2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/02814

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 04 191/ШШ2025/02814

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч тоотод оршин суух бүртгэлтэй боловч Япон улсад оршин суудаг, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч А.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Э.******* миний бие А.*******тэй 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Япон улсын Асахи хотод анх танилцаж улмаар үерхэж нөхөрлөн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамт амьдрах болсон. Бид хоёрын дундаас том хүү нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, бага охин нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус тус төрсөн. Гэрлэлтээ цуцлуулах талаар маш олон жил бодож эцсийн шийдвэрийг гаргаад байна. Миний хувьд аль болох хүүхдүүдээ аавгүй, эсвэл ээжгүй байлгахгүй, элэг бүтэн гэр бүл байлгахын тулд бүх цаг хугацаанд хичээж ирсэн. Өмнө зан харилцаа таарахгүй, гэр бүлийн хүчирхийлэл болон мөрийтэй тоглоомд донтсон байдлаас нь болж муудалцаж хэд хэдэн удаа тусдаа амьдарч байгаад эргээд нийлж байсан удаатай. А.******* нь 2016 онд Япон улсад амьдарч байхдаа байнгын Pachinko гэх автомат мөрийтэй тоглоом тоглож, өр зээл тавьж, миний жирэмсний мөнгөөр хүртэл мөрийтэй тоглож гэр бүлээ өрийн дарамтад амьдруулж байсан. Хүний нутагт амьдарч байгаа эхнэр хүүхдээ бодолгүйгээр байнгын санхүүгийн дарамтад оруулдаг. Дээрх асуудал 2019 онд бага охиныг төрснөөс хойш улам даамжирч цаашлаад бүр онлайн мөрийтэй тоглоом тоглон, үүнээс үүдэн байнгын хэрүүл маргаантай амьдрах болж сүүлдээ А.******* нь надад гар хүрч, зодож нүдэн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болсон. Ингээд 2024 оны 6 дугаар сард А.******* Монгол Улс руу буцсанаас хойш бид тус тусдаа амьдарч байна. Миний бие цаашид А.*******тэй гэр бүл хэвээр байж мөрийтэй тоглоом тоглох, ууртай ширүүн зан харилцааг нь тэсэж тэвчиж амьдрах боломжгүй. Миний том хүү , бага охин нар нь одоогоор миний асрамжид надтай хамт Япон улсад амьдардаг. Э.******* миний бие А.*******тэй гэрлэлтээ албан ёсоор цуцлуулах асуудлаар маш сайн ярилцаж ойлголцсон байгаа бөгөөд миний бие одоог хүртэл Япон улсад ажиллаж амьдарч байгаа тул өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өөрийн төрсөн эцэг *******ыг оролцуулах хүсэлтэй байна. Бид тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлах газарт хандсан боловч уг ажиллагааны үр дүн гарсангҮЙ. Иймд гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.

1.2. А.******* сая худлаа зүйл их хэллээ. Байрны мөнгө төлж байсан, байнга тусламж дэмжлэг үзүүлдэг гэдэг нь бол худлаа. А.*******гийн хувьд эрх, дураараа өссөн, ямар ч ажил хийдэггүй байсан. Би болон манай эхнэр хүүхдүүдийг нь харах гэж хэд хэдэн удаа Япон улсад очиж байсан тул сайн мэдэж байна. Манай охин бол маш даруу төлөв хүн. Өөрөө ч А.******* тайлбартаа бичсэн байсан. Салъя гэсэн хэрнэ хүүхдээ авахгүй, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж байна. Энэ бол хариуцлагаас л зугтаж байгаа зүйл. А.******* одоо өөрийн гэсэн бизнестэй, Япон хоолны газар ажиллуулж байгаа. Бидний хувьд эд хөрөнгийн маргаан огт үүсгээгүй. Иймд Э.******* болон А.******* нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг Э.*******ын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч А.******* шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Гэр бүл цуцлуулах тухай өргөдөлдөө ******* намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, мөрийтэй тоглоом тоглож гэр бүлээ өрийн дарамтад оруулж байсан гэх мэтээр худал зүйл бичиж байна. Бид хамт амьдарч байх хугацаандаа би тасралтгүй өдөр шөнийн ээлжид хүнд хүчир гэж ялгалгүй гэр бүлийнхээ төлөө ажиллаж байсан. ******* бол хүүхдүүд гэр бүлдээ халамж анхаарал муу тавьдаг, хэтэрхий амин хувиа боддог хүн. Мөн архи ууж удаа дараа гадуур хонож байсан. Үүнээс болж хүүхдүүдийн дэргэд маргалдах явдал удаа дараа гарч байсан. Би гэр бүлдээ ирээдүйд хэрэглэх хуримтлал үүсгэх зорилгоор хөдөлмөрийн хөлсний 90 хувийг *******д бэлнээр өгдөг байсан. ******* бол хамт амьдарч эхэлсэн цагаас өөрийн цалинг өөртөө зарцуулж, үлдэгдлийг өөрийн нэрийн дансанд хадгаламж үүсгэн хадгалж ирсэн. 2022 оны 2 сараас хүнд ажил олон жил хийсний улмаас нурууны өвчтэй болсон. Нуруу маань байнга өвддөг байсан ч ажлаа солих боломж байхгүй мөн хүүхдүүдээ хичээл цэцэрлэгт зөөх цаг гаргах хэрэгтэй байсан учраас тухайн ажлыг үргэлжлүүлж хийдэг байсан. 2024 оны 5 сард ажлаа хийж байх үед нурууны өвчин хүндэрч хэвтэрт орсон. Энэ үед ******* намайг чи энд байх хэрэггүй Монгол руу буц ажил хийж чадахгүй юм чинь гэж хэлсэн. Иймд би 2024 оны 6 дугаар сарын сүүлээр Монгол улсад ирсэн. Ирээд шууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч одоогийн байдлаар ажил хийх боломжгүй, өөрийн гэсэн хуримтлалгүй ээжтэйгээ цуг амьдарч байна. Мөн нурууны хагалгаанд орох заалттай байгаа.

1.2. Миний хувьд 7 хоногт зөвхөн 28 цаг ажиллах визтэй байсан учир олж байгаа мөнгө нь маш бага байсан. Түүнээс илүү цагаар ажил хийх юм бол дараа дараагийн удаад виз гарахгүй, хүнд нөхцөл байдалд орох байсан. Тийм учир ажил хийе гэсэн ч хийж чаддаггүй байсан. Энэ санхүүгийн асуудлаас шалтгаалаад бид байнга маргалддаг болсон. Би Монгол улсаас ээжээсээ хүртэл мөнгө авч, өөрөө мөнгө олсон юм шиг эхнэртээ өгдөг байсан. Улмаар сүүлийн 7-8 жил би шөнөөр машин барих, ачаа бараа зөөх зэрэг ажил хийдэг байсан. Гэтэл намайг ажлаасаа шөнө орж ирэхэд Э.******* цагдаа дуудаж, цагдаа ирж намайг авч явсан. Э.*******ын хувьд байнга л мөнгө ярьдаг байсан. Миний хувьд мөрийтэй тоглоом тоглодог байсан нь үнэн. Гэхдээ ар гэртээ ямар нэгэн дарамт учруулдаггүй, шаардлагатай зүйлийг нь авч өгдөг, болгодог байсан. Миний визний хугацаа дуусаад байна, сунгаад өгөөч гэхэд хүртэл надад туслаагүй, визний хугацааг маань сунгаж өгөөгүй. Миний хувьд одоо ажил хийх боломжгүй нурууны 3 дугаар үеийн суулттай болсон. Удаан зогсох, суух, хүнд юм өргөх боломжгүй байна. Одоо ээжтэйгээ хамт, ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдарч байна. Тийм учир одоо хүүхдийн тэтгэлэг төлөх бодит боломжгүй байна. Гэхдээ энэ бол хүүхдүүдээсээ мөнгө харамлаж байгаа зүйл биш, бодит байдал маань л ийм байна. Одоо нэгэнт асуудал ийм болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг нь зөвшөөрч байна, хүүхдүүдээ ээжийнх асрамжид үлдээнэ. Хэрэв визээ сунгахад маань тусалсан бол би хүүхдүүдийнхээ хажууд, хүүхдүүдтэйгээ уулзаад байж болох байлаа гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/

- Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/

- Итгэмжлэл /хх 5/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 6/

- Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 7/

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 8-/

- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024.10.16-ны өдрийн 00266 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 10/.

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

- Хариу тайлбар /хх 16/

- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бүсэлхий нурууны соронзон резонанст томографикийн шинжилгээ, хариу /хх 17-24/.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэгч Э.*******ын гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нөхцөлөө хариуцагч А.*******тэй зан харилцаа таарамжгүй болсон, гэр бүлийн хүчирхийлэл болон мөрийтэй тоглоомд донтсон байдлаас нь болж муудалцаж хэд хэдэн удаа тусдаа амьдарч эргэж нийлсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй учир гэр бүлээ цуцлуулахаар шийдэж 2024.06 дугаар сараас тусдаа амьдарч байгаа гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэлд дурдсанаар гэр бүлээ өрийн дарамтад оруулсан зүйл байхгүй, муудалцах асуудал зөндөө байсан, гэр бүл цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдийн асрамжийг ээжид нь үлдээнэ. Олон жил хүнд ажил хийснээс шалтгаалж нурууны 3 дугаар үеийн суулттай болсон. Удаан зогсох, суух, хүнд юм өргөх боломжгүй, одоо ажилгүй, хүүхдийн тэтгэлэг төлөх бодит боломжгүй байна гэх тайлбар гаргасан.

 

4. Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч А.******* нар нь гэр бүл болсныг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

 

Тэдний дундаас 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү , 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр охин нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүү , охин нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

4.2 Нэхэмжлэгч Э.******* нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргаснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.

 

5. Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч А.******* нар нь 2024 оноос хойш тусдаа амьдрах болсон, цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан.

 

Хариуцагч нь хүү , охин нарыг эхийн асрамжид үлдээх талаар тайлбарлаж маргаагүй учир шүүхээс талуудыг хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцсон гэж үзэж хүү , охин нарыг эх Э.*******ын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу хариуцагч А.******* нь өөрийн төрсөн хүү , охин нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Хариуцагч нь өөрийн эрүүл мэндийн байдлын талаар тайлбар, баримт гаргаж, хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байгаагаа илэрхийлсэн.

 

Гэр бүлийн тухай хуулийн 52 дугаар зүйлд тэжээн тэтгэх үүргээс чөлөөлж болоох үндэслэлийг заасан бөгөөд үүнд тэтгүүлэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол тэтгэлэг төлөгчийг тэтгэлэг төлөх үүргээс чөлөөлөхөөр заасан.

 

Дээрхээс бусад тохиолдолд тэтгэлэг төлөгч нь тэтгэлэг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул хариуцагч А.*******гээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү , 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.

 

8. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор дараах баримт бичиг /иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр/-гийг бүрдүүлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан.

 

8.1. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Э.*******, хариуцагч А.******* нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү , 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин нарыг эх Э.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү , 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин нарыг 11 нас хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16/ суралцаж байгаа бол 18/ нар хүртэл хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг А.*******гээс тэтгэмж гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Э.*******, хариуцагч А.******* нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч А.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 172,356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д 70,200 төгрөгийг, 102,156 төгрөгийг улсын орлогод олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Э.*******, хариуцагч А.******* нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Анужинд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА