Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2025/0430

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АО л ХХК //,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Маргааны төрөл: Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй хэмээн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай “газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. ******* дүүргийн нутаг дэвсгэрт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутагт Өгөөмөр нэртэй талбайд 2 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалаар АО л ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон.

2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай тушаалаар “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлүүдээр АО л ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.  

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “АО л ХХК нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* дүүргийн нутагт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Өгөөмөр нэртэй 2,0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон. Манай компанийн зүгээс тус газартаа "М*******" нэртэй амралт, жуулчлалын бааз байгуулахаар төлөвлөж, холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэж байсан.

Тус газрыг зориулалтын дагуу ашиглахаар манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 13/5707 дугаар Ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулсан бөгөөд 2023 онд “М*******" амралт, аялал жуулчлалын бааз байгуулах төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг гаргуулсан. Мөн 2022 онд “М*******" амралт, жуулчлалын бааз байгуулах төслийг боловсруулж, тус жуулчны баазын загвар зургийг хийлгэсэн байдаг.

Дээрх төслийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай болсон бөгөөд Бүгд Найрамдах Чех Улсын М ХХК-тай харилцан тохиролцож, төслөө хэрэгжүүлэхээр 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр "Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай" санамж бичгийг байгуулсан. Тус Бүгд Найрамдах Чех Улсын М ХХК-тай цаашид хамтран ажиллах гэрээ байгуулах ажлыг компанийн одоогийн гүйцэтгэх захирал Х.М нь тухайн үеийн гүйцэтгэх захирал Ч.Н олгосон 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22/03 дугаар итгэмжлэлийн үндсэн дээр гүйцэтгэж байсан. Тухайн үед компанийг төлөөлөн тус улсад ажиллаж байсан Х.М нь хөлөө бэртээсний улмаас Бүгд Найрамдах Чех Улсын эмнэлэгт өвдөгний үений мэс засалд орж 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарыг дуустал тус улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг авсаар байсан бөгөөд хамтран ажиллах гэрээ байгуулах үйл явц удааширсан.

Улмаар АО л ХХК болон Бүгд Найрамдах Чех Улсын М ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан бөгөөд бид санамж бичигт гарын үсэг зурагдсанаас хойш буюу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр А******* а******* м ХХК-тай "Террас сүүдрэвч болон барилгын ажлын гэрээг" байгуулж тус газраа хашаалахаар төлөвлөсөн.

Мөн Байгаль орчны төлөв байдлын тайлан, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, 5 жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр Г э******* ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 01/23 дугаар "Үйлчилгээ үзүүлэх гэрээ" байгуулсан. Мөн О******* их о ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 05/13 дугаар "Гүний худгийн ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ"-г байгуулж тус тус хамтран ажиллаж байсан.

Ингээд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж байсан тул 2024 оны 12 дугаар сард Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаан дээр очиход танай газар ашиглах эрх цуцлагдсан гэх мэдээллийг анх сонссон, энэ талаар гарсан шийдвэртэй танилцах талаар хэлэхэд танай компанид хүргүүлсэн байх ёстой гэж хэлсэн. Улмаар тус тушаал шийдвэр нь компанид огт хүргэгдэж ирээгүй байсан тул Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/01 дүгээр албан бичгээр "... уг газрыг ашиглах эрхийг сунгуулахаар бичиг баримтын бүрдлийг хангах явцад уг газрыг цуцалсан гэх мэдээлэл авсан тул газар цуцалсан гэх мэдээллийг албан ёсоор гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.

Гэтэл тус захиргааны 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дүгээр албан бичгээр "... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/230 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Танай байгууллагад газар ашиглах эрхийг цуцалсан мэдэгдлийг хамгаалалтын захиргаанд бүртгэлтэй хаягаар М******* ш******* ХК-иар хүргүүлсэн боловч тус хаяг дээр байхгүй шалтгаанаар 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хамгаалалтын захиргаанд ш*******гийн магадлагаагаар ирсэн байна" гэх хариуг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын хуулбарын хамт өгсөн.

Иймээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж, Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана" гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын үндэслэлийн тухайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасныг үндэслэн байна.

Гэтэл манай компани нь газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлж барагдуулж байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй байгаа талаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тодорхойлогдох бөгөөд тус газарт жуулчны бааз байгуулахаар холбогдох ажлуудыг хууль журмын дагуу гүйцэтгэж байсан нь дээр дурдсан нөхцөл байдлуудаас тодорхой харагдах юм.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалтай холбоотойгоор сонсох ажиллагаа огт явуулаагүй болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын АО л ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалыг 2025 онд олж мэдээд, түүний дагуу гомдол, шүүхэд нэхэмжлэлээ гаргаж явж байгаа. Энэ тушаалын үндэслэлийг харахаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэж тайлбарласан байдаг.

Хэрэгт авагдсан үйл баримт болон хариуцагчийн тайлбараас харахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сард газар ашиглах эрхийг цуцалж байх үед 2023 оны жилийн бүтэн төлбөрөө төлсөн нь харагддаг. Тэгэхээр газрын төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” гэдэг асуудал байгаа. Энэ нөхцөл байдлын хувьд гэрээнд заасан зориулалт буюу аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрыг бодитоор ашиглахын тулд газар ашиглах эрх авангаа шууд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй. Бодит байдал дээр зураг батлуулна, төлөвлөгөө гаргана, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийдэг, мөн бусад бичиг цаасны ажил их байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс аялал жуулчлалын төсөлтэй холбоотой бичиг баримтын ажил, хөрөнгө оруулалт татах зэрэг ажлуудаа хийгээд явж байсан. Мөн дээрээс нь 2019 оны 12 сард ашиглах эрхийн гэрчилгээ авснаас хойш 2 жилийн хугацаанд Ковид цар тахлын улмаас улсын хэмжээнд бүх нийтийн хөл хорио тогтоосон байсан. Үүнтэй холбоотой баримтуудаа хэрэгт өгсөн байгаа. Улсын дээд шүүхийн тогтоолуудад дээрх нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна гэж үзсэн байгаа.

Мөн газар ашиглах эрхийг цуцлахтай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, ш*******, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч байгууллагаас ийм мэдэгдлийг огт өгөөгүй. Захиргааны акт нь үндэслэл бүхий байх ёстой, гэтэл газрын төлбөрөө бүрэн төлсөн эсэхийг тогтоогоогүй байна. Тусгай хамгаалалттай газарт ашиглах эрх олгохдоо бичиг баримтын бүрдлийг бүрэн хангасны дараа олгодог.

2019 оны 12 сарын сүүлээр ашиглах эрх авсан, Ковид цар тахлын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосон хугацаанд 2020 оны 02 сараас 2022 оныг хүртэл 2 жил хүндэтгэх шалтгаантай байсан гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах итгэмжлэл авсан эрх бүхий этгээдийн гадаад улсад эмнэлгийн мэс засал, эмчилгээ хийлгэсэн хугацаанд 2022 оны 2-9 сар хүртэл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. 2023 онд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн. Байгаль орчны Ерөнхий үнэлгээг ашиглах эрх авахаас өмнө хийлгэсэн. Газар ашиглах гэрээ байгуулагдаагүй.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.” гэв.  

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаал нь М******* Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 35.3.3 дэх заалт, 35.3.4 дэх заалт, 39.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах заалтыг тус тус үндэслэн АО Л ХХК-д олгогдсон газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлийн тухайд:

Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1.10." Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно." гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч тал маргаан бүхий газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашигласан зүйл байдаггүй.

Нэхэмжлэгч компанид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан төлбөрийн асуудал байхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан төлбөрийн үлдэгдэлгүй гэх тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Мөн сонсох ажиллагаа явуулаагүй гэдэгтэй маргаан байхгүй. Сонсох ажиллагаатай холбоотой баримт байхгүй. Гарсан тушаалыг 2024 оны 01-р сарын 12-ны өдөр ш*******гаар хүргүүлсэн боловч “хаяг дээрээ байхгүй” гэдэг үндэслэлээр буцаагдсан байдаг. Хэрэгт гурван талт гэрээ авагдаагүй. Манай зүгээс гэрээ байгуулагдаагүй  гэж үзэж байна.

Иймд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул АО л ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч АО л ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэр/-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* дүүргийн нутаг дэвсгэрт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутагт Өгөөмөр талбайд 2,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан байх бөгөөд сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын хавсралтаар “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй”, “гэрээ байгуулаагүй” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн уг газрын ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгч нь “газрын төлбөрийг бүрэн төлсөн, ашиглах эрхийг 2019 оны 12 дугаар сард авснаас хойш 2020-2022 онд Ковид-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд бүх нийтийн хөл хорио тогтоосон хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, 2022 оны 2-9 сард уг төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар итгэмжлэлээр зорчсон компанийн удирдах ажилтан БНЧУ-д эмнэлэгт мэс засалд орж эмчлүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, уг газарт “М*******” амралтын бааз байгуулах төсөл боловсруулж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, зураг төсөл боловсруулах, бааз байгуулахад хамтран ажиллах гэрээ байгуулах зэргээр төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах баримт бичгүүдийг бүрдүүлсэн, захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, мөн шийдвэрээ хүргүүлээгүй” хэмээн маргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын АО л ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1. АО л ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэл бүхий гараагүйгээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчжээ.

Маргаан бүхий тушаалын хавсралтаар нэхэмжлэгч АО л ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, гэрээ байгуулаагүй” гэсэн үндэслэл бүрээр дүгнэвэл,

1.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлийн тухайд.

Хэрэгт газрын төлбөр төлсөн баримтууд, газрын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн газрын төлбөрийн ногдол, төлөлтийн мэдээлэл авагдсан бөгөөд тэдгээр баримтуудыг судлахад тус компани нэгж талбарын 1260711388 дугаартай 19,675 м.кв газрын төлбөр 2021 онд 2,006,850 төгрөг, 2022 онд 2,006,850 төгрөг, 2023 онд 2,361,000 төгрөгийн ногдол үүсэж, 2021 онд 802,740 төгрөг, 2022 онд 2,006,850 төгрөг, 2023 онд 2,361,000 төгрөгийг төлсөн, газрын төлбөрийн үлдэгдэлгүй байжээ.  

******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23/866 дугаартай албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нэхэмжлэгч АО л ХХК-ийг газрын төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийсэн авч, эрх бүхий этгээдээс ирүүлсэн мэдээллийг хэрэглээгүйгээс шийдвэр нь үндэслэл бүхий гараагүй байна.

Тодруулбал Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус компанийн тухайн ашиглах эрхтэй газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн лавлагааг авсан, Газар зохион байгуулалтын алба 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23/866 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч АО л ХХК-ийг газрын төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон байхад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/793, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаартай албан бичгээр тус компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг нь цуцлуулахаар яаманд санал хүргүүлсэн нь болон уг үндэслэлгүй саналаар газрын төлбөрийн зөрчилгүй газар ашиглагчийн эрхийг “төлбөр төлөөгүй” үндэслэлээр цуцалсан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын тус холбогдох хэсэг хууль бус болжээ.  

1.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд.  

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл нь “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөлийг шаардана.   

1.2.1. Нэхэмжлэгч нь ******* дүүргийн нутаг дэвсгэрт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутагт Өгөөмөр нэртэй талбайд ашиглах эрхтэй газрыг хашаалсан, манаачийн байр барьсан нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр, мөн тус газарт “М*******” амралт, аялал жуулчлалын бааз байгуулахаар төсөл боловсруулсан, террас, барилгын ажил гүйцэтгүүлэхээр А******* а******* м ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан, гүний худгийн ажил гүйцэтгүүлэхээр О******* их о ХХК-тай 2023 оны 5 дугаар сарын 15-нд гэрээ байгуулсан, төслийн загвар зургийг боловсруулуулсан, Г э******* ХХК-иар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, төлөв байдлын тайлан, менежментийн төлөвлөгөө 2023 онд хийлгэсэн, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ байгуулсан зэргээр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж бодитоор бэлтгэсэн[1] нь хэрэгт авагдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, Бүгд Найрамдах Чех улсын М ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, террас сүүдрэвч, барилгын ажлын гэрээ, гүний худгийн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

1.2.2. Нэхэмжлэгч АО л ХХК аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийн гэрчилгээг 2019 оны 12 дугаар сарын  25-ны өдөр авсан бөгөөд, улмаар 2020 оны 2 дугаар сараас 2022 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд ковид-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосноор энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь нийтэд илэрхий үйл баримт байна.

Мөн уг төслийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр БНЧУ-д зорчсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 21-нийг хүртэл хугацаанд БНЧУ-д бүс нутгийн эмнэлэгт гэмтлийн улмаас өвдөгний үений мэс засалд орж эмчлүүлсэн[2] байх бөгөөд энэ хугацааг тус компанийн хувьд газраа ашиглах боломж үүсээгүй хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохоор байна.

1.3. Түүнчлэн, маргаан бүхий захиргааны актад газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлд “гэрээ байгуулаагүй” хэмээсэн нь үндэслэлгүй болжээ. У******* нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, дүүргийн Засаг даргатай газар ашиглах гуравласан гэрээ байгуулаагүйд дан ганц газар ашиглагчийг бургах боломжгүй, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ газар ашиглах эрх авсан этгээдтэй байгуулах нь захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах бөгөөд тус гэрээнд үндэслэж газрын төлбөрийн ногдол тодорхой хувь хэмжээгээр татварын нэгдсэн санд үүсэж, газрын төлбөр төлөх үүрэг газар ашиглагчид үүсэх бөгөөд, дээр дүгнэсэнчлэн газрын төлбөрийн ногдол жил бүр үүсэж, төлөгдсөн нь бүртгэгдсэн байна. Иймд гэрээ байгуулаагүйгээс үүсэх хууль зүйн үр дагавар үүсээгүй байхад гэрээ байгуулаагүйд газар ашиглагчийг бургаж, газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь буруу байна.

2. Хариуцагч шийдвэр гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна.

Захиргааны аль ч байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах тохиолдолд зайлшгүй тухайн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар гаргах боломж олгож, сонсох ажиллагаа хийх шаардлага Захиргааны ерөнхий хуулиар тавигддаг, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1-д захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын буюу шийдвэрийн үндэслэлийн талаар тайлбар, санал гаргах боломж олгож, ийнхүү тайлбар, түүнд хамаарах баримтыг гаргах боломжит хугацаа тогтоож мэдэгдэл хүргүүлэхээр хуульчилсан. Уг шаардлагыг хангаж гаргасан захиргааны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно.

Гэтэл хариуцагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн талаарх тайлбар, баримт ирүүлж болох хугацаа тогтоосон мэдэгдлийг газар ашиглах эрх авсан этгээдэд хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй, ийнхүү сонсох ажиллагаа хийгээгүйгээс газрын төлбөрөө бүрэн төлсөн, газраа зориулалтын дагуу ашиглахаар бодитоор бэлтгэсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх баримт, тайлбарыг авч үнэлээгүй, улмаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, нэхэмжлэгчийн эрх      , хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

3. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүчингүй болгосон атал энэ талаарх мэдэгдлийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 6 сарын дараа газар ашиглагч хуулийн этгээдийн бүртгэлтэй хаягаар хүргүүлэхээр М******* ш******* ХК-иар 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр илгээсэн, ш*******гийн магадлагаагаар “хаягтаа байгаагүй” шалтгаанаар 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хамгаалалтын захиргаанд буцаагдсан байхад шийдвэрээ мэдэгдэх, хүргүүлэх арга хэмжээг аваагүй, улмаар хүсэлт гаргаснаар 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буюу шийдвэр гаргаснаас даруй 1 жил 2 сарын дараа 49 тоот албан бичгээр хүргүүлсэн нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, бүртгэлээр тогтоогджээ.  

Ийнхүү шийдвэрээ хүргүүлээгүй нь, гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг хангуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.1-д захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 43.2-т захиргааны актыг өөрт нь гардуулах, ... бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж тус тус заасанд нийцээгүй байна.

4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гардан авч 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

5. Дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай тушаалын АО л ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ... шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасанд нийцнэ гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан АО л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай тушаалын АО л ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА