Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/12

 

Д.*******т холбогдох эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Ц.*******э

          Шүүгдэгч                                                                                  Д.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******                                                           

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Д.*******т холбогдох 2323000000184 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овгийн *******ын *******, /регистрийн дугаар *******/

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын “******* ” гэдэг нэртэй газар байсан Б.ы өмчлөлийн Б.ийн унаж яваад үлдээсэн хар ногоон өнгийн Мустанг 5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогч Б.ад 2,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:                       

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь хэсэгт заасан шүүгдэгч Д.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлж,  шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс үргэлжлүүлж, шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох хар ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд "...Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн. Тус хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан буюу хохирлыг төлж барагдуулсан, цаашид үүсэх хор уршиг байхгүй болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын яллагчийн ялын санлын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01-р сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж түүнд оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү гэв.

Прокурор Ц.*******э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Д.*******ын тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.5 сая төгрөгийг төлж барагдуулсан. Хулгайлсан мотоциклийг нь улсын орлого болгон хурааж авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэгт улсын яллагчийн зүгээс 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан. Мөн тэнссэн байсан 4 сар 25 хоногийг нэмж нэгтгээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлаад 3 жил 4 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан. Шүүхээс Д.*******ын хулгайлах гэмт хэрэгт 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг баримтлан ял оногдуулна гэж заасан байдаг. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, оролцогчдын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ. 

  1. Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын “******* ” гэдэг нэртэй газар байсан Б.ы өмчлөлийн Б.ийн унаж яваад үлдээсэн хар ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлджээ.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч Б.ын “...Миний найз болох Б. нь 2022 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын Шохой гэх газарт миний эзэмшлийн улсын дугааргүй, хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг үлдээсэн байсан. Б. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй байсан учир тухайн газарт миний тээврийн хэрэгслийг үлдээсэн. Би маргааш нь очоод мотоциклоо авах гэсэн чинь ******* гэх нэртэй газарт миний мотоцикл байхгүй байсан. Би Б.оос асууж лавлатал ******* гэх газарт миний мотоциклыг үлдээсэн талаараа надад хэлж ярьсан. Тэгээд би мотоциклоо хулгайд алдсан талаараа мэдсэн. Тухайн үед ийм л зүйл болсон өөр зүйл болоогүй ээ. Миний мотоцикл нь улсын дугааргүй, хар ногоон өнгийн Мустанг5 маркийн мотоцикл байсан. Урд талын 2 амортизатор нь ногоон өнгөтэй, шатахууны савны дээд талд буюу шатахууны савны тагны ард талын хэсэгт суудал руугаа будаг нь халцарсан содон шинж тэмдэгтэй. Өөр содон шинж тэмдэг байхгүй ээ. Би тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад 1 жил орчим л болж байсан. Шинээрээ мотоцикл байсан. Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны үед хулгайд алдсан тээврийн хэрэгслээ худалдаж авч байсан. Би мотоциклоо 7 сар унаж хэрэглэж байгаад хулгайд алдсан. Би 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ талаар миний эхнэр болон миний мотоциклыг унаж яваад ******* гэх газарт үлдээсэн залуу болох Б. нар сайн мэдэж байгаа. Би мотоциклоо 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна. Би худалдаж аваад шинээрээ байхад нь хулгайд алдсан болохоор одооны мотоциклын үнээр нь үнэлж байна. ...Гэхдээ миний тээврийн хэрэгслийг таньж мэддэг хүмүүс авчхаад нуучихсан байна гэж бодоод тухайн үедээ нэг их санаа зовоогүй ээ. Тэгээд бүтэн 1 жил болж байж сая л мотоциклоо хулгайлсан хүнээс нь олж авч байна. Би Д.******* гэх хүнд ******* сумын Шохой гэх газраас хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслээ хулгайд алдсан талаараа хэлж ярьж байсан боловч надад Д.******* нь миний тээврийн хэрэгслийг хараагүй мэдэхгүй байна гэж л хэлж ярьж байсан. Би тээврийн хэрэгслийнхээ содон шинж тэмдэг болон миний тээврийн хэрэгсэл хаана байсан талаар бүх зүйлийг Д.*******т ярьж хэлж байсан. Д.******* нь миний баз хүргэн байгаа юм. Би ээс Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор нэхэмжилсэн зүйл байхгүй. э тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр надаас миний мотоциклыг гуйж аваад хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд л явсан. Өөр зүйл болоогүй ээ. э бид хоёр миний хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг ******* сумын гудамж талбай, байшингуудын булан тохой, эзэнгүй хашаа хороогоор хайж явсан боловч олоогүй сураг ажиг гараагүй юмаа.” гэх мэдүүлэг,

Гэрч Л.ийн “...Би өөрийн найзууд болох Д.*******, Л. нарын хамт 2022 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө мотоцикл унаад тухайн мотоцикл дээрээ гурвуулаа суучихсан явж байсан. Бид нар ******* сумын төвөөс гараад явж байтал ******* гэх нэртэй газарт замын хажуу талд хар ногоон өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл /мотоцикл/ зогсож байсан. Тэгсэн чинь Д.******* тухайн мотоциклыг очиж үзээд би эзнийг нь мэдэж байна гэж хэлээд ******* сумын төв дээр байх өөрийн хашаандаа түрж аваачаад амбаартаа хийгээд түгжчихсэн. Тэгээд бид нар ын мотоциклыг унаад гэртээ харихаар явсан ...Тухайн тээврийн хэрэгслээр Д.******* ажил амьдралаа залгуулж байгаа. Амбаартаа хадгалж байгаад 2023 оны 04 сараас хойш унаж ашиглаж байгаа.” гэх мэдүүлэг,

Гэрч Л.ын “...Би 2022 он 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 03-нд шилжих шөнө өөрийн найз болох Д.*******, Л. нарын хамт ******* сумын төв дээр архи ууж явж байгаад тус сумын ******* баг ******* гэх нэртэй газарт явж байх үед замын хажуу талд хар ногоон өнгөтэй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл (мотоцикл) зогсож байсан. Тухайн үед шөнийн 06-аас 07 цагийн хооронд байсан байх. Тэгтэл Д.******* тухайн тээврийн хэрэгслийг очиж үзээд эзэнгүй тээврийн хэрэгсэл байна манай хамаатны дүүгийн мотоциклтой адилхан тээврийн хэрэгсэл байна гэж хэлсэн. Тэгээд Д.******* хар ногоон ангийн Мустанг-5 маркийн мотоциклыг ******* сумын ******* багт байх өөрийн эзэмшлийн хашаандаа аваачиж тухайн хашаан дотор амбаартаа хийгээд хаалгыг нь түгжсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.ын “...Өнгөрсөн жил буюу 2022 оны 10 дугаар сарын эхээр би сумын төв орж амбаартаа орсон чинь манай амбаарт хар ногоон өнгийн шинэвтэр мотоцикл байсан. Тэгээд би өөрийн нөхөр болох Д.*******аас ямар учиртай мотоцикл амбаартаа хийсэн талаар асуутал болон аа гэх хочтой хүмүүстэй 2022 оны 10 дугаар сарын эхний 7 хоногт архи ууж явж байгаад олсон юм. Тэгээд амбаартаа хийчихсэн гэж хэлсэн. ...Одоо миний нөхөр хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг унаж хэрэглэж байна. 2023 оны хавар 05 сараас хойш мотоциклыг унаж байна.” гэх мэдүүлэг,  

Эд зүйлд үзлэг хийсэн “...Үзлэгийг Завхан аймгийн ******* сумын нутаг ******* баг Ямаатын хөндий гэх газарт иргэн Д.ын гэрийн гадна явууллаа. ...Үзлэгийг мустанг-5 маркийн хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэлд явуулав. Үзлэг хийсэн тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй, улаан цоохор өнгийн суудлын болон шатахууны савны бүтээлэгтэй, урд талын дохионы гэрэл хагарсан, хар ногоон өнгийн мотоцикл байв. Уг тээврийн хэрэгслийн урд талын дугуй нь давхар буюу 2 ширхэг төмөр шаврын хаалттай байв. Мөн урд талын дугуйны шаврын хаалт дээр 2 ширхэг ногоон гэрэл ойлгогчтой байв. Уг тээврийн хэрэгслийн моторын дугаар нь арлын дугаар: гэсэн дугаартай байв. Уг тээврийн хэрэгслийн шатахууны савны тагны ард талд будаг нь халцарч хонхойсон содон шинэ тэмдэгтэй байна.” гэсэн тэмдэглэл,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Хохирогч Б.аас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр эд мөрийн баримтаар хураан авсан хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл (мотоцикл)-ийг таньж олуулах ажиллагааг эхлүүлэн эд мөрийн баримтаар хураан авсан хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг ижил хэв загвар бүхий 4 мотоциклтой Завхан аймгийн цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа (журмын хашаа)-нд байрлуулан хохирогчид үзүүлэхэд хохирогч Б.а нь хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг зааж миний хулгайд алдсан тээврийн хэрэгсэл мөн байна гэв. Хохирогч Б.а нь өөрийн заасан тээврийн хэрэгсэл дээр очиж мотоциклийн урд талын амортизатор болон шатахууны савны тагны ард талд жижигхэн хэмжээтэй хонхойж будаг нь халцарсан эвдрэл гэмтэл рүү зааж эдгээр онцлог содон шинж тэмдгүүд миний хулгайд алдсан тээврийн хэрэгслийн содон шинж тэмдэгтэй таарч байна гэв. Мөн хурдны тоолуур нь хагарсан эвдрэл рүү зааж миний хулгайд алдсан мотоцикл мөн байна гэв. Хураан авсан улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг онцлог содон шинж тэмдэг нь хохирогчийн таньж олно гэж дүрсэлсэнтэй тохирч байна.” гэсэн тэмдэглэл,

Шүүгдэгч Д.*******ын “...Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны үеэр Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг Шохой гэх газар найз болон нарын хамт Харганы ам гэх газар очиж , нарын гэрээр орох гээд явж байсан. Тэгсэн Шохой гэх газар явж байх үед хээр эзэнгүй хар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл зогсож байсан. Тэгээд , бид гурав ярилцаад эзэнгүй мотоцикль байна түрж аваачаад хашаандаа хийчихье гээд ******* сумын төв дээр байх манай хашаанд аваачаад амбаарт хийчихсэн. ...Тухайн үед Б.а надад мотоциклоо хулгайд алдсан талаараа хэлж байсан. Миний буруу.” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

  1. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Энэ хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж” өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.******* нь урьд нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 02 сарын хугацаагаар тэнссэн албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага хүлээжээ. Гэвч Д.******* нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд 2023 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг дахин үйлджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцжээ.

Түүнчлэн шүүх шүүгдэгч Д.*******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 09 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг, хорих ял эдэлж дууссаны дараа үеэс үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Д.*******ын хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.

Шүүх шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэргийг нь харгалзан 09 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хүнддээгүй, ял тохирсон.

Иймээс шүүгдэгч Д.*******ын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд нь дүгнэлт хийхэд түүнд зорчих эрхийг нь хязгаарлах ял дахин оногдуулах хууль зүйн боломж, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                                                     Б.АРИУНБАЯР

                                                                        Б.НАМХАЙДОРЖ