хооронд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан №22/10/04 дугаартай түрээсийн гэрээний 3.1.2 дахь заалтад “...үйл ажиллагаа бүрэн зогсох үе буюу жил бүрийн 6,7,8 дугаар сарын түрээсийн төлбөрийг нэг сарын түрээсийн 60-75%-иар тооцож төлнө” гэж заажээ.
Дээрх үндэслэлээр, хариуцагч талаас 2023 оны 4,5 дугаар сарын түрээсийн төлбөр 1,100,000 төгрөг, 2023 оны 6,7 дугаар сарын түрээсийн төлбөр 825,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.
7. Харин 2023 оны 8,9,10 дугаар сарын түрээсийн төлбөрийн тухайд, 2023 оны 8 дугаар сараас талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, тус сургалтын багш Ж.Жийн мэдүүлгээр UA ТББ нь 2023 оны 7 дугаар сарыг дуустал ЭАА ХХК-тай байгуулсан гэрээний дагуу түрээсийн талбайг ашигласан, 2023 оны 8 дугаар сараас өөр байршилд үйл ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд дээрх үеэс зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хариуцагч талын санаачилгаар цуцлагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал нь хариуцагчийг хууль болон гэрээнд заасан гэрээ цуцлах журмыг зөрчсөн үндэслэлээр буруутгаж, хохирол нэхэмжлээгүй, харин 2023 оны 10 дугаар сарыг дуустал буюу гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласан гэх үндэслэлээр түрээсийн төлбөр болон гэрээнд заасны дагуу алданги шаардсан.
Гэвч хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч нь 2023 оны 8,9,10 дугаар сард түрээсийн талбайг эзэмшиж, ашигласан гэх үйл баримт тогтоогдоогүй, харин түрээсийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байх тул гэрээг цуцалснаас хойшх хугацааны түрээсийн төлбөр болон алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэггүй гэж дүгнэлээ.
8. Хариуцагч талаас түрээсийн талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнээс бага байсан, түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч ЭАА ХХК-ийн захирал Ц.Бийн эхнэр, хүүхдийг англи хэлний сургалтад хамруулсан, тус сургалтын төлбөрийг түрээсийн төлбөрөөс хасуулна гэх тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх үйл баримт тогтоогдсонгүй.
9. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.4 дэх заалтад “түрээслэгч нь түрээсийн төлбөр болон бусад төлбөрийг түрээсийн төлбөр төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хоног тутамд төлнө гэж заажээ.
Иймд хариуцагч талаас 2022 оны 12 дугаар сарын түрээс 275,000 төгрөг, 2023 оны 4,5 дугаар сарын түрээс 1,100,000 төгрөг, 2023 оны 6,7 дугаар сарын түрээс 825,000 төгрөг, нийт 2,200,000 төгрөг, алданги 1,100,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЭАА ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,775,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.
10. Нэхэмжлэгч нь хариуцагчийг UA ТББ гэж тодорхойлсон боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд UA ТББ-ыг төлөөлж Чөлөөт оюун сургалт ТББ-ын тамга дарагджээ.
Түүнчлэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл нь нийтэд илэрхий мэдээлэл бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагын цахим санд Unlock academy ТББ гэх хуулийн этгээд бүртгэлгүй, харин Чөлөөт оюун сургалт ТББ бүргэлтэй байх ба түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Д.Н байна.
11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас 66,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭАА ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 290 дүгээр зүйлийн 290.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч UA ТББ буюу Чөлөөт оюун сургалт НҮТББ-с 3,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЭАА ХХК-д олгож, нэхэмжлэлййн шаардлагаас үлдэх 4,700,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 67,750 (жаран долоо долоон зуун тавь) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА